Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ээлжит шоу "Эрдэнэс Тавантолгой"-н 1,072-ыг онилов

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2016 оны 6 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тавантолгойн орд газар нийт 80 мянган га газрыг хамардаг, 6.4 тэрбум тонны нөөцтэй стратегийн ач холбогдол бүхий нүүрсний орд. Энэхүү орд 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн өнөөдрийг хүртэл сонгуулийн үеэр амь ордог уламжлалтай. Нохойд барьдаг мод гэгчээр сав л хийвэл 1,072 хувьцааг мөнгө болгож та нартаа өгнө гэх амлалтыг өрсөлдөгч том намууд өгөх. 

Түүнийгээ хэлбэрийг нь өөрчилж ард түмний толгойг эргүүлэх. Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засаг Д.Содном "Бэлэн мөнгө тараавал эдийн засаг сүйрнэ. Мөнгө бэлнээр авснаас илүү бэрхшээл эдийн засагт тулгарна. Заавал Засгийн газарт зарахгүйгээр өөрсдөө зарж болно” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. 

Тэгээд ч цалин, тэтгэвэр тэтгэмж өгөх мөнгөгүй хэмээж байсан Засгийн газарт мөнгө хаанаас гараад ирэв. Магадгүй, бонд босгоод олчихно, өр тавьчихна гэх байх. Тэгвэл түүнийг нь хэн, хэзээ төлөх вэ гэдэг чухал асуудал.

ХЭЛБЭРИЙГ НЬ ӨӨРЧИЛСӨН МӨНГӨНИЙ АМЛАЛТ

Ингээд MAH, АН хоёр энэ жилийн сонгуулиар иргэдэд барих эхний сюрпризээ задалсан нь Тавантолгойн хувьцааны 30 хувийг Засгийн газар 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр байв. Сонгуулиар мөнгөний амлалт өгөхгүй гэсэн ч хэлбэрээ өөрчилсөн нь энэ. Учир нь сонгуулиар ямар нэгэн амлалт өгөх, эд мөнгө тараахыг хориглоно гэсэн нь “даший шог” болох нь тэр.

Энэ мэдээлэл гарахтай зэрэгцэн сайд дарга нар, УИХ гишүүд, төрийн гурван өндөрлөг нь ирээдүйгээсээ хулгайлсан мөнгөө оффшор бүсэд хадгалж байхад “Өгнө гэж байгаа дээр нь авах хэрэгтэй" гэх халаас хоосон, гэдэс өлсгөлөн ард түмний хүлээлт эхлэв.

“1,072 хувьцааны 30 хувьд олгох 300 мянган төгрөг авахын тулд ирж бүртгүүлнэ үү” гэсэн утга бүхий мессежийг зарим банк харилцагчийнхаа утас руу явуулаад эхэлсэн байгаа юм. Манайхаас өөр аль ч оронд хувьцаагаа арилжааны банкаар дамжуулан арилжаалж байсан түүх байхгүйг эдийн засагч, шинжээчид хэлж байна.

Банкаар дамжуулан арилжаалах болсон нь ч бас л учир шалтгаантай гэнэ. Өнөөдрийг хүртэл алагчилсаар ирсэн хоёр зах зээлийн алийг нь унагах вэ гэдэг сонголтыг эрх баригчид хийчихлээ гэх нь бас бий. Ер нь Хөрөнгийн бирж хүчгүйдсээр байгаа нь арилжааны банкуудад албан тушаалтнууд зээлтэй, хадгаламжтай байгаа учраас тордсоор байгаа хэмээн эдийн засагчид хэллээ.

Тэгвэл, мөнгө тараасны дараа юу болох вэ. Мэдээж ам.долларын ханш талийж өгнө. Инфляц өснө. Магадгүй валютын ханш зах зээлийн зарчмаар өсч, урууддаг гэх хуурай тайлбарыг албаныхан өгөх биз. Харин хоёр хувьтай болгосон инфляц өслөө гээд хаа хүрэх вэ хэмээн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хэлээд авна лээ.

Цаашилбал, санхүүгийн зах зээл Хөрөнгийн бирж, арилжааны банк хоёр тулах баганатай. Сүүлийн 25 жил арилжааны банкийг хөхиүлэн дэмжсээр ирсэн нь том акул болгосон. Гэтэл Хөрөнгийн бирж шоовдорлогдсоор өсч, торниогүйн гашуун түүхийг брокер, диллер болон энэ захад тоглогчид, шинжээчид халагласаар буй юм.


ХҮНЭЭС АВСНАА БУЦААЖ ӨГӨХ ЁСТОЙГ САНА

“Novel Fund’’-ын гүйцэтгэх захирал Д.Ангар: 

-Засгийн газар иргэдийн 1,072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авна гэдэг байж болох зүйл хэдий ч үйл ажиллагаа нь буруу. Засгийн газар ямар ч бэлтгэлгүй байж гэв гэнэтхэн иргэдийн хувьцааг худалдаж авахаар боллоо. Хувьцаа гэдэг чинь хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай бүтээгдэхүүн .

