Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны бодлогын хүү: Өөрчлөлт, шалтгаан, хүлээлт

Egule Capital
2016 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

- Зах зээлийн мэдээлэл - 

  • Монголбанкны бодлогын хүү буурлаа. 
  • ЗГҮЦ-ны арилжаа түр зогссон байна. 
  • Инфляци бага түвшинд тогтвортой байх хандлагатай байна. 
  • Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт өсөх нөхцөл бүрдлээ. 

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж, бодлогын хүүг  1.5 нэгжээр бууруулж, 10.5 хувь болгох шийдвэр гаргажээ.  

Монголбанкны мөнгөний бодлогыг бууруулсан мэдэгдэлд энэхүү шийдвэр нь зээлийн өсөлт болон хувийн хэвшлийн бусад хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийг засгийн идэвхийг сэргээхэд эерэгээр нөлөөлнө гэжээ. 

Мөн өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд ЗГҮЦ-ны арилжаа зарлагдаагүй бөгөөд ойрын хугацаанд арилжаа хийгдэх эсэх нь тодорхойгүй байна . 

Мөнгөний бодлогын хүү буурсан болон ЗГҮЦ-ны арилжаа зогссон үйл явдлууд нь дотоод эдийн засаг дахь зээл олголт нэмэгдэх, хүү буурахад  хүчтэй эерэг нөлөө үзүүлэх боломжтой байна.  

Бодлогын хүү гэж долоо хоногийн хугацаатай төв банкны үнэт цаасны хүү юм.

Засгийн газар нь сүүлийн хоёр сарын хугацаанд гадаад зах зээл дээрээс нийт 750 сая ам.долларийн (Кредит Свисс банкнаас авсан 250 сая ам.долларын зээл, Олон улсын зах зээл дээр арилжаалсан 500 сая ам.долларын үнэт цаас) санхүүжилт босгосон бөгөөд уг эх үүсвэрээр төсвийн санхүүжилтийг үргэлжүүлж, ЗГҮЦ-ны дотоодын арилжааг түр зогсоосон байх талтай юм.

Одоогийн байдлаар санхүүгийн зах зээл дээр мөнгөний бодлогын хүү 10.5 хувь, ЗГҮЦ-ны хүү хугацаанаас хамааран 13-15 хувь (арилжигдахгүй байгаа), хугацаатай хадгаламжийн хүү 13.3 хувь, зээлийн хүү 19.7 хувь байна. 

Арилжааны банкуудын хүүний зөрүү 2016 оны 3 дугаар сарын байдлаар 6.4 хувь байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хүүний зөрүү хамгийн багадаа 4.7 хувь хүрч байжээ. 

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд буюу 2010 оны 4 сараас хойш бодлогын хүүг 7 удаа өсгөж, 5 удаа бууруулсан байна. Бодлогын хүүг өнгөрсөн дундажаар 0.82 нэгжээр өсгөж байсан бол, 1.05 нэгжээр бууруулж байжээ. 

Дэлхийн санхүү, эдийн засгийн 2008-09 онуудын хямралын үед бодлогын хүүг 14 хувь хүртэл өсгөж байсан бөгөөд 2009 оны 5 сараас хойш нэг жилийн хугацаанд 3 удаа бууруулж, 10 хувьд хүргэжээ. 

Бодлогын хүүний өөрчлөлт нь инфляцийг бууруулах эсвэл тогворжуулах, төгрөгийн ханшийг тогтворжуулахад чиглэсэн байна. 

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн шалтгаанууд:

  • Инфляцийн түвшин зорилтот түвшнээс өндөр байх, 
  • Инфляци олон сар дараалан өсөх, 
  • Инфляцийн түвшин өсөх хандлагатай байх, 
  • Суурь инфляци нь  ерөнхий инфляциас өндөр байх,  
  • Мөнгөний нийлүүлэлт их хэмжээгээр нэмэгдэх, 
  • Зуд болж, мал их хэмжээгээр хорогдсоноор махны нийлүүлэлт буурах, 
  • Шатахууны үнэ огцом өсөх, 
  • Цахилгаан, дулаан, ус, суурин утасны ярианы тариф гэсэн төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнэ нэмэгдэх,  
  • Засгийн газраас иргэдэд бэлэн мөнгө тараах, 
  • Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх, 
  • Төсвийн зардал мөчлөг даган өсөх, 
  • Арилжааны банкуудаас зээл олголт өндөр байх, 
  • Гадаадаас орж ирэх мөнгөний урсгал огцом өсөх,  
  • Нийт эрэлт эдийн засгийн потенциал хүчин чадлаас давж өсөх, 
  • Дэлхийн эдийн засаг, санхүүгийх зах зээлд тодорхой бус байдал нэмэгдэх, 
  • Валютын орох урсгал, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээнүүдийн үр дүн хангалттай биш байх,  
  • ГШХО, гадаад цэвэр актив буурах, 
  • Гадаад валютын ханшийн өөрчлөлт өндөр байх,
  • Гадаад валютын урсгал сэргэхгүй байх.  
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд мөнгөний бодлогын хүүг бууруулахад нөлөөлсөн шалтгаанууд:
  • Инфляцийн хэтийн хандлага нь зорилтот түвшинтэй нийцтэй байх, 
  • Эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт буурах, 
  • Нийлүүлэлтийн гаралтай инфляци буурах, 
  • Улсын төсвийн инфляцид үзүүлэх дарамт бага байх, 
  • Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн эерэг байх, 
  • ГШХО сэргэх хандлагатай байх, 
  • Төлбөрийн тэнцэл алдагдалгүй байх хандлагатай байх.  
Эх сурвалж: http://www.egulecapital.mn

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго.

Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.