Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдэд ашигтай уналт

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 6 сарын 20
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Барилгын салбарын ирмүүн үе ард хоцорлоо. Харин уналтын үе яг одоо өрнөж байна. Эдийн засгийн өсөлт удааширч, эрэлт буурсан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн дэврүүн дүр зургийг үндсээр нь өөрчилж орхив. 

Иргэдийн гар дээрх бэлэн мөнгө ховордсон тул орон сууцны үнийн уналт хоёр дахь жилтэйгээ золгож буй нь энэ. Энэ байдал цаашид ч сунжрах төлөвтэй харагдаж байна.

Орон сууц худалдан авахаар сонирхож байгаа иргэдийн хувьд зах зээлийн байдлыг түр хүлээхэд буруудахгүй нь.

Орон сууцны үнийн индекс энэ оны тавдугаар сард 3.14 хувьтай гарсан.

Хэрэв та манай сонины энэхүү дугаарыг уншиж байгаа бол яарах шаардлага алга. Нөхцөл байдлыг ажиглах л үлдлээ. Байрны хямдарч, зах зээл дээр бодит ханш тогтох суурь нөхцөл аажмаар бүрдэж байна.

Тэгэхээр одоогийн үнэ улам буурна гэсэн үг. Энэ үеийг л алдаж болохгүй.

Орон сууцны нийлүүлэлт өндөр хэвээр байгаа. Тиймээс нийлүүлэлтээс шалтгаан үнэ өсдөг байсан цаг түүх болсон. Харин шинээр ашиглалтад орж буй байрыг худалдан авах чадамжтай иргэдийн тоо тун цөөн байгаа. Энэ нь орон сууцны үнэ жил тойрон буурах бодит шалтгаан болж байна.

“Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгаанаас үзэхэд, орон сууцны үнэ буурна гэсэн хүлээлт давамгайлж байна.

Уг зах зээлд гутранги хандлага зонхилж байгаа нь үнийн уналтыг хурдасгаж мэдэх нь. Орон сууцны үнийн индекс энэ оны тавдугаар сард 3.14 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.06 хувиар буурсан үзүүлэлт болсон.

Харин оны эхэн үетэй харьцуулахад 1.9 хувиар орон сууцны үнэ урууджээ. Нийслэлийн хэмжээнд орон сууцны 300 гаруй төсөл шинээр хэрэгжиж байгаа бөгөөд зарим нь иргэдээс захиалга авч эхэлсэн байна.

Ашиглалтад орсон барилгын борлуулалт өнгөрсөн сард сэргэсэн ч энэ сард ялимгүй буурсныг Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компаниас мэдээлсэн юм. Орон сууцны үнэ жилийн өмнөх үетэй харьцуулахад 11.4 хувиар буурсан. 2014 оны дунд хагасаас эхэлсэн орон сууцны ханшийн уналт үргэлжилж байгаа нь энэ. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөв байдлаас харахад ойрын хугацаанд үнийн бууралт хэвээр хадгалагдах нь.

Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох эрэлттэй хөтөлбөр хэрэгжээд гурван жил болж байна. Энэ хүрээнд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд Монголбанк, Засгийн газар санал болгосон. Хөтөлбөрийн үр дүнд 80 гаруй мянган өрх ипотекийн зээлд хамрагдсан гэх судалгаа бий. Уг хөтөлбөр хэрэгжсэнээс хойш орон сууцны зээл 4.2 дахин өсөж, 3.6 их наяд төгрөгт хүрээд байна.

Иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр урт хугацаанд тогтвортой үргэлжлэх, эсэх нь эдийн засгийн хувьд улам хумигдаж байгаа хэмээн МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, судлаач С.Амартүвшин дүгнэв. Тэрбээр “Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд тогтвортой үргэлжлүүлэхийн тулд хамгийн багадаа 2.2 их наяд төгрөг шаардлагатай. Хамгийн ихдээ 5.2 их наяд хүртэлх төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байна” гэв.

Орон сууцны хөтөлбөр тогтвортой үргэлжлэх хэрэгцээ, шаардлага асар их бий. Шинээр нэмэгдэх өрхийн тооноос улбаалан орон сууцны хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байна. Хуучин болон шинэ орон сууцны үнийн бууралт харилцан адилгүй байгаа. Гэхдээ шинэ орон сууцны ханш жилийн өмнөх үетэй харьцуулбал 8.1, хуучин нь 13.1 хувиар буурчээ. Шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрханд хамгийн бага байгаа юм.

Өрхүүдийн худалдан авах чадвар саарсан ч ирэх хагас жилд өрхийн орлого өснө гэсэн дүгнэлтийг “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгаанд дурджээ. Хэдийгээр өрхийн орлого өсөхөөр байгаа боловч орон сууцны үнийн уналтыг зогсоох хэмжээнд хүрэх нь хол аж.

90 жилийн түүхтэй барилгын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувийг бүрдүүлдэг. 

Энэ зах зээл дэх эрэлтийг тодорхойлох нэг гол үзүүлэлт нь тухайн сард арилжааны банкуудад шинээр олгогдож байгаа орон сууцны зээлийн хэмжээ, зээлдэгчийн тоо байдаг.

Харин энэ үзүүлэлт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш тасралтгүй буурч ирлээ. Цаашид ч энэ буурах хандлагатай байна. Энэ сарын 14-ний байдлаар арилжааны банкууд 8,237 иргэний 505.9 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийн хүлээн авчээ. Үүнээс 7,092 иргэнд 428.8 тэрбум төгрөгийн зээл олгосон статистик харагдаж байна.

90 жилийн түүхтэй барилгын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувийг бүрдүүлдэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал огцом саарсан, уул уурхайн эрдэс түүхий эдийн үнэ буурсан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч сөрөг нөлөө үзүүлж буй. Иргэдээ орон сууцжуулахаас гадна сургууль, цэцэрлэг дутмаг хэвээр. Тэгэхээр барилгын салбарт хүндрэл бус хямрал хол байна.

Иргэдийн орлого нэмэгдэж, эдийн засгийн байдал сайжрах хэрээр орон сууцны нөхцөлөө сайжруулах гэсэн иргэдийн хүсэл унтрахгүй. Энэ утгаараа уг зах зээлд үүсээд байгаа хүндрэл нь бодит үнийг тогтоож өгөх болов уу гэсэн хүлээлт байгааг дуулгая. Иргэдэд ээлтэй энэхүү ханшийн уналт нь эдийн засагт нэг талаар уршиг дагуулах эрс-дэлтэйг зарим эдийн засагч анхааруулж байна.

Зураг