Засгийн газар ямар ч бэлтгэлгүй байж гэв гэнэтхэн иргэдийн хувьцааг худалдаж авахаар боллоо. 

Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д стратегийн ордын хувьцааг Монголын хөрөнгийн биржээр худалдаална гээд заасан байдаг. Гэтэл өнөөдөр ямар ч хэрэгжүүлэх” чадамжгүй санхүүгийн байгууллагаар арилжаа хийлгэх гэж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Өөрөөр хэлбэл, сонгуулиар бэлэн мөнгө тараах нэг хэлбэр болох гээд байгааг хэлэх хэрэгтэй. Ийм хэлбэрээр явах нь эдийн засагт тийм ч таатай үр дагавар гарахгүй. 

Иргэн бүрийг хөрөнгө оруулагч болгож. хөрөнгийн биржээ сайн ажиллуулъя гэвэл биржээр хувьцаагаа худалдаалах нь зөв. 30 хувийн хувьцааг бэлэн мөнгөөр олгох нь эдийн засагт богино хугацааны сэргэлт авч ирнэ. 4-5 сардаа л бүх зүйл сайхан болно.

Нам зогсонги болсон эдийн засагт сэргэлт өгөх нь ойлгомжтой. “Сүүлийн'”саруудын эдийн засгийн үзүүлэлт сайн, эерэг гарна. Хамгийн чухал нь хүнээс авсан зүйлээ буцааж өгөх ёстойг санах хэрэгтэй. Урт хугацааны бодлого л хэрэгтэй.

ЭНЭ БОЛ СОНГУУЛИЙН ЗАЛЬ

Эдийн засагч Ч.Хашчулуун: 

-Засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой” компаниас иргэдэд эзэмшүүлсэн 1,072 хувьцааны тодорхой хэсгийг худалдан авах шийдвэрийг гаргалаа.

Уг нь "Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүрт эзэмшүүлсэн хувьцааны гол утга нь компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн хүнд хувьцааг нь бүхлээр нь өгч, хувьцааныхаа оруулсан хөрөнгийн дагуу үйл ажиллагаа нь ашигтай болбол иргэд эзэмшүүлсэн хувьцаанд ногдол ашиг хүртээх ёстой. 

Одоогоор Тавантолгойн үйл ажиллагаа ашигтай биш, нүүрсний үнэ унасан, компани их хэмжээний өртэй байгаа нөхцөлд Засгийн газар иргэдийн хувьцааны тодорхой хувийг мөнгө болгож байгаа нь өөртөө маш том дарамтыг бий болгож байна. 

Сонгуулиар бэлэн мөнгө тараах нь буруу гэж өнөөгийн барьж байгаа Засгийн газар шүүмжилж байсан бол эргээд бэлэн мөнгө тараах байдал руугаа орлоо. Засгийн газрын энэхүү шийдвэр цаг үеэ олсонгүй. Учир нь иргэдэд эзэмшүүлсэн 1,072 хувьцаанд ашиг хуваарилах хугацаа, нөхцөл нь бүрдээгүй, Засагт иргэн бүрт 300 мянгыг тараах мөнгө байхгүй. Ер нь эдийн засгийн хувьд сайн арга хэмжээ биш, сонгуультай холбоотой болчимгүй шийдвэр боллоо.

ҮНЭТ ЦААСНЫ БОЛОН КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б. Өлзийбаяр: 

-Дэлхийд том тооцогдох “Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг хөрөнгийн захад гарна гэдэг хүлээлт брокер дилерийн компаниудад байсан. Гэтэл хувьцаагаа арилжаалах болохоор арилжааны банкаар дамжуулна гэдэг байж болохгүй. Хэрэв хувьцааг банкаар дамжуулах юм бол Хөрөнгийн бирж, брокерын компани байх хэрэггүй.

Ер нь 1,072 хувьцааг сонгуулиас сонгуулийн хооронд улстөржүүлж байгаа нь мэргэжлийн салбарын үйл ажиллагааг алдагдуулсаар ирсэн. Түүнээс гадна арилжааны банкаар дамжуулан хувьцааны мөнгө тараасныхаа төлөө нийт үнийн дүнгийн гурван хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг банканд төлөх тухай заалтыг тогтоолд оруулсан байгаа юм. 

Хөрөнгийн захад үйл ажиллагаа явуулдаг компаниуд хоёр хувийн шимтгэл авч 25 жилийн турш төрийн өмчит компанийг тэжээж ирснийг хэлмээр байна. Харамсалтай нэг удаагийн гүйлгээ хийснийхээ төлөө арилжааны банк биднээс давуу эрх эдэлж байгаад бухимдаж байна. 

Яагаад гэвэл санхүүгийн зах зээлийн хоёр баганынхаа нэгийг нь дэмжиж, нөгөөг нь нухчин дарж байгаа болохоор Хөрөнгийн бирж байх хэрэггүй юм. Үнэн хэрэгтээ, хувьцааг банкаар дамжуулан арилжаалах нь Компанийн тухай хууль болон Үнэт цаасны тухай хуулийг зөрчиж байна шүү дээ.

Зураг