Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Засгийн газар Хөрөнгийн Биржид итгэх итгэлийг алга болголоо"

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 6 сарын 16
iKon.MN
 

Засгийн газар иргэдэд эзэмшүүлсэн “Таван толгой” ХК-ийн 1,072 ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг тогтоож, тодорхой хэсгийг нь худалдан авахаа мэдэгдсэн билээ. Хувьцааг амилуулахын тулд бонд гаргах нь ч тодорхой болоод байгаа.

Сонгууль дөхсөн үед иргэдэд бэлэн мөнгө тарааж байна гэх шүүмжлэл байгаа ч эдийн засагчид түүнээс илүү уршигийг урьдчилан хараад байгаа юм. 

1,072 ширхэг хувьцааг Засгийн газар худалдан авснаар биднийг ямар хүндрэл хүлээж буй талаар МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал, эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгстэй ярилцлаа.   

-Засгийн газар иргэдийн хувьцааг худалдаж авна гэж байна. Бонд гаргах замаар хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдэж байгаа нь ч тодорхой боллоо. Бонд гаргаснаар өрийн хэмжээ нэмэгдлээ гэсэн шүүмжлэл үүсээд байна. Та юу гэж харж байна вэ? 

-Засгийн газар бонд гаргах эрхтэй. Тэр бондыг нь арилжааны банкууд, төв банк хөрөнгийн биржээр дамжуулж худалдаж авна. Хөрөнгө оруулагч нар тэр ч байтугай гадаадынхан ч тэр бондыг худалдаж авч болно. 

-Засгийн газраас гаргаж буй бондын хэмжээг 1.6 их наяд гэсэн байсан? 

-Яг хэдээр гарсан Засгийн газрын тогтоолыг би уншаагүй л дээ. Гэхдээ гурван сая иргэнд 300 гаруй мянган төгрөг өгнө гэж бодвол ойролцоогоор нэг их наяд руу ойртсон тоо гарах байх. Тэрийгээ жаахан давуулсан байдлаар гаргах гэж байгаа байх. 

Гэхдээ бүгдийг нь хувьцаа худалдан авахад зориулж гаргаагүй байх гэж бодож байна. Жилийн хоёрдугаар хагасын байдлаар төсөв 800-аас илүү тэрбумын алдагдалтай явж байгаа. Тийм алдагдалтай явж байгаа учраас нөхөх зорилгоор арай илүү гаргаж байгаа болов уу гэж харж байна. 

-Хувьцаагаа зарж, мөнгөтэй болох гэсэн иргэд банкнуудын гадна урт дараалал үүсгээд байгаа. Их ч олон хүн хувьцаа зарахыг хүсч байгаа байх. Иргэдийн гарт бэлэн мөнгө очсоноор эдийн засагт ихээхэн хүндрэл учирна гэж судлаачид сэрэмжлүүлээд байгаа. Таны хувьд?   

-Мэдээж эдийн засгийн онолын хуулиараа тийм үзэгдэл гарна. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр инфляц нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ өснө.   

Бараг нэг их наяд төгрөг ихэвчлэн хэрэглээнд явна. Тэр бол хөрөнгө оруулалт, экспортод  явахаар мөнгө биш шүү дээ. Тэгэхээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж эхэлнэ. Нам дор байсан инфляц, үнийн түвшинг өсгөх аюултай шалтгаан болно. 

Өчигдөр, уржигдраас хойш Монголын судлаачдын хэлсэн, тайлбарласныг уншсан. Тэдэнтэй санал нэг байгаа. Гэхдээ үүн дээр судлаачийн хувиар нэг зүйл хэлмээр байна. Юу гэхээр батлагдаагүй, үнэ цэнэ нь тогтоогдоогүй байгаа хувьцааг бэлэн мөнгөөр тараана гэдэг нь эдийн засагт хохиролтой гэж үзэж байгаа. 

Засгийн газар Хөрөнгийн биржид итгэх итгэлийг алга болголоо 

Мөн судлаачид төрд мөнгө байхгүй байхад, төсөв алдагдалтай байхад ингэж байгаа нь буруу гэдэгтэй санал нийлж байгаа. 
Энэ олон эдийн засагчдын хэлэхгүй байгаа бас нэг том зүйл бол бодлого боловсруулагчид макро эдийн засагт дэндүү бодлогогүйгээр оролцож байгаа явдал. Улс төрчид ямар сэдлээр ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргасныг мэдэхгүй байна. Сонгуульдаа ашиглаж байна уу эсвэл макро эдийн засгийн бэлэн мөнгөний урсгал татарсан байх үед тэрийг дэмжих гэж ийм шийдвэр гаргав уу гэдгээс үл хамаарах нэг зүйл бий. Тэр юу вэ гэхээр хувьцааг арилжааны банкаар зарах ёсгүй. Тийм хуультай. Тэгэхээр хууль тогтоогчид маань өөрсдөө хуулиа зөрчөөд байна. Үүнээс ямар үр дүн гарах вэ гэвэл Хөрөнгийн биржид итгэх итгэл алга болно. 

