Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Зах зээлд ам.долларын ханш 1,950 хүрч буурах хүлээлт үүсээд байна

А.Алиман
2016 оны 5 сарын 12
MorninigNews.mn
Зураг зураг

Монголбанк долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг ч өнгөрсөн Мягмар гарагт дуудлага худалдаа болсонгүй.

Энэ өдөр банкууд 5.8 сая ам.доллар, 5.7 сая юань тус тус худалдан авах санал ирүүлээд байсан ч Монголбанк дуудлага худалдаанд оролцоогүй юм.

Онцлоход Мягмар гарагийн дуудлага худалдаанд банкуудаас ирүүлсэн ам.долларын захиалга өмнөх дуудлага худалдаануудын үеэрх захиалгатай харьцуулахад нэлээд хэмжээгээр буурсан байв. Яагаад арилжааны банкууд ам.долларын захиалгаа бууруулав, яагаад Монголбанк дуудлага худалдаанд оролцсонгүй вэ?

Уржигдар буюу тавдугаар сарын 10-ны өдрийн Монголбанкны албан ханшаар бол нэг ам.доллар 2,020.06 төгрөгийн ханштай, өчигдрийн байдлаар 2,017.93 төгрөгийн ханштай байв. Тэгвэл ам.долларын ханш ойрын өдрүүдэд үүнээс ч илүү хямдрах магадлалтай байгаа учраас арилжааны банкууд Мягмар гарагийн дуудлага худалдаанд их хэмжээний захиалга өгөхийг хүсээгүй буюу ноён доллар хямдрахыг хүлээзнэсэн байдалд байгаа ажээ.

Банкирууд болон дилерүүдийн урьдчилан тооцоолж байгаагаар ам.долларын нийлүүлэлт эрс нэмэгдэх, үүнийг дагаад ханш нь буурах нөхцөл бүрдчихээд байгаа юм.

Тэдний тооцоогоор нэгдүгээрт, Монголбанк зах зээлд ихээхэн хэмжээний ам.доллар нийлүүлж чадахаар нөөцтэй болсон, хоёрдугаарт гэвэл Монголбанкнаас гадна “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт" уулын баяжуулах" үйлдвэр бүтээгдэхүүн борлуулсны орлого болох ам.доллараа зах зээлд худалдах замаар төгрөгт шилжүүлэх шаардлагатай болсон учраас ойрын өдрүүдэд ноён долларын нийлүүлэлтийг дагаад үнэ нь буурах магадлал бодитой харагдаж буй.

Энэ үйл явц мэдээж ам.доллар худалдаж авах талуудад, тухайлбал, арилжааны банкуудад ашигтай бол ам.доллараа худалдах гэж байгаа дээрх гурван этгээдэд тийм ч хүсэхээр зүйл биш гэдэг нь ойлгомжтой юм. Тэгэхээр Мягмар гарагт цуцлагдсан дуудлага худалдаанд арилжааны банкууд багахан хэмжээний захиалга ирүүлж, харин Монголбанк дуудлага худалдаанд оролцоогүй хэрэг.

Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн нь Засгийн газрын гаргасан 500 сая ам.долларын бондын эх үүсвэр орж ирсэнтэй холбоотой юм. Төсвийн орлого тасалдсан, экспортын орлого буурсантай холбоотойгоор эдийн засгийн бэрхшээлтэй тулгарчихаад байгаа Засгийн газрын хувьд бондоор босгож ирсэн 500 сая ам.доллараа яаралтай төгрөгт шилжүүлж, эргэлтэд оруулахыг хүсч байгаа.

Үүнийг хэрэгжүүлэх үүрэг нь Монголбанканд буй. Тийм учраас Монголбанк урьд өмнөхөөс арай илүү хэмжээгээр зах зээлд нийлүүлэхийг,тэгэхдээ үнийг нь төдийлөн хямдруулахгүйгээр борлуулахыг хүсч байгаа хэрэг. Гэвч аливаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт зах зээлд нэмэгдэхийн хэрээр нэгжийнх нь үнэ хямдардаг зүй тогтлын дагуу ам.долларын ханш унаж таарна.

Монголбанкны валютын нөөцийг зузаатгасан Засгийн газрын 500 сая ам.долларын бонд таван жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй, чамгүй өртөгтэй эд юм.

Монголбанк Засгийн газрын бондоор боссон ам.доллараа зах зээлд гарган төгрөгт хөрвүүлэх гэх яг энэ мөчид Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрүүд өөрийн бүтээгдэхүүний орлого болох ихээхэн хэмжээний ам.долларыг мөн л зах зээлд арилжаалан төгрөгт шилжүүлж, татварын болон бусад орлогоо улсад төгрөгөөр тушаах цаг хугацаа давхацжээ.

Ийм том гурван нийлүүлэгч Монголын жижгэвтэр зах зээл рүү зэрэг зэрэг ам.доллар цутгаад эхэлбэл ноён долларын ханш өнөөгийнхөөс буурч таарна.

Харин энэ мөчийг хүлээхээр шийдсэн банкир, дилерүүд өнөө, маргаашдаа 2,000 төгрөг давсан үнээр ам.доллар худалдаж авна гэж үү? Үгүй. Харин ч тэд 1,990 төгрөгөөр худалдаж авъя гэсэн саналыг тавьсан ч өнгөрсөн Мягмар гарагт Монголбанк зөвшөөрөөгүй байна.

Тэдний тооцоогоор дээрх гурван том нийлүүлэгч ам.доллараа худалдаад эхэлбэл ноён долларын ханш хэзээ мөдгүй 2,000 төгрөгөөс доош унана. Магадгүй ойрын хугацаандаа 1,950 төгрөгт ирнэ гэсэн тооцоог тэд хийж буй юм.

Харин Монголбанк болон зэсийн баяжмал экспортлогчдын хувьд одоогийн 2,000 давсан ханш ашигтай учраас ам.долларын дуудлага худалдаа болон нийлүүлэлт хийхдээ “ханш унах вий” гэсэн болгоомжлолыг юуны өмнө баримталж байгаа гэх.

Олон саяар нь ярьж байгаа “наймаанд” нэгж тутмын тав арван төгрөгийн зөрүү нийлбэр дүнгээрээ чамгүй өндөр эрсдэл учраас ам.доллараа худалдах, худалдан авах талуудын аль аль нь болгоомжилсон байдалд оржээ.

Тэгэхээр цаашид ам.доллар нийлүүлэх, худалдан авах талууд Монголбанктай хамтран зөвшилцөж, дундын ханш тогтоох хувилбар руу явах бололтой. Юутай ч ам.долларын ханш өнөөдрийнхөөсөө буурах нь тодорхой байгаа аж.

Зураг