Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын видео блогчин эмэгтэй сурталчилгаанаас $3.4 саяыг олжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хятадаас өөр зах зээлд танил биш Папи Жянь гэдэг нэр өөрийн орны дотоод интернэт ертөнцөд маш алдартай болсон бөгөөд саяхан онлайн сурталчилгааны эрхээ 22 сая юань буюу одоогийн ханшаар $3.4 саяд зарж чаджээ.

“Папи Жянь” нэрний ард Бээжингийн Драмын Төв Академийн оюутан, 29 настай Жянь Илэй гэгч бүсгүй байдаг юм. Түүнд Сина Вэйбо, WeChat, Youku, YouTube суваг бий бөгөөд долоо хоног бүрийн Даваа гарагт орчин үеийн Хятадын амьдралыг элэглэсэн хөгжилтэй бичлэгүүдээ нийтэд хүргэдэг.

Өнгөрсөн сард түүний сувагт сурталчилгаа байрлуулах эрхийг Ali Auction дуудлага худалдааны сайтаар борлуулахад Шанхайн гоо сайхны бүтээгдэхүүний компани 22 сая юаниар авсан байна.

Үүний дараа Хятадын ZhenFund, Luogic Show, Lighthouse Capital, Xingtu Capital гэсэн дөрвөн хөрөнгө оруулалтын сан Папи Жяньд 12 сая юаний хөрөнгө оруулалт хийх болсноо зарласан юм.

Жяний видео агуулгын гол сэдэв нь хотын, залуухан бүсгүйд ямар асуудлууд тулгардаг, үүнд ажил карьер, эр нөхөр, гэр бүлийн дарамт шахалт зэрэг багтдаг бөгөөд энэ бүгдийг ямар нэг студид бус, зүгээр л Бээжин дэх гэртээ бүтээдэг байна.

Видео болгоноо тэр “Би бол гоо сайхан, авьяас хоёрыг хослуулсан Папи Жянь байна” гэж дуусгадаг ажээ.

Бусад онлайн ертөнцийн одуудтай харьцуулахад Жянь зөвхөн авьяасаараа тодорсон нэгэн юм. Өнгөрсөн сард явуулсан судалгаагаар тэр Хятадын онлайн ертөнцийн алдартнуудаас топ баян Ван Жьянлиний хүүгийн дараа хоёрт жагссан байна.

Тэр зургаан сарын өмнө энэ ажлаа эхэлсэн бөгөөд одоогоор Сина Вейбо сүлжээнд 12 сая дагагчтай, үзэлтийн тоо нь 50 саяыг даваад байгаа юм.

Хятадын төрийн цензур бас Жяний бүтээлд нөлөөлж саяхан хараалын үгтэй бичлэгүүдийг нь устгасан бөгөөд дараа нь засварласан бичлэгээ дахин оруулж байжээ.

Ийнхүү онлайн ертөнцөд хэрхэн баяжиж болдгийг нэгэн бүсгүйн түүх харуулж байна.

Папи Жяний нэгэн бичлэг:

 

Эх сурвалж: Forbes