Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг бууруулах магадлал

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 4 сарын 25
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл ирэх долоо хоногт дахин хуралдах тов зарлаад байна. Энэ удаагийн хурал хоёр дахь нь болж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт эхний хурлаа хийсэн мөнгөний бодлогын зөвлөл шинэ баг бүрдүүлжээ. Улирал тутам гурав болон түүнээс доошгүй хуралдаж, шийдвэрээ гаргадаг мөнгөний бодлогын зөвлөл гишүүддээ халаа, сэлгээ хийгээд буй.

Тус зөвлөл эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулж бодлогын хүүг өөрчлөх асуудлыг хэлэлцэх нь. Бодлогын хүүгээ нэмэгдүүлж, бууруулж эдийн засагт тохиргоо хийж ирсэн Монголбанк сонголтын өмнө ирээд байна.

Манай улсын эдийн засгийн 30 хувь нь төсвийн, 70 хувь нь мөнгөний бодлогоос хамаарч байгаа юм. Төв банкны хувьд хамгийн том сорилт нь инфляци. Үүнийг бодлогын хүүгээр дамжуулан буулгах эрмэлзэл