Бид хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаагаар зарж, авах ёстой. Энэ бүхэн сонгуулийн өмнө зүгээр л өөрөөр эргэчихдэг юм бол ирээдүйд Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд итгэх  хэрэг байна уу. Хууль тогтоогчдын өөрсдийнх нь хэлснээр Оюутолгой, Таван толгой хүчирхэгжээд, сайн яваад ирэхээр хувьцааг нь хөдөлгөөнд оруулах Хөрөнгийн биржийнхээ ирээдүйн хөгжилд саад болж байгаа байна. Хөрөнгийн биржид итгэх итгэлийг алдуулж байна. 

-Хөрөнгийн биржид итгэх итгэл гэж та яг юуг хэлээд байна вэ? 

-Хөрөнгө оруулалт, санхүү, эдийн засгийн бүх урсгалууд зөвхөн банкны системээр дамжаад байна. Хөрөнгийн санхүүгийн системээр бага дамжиж байна. Илүү гарсан мөнгөө банканд хадгалуулдаг биш түүгээрээ хувьцаа, бонд аваад дунд хугацааны хөрөнгө оруулалт хийж байдаг эх үүсвэртэй эдийн засагтай болъё гэсэн зөвлөгөөг сүүлийн 10-20 жилийн хугацаанд эдийн засагчид өгөөд байгаа.

Гэтэл энэ судалгаа, зөвлөмжийг үл огоороод санхүүгийн зах зээл хөгжих үү үгүй юу, эрх зүйн үндэслэлтэйгээр цааш явах уу үгүй юу гэдэгт итгэх итгэлийг байхгүй болгож байна. Итгэл алдана гэдэг бол эдийн засагт маш том ойлголт байдаг. Сөргөөр нөлөөлдөг. 

Яагаад гэвэл бид шийдвэрээ гаргахдаа дандаа итгэж найдсан зүйлдээ л хөрөнгө оруулдаг. Энэ янзаараа бол дараагийн сонгуулийн үеэр санхүүгийн зах зээлд байршуулж байсан хөрөнгийг Засгийн газраас бас нэг шийдвэр гаргаад өөрчилчих нь байна. 

Хоёрдугаарт, итгэлцэл яагаад чухал байдаг вэ гэхээр 2012 оны тавдугаар сард Стратегийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх хуульд өөрчлөлт оруулсан. Түүний дараагаас буюу 2012 оны парламентын сонгуулийн дараагаас гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч эхэлсэн. Гадны хөрөнгө оруулагчид бидэнд итгэхээ больсон. Гадныхан “Сонгуулийнхаа өмнө хуулиа өөрчилдөг, яах нь мэдэгддэггүй, баахан юм шаарддаг, хязгаарладаг” гэдэг. 

Өнөө маргаашгүй мөнгөний хэрэгцээ гарсан хүмүүс хувьцаагаа зарахаар оочерлоод зогсож байж болох юм. Гэхдээ үүн дээр тоглож энэ том зүйлийг алдах ёсгүй. Ирээдүйд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх боломжуудаа алдчихав уу даа гэж хараад байна. Макро эдийн засгийн хуулиар зохицуулах байсан юмыг судалгаа, шинжилгээгүйгээр шууд өөрчилж болохгүй байсан юм. Хор хөнөөл нь мөнгөөр үнэлэгдэхгүй. Мөнгөөр хэмжигдэхгүй ч санхүүгийн зах зээлд итгэх итгэл чухал байсан юм. 

Уг нь бид 1,072 ширхэг хувьцаагаа хөрөнгийн биржид бүртгүүлж байсан. Гэтэл одоо санхүүгийн зах зээлээс гадна банкаар дамжуулж худалдаж байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг. 

-Хувьцаагаа зарах гэж оочерлож байгаа хүмүүсээс гадна ирээдүйд илүү их үнэ хүрнэ гээд авч үлдэж байгаа хүмүүс ч олон байгаа. Тэдгээр хүмүүсийн хүсч, хүлээж байгаа шиг 1,072 ширхэг хувьцаа үнэд хүрэх цаг хэзээ бол?

-Хувьцаагаа зарахгүй гээд авч үлдэж байгаа хүмүүс хоёр шалтгаантай байгаа байх. Нэг нь таны хэлсэнчлэн үнэ цэнэ нь өсөхөөр зарна гэж хадгалж байгаа хүмүүс. Харин арай мэдлэгтэй хэсэг нь энэ хувьцааг угаасаа үнэ цэнэгүй гэдгийг мэдэж байгаа учраас зарахаар оочерлохгүй байгаа. 

Үүнээс Таван толгойн хувьцаа ямар ирээдүйтэй юм бэ гэсэн асуулт гарч ирж магадгүй. Энэ бол ирээдүйтэй байгууллага. Нүүрсний зах зээл сэргээд ирэхэд үүнийг дагаж сэргэх том бизнес. 

Гэхдээ энэ бизнесийг төр ажиллуулах ёсгүй байх гэж би боддог. Үүнийг төр бус бизнесийн байгууллага хувьчлаад компанийн засаглалын дүрмээр явуулбал хөгжинө. Ийм нөхцөлд 1,072 ширхэг хувьцааны үнэлгээ нэг төгрөг ч байж болно шүү дээ. Гол нь бодит үнийг нь тогтоох ёстой. 

Одоо бол Засгийн газар шууд өөрөө үнэ хэлээд тогтоож байна. Яаж үнэлснийг нь мэдэхгүй юм.