Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Одсүрэн: Эрх чөлөөг тэгш эдлэе гэвэл сахилга бат ноёлсон нийгмийг бүтээ

ikon.mn
2016 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

MDG группийн үүсгэн байгуулагч Бадарчийн Одсүрэнтэй ярилцав.

-Сайн байна уу таны ажил үйлс өндөр үү? Сүүлийн үеийн ажлуудаасаа хуваалцаач?

-Өндөр байна аа. Өдөр тутмын ажлаа хийхийн хажуугаар гарч ороод л байж байна. Эдийн засгийн, нийгмийн чиглэлээр суралцдаг оюутан залуус нийлж үүсгэсэн ажил хэрэгч, эрэл хайгуулч клубууд их болжээ. Зочин уриад ярилцлага их хийдэг юм байна. Залуус чөлөөтэй сэтгэж байна. Хэнээс ч бэргэхгүй хэлэхээ хэлж, асуухаа асууж байгаа нь надад хамгийн сайхан санагдаж байна.

-Таны докторын ажил ямархуу шатандаа явж байна даа, ямар сэдэвтэй билээ?

-Сая нэг юм дуусгалаа. Таван жил ноцолдож шүү. Гэхдээ их ажилтай байсан болохоор барьж тавьж явсаар бас хугацаа их алджээ. “Монголын нөхцөлд зочид буудлуудын үйлчилгээний чанарыг сайжруулах” гэдэг сэдэвтэй. Зочид буудал ч энгийн зүйл бишээ. Нийгмийн бараг бүх юмс үзэгдлийг хамардаг юм шүү. За миний тухай яах вэ, харин гадуур их л юм өрнөж байна.

-Тиймээ, сая гэхэд л улаанбурханы өвчлөл нэлээд сандаргалаа.

-Ямар ч тохиололд улстөржүүлж болдоггүй гурван салбар байдаг юм. Эрүүл мэнд, Боловсрол, Шүүх гурав. Манайд гурвууланг нь хамгийн их улстөржүүлдэг. Тэрнийхээ горыг хангалттай амсаж байна. Шүүхийн хараат бус байдал гэж цаасан дээр л байдаг нэр. Үнэндээ шүүгчид томилсон хүндээ үйлчилдэг гэдэг хардлага юухан хээхнээс л төрнө. Хүмүүс ч ил цагаанаар, “тэр чинь Ерөнхийлөгчийн хүн, харин энэ нь Зийгийн хүн” гэх мэтээр ярьдаг шүү дээ.

Номоороо бол шүүгч, шүүхийн байгууллага бол хамгийн хүчирхэг дүр төрх үзүүлж, ард түмний хамгийн их итгэдэг субьект байх ёстой. Гэтэл бид амьдрал дээр яадаг билээ. Асуудал гаруут л таньдаг шүүгч хайдаг. Шүүгчийнхээ “гарт юмыг нь атгуулах” гэж шивнэлдээд л эхэлдэг. Энэ бол бидний л өдөр тутмын жирийн амьдрал. Саявтар болсон Нүүрс хөтөлбөрийн асуудлаарх шүүх хурлыг ТВ-ээр шууд дамжуулахад сууж байгаа шүүгч нарын чадвар асар эргэлзээтэй харагдсан. Томилгоо болгон оновчтой болохгүй байна. Одоо ч бүр баахан залуу хүүхдүүдээр дүүрчихлээ гэж дээр дооргүй ярихыг сонссоор байна даа.

-Боловсролын салбарын тухайд?

-Ялгаагүй дээ. Явган хэрүүл тасрахгүй юм. Сурах бичиг, дүрэмт хувцас гээд  том том мөнгө эргэлддэг салбар болохоор ном хэвлэдэг нь ч хэрүүл хийгээд, цамц оёдог нь ч хэрүүл хийгээд байна. Хүн бүр л тендерийн сонирхолтой. Сэтгэцийн өвчтэй хүн хийсэн үү гэмээр гажиг солиотой контентуудаар дүүрсэн номын зураг харж бид өвөл хаваржин л хэрэлдлээ. Тэр нь яг сурах бичиг мөн үү биш үү гэдгийг хариуцсан яамнаас нь хэлээд өгөх ёстой байхад таг дуугүй байсаар байгаад хүмүүсийг улаан галзуу хэрэлдүүлээд байх нь тэр.

-Тэр тэгээд сурах бичиг мөн байсан уу?

-Хэзээ хойно нэг маш аяарханаар “биш” шивнэх шиг болоод л таг болсон. Магадгүй тэр бүх үймээн цаанаа “мотортой, генератортой” байсан гэж одоо харагдаж байна. Тийм том асуудал босгож ирчихээд яасан ч гүй л гэнэт чимээгүй болчихсон. Улсын хамгийн чухал салбараар ингэж хүн бүхэн тоглож, тохирч, томорч болохгүй шүү дээ.

-Эрүүл мэндийн яамны дампуурлын тухай хүн болгон ярьж байна?

-Энэ улстөрчид чинь салж нийлж аальгүйтэхдээ нэгэндээ тал засаад, эсвэл гомдоохгүй гээд л бүхэл бүтэн салбарын яамыг өгч авалцаж байна даа. Авсан нь зах дээрээс нэг өмд авчихсан юм шиг загнадаг. Хувийн компани юм шиг л загнаж байна. Эрүүл мэндийн яам одоо сайдгүй. Үйл ажиллагааны бүтэц, бүрэлдэхүүн гэж осолдохгүй байдаг л байлгүй. Харин иргэдийн итгэл, үнэлэлт тэр яамны байшин дотор хүн явж байна уу гүй юу гэхдээ тулсан байна. Хариуд нь бид хэчнээн хүүхдийнхээ амь насыг тавиад туучихав даа. Цаг алдалгүй авах ёстой олон арга хэмжээ байсан. Цаг алдалгүй мэдээлэх ёстой олон зүйл байсан. Гэвч С.Ламбаа гуай өөрийгөө өмөөрсөн ганц юм хэлээд л таг болсон.

-Иргэн- төр хоёрын харилцаа, мэдээллийн солилцоо их чухал бололтой.

-Төр иргэдийнхээ итгэлийг алдаж болохгүй.  Энэ бол улс оршин тогтнохын үндэс. Гэтэл манай нийгэмд ямар нэг зүйл болоод иргэд нь хуваагдаж хэрэлдээд эсвэл сэтгэлийн түгшүүрт орчихоод байхад ус балгасан юм шиг таг дуугүй байгаад байдаг Төрийг, төрийг төлөөлсөн газруудыг би асар их гайхдаг. Олон үйл явдал нэг их өндөр авч ирснээ гэнэт замхарчихдаг маш өвөрмөц үзэгдэл зөвхөн Монголд л байна. Энэ бол замхраад мартагдаж байгаа хэрэг биш, харин ч ард түмнийхээ шархан дээр давс үрж байгаа хэрэг юм. Ирвэс судлаач залуугийн, сэтгүүлч Л.Болормаагийн гээд хэргүүд зүгээр таг болчихсон. Боловсролын яамны Б.Насанбаяр гээд л бөөн юм болсон. Тэр асуудал хэрхэн эцэслэгдээд, одоо ямар байдалтай байна чөтгөр бүү мэд. Араас нь явдаг сэтгүүлч ч гэж алга. Сэтгүүл зүйн салбар нь өөрөө бас их эвгүй дүр төрхтэй болчихлоо.

Гэх мэтээр манай Төрийн ажил алба асар ойлгомжгүй явагдаад байна л даа. Сая гэхэд л Баянгол зочид буудлын гадаа бөөн хэрэг мандлаа. Тэнд очсон хүн болгон амандаа орсныгоо ярьж байсан. Гэтэл гол тайлбарыг хийх ёстой цагдаагийн байгууллага өдөржин ус балгасан юм шиг дуугүй суусан. Ингэж болохгүй биз дээ? Манай Төр лав нийтийг хамарсан ямар нэг үйл явдал, байгалийн гамшиг болох, айдас хүйдэст автахад зохицаалж чадах эсэхэд нь үнэхээр эргэлздэг. Ямар ч сахилга бат байхгүй. Бүр үнэртэх ч гүй байна даа.

-Та сахилга батын тухай ганцаараа л их ярьдаг?

-Манай орны хувьд л тийм байх. Тэрнээс биш гадны орнуудад сахилга бат гэдэг өөрөө асар том ойлголт. Суурь онолтой, онолчтой, судалгаатай, хэрэгжүүлэх арга технологитой салбар.  Сахилга батыг олон суут хүмүүс олон янзаар тодорхойлсон. Олон янз гэдэг олон хэлбэрийг хэлж байгаа юм. Харин агуулгын хувьд ердөө л ганцхан. Тэр нь “Та зорилгодоо хүрэх, сайхан амьдрах, хийж бүтээх, ер нь хүнд хамаардаг бүхий л ололт амжилт  сахилга бат дээр суурилж, сахилга батаар дамжиж, сахилга батаар хийгдсэн ба цаашдаа ч зөвхөн энэ замаар л хийгдэнэ” гэдэг ойлголт. Монголчууд бид сэтгэлийг магтан дуулдаг. Суут ухааныг шагшдаг. Түүнчлэн эд баялаг, царай зүс гээд бусдын л адил сайхан зүйлсийг эзэмшдэггүй юм гэхэд тийшээ хүсч тэмүүлдэг. Харин сахилга батыг л хэн ч дурсахгүй байна.

-Таныхаар сахилга батыг манай улсад бий болголоо гэж бодъё. Тэгвэл ямар өөрчлөлт гарах вэ?

-Юуны түрүүнд сахилга батыг дарангуйлал, албадлагатай эндүүрч болохгүйг би байнга ярьж байгаа. Дэлхийн хамгийн сахилга баттай орнуудыг Америк, Герман, Япон тэргүүлж байна. Гэтэл энэ гурав хамгийн эрх чөлөөтэй орон. Тэгэхээр эрх чөлөөг бүгдээрээ ижилхэн эдлэе гэвэл сахилга бат ноёлсон нийгмийг, төрийн байгууллыг үүсгэх учиртай юм. Манайд ийм зүйл байхгүйгээс болоод хууль нь ч тэгш үйлчилдэггүй, баян хоосны ялгаа ч дэндүү холдож байна. Сахилга бат нь эмх цэгцийг тогтоодог. Харин эмх цэгц л хүнийг тайван, аз жаргалтай болгодог юм. Манай улсад сахилга батыг шүтвэл, сахилга батыг хэрэгжүүлбэл ийм л өөрчлөлт гарна даа.

-Сахилга батыг яаж тогтоох вэ?

-Мэдээж нэг хууль ч юм уу батлаад тогтоочих эд биш. Сахилга бат гэдэг нэртэй ч байхгүй. Энэ нь өөрөө асар том тогтолцооны шинэчлэл шүү дээ. Тэгэхээр замын хөдөлгөөний дүрмээс эхлээд Засгийн газрын ордны дүрэм хүртэл бүх зүйл л орно. Энэ талаар надад судалгаа, төлөвлөгөө бий. Одоо ч хийгдэж байгаа. Гэхдээ юуны түрүүнд энэ ойлголтыг түгээх, соён гэгээрүүлэх л хамгийн чухал байна даа. Хүмүүс мэдэхгүй зүйлдээ итгэдэггүй, чармайдаг ч гүй шүү дээ.

-За танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье!

-Баярлалаа!