Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн настай хүү торонд нэвтэрснээс болоод ховор гориллаг бууджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Харамбе горилла

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын Цинцинатти хотын амьтны хүрээлэнд нэгэн эмгэнэлтэй явдал болсон байна.

Дэлхийд ховорт тооцогдох нам дор газрын горилла мичний торонд үзэгчдээс дөрвөн настай хүү нэвтэрчээ. Хүү торонд нэвтрэхийг эцэг эхээсээ гуйж байгаад зөвшөөрөлгүйгээр өөрөө орж чадсан ч усны шуудуунд унасан байна.

Харин 17 настай Харамбе гэдэг мич хүүг шуудуунаас гаргаж 10 минут орчим чирсэн гэнэ.

180 гаруй килограмм жинтэй аварга мич хүүд хэдийгээр халдаагүй, хамгаалах оролдлого хийж байсан ч хүүг эрсдлээс хамгаалахын тулд амьтны хүрээлэнгийнхэн мичийг буудаж хөнөөжээ.

 Амьтны хүрээлэнгийн захиргаа “маш хэцүү сонголттой тулгарсан ажилтнууд зөв шийдвэр гаргаж хүүг болзошгүй аюулаас аварлаа” гэж мэдэгдэлдээ дурдсан байна.

Гэвч тэд бас дэлхийд цөөхөн тоогоор үлдсэн мичний төрөл зүйлийг хөнөөсөндөө харамсаж байгаагаа илэрхийлжээ.

“Энэ бол амьтны хүрээлэнд төдийгүй дэлхийн горилла мичний төрөл зүйлд том хохирол боллоо” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Торонд өөр хоёр эмэгчин горилла байсан ч зөвхөн ганц эр нь хүү дээр очсон байна. Хэдийгээр мичийг нойрсуулах арга хэмжээ авч болох байсан ч ингэхэд цаг орох тул хүүд аюултай гэж үзээд шууд устгахаас өөр аргагүй болжээ.

Амьтны хүрээлэн тэр дороо хаагдсан ба Ням гарагаас ажиллаж эхэлсэн ч горилла мичний үзүүлбэрийг нь хаалттай хэвээр үлдээсэн гэнэ.

Энэ хэргийн дараа хоёр мянган хүн гарын үсэг цуглуулан Change.оrg сайтад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн ба гэмгүй гориллаг устгасан явдал бухимдаж байгаагаа илэрхийлжээ.

Тэдний үзэж байгаагаар хүүхдээ харж хандаагүй эцэг эхэд нь хариуцлага ноогдуулах ёстой гэнэ.

Мөн “Justice for Harambe” нэртэй фэйсбүүк хуудас нээгдэж 3,000 гаруй хүн нэгдээд байна.

Өмнө нь 1996 онд Чикагогийн ойролцоох амьтны хүрээлэнд гурван настай хүү мөн гориллагийн торонд унаж байсан юм. Ухаан алдсан хүүг найман настай эм горилла бусдаасаа хамгаалж амийг нь аварч байжээ. Бинти Жуа нэртэй уг гориллыг оны баатраар Newsweek сэтгүүл тодруулж байв.

Эх сурвалж: The Independent, Business Insider