Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

П.Цагаан: Хадны зургийг хамгаалах ажилд хамгийн гол үүрэгтэй хүмүүс бол нутгийн иргэд

Б.Өнөртогтох
2016 оны 5 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, ЮНЕСКО-той хамтарсан “Хаданд мөнхөлсөн урлаг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 30, 31-нд Монгол Улсад болох юм байна.

Уг эрдэм шинжилгээний бага хуралд хадны зургийн чиглэлээр олон жил судалгаа хийсэн олон улсын эрдэмтэн судлаачдаас гадна Монгол Улсын эрдэмтэн судлаачид оролцохоор болжээ. Дэлхийн өв соёл дотор тун чухал байр суурийг эзэлдэг хадны зургийг судлах, түүнийг хамгаалах талаарх төслийн ажлын хэсгийг хоёр жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ахалжээ.

Тэрбээр энэчлэн язгуур түүх, хэл, соёлоо хамгаалах, дэлгэрүүлэх талаар дорвитой олон ажил хийж байгаа юм. Эрдэм шинжилгээний бага хурал болон, Монгол Улсад байгаа хадны зургийг хэрхэн хамгаалах талаар ЕТГ-ын дарга П.Цагаантай ярилцлаа.

-“Хаданд мөнхөлсөн урлаг” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монгол Улсад болох юм байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс бол байгалийн баялаг ихтэй гэж ярьдаг. Тийм. Гэхдээ үнэн хэрэгтээ газар дээр нь илүү их баялаг байгаа юм. Монгол Улсын уул хад нь хүртэл хүн төрөлхтний соёлын өвийг тээгч гэдгийг бид тэр болгон анзаардаггүй.

Монгол Улс Алтайн хадны зургийн цогцолборыг ЮНЕСКО-д хандсанаар Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн. Tа бүхэн мэдэж байгаа байх ЮНЕСКО-оос Ерөнхийлөгчид дөрвөн жилийн өмнө батлахыг нь гардуулж өгч байлаа. Одоо хоёр ч хадны зургийг бүртгүүлэхээр хандчихсан байгаа.

Өнгөрсөн хугацаанд хадны зураг судлалыг эрчимтэй явуулж, одоо удахгүй ЮНЕСКО-той хамтраад хадны зургийг сурталчлах зорилгоор “Хаданд мөнхөлсөн урлаг” түүх, ойллого, ярилцлагыг хийх гэж байна. Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулна. Хадны зураг судлалаар дэлхийд алдартай 10 гаруй орны 15 эрдэмтэн, Монгол Улсын нэртэй эрдэмтдээс гадна хадны зураг судалдаг, сонирхдог 100 гаруй хүн оролцоно.

-Хурлыг зохион байгуулснаар ямар үр дүнд хүрэх бол. Тухайлбал, Монгол Улсад хэчнээн хадны зураг албан ёсоор бүртгэлжээд байна вэ?

-Хурлын ач холбогдол юу байх вэ гэж хүмүүс асуух байх. Хадны зураг Улаанбаатар хотод байхгүй. Нийтдээ 500 гаруй цогцолбор байна гэсэн урьдчилсан тоон мэдээ гарсан. Энэ бол албан ёсны нэгдсэн тоо биш. Нэг хэсэг хүмүүс явж судална гэвэл асар олон
жилийг зарцуулна. Тиймээс хүн бүхний оролцоо чухал.

Хадны зураг Улаанбаатар хотод байхгүй.

БСШУЯ энэ талаар ажил эхлүүлсэн, хэд хэдэн аймагт ажлын хэсэг ажиллаж байгаа. Уул ус, нутаг нугадаа байгаа хадны зургийн талаар иргэд мэдээлэл өгмөөр байгаа юм. Монголын хадны зурагт хоёр онцдог байдаг. Нэгдүгээрт, тооны хувьд маш олон. Зөвхөн Алтайн хадны зургийн цогцолборт гэхэд л 65 мянган зураг байх жишээний. Хоёрдугаарт, агуулгын хувьд үнэхээр гайхамшигтай. Арслан заан, хүн хоёр, эвэртэй тэмээний зургаас эхлээд манай эрин хүртэлх сүйх тэрэгтэй зураг байдаг. Хүн төрөлхтний үүсэл хөгжил, шилжилт хөдөлгөөнийг бүгдийг нь биччихсэн гэсэн үг. 5,000 жилийн өмнө бичиг үсэг байгаагүй учраас тухайн үед амьдарч байсан дээд өвөг хаданд түүхээ бичиж үлдээсэн хэрэг л дээ. Тэр ч утгаараа хадны зураг бол түүх, гүн ухаан, урлаг, соёл бичиг үсгийн асар том өв. Энэ том соёлын өвийг тайлж уншихын тулд манай эрдэмтэн мэргэдээс гадна дэлхийн эрдэмтэд хүртэл шинжлэх ухааны судалгаатай тайлж унших талаар эрчимтэй ажиллаж байгаа.

ЮНЕСКО-той хамтраад эдгээр хадны зургийг тайлж унших том төсөл эхэлж байна гэж хэлж болно. Монголд болох олон улсын эрдэм шинжилгээний хурлаар ганцхан илтгэл тавиад өнгөрөхгүй. Урилгаар оролцож байгаа экспертүүдийн хурал болохоос гадна хадны зургийг өнгөнд оруулсан үзэсгэлэн болно. Хадны зургийг өнгөт болгоход гайхамшигтай олон уран зургийн урсгалыг харуулж байгаа. Реализм, сюрреализм, австракт,дэлхийн ХIХ, ХХ зууны сонгодог зургууд байгаа юм. Хэтрүүлж хэлбэл, Сальвадор Далигийн зураг л манай хаданд байна шүү дээ.

Тиймээс н.Тэнгисболд зураачийн хадны зургийг өнгөнд оруулсан үзэсгэлэн гаргана. Мөн Алтайн хадны чулуун шастир гээд зургаар нь фото зургийн цомог гарна. Дэл уулын хадны зургаар Үндэсний түүхийн музейд үзэсгэлэн гаргах төлөвлөгөө байгаа. Нөгөө талаар МУИС-ийн эрдэмтэн, шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам багш хадны зургийг уншаад бүжгэн жүжиг юм байна гэж тайлж, бүжгэн жүжгийн цомог бичсэн байдаг. Хадны зургаас сэдэвлэсэн “Хөмөргөн гурвалжин” нэртэй этно бүжгэн жүжгийг СУИС-ийн 80 гаруй оюутан тоглож үзүүлэх юм. Энэ бүгдийг яагаад яриад байна вэ гэхээр, уул ус, ан амьтантай харьцдаг жуулчин, малчин хэн ч гэсэн хадны зургийг хайрлаж, хамгаалдаг байгаасай. Энэ талаар төр засагтаа мэдээлэл өгч, хадны зургаа хайрлаж хамгаалах талаар ажиллаасай гэж бодож уриалж байгаа юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж ч бий. Улс орны хөгжил дэвшлийн хөшүүрэг болох ач холбогдолтой. Түүнээс гадна хүүхэд багачууд маань өссөн төрсөн газар нутгийнхаа, уул усны түүхийг мэддэг байна гэдэг чинь эх оронч нэгэн болж төлөвшихөд чухал юм. Тиймээс энэ форумаар бид хадны зураг ямар том түүх, соёлын өв болох, түүнийг хамгаалж, хайрлахад иргэн бүхний оролцоо чухал юм шүү гэдгийг хэлэхийг хүсч байгаа.

-Хадны сүг зургийг хайрлаж хамгаалах галаар учир дутагдалтай байдаг юм шиг санагддаг. Хадны сүг зургийг бүртгэлжүүлэх талаар ямар ажлууд хийгдэж байна вэ. Нутгийн иргэдийн оролцоо маш чухал гэж та онцлоод байна шүү дээ?

-Хадны сүг зураг гэж ярихгүй байя гэж санаачилга гарч байгаа. Хадны зураг гэх мэтээр өөр нэршлийн асуудал ч яригдах байх. Өмнө нь хамгаалах үүднээс хадны сүг зураг гэж айлгадаг байсан юм шиг байна лээ. Иргэд сүг зураг гэхээр жийрхээд яваад байдаг. Хадны зургийг хамгаалах, тоолох ажил зөвхөн хэдэн эрдэмтэн, судлаач, сонирхогчдын хийдэг ажил биш. Маш нүсэр ажил. Энд иргэдийн оролцоо маш чухал.

Хадны сүг зураг гэж ярихгүй байя гэж санаачилга гарч байгаа.

Орон нутагт амьдарч байгаа хүн бүхэн, хүүхэд ч гэсэн манай хад чулуунд ийм зураг байна гэж орон нутгийн Соёлын хэлтэс, Шинжлэх ухааны академи, Түүх археологийн хүрээлэнд мэдээлэх нь хэрэгтэй байна. Тухайн олсон хүний нэрээр уг түүхэн соёлын өвийг бүртгэнэ шүү дээ. Бүртгэлжүүлэхээс гадна хайрлах, хамгаалах асуудал маш чухал байна.

Би нэг харамсалтай жишээг онцолъё. Эвэртэй тэмээний зурагтай толгой дээр үүрэн телефоны антен суурилуулчихсан байгаа юм. Тийм сайхан соёлын өв алга болчихвол харамсалтай биз дээ. Сүйтгэдэг явдал ч их байгаа. Аав ээжийнхээ өвлүүлсэн баялгийг хайрладаг атлаа дээд өвгөдийнхөө үлдээсэн өв соёлыг хадгалж хамгаалдаггүй байж болохгүй. Тиймээс аймаг орон нутгийн удирдлагууд, иргэдтэйгээ хамтраад хадны зургаа хайрлах, хамгаалах талаар ажиллах цаг нь болсон байна.

Бүр орон даяар сурталчлах, оюуны өвөө хамгаалах ажлыг шат дараатай төсөл байдлаар хийх ёстой юм. Би хоёр cap гаруйн хугацаанд Ховд аймагт ажиллахдаа Буган чулуун хөшөөний талаар хамт явсан нутгийн малчинд тайлбарлахад “Би насаараа энд амьдарсан. Насаараа л хажуугаар нь явлаа. Гэхдээ ийм чамин нарийн уран зурагтай, гүнзгий утга учиртай гэж мэдсэнгүй” гээд хөшөөнөөс адис авч байгаа юм.

-Монгол Улсын хадны зургийг олон улсын төвшинд хэр их сонирхож судалдаг юм бол. Яг энэ чиглэлээр дагнасан эрдэмтэн судлаач манайд хэр олон байна вэ?

-Хадны зургийг судлах, сонирхох ажил эхлэл төдий л байгаа.

Гурван цэнхэрийн агуйг гэхэд л малаа алдчихсан малчин хүн олж, дараа нь ОХУ-ын эрдэмтэн ирж судлаад ном бичиж байсан. Саяхан Ховд аймгийн Мөнххайрхан сумаас олдсон “Адидас”-ын гуталтай гэж яригдаж байсан эртний соёлын өвийг мөн л малчин хүн олж мэдээлэл өгсөн. Хадны зургийг хамгаалах төслийг бид ойлгох нь чухал. Зарим газар оролдчихдог тал бий.

Сэргээж байна гээд будгаар тодруулаад муухай болгочихдог.

Байгаагаар нь хамгаалах талаар соён гэгээрүүлж, ач холбогдлыг нь ойлгох хэрэгтэй байгаа юм. Хадны зургийг сонирхож байгаа маш олон эрдэмтэн байдаг. Монголд ч гэсэн маш олон хүн байгаа. Нэвтэрхий толь гэж хэлж болохуйц эрдэмтэн гэвэл Д.Цэвээндорж гуайг нэрлэж болж байна. н.Батболд гэж эрдэмтэн байдаг. Хадны зургийг сонирхдог хүмүүс гэвэл ШУТИС-ийн багш, эрдэмтэд, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймгийн Засаг дарга нар байна.

Хэнтий аймагт байгаа Рашаан хадны зураг гэхэд л таван өөр бичгээр бичигдсэн, Монголын олон овог аймгуудын тамгыг сийлчихсэн байдаг. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн.О.Намнандорж нарын эрдэмтдийн зохиол бүтээлд хүртэл “Соёлын өвийн салшгүй нэг хэсэг бол хадны зураг юм” гэж байдаг. Биднээс гадна дэлхийн эрдэмтэн судлаачидтай хамтрах ёстой гэж үзсэний үндсэн дээр энэ төслийг эхлүүлсэн. Испани, ОХУ, Австрали, Франц, АНУ-ын Их сургуулийн эрдэмтэд асар их сонирхож судалдаг. Тэдгээр эрдэмтдийг авчраад ямар агуулгатай зураг болох нөгөө талаар ямар багажаар зурсан бэ гэдгийг судлах ёстой юм.

Олон улсын хуралд Дэлхийн олон орны эрдэмтэд, ЮНЕСКО-гоос гадна Монголын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон төрийн бус байгууллагууд оролцоно. Хэдэн онд зурсан, тухайн үеийн онцлог, сэтгэхүй ямар байсан бэ гэх мэтээр өнгөрсөн түүхээ танин мэдэхэд хадны зураг маш чухал. Гурван сая гаруй Монголчууд үүнийг ойлгочихвол бүгд хайрлаж хамгаална. Үүнд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо ч чухал. Том төслийн эхлэлийг тавьж байгаа. Эхний жилдээ Алтайн хадны цогцолбор зургийг голлоно. Ирэх жилээс Хэнтий, Хангай, Саяны нурууны салбар уулсын зургуудаар цуврал төсөл хийгээд явна. Урт хугацааны ажил гэж ойлгож болно. Миний хувьд энэ төслийн удирдагчаар хоёр жил ажиллалаа.

-Таны язгуур түүх, соёлоо хамгаалах их үйлсэд амжилт хүсье.

Зураг