Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн тухай хуулийн ТАВАН “цоорхой”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголчууд долоо дахь сонгуулийнхаа нүүрийг үзэх гэж байна. Энэ удаагийн сонгуулийн хуулийг 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан.

Тэгвэл сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудал одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Мөн Сонгуулийн хуулийн талаарх шүүмжлэл ч тасрахгүй байгаа юм. Ингээд парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 100 хувийн ирцтэй баталсан Сонгуулийн шинэ хуулийг сөхөж үзвэл...

1.Хамгаалалтгүй хууль

2011 оны аравнхоёрдугаар сарын 15-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хуулиар 60.1 дүгээр заалтад “Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” хэмээсэн.

Тэгвэл дөрвөн жилийн дараа батлагдсан шинэ хуулинд энэ заалтыг оруулахаа эрх баригчид “мартжээ”.

Үүнээс улбаалаад Сонгуулийн хуульд ямар ч өөрчлөлтийг дураар оруулж болох гарц эрхэм гишүүдэд нээгдсэн юм. Энэ тухай хуульч Б.Энхмандах "Хуулийг хэрхэн ойлгох маргаанаас гадна улс төрийн маргаан зөвшилцөлтэй холбоотой асуудлууд байгаа нь тодорхой харагдаж байна. Зургаан сарын хугацаанд сонгуулийн хуульд гар хүрэхгүй байх тухай агуулга энэ хуульд байхгүй.

Үүнийгээ хууль тогтоогчдын зүгээс хоёр үндэслэлээр тайлбарлахдаа “Хуулийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор энэ заалтыг хассан. Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж байхад Хуулийн тухай хууль батлагдаад 2016 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр байсан тул Сонгуулийн тухай хуулиа нийцүүлсэн. Хуулийн тухай хуулиар хэр баргийн хуулийн төслийг өргөн бариад хэлэлцэхгүй” гэж тайлбарлаж байсан.

Гэтэл Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулахын тулд сүүлд нь өнөө дурдаад байсан Хууль тогтоомжийн тухай хуулийнхаа хэрэгжих хугацааг ч гэсэн хойшлуулчихсан 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс даган мөрдөхөөр болгочихсон л байна билээ" хэмээв. 

2.Сурталчилгааны цөөн хоног

17 хоног. Энэ бол сонгуулийн сурталчилгаа явуулж болох нийт хугацаа юм. Энэ зүйл заалтыг зарим нэр дэвшигч болон парламентад суудалгүй намуудын төлөөлөл шүүмжилж байгаа. Учир нь 17 хоногийн хугацаанд олонд танигдаагүй нэр дэвшигчид өөрсдийгөө таниулж амжихгүй гэж үзсэн хэрэг.

Өмнөх хуульд нэр дэвшигч сурталчилгаагаа сонгуульд нэр дэвшсэн өдрөөсөө хойш явуулж, санал өгөхөөс 24 цагийн өмнө дуусгадаг байсан билээ. Сурталчилгааг цөөн хоног болгосны сул тал нь аливаа бусармаг үйлдэл, хуурамч мэдээ мэдээлэлд хариу үзүүлэх, зөвөөр тайлбарлах боломжийг хязгаарлаж байгаа хэмээн дүгнэж болох юм.

Хуульч Б.Энхмандах "Сонгуулийн хуулийн орчин нь өөрөө шинээр өөрийгөө таниулах боломжийг хангаж өгөөгүй болоод ийм шүүмжлэл гарч байгаа хэрэг. Парламентад суудалгүй нам, бие даагчдын хувьд голдуу шинэ хүмүүс байгаа шүү дээ.

Өмнө өмнөх сонгуулиудын хууль өөрчлөгдөх бүрт сурталчилгааных нь хугацаа ч багассаар ирсэн. Анх 45 хоног байсан бол 21 болж, одоо бол үндсэндээ 17 хоног л болсон. Энэ хугацаанд 1,500 гаруй нэр дэвшигч зэрэг зэрэг сурталчилгаа явуулна шүү дээ" гэж энэхүү заалтын тухай байр сууриа илэрхийлсэн билээ.

3.Тооллогын дүн зөрвөл...?
 

Хар машины асуудал өндрөө авч эцэстээ 50 хувийг гараар тоолох шийдвэрт хүрсэн. Уг хуулийн 97.13 дугаар заалтад Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ хэмээн оруулсан билээ.

Энэ нь цөөн тооны саналын илүүгээр ялж байгаа нэр дэвшигчдэд тун ч “эвгүй” асуудал үүсгэж болох юм. Учир нь энэ хуульд саналын хуудасны тоо зөрөх гэх ойлголт байгаа ч саналын тоо техникийн тооллогоос зөрвөл хэрхэх тухай тусгайлан зохицуулаагүй. 

Тоологч машины асуудал үүгээр дууссангүй. Иргэдийн саналын нууцлалтын холбоотой асуудал сөхөгдлөө. Цэцэд өргөдөл гаргасан иргэн Б “Сонгогчдын саналыг машинаар тоолох нь түүний үр дүнг санал өгсөн цаг хугацаа дарааллаар нь хөөгөөд, хэн ямар санал өгснийг тодорхойлох бүрэн боломжтой учир нууц санал өгөх хуулийн заалт зөрчигдөж байдаг.

Ийм учраас Англи улсын Үндсэн хуулийн шүүхээс тооллогын машин хэрэглэхийг хориглосон түүх байдаг. Мэргэжлийн, бие даасан хөндлөнгийн шинжээч нараар уг машин нууцын заалтыг хангаж буй эсэхэд дүгнэлт гаргуулах нь зүйтэй биз ээ” хэмээсэн нь бий. Өөрөөр хэлбэл хар машинтай холбоотой асуудал зөвхөн саналын луйвраар хэмжигдэхгүй нь.

4.Хэвлэлд чанга хууль

Сонгуулийн сурталчилгаа хийхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүжир гүтгэлэг, доромжлол явдаг нь үнэн. Үүнийг хязгаарлах нь ч шударга ёсны эхлэл болно. Гэхдээ энэ удаагийн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэлх хугацаагаар хаахаар болжээ.

Уг хуулийн 68 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаа хэсэгт:

68.7.Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын доод хэсэгт захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдаж, захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих ба энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарах ба радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд захиалагчийн нэрийг дурдана хэмээн заасан байна.

Хэрэв зөрчвөл Хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ хэмээжээ.

Тусгай зөвшөөрлөө ийм урт хугацаанд хаалгасан хэвлэл мэдээллийн байгууллага цаашид амьдрах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл дампуурахаас өөр замгүй үлдэнэ. Сурталчилгаа захиалагчийн нэрийг дурдаагүйгээс болоод зургаан сар үүдээ барих нь өмнө хожид хэвлэлийнхэнд үзэгдээгүй хамгийн чанга зохицуулалт байлаа.

5. Сонгогчдын санал хаягдах боломжтой

Энэ талаар хуульч Б.Энхмандахаас тодруулахад "Жагсаалттай холбоотой нэг заалт Үндсэн хуулийн зөрчилтэй ч байж болохоор харагдаж байсан. Тэр нь нам, эвсэл нь нийт саналын таваас доошгүй хувийн санал авсан бөгөөд олонхын сонгуулиар нэгээс доошгүй суудал авсан байх ёстой, чадаагүй бол намд өгсөн саналыг нь хуваах тухай заалт.

Намынхаа нэрээр сонгогчдоос багагүй хэмжээний санал авсан ч тойрогт өрсөлдүүлсэн нөхдөөс нь нэг ч ялалт байгуулаагүй бол намд өгсөн сонгогчдын санал юу ч биш болох тухай агуулга.

Өнөөх намд өгсөн багагүй хэмжээний санал огт үнэлэгдэхгүй хаягдах боломжтой. Харагдаж байсан гэж хэлж байгаагийн учир нь Үндсэн хуулийн цэцээс жагсаалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гарсантай холбоотой, эрх баригчдын болон гол сөрөг хүчний зүгээс цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гээд үзчихсэнтэй холбоотойгоор өөрчлөгдөх л байх даа гэсэн бодол байгаа учраас тэр" хэмээн хариулсан юм.