Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ангараг дээр ямар засаглал тогтох ёстой талаар Илон Маскийн санаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Ангараг гараг дээр колони байгуулж хүн төрөлхтнийг нүүлгэхийг мөрөөдөж явдаг хүмүүсийн нэг бол бизнесмэн Илон Маск.

Өчигдөр тэр Code Conference чуулган дээр хүмүүстэй ярилцахдаа Ангараг дээр нүүж очсон хүмүүс ямар засаглалын дор амьдрах нь зөв талаар саналаа хэлжээ.

Түүний үзэж байгаагаар Дэлхийд тогтсон төлөөллийн ардчилал Ангарагт зохихгүй, харин шууд ардчилал байх ёстой гэнэ. “Хүмүүс асуудлыг шууд ардчиллын зарчмаар саналаа өгч шийддэг байх ёстой. Учир нь төлөөллийн ардчиллаас болж авлигал бий болдог” гэсэн байна.

Бас Маск дэлхий дээр байдаг алдаа дутагдлуудыг Ангараг дээр засварлах боломжтой тухай ярьжээ. Жишээ нь тэнд хууль бий болгохоос хуулийг хүчингүй болгох нь илүү амархан байх ёстой гэнэ. Нэгэнт гаргасан хууль инерциэрээ мөнхөд хадгалагддаг байх ёсгүй гэжээ.

Маскийн бодлоор хууль гарахдаа 60 хувийн босгыг давсан саналаар батлагдах гэнэ. Харин дараа нь дор хаяж 40 хувийн саналаар хэзээ ч хамаагүй хүчингүй болдог байх хэрэгтэй. Хууль бүр дотроо “нар шингэх”-тэй адил автоматаар унтардаг заалттай байх ёстой. Өөрөөр хэлбэл сунгах санаачилга гарахгүй л бол тодорхой хугацааны дараа өөрөө зогсдог байвал илүү гэж тэр ярьжээ.

Энэ бүхнийг ярих болсон нь Илон Маскийн дэлхий дээрх, тэр тусмаа Америкийн засаглалын зарчимд сэтгэл дундуур явдгийн баталгаа ажээ. Одоо өрнөж байгаа сонгуулийн талаар түүнээс асуухад Маск “аль болох энэ үйл явдлын гадна байхыг хичээж байгаа” гээд “өнөөдөр бол манай ардчиллын хамгийн сайхан цаг үе биш гэдэг нь тодорхой” гэж хэлж байсан юм.

Гэхдээ ерөнхийлөгчийн суудалд хэн ч очсон их юм хийж чадахааргүй байдаг нь түүнийг тайтгаруулж байгаа аж. “Үндсэн хуулийг үндэслэгчид ерөнхийлөгчийг том хөлөг онгоцны жижигхэн жолоотой ахмад болгож өгсөнд баярлаж явдаг” гэж Маск хэлж байжээ.

Эх сурвалж: The Verge