Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

1242 онд Монголчуудын Унгараас буцсан шалтгаан: МУУ ЦАГ АГААР

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Бараг 800 жилийн өмнө Монголын арми Унгараас гэнэт буцсан шалтгаан нь муу цаг агаар байсан гэж эрдэмтэд дүгнэжээ.

Учир нь тэр үед Унгарт маш хүйтэн, чийглэг өвөл болсноос нүүдэлчид бэлчээргүй болж, цэрэг дайны хурд, хүч нь суларсан тул буцахаас өөр аргагүй болсон гэнэ.

13-14 дүгээр зуунд хүчирхэгжсэн Монголчууд өрнө, дорныг байлдан дагуулахдаа өрнө зүгт Унгарын тал нутагт хүрч байсан юм.

Уг аян дайныг Чингис хааны ач хүү Бат хаан хэрэгжүүлж байсан ба 1242 онд тэд Дунай мөрнийг гаталж Унгарын баруун хэсэгт хүрсэн гэдэг.

Гэвч тэд ердөө хоёр сарын дараа чигээ өөрчлөн өмнө зүгт эргэж Серби, Болгараар дамжин Орос руу буцацгаажээ.

Ингэх болсон шалтгааныг хэд хэдэн янзаар тайлбарладаг. Чингис хааны хүү Өгөөдэй хаан бие барж Бат шинэ хааныг сонгох хуралдайд буцах болсон гэсэн нэг хувилбар бий. Гэвч түүхээс харвал Бат хаан хэзээ ч Монгол руу буцаагүй нь дээрх хувилбарыг үгүйсгэж байна.

Өөр нэг хувилбар нь Монголчууд баруун зүгийг дайлахдаа зөвхөн өөрсдийн дайсан нүүдэлчин Кумануудаас өшөө авах зорилготой байсан бөгөөд хэргээ гүйцээсний дараа буцацгаасан гэдэг.

Бас нэг хувилбар нь Унгарын газар нутаг, бэлчээр нь тэдний адуу малд тохирохгүй байсан гэдэг энгийн тайлбар.

Гэвч дээрх хувилбаруудын аль нь ч хангалттай нотолгоогүй юм.

Тэгвэл Швейцарь болон АНУ-ын хэсэг эрдэмтэд 1230-1250 оны хоорондох тухайн бүс нутгийн модны цагирагийг судлаад өөр дүгнэлтэнд хүрсэн байна.

Тэдний дүгнэлтээр 1238-1241онуудад хуурай, дулаан зун болж байсан нь нүүдэлчдийн довтолгоонд тохиромжтой нөхцөл болж байжээ.

Гэвч 1242 оноос эхлэн маш хүйтэн, чийглэг цаг уураар солигдсон шинж мэдэгдсэн байна.

Энэ нөхцөл байдал нь нүүдэлчдийн адуу малд тохиромжгүй орчныг бий болгосон гэнэ.

Тийм ч учраас 1242 оны хавар Монголчууд Унгараас буцахаас өөр аргагүйд хүрсэн гэж “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн материалд дүгнэжээ.

Батын цэргүүд дахин баруун зүгт дайн хийгээгүй нь 1242 оны энэхүү ухралтаас сургамж авсанд оршиж байна хэмээн мөн бичсэн байна.

 

Эх сурвалж: IBTimes.Co.UK