• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Идэрцог: Гал гарахад тэсэрч, дэлбэрэх бодисын нөлөө байгаагүй

Н.Дэлгэр
2013 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гал гарахад тэсэрч, дэлбэрэх бодисын нөлөө байгаагүй

“Нарантуул” худалдааны төвд гарсан галын шалтгааны талаар шинжээчид дүгнэлтээ гаргаж УМБГ-т хүргүүлжээ. Галын шалтгаан юу байсан болон хэргийн шалгалтын явцын талаар тус газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцогоос тодрууллаа.

-“Нарантуул” худалдааны төвд гал гарч, дээврийн төмөр доош цөмөрсөн нь гаднын нөл өөтэй байж болзошгүй гэж иргэд, зарим түрээслэгч үзэж байсан. Дүгнэлтээр энэ нь нотлогдов уу?

-Тус төвд энэ оны наймдугаар сарын 23-ны 06.10 цагт гал гарч, НОБГ-т 06.21 цагт анх дуудлага өгсөн байдаг. Дээврийн материалаас үзэхэд гал тархах хурд нь объектийн нэг, хоёрдугаар давхрынхаас харьцангуй их байх үндэслэлтэй байсан. Дээврийн төмөр нь галын дөлөнд уярч гол хэсгээрээ дотогш нумарч унасан байсан нь гал унтраах болон эд зүйлийг аврах ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулсан. Хүнсний зах бүхэлдээ шатсан тул цахилгаан сүлжээ ямар байсныг тодорхойлох боломжг үй, харин цахилгааны 103 самбарыг (шит) хурааж авсан. Галыг унтраахын тулд гал сөнөөгч нар 33 цаг ажилласан. Мөн манай мөрд өн байцаагчид ч мөн ийм хугацаанд үүрэг гүйцэтгэсэн.

-Галын дүгнэлт гарсан гэж хэдэн өдрийн өмнөөс зарим хэвлэлд мэдээлж байсан. Гэтэл албан ёсны дүгнэлт баасан гаригт гарч, танай Ажлын хэсэгт хүргүүлсэн гэсэн.

-Бид дөнгөж сая дүгнэлтийг хүлээж авлаа (Баасан гаригийн 13.00 цагийн үед). Галын дүгнэлтийг иргэд их сонирхож байгаа. Шинжээч томилсон мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу Онцгой байдлын газрын галын гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй комисс ажиллаад дүгнэлтээ энэ сарын 24-нд албан ёсоор гаргалаа.

-Гал яг юунаас болж гарсан гэж дүгнэсэн бэ? Олон янзын таамаглал яригдаж байгаа шүү дээ.

-Санаатайгаар гал гаргасан гэх ул мөр, шинж тэмдэг огт илрээгүй. Тэсэрч дэлбэрэх, шатамхай бодисын нөлөөгөөр гал үүссэн гэсэн дүгнэлт ч гараагүй. Хүнсний зах дотор үйл ажиллагаа явуулж байсан цайны газрын цахилгаан дамжуулах сүлжээнд шилжилтийн эсэргүүцэл үүссэний улмаас гал гарсан гэж дүгнэсэн. Тэр гал өдөөгдөж цааш газар авах шалтгаан болсон. Байлдааны болон уул уурхайн зориулалттай тэсрэх, дэлбэрэх зүйл, бензин шатахуун, шатамхай бодис нөлөөлсөн гэх зүйл огт алга. Харин гал гарсны дараа хүнсний зах дотор байсан хийн тулганы баллон, шүршдэг үнэртэй ус, баллонтой үнэртэн, 18 литрийн савтай 50 ширхэг шар тос, бусад бүтээгдэхүүнүүд гал хурдан хугацаанд ихсэхэд хүчтэй нөлөөлсөн. Дээврийн төмөр их хэмжээний халуун галд уяраад доош унасан, унахдаа дор байсан ямар нэгэн механик эд зүйлийг цохиж, цоорсон байсан. Дээврийн төмөр халуун галд улайсаад залгаасаараа урагдсан. Бид дээврийн төмрийн цоорсон хэсгийг хэсэгчилж тасалж аваад тусгай шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад галын шинжээчийн дүгнэлттэй таарсан.

-Мөрдөн байцаагч нар шатсан захын туурь руу үе үе очиж үзлэг хийж байсан. Олон төрлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн мэдээлэл танай мөрдөн байцаагч нар өгч байсан. Хэчнээн шинжилгээ хийж байж эцсийн дүгнэлтэд хүрэв?

-ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон манай Ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар энэ хэрэг дээр уйгагүй ажилласан. Хэргийн газрын үзлэгийг зургаан удаа хийж, хамгийн сүүлд хохирогч нарын төлөөллийг байлцуулан шалыг бүрэн цэвэрлэсэн. Ер нь хэргийг шалгах үйл ажиллагаа болгонд хохирогчдын төлөөллийг байлцуулан цахилгааны бүх утас, хийн баллон, шаардлагатай эд зүйлсийг зайлуулж авсан. Шинжээч томилон 53 төрлийн дүгнэлт гаргуулсан.

-“Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу “Ийгл” телевизэд ярилцлага өгөхдөө байлдааны гурван ширхэг сум олдсон, гаднын нөлөөтэй байх гэж ярьж байсан. Үнэхээр гурван сум олдсон юм уу?

-Хэргийн газрын нөхөн үзлэгээр гурван ширхэг АКМ буюу 7.62 мм-ийн калибрийн сумны хонгио хураагдсан. Тэр сумаар буудаагүй байсан. Их хэмжээний галын улмаас хошуу хэсэг нь хайлж, цохилуур нь салсан байдалтай олдсон. Энэ гурван ширхэг сумнаас гал гарахад нөлөөлсөн зүйл байхгүй. “Нарантуул” захад хууль бусаар их хэмжээгээр сум зардаг гэдэг. Хэн нэг лангууны эзэн уг сумнуудыг хадгалж байсан бололтой.

-Хэчнээн хүнийг хохирогчоор тогтоосон бэ? Хохирогчид бараагаа үндсэн үнээс нь илүү өндрөөр үнэлж байгаа гэх яриа гарсан.

-“Нарантуул” захад гал гарч, эд зүйл шатсан хэрэгт 448 хүн хохирогчоор байцаалт өгч, нийт 16 тэрбум 371 сая гаруй төгрөгийн эд зүйл шатсан гэж тогтоосон. Албан ёсны үнэлгээний комисс томилж шалгуулахад хол зөрөөгүй. Хохирогч нар бараагаа илүү үнэлсэн зүйл байхгүй. 16.3 тэрбумаас нь таван тэрбум 954 сая төгрөгийн эд зүйлийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчдод буцаан олгосон. Эцсийн дүндээ 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан гэж үзэж болно.

-Хохирогчдод буцаан олгосон гэдгийг тодруулахгүй юу. “Нарантуул” захын эзэд хохирлыг барагдуулсан хэрэг үү?

-Хэргийн газарт удаа дараа үзлэг хийхэд агуулах дахь эд зүйлсийн ихэнх нь бүрэн бүтнээрээ олдсон. Мөн бэлэн мөнгө, гадаад валют олж хурааж авсан. Үзлэгийн явцад бараа, иргэдийн ломбардад тавьсан эд зүйлсийг олноор хураасан. Удаа дараагийн үзлэгээр хурааж авсан мөнгө, ам.долларыг бид Монголбанкинд хүргүүлсэн. Монголбанк бидэнд тусалж албан ёсоор шинжилгээний бүрэлдэх үүн томилж, дэвсгэртүүдийг нэгбүрчлэн үзэн, сольж болох эсэхэд дүгнэлт гаргаад ирүүлсэн. Ингээд уг шинжилгээний дүнгээр нийт 42 сая төгрөгийг Монголбанк бэлнээр сольж өгсөн. Энэ бол манай мөрдөн байцаагч нарын ажлын үр дүн. Уг мөнгө хэн, хэнийх болох талаар хохирогч нарын байцаалт, мэдүүлгийг нарийвчлан үзэж тогтоосны эцэст тэдэнд хүлээлгэн өгсөн.

-Үзлэгийн явцад олсон 40.000 ам.долларыг нь солиулж нөхөн олгосон юм уу?

-Хэргийн газрын үзлэгээр хураасан 40.000 ам.долларыг бид АНУ-ын зохих байгууллагад хүсэлт тавьж албан бичиг явуулсан. Учир нь өөрийн улсын мөнгөн дэвсгэртийг тухайн улс хэрхэн шийдвэрлэх хариуг хүлээж байна.

-Олон түрээслэгч хохирсон гэж тогтоогдоод байгаа ч бас “Нарантуул” худалдааны төвийн эзэд ч хохирч байгаа. Энэ хохирол нь дээр хэлсэн тоонд орсон уу?

-“Нарантуул”-ын хохирлын асуудал энд огт ороогүй. Барилга байшингийн үнэлгээг тогтоохоор ажиллаж байгаа. Тогтоогдсон хохирлоос гадна тухайн хэргийн газарт ажилласан албаны автомашины шатахуун, ус зэрэг зардал ч нэмэгдэж орж ирнэ.

-Энэ хэргийн хохирогч нь бас арилжааны банк байгаа. Бэлэн мөнгөний хоёр ч машин байсан гэдэг?

-Бэлэн мөнгөний хоёр машинаас гарсан мөнгөний шатсан хэсгийг нь нураачихалгүй Монголбанкинд аваачиж өгснөөр 21 сая төгрөгийг солих боломж бүрдэж, “Голомт” банкинд хүлээлгэн өгсөн. Энэ нь хэргийн газрын үзлэг маш нарийн нягт, удаан хугацаанд хийгдсэн болохыг харуулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг