Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ариунтуяа: Эцэг эхчүүд хүүхэддээ зөвлөгөө өгөх байтугай харьцахгүй байгаа нь нууц биш

Б.Даваахүү
2016 оны 5 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Т.Ариунтуяатай өсвөр үеийнхний гэмт хэрэг зөрчлийн талаар ярилцлаа.  

-“Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнөөс гарах үр дүнг таны хувьд хэрхэн харж байна вэ? 

-Өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэгийн асуудлын талаархи  уулзалт зөвлөгөөнийг Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, НҮБ-ын хүүхдийн сан гэх мэт холбогдох хууль хяналтын байгууллагууд хамтран зохион байгуулж буйгаараа ихээхэн онцлогтой болж байна.

Өсвөр үеийн сэтгэцийн эмгэг бол яах аргагүй  бидний өмнө тулгамдаж буй асуудлын нэг шүү дээ. Ер нь манай байгууллагад хүүхэд амиа егүүтгэхийг оролдсон, амиа егүүтгэхээс аргагүй байдалд хүргэсэн гэмт хэрэг зөрчил их бүртгэгдэж байна.

Нөгөөтэйгүүр, цахим тоглоомд донтох, мансууруулах төрлийн нян бодис хэрэглэх, сонирхож, донтох зэргээр гэмт хэрэг зөрчилд өртдөг.

Цахим тоглоомд донтох, мансууруулах төрлийн нян бодис хэрэглэх, сонирхож, донтох зэргээр гэмт хэрэг зөрчилд өртдөг. 

Донтолтыг ДЭМБ эмгэг гэж тодорхойлсон байдаг юм билээ. Тэгэхээр асуудлыг тус тусдаа ярих бус, урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах хэрэгтэй байгаа юм. Үүнээс гадна сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх байгууллагуудыг шинээр байгуулах шаардлага бий. Ингэхдээ  сэтгэлзүйн туслалцааг хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр үзүүлдэг байх хэрэгтэй.

Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болоод төрийн бус байгууллагууд олон байдаг. Гэхдээ эдгээр газрууд ямар нэг байдлаар төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг тул  эцэг эхчүүд тэр бүр хүүхдээ дагуулаад очих боломж байдаггүй байж магадгүй. Энэ мэт асуудлыг зөвлөгөөнөөр хэлэлцэж буй тул ихээхэн ач холбогдолтой гэж хэлж болно. 

-Сошиал сүлжээг  өсвөр насныхан ихээр ашиглах болсон. Интернэтэд цацагдаж байгаа сайн болон саар мэдээлэл хүүхдийн сэтгэхүйд ер нь яаж нөлөөлдөг юм бол?

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллага, ялангуяа цахим сайтуудад гэмт хэрэг зөрчлийн талаарх бичлэг, мэдээлэл их нийтлэгддэг болсон. Нэг талаар иргэд олон нийтэд мэдээллийг хүргэх үүрэгтэй ч, нөгөө талаар насанд хүрээгүй хүүхдүүдэд гэмт хэрэг үйлдэх сэдлийг төрүүлж байдаг гээд хэлэхэд хэтийдэхгүй.

Тухайлбал, “газ үнэрлэж мансуурчээ” гэх гарчигтай мэдээллийг өсвөр насны хүүхэд уншлаа гэхэд өөрөө үнэрлэж үзэх сэдлийг төрүүлж болох сөрөг талтай. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих анхаарлаа дээшлүүлэх л хэрэгтэй байна. 

-Сошиал сүлжээг ашиглаад хохирсон хүүхэд танай байгууллагад бүртгэгдсэн үү. Үүнээс сэргийлэхийн тулд танай байгууллагаас ямар ажлыг хийж байна вэ?

-Сошиал сүлжээгээр дамжуулан хүүхэд хохирсон тохиолдол бүртгэгдсэн байгаа. Тухайн хүүхдийн гар утсаараа дамжуулан мэдээлэл авч буй сайт, хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээ дэх мэдээллийг хязгаарлах боломж байдаггүй.

Тиймээс эцэг эхчүүд, сургууль, хуулийн байгууллага, мэдээлэл харилцаа холбооны үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын зүгээс тодорхой зөвлөмжийг хүүхдэд өгдөг байх шаардлагатай байгаа юм. Эцэг эхчүүд өөрсдөө ч гэсэн хүүхэддээ хяналт тавих хэрэгтэй байна.

Хүүхэд байнга л гар утаснаасаа интернэт ертөнцтэй холбогдчихсон байдаг.

Хүүхэд нь юуг сонирхож, юу үзэж, интернэтээс ямар мэдээлэл аваад байна вэ гэдгийг эцэг эхчүүд хянаж, түүн дээрээ үндэслэн хүүхдэдээ зөвлөгөө өгч байх шаардлага бий. Өнөөдөр эцэг эхчүүд хүүхэддээ энэ чиглэлийн зөвлөгөө мэдээлэл өгөх нь байтугай бараг харьцахгүй шахуу  байгаа нь нууц биш шүү дээ.

Цагдаагийн байгууллагад цахим гэмт хэрэгтэй тэмцэх тусгай нэгж ажиллаж байдаг. Энэ төрлийн гэмт хэргийг дагнаж, шалгадаг урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Манайхаас Харилцаа холбооны зохицуулах газартай хамтраад цахим орчны зөв хэрэглээний талаар зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг тус газрын сайтаар нь дамжуулан өгөх үйл ажиллагааг хамтран  хэрэгжүүлж байна. 

-Танайх хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар үйл ажиллагаа явуулах бусад байгууллагатай хэр уялдаа холбоотой ажилладаг вэ?

-Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, осол гэмтлээс хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд бүх л байгууллагатай хамтарч ажиллаж байна. 

-Саяхан сургууль дээрээ гарсан цуурхалын улмаас өсвөр насны охин амиа хорлохыг завдсан тохиолдол гарсан. Ер нь бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэргийн улмаас энэ онд хэчнээн хүүхэд хохирсон байна вэ?  

-Улсын хэмжээнд гарсан гэмт хэргийн тоо баримтаас харж байхад 2015 оны эхний дөрвөн сарын байдлаар дээрх шалтгаанаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 18 бүртгэгдсэн байсан.

Харин 2016 оны эхний дөрвөн сарын байдлаар 11 тохиолдол бүртгэгдэж шалгагдсан байна. Энэ тоог харахад буурах хандлага ажиглагдаж байгаа мэт боловч амиа хорлох оролдлого хийж буй хэчнээн хүүхэд байгаа вэ гэдэг нь тодорхойгүй шүү дээ. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү зохион байгуулах хэрэгтэй. 

-Хүүхэдтэй харьцдаг хүний хувьд үндсэн шалтгааныг нь та юу гэж үзэж байна вэ. Гэр бүлээс шалтгаалаад байна уу, эсвэл сургуулийн орчноос хамаарч байна уу?

-Судлаад үзэхэд, их олон төрлийн шалтгаан байдаг юм билээ. Миний харж байгаагаар 13-14 шалтгаан байна. Мэдээж хамгийн гол шалтгаан нь гэр бүлийн орчин. Гарсан гэмт хэргийн судалгаанаас харахад шүү дээ.

Хоёрдугаарт, бусдыг амиа хорлохоос өөр аргагүй байдалд хүргэх гэмт хэргийн улмаас ерөнхий боловсролын сурагчид нэлээд хохирсон байдаг. Ингэхээр эцэг эх, сургуулийн орчин маш их нөлөөлж байгаа юм. Хамгийн гол нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ огт харьцдаггүйгээс болж ийм асуудал ихэвчлэн гардаг гэж би харж байна. 

-Хүүхдийн асуудлаарх маш олон хуулиуд УИХ-д өргөн баригдаад явж байгаа. Энэ хуулиудад дээр дурьдсан чиглэлээр зүйл заалт тусгагдсан байгаа юу?

-Одоогийн мөрдөгдөж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах хууль хоёр хууль болж, шинэчлэгдэн батлагдсан. 2016 оны есдүгээр сарын 1-нээс хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хүүхдийн эрх, хамгааллын талдаа шаардлага хангахуйц хэмжээнд хийгдсэн гэж үзэж байгаа. 

-Гэр бүлд хүүхдийг амиа хорлоход хүргэсэн эцэг эхэд ямар хариуцлага ногдуулах талаар тусгасан уу?

-Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэргийн хуулийн 95 дугаар зүйлд бусдыг амиа хорлоход хүргэх нөхцөл байдлыг бий болгосон, дарамт хүчирхийлэлд байлгасан этгээдэд 2-5 жил хорих ял ногдуулах байсан бол шинэчилсэн найруулгат Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд энэ асуудлыг нэлээд тодорхой болгон оруулж ирсэн байгаа. Наад зах нь хүлээлгэх хариуцлага нь “2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх маягаар хүндэрч орж ирсэн. 

Зураг