Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Их маазралын ард нэр цэвэр үлдэгсэд буюу ОФФШОР

Б.Төрбат
2016 оны 5 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг

Хаврын тэнгэр ээ гэж. Яг л хүний ааш аяг шиг хачин хувирамтгай эд юм. Өчигдөрхөн нартай, дулаахан байсан нийслэл хот маань өглөө сэрэхэд цасан дээлээ нөмөрчихсөн, хээв нэг угтаж байх жишээтэй.

Юу юунаас илүү зуныг хүсэх нийслэлчүүдэд өвлийг авч ирсэн тэр нэгэн өдөр улс төрийн үйл явдал "оффшор"-оор амьсгалав. Ганц улс төрийн хүрээнийхэн төдийгүй нийгэм тэр чигээрээ энэ л үгэнд анхаарлаа хандуулж, үзэл бодлоо уралдууллаа.

Улстөрчид ч "Надад оффшор данс байхгүй" гэх ганцхан өгүүлбэрийг хэлэхийн тулд ээлж дараалан мэдээлэл хийж байхад эсрэгээрээ олон нийтийн сүлжээнээс "оффшор"-гүй нэгнийг олоход бэрх болов. 

Нийгэм тэр чигээрээ "Би ч ийм оффшор данстай, тэр ч ийм оффшор данстай" хэмээн маазарч, нэгнээ хөгжөөж байх зуур жинхэнэ оффшор данстай, байх магадлалтай эрх мэдэлтнүүд ард нь цэвэрхэн гэгч нь "ял"-гүй үлдчихлээ.

Энгийн иргэн гадны ямарваа нэгэн банканд нууц данстай байж болох ч эрх мэдэл, албан тушаалтнууд оффшор данстай нь илчлэгдвэл өөр хэрэг.

Шуудхан хэлэхэд "гэмт хэрэг". Учир нь, хүнд хэлэх нь битгий хэл өөрөөсөө хүртэл "нуусан" тэрхүү нууц дансанд нь төсвөөс тоншсон мөнгө, эсвэл албан тушаалаа урвуулан ашиглаж олсон авлига байх магадлалтай.

Яг ийм магадлалтай Монгол Улсын 49 албан тушаалтан, иргэнийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн консорциумаас оффшор данстай болохыг мэдээлсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Харамсалтай нь, өнөөдөр тэд олон нийтийн аар саархан маазрал, тоглоомын ард чимээгүйхэн хоцорчихлоо.

Өөрөөсөө хүртэл "нуусан" тэрхүү нууц дансанд нь төсвөөс тоншсон мөнгө, эсвэл албан тушаалаа урвуулан ашиглаж олсон авлига байх магадлалтай.  

Өөрөөр хэлбэл, жинхэнэ оффшор данстай тэрхүү 49 нөхрийг хэн гэдгийг нь илрүүлж, нуусан мөнгө нь хаанаас угшилтай болохыг шалгаж, тогтоох байтал олон нийт, ялангуяа цахим ертөнцийн хэрэглэгчид халаасандаа мартсан мөнгө ч оффшор, эмээгийн авдарт нуусан чихэр ч оффшор, тэр битгий хэл нууц амрагийг хүртэл оффшор гэх мэтчилэн асуудлыг тоглоом болгож, өнөөх жинхэнэ оффшор данстай нөхдийг ард нь үлдэх алтан боломжийг олгов. 

Гэтэл гадны ихэнх улсад өндөр албан тушаалтнаа оффшор данстайг мэдсэн даруйдаа хариуцлага тооцож, хуулийн өмнө өвдөг сөхрүүлж, гэмийг нь ухааруулдаг байх юм. Цахим хэрэглээ өндөр хөгжсөн, хүн өөрийн хүссэн мэдээллээ хаанаас л бол хаанаас олоод авчих боломжтой өнөө цагт оффшор данс нь илчлэгдсэн гадны өндөр албан тушаалтнууд ямар хариуцлага хүлээсэн талаарх ердөө л ганцхан жишээ л энд хангалттай. 

Хэрэв уншигчид санаж байгаа бол Исландын Ерөнхий сайд Сигмундур Гуннлаксон гэгч эхнэрийн хамт 2007 онд "Wintris" оффшор компани худалдан авч, түүгээрээ дамжуулж хууль бус хөрөнгө оруулалт хийж, улмаар нэг тэрбум ам.доллар угаасныг "BBC" мэдээлж байв.

Удаа ч үгүй Исландын ард түмэн жагсаал зохион байгуулж, Ерөнхий сайдаа огцруулсан билээ. Энэ мэтчилэн оффшор данс нь илэрсэн гадны орны өндөр албан тушаалтнууд улс, эх орныхоо төсвөөс, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж авлига авсан, өгсөнийхөө хариуцлагыг хүлээж, бүр "ял" хүртэл авч байсан баримт, жишээ олон бий. 

Гэтэл энэ бүх зүйл манайд эсрэгээрээ. Оффшор данстайг нь илчилж, дэлхий нийтэд мэдээлчихээд байхад хүртэл хуулийн өмнө байтугай хувь хүн талаасаа ч тэдэнд ёс зүй хийгээд ичих нүүр гэж алга.

Нуухдаа ичээгүй нөхдүүд нуусан нь илчлэгдэхээр яаж ч ичих билээ дээ. Харин түүнийг нь өөгшүүлж, маазарч суугаа бид өөрсдөө л буруутай. Үгүй бол оффшор данстай нь илчлэгдсэн тэрхүү 49 нөхрийн хэн болохыг нь илрүүлж, нуусан мөнгө нь хууль бус болох нь тогтоогдвол хуулийн хүрээнд зохих хариуцлагыг нь хүлээлгэе, та минь ээ.

 

Зураг