Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгогч та энэ удаад ямар "ЖИВХ" сонгох гэж байна?

Ч.Болортуяа
2016 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

СОНГОЛТГҮЙ СОНГУУЛЬД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

“Улс төрчид бол живхтэй адил. Тэднийг цаг тухайд нь нэг л шалтгаанаар сольж байх хэрэгтэй” Марк Твейн. 

Тэгвэл сонгогч та энэ удаад ямар живх сонгох гэж байна.  Марк Твейний тодорхойлсноор яаж ч зөв сонголт хийсэн улстөрчид бол ялгадасны савтай ижил зүйл мэт тэднийг зүйрлэсэн нь хамгийн инээд хүрэм. Гэхдээ л бид өмдөндөө өтгөн, шингэнээ алдахгүйн тулд хамгийн сайн баас, шээсний савыг (живхийг) сонгох л хэрэгтэй болоод байна. 

Харамсалтай нь ТА СОНГОЛТ БАЙХГҮЙ сонгуультай учраад байна уу.   Сонгох нэр дэвшигч үгүй бол САНАЛАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЮУ, ҮГҮЙ ЮУ гэсэн томоохон асуудалтай тулгарч буй төлөөллийн эшлэл, үзэл бодол олон нийтийн сүлжээгээр ч тэр, уулзаж, ярилцсан хүмүүс ч тэр их ярих, бичих боллоо. 

Ялангуяа залуусын өмнө энэ асуудал их тулгарч байгаа нь ажиглагдах.  28 настай бизнес эрхлэгч Б.Танангийн "АН‬-д санал өгчихөөр хувьцаа худалдаж авч байна гээд хүүтэй мөнгө зээлж таараагаад алсдаа биднийг өрөнд оруулах, хортой юм хийгээд байх юм. ‎МАН‬-д өгье гэхээр хөдөлмөрлөдөггүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй ард түмнийг бэлдэх халамжийн төртэй болчих гээд байх юм. ‎Бие даагчдад‬ өгчихөөр парламентад бүлэг ч байгуулах эрхгүй, кнопоо худалдах магадлалтай хүмүүс төрд гарчихна. Сонгууль өгөхгүй гэхээр ирц хүрээгүй гээд улсын мөнгөөр дахин дахин сонгууль явуулах гээд байдаг.  Яах ч ёстой юм" гэх сэтгэгдэл анхаарлыг минь татлаа. Б.Танан улсаа бодоод ямар ч байсан сонгууль өгөх хэрэгтэй гэдгийг ухамсарлаж байна. Гэхдээ түүнд сонголт алга. Одоо яах ёстой вэ?

 2012 оны сонгуулийн тухайд Монгол Улсын хувьд түүхэндээ хамгийн бага ирцтэй сонгууль байв. 

График, Сонгуулийн ирцийн түүхэн статистик

Үүнээс задалж харвал, 1992 оноос хойшх УИХ-ын сонгуулиудад залуучуудын 45 хувь нь л саналаа өгсөн судалгааг НҮБ-ын “Ирээдүйн сайн сайхны төлөө: Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо” сэдэвт илтгэлийн үеэр танилцуулагджээ. 

"Ub.life" мэдээллийн сайтын Захирал Ж.Тэгшжаргалтай залуусын сонгуулийн идэвх муу байгаа талаар онлайнаар ярилцаж байх зуур тэрбээр "Залуусын сонгуулийн идэвх буурч байгаа нь манайд гэлтгүй дэлхий нийтийн асуудал болоод байгаа юм билээ. Америкт хүртэл баахан гасалж байна. 

Залуучуудын улстөрийн үзэл бол улстөрийг ухамсаргүйгээр үзэн ядах гэсэн өгүүлбэр нэг нийтлэл дээрээс харж байсан юм байна" гэж билээ. Өөрөөр хэлбэл залуусын улстөрийн үзэл бол улстөрийг ухамсаргүйгээр үзэн ядаж, хэнийг нь ч сонгохыг хүсэхгүй байснаар тэдний сонгуулийн ирц Монголд ч төдийгүй дэлхий дахинд буурч байгаа нь асуудал болж байна. 

Гэхдээ олон улсын хандлага ийм байна гээд бид саналаа өгөхгүй байх нь хэр ухаалаг шийдвэр вэ? 

Жишээ нь,  АНУ-тай бид барьцах ёстой гэж үү.  Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийг тэргүүлж байгаа АНУ -ын залуустай бид барьцах ёстой гэж үү. Тэд хөгжил, цэцэглэлтдээ сэтгэл ханадаг л юм байж. Бидний тэгвэл одоогийн байгаа байдал тийм сэтгэл ханамжтай хэмжээнд байгаа гэж үү. Зөвхөн ДНБ-ий хэмжээгээрээ л бид АНУ-аас 125 байраар хол тасран "хөгжлийн манлай руу тун дөхөж буй улс" гэдгийг сануулах нь илүүц биз. 

“Ардчилал бидэнд хамгийн бага үзэн яддаг хүнээ сонгох боломжийг олгодог” Роберт Байрн

Нөгөөтэйгүүр бид улстөрчдийг татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулагч, төрөөс төрсөн тэрбумтан, авлигач, оффшорчин гэх зэргээр цоллож үзэн яддаг. Тэгвэл сонгогч бид ч үзэн яддаг "ТЭНЭГ" хүнтэйгээ адилхан болох хэрэг юу билээ. 2016 оны сонгуулийг улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16 тэрбум 453 сая төгрөгөөр батлаад буй.  Хэрэв сонгогчдын ирц хүрэхгүй бол сонгууль дахиад л болно. Дахиад л өнөөх татвар төлөгч бидний мөнгөөр нөхөн сонгууль явагдана. Тэгвэл сонгогч та ч бас тэр үзэн яддаг улсын төсөв шамшигдуулагч улстөрчтэй адилхан болох хэрэгтэй гэж үү. 

“Англичууд өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж боддог. Гэвч тэд зөвхөн парламентын гишүүдийг сонгох үедээ л эрх чөлөөтэй байдаг” талаар философич Жан Жак Руссо сонгууль бол эрх чөлөөгөө эдлэх цорын ганц боломж гэж тодорхойлсон байдаг. Монгол Улсын Үндсэн Хуульд ч мөн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэж хуульчилсан. Зөвхөн материаллаг шаардлагаар бус эрх чөлөөний сонгодог боломж сонгууль гэдгийг бид хүлээн зөвшөөрч санал өгөхөө ухамрсалж байх хэрэгтэй сэн. 

Хэрэв үнэхээр сонголт байхгүй бол ТА сонгуульд оролцож ирцэндээ орж хэнийг ч дугуйлахгүй байх эрх танд бас бий. Гэхдээ тухайн тойрогт нэг ч нэр дэвшигч сонгогчдын 28 хувь ба түүнээс илүү санал авч чадахгүй бол сонгууль бас л хүчингүйд тооцогддог гэдгийг сануулах нь зүйн хэрэг. 

Залуу бизнес эрхлэгч Б.Танантай сонголт байхгүй ч саналаа өгөх хүсэлтэй байгаа тухай постынх нь талаар ярилцахад "Ямар ч байсан сонгуульд саналаа өгнө. Санал авах өдөр хүртэл хэнд санал өгөхөө судална" гэсэн юм. 

Гэхдээ үнэхээр танд сонголт үгүй бол яах вэ. Тэгвэл “Ардчилал бидэнд хамгийн бага үзэн яддаг хүнээ сонгох боломжийг олгодог” гэж зохиолч Роберт Байрн хэлсэн байх юм. Өөрөөр хэлбэл АРДЧИЛАЛ таны санаанд 100 хувь нийцэх нэр дэвшигчийг хэзээ ч санал болгохгүй нь.

Тиймээс:

1. Нэр дэвшигчдийн намтар түүх, мөрийн хөтөлбөр, туршлага, боловсрол, зарчим, ёс зүйн хэм хэмжээг нь сайтар судалж нэр дэвшигчдийг дэнсэлсний эцэст өөрийн хамгийн бага үзэн ядах хувилбарыг сонгож болно. 
2. Тухайн нэр дэвшигчид дунд сонголт үнэхээр үгүй байвал (бие даагч биш бол) тухайн намынх нь мөрийн хөтөлбөр, бодлого, үзэл баримтлалыг харьцуулан судалж болно. 
3. Хэрэв мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал, тухайн намын төлөвшил нь таалагддаггүй бол тэдгээрийн өнгөрсөн түүхийг эргээд харах, амлалт, зорилтдоо хэрхэн хүрч байсанд та өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгч сонголт хийх боломжтой. 

"Монгол Улсын иргэн сонгох эрхтэй бөгөөд сонгох үүрэг хүлээгээгүй. Намайг төлөөлөх нэр дэвшигч байхгүй гэж үзэж буй тул саналаа өгөхгүй. Энэ миний өгөх санал. Би иргэний үүрэг нэрээр элдэв тохиролцоог дэмжихгүй. Сонгуулийн ирц хүрэхгүй төсвийн зардал нэмэгдэх хариуцлагыг хүлээх үүрэг хүлээгээгүй. Миний эх оронч эсэхийг чи дүгнэх боломжгүй" гэж залуу сонгогч,  "Монгол ТВ" телевизийн мэдээний албаны Ерөнхий продюсер Э.Лхагва өөрийн фэйсбүүктээ бичжээ. 

Эцэст нь, уншигч ТАНД сонгууль өгөхгүй байх эрх тань үргэлж байсаар байгааг үгүйсгэхгүй.

Гэхдээ “Сонгууль өгөөгүй сайн иргэд муу нэр дэвшигчийг сонгодог” гэж зохиолч Жорж Жан Натан хэлсэн байдгийг бид бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та санал өгөхгүй байснаар таны муу гэж бодож байгаа одоогийн үзэн яддаг улстөрчдөөс чинь илүү муу хүмүүс танд хамаатай шийдвэр гаргахаар хүлээж байгаа гэдгийг бодоод үзээрэй. 

 

Өгүүллийг Ч.Болортуяа @Bolort

 

 

Сонгогчийн боловсролд:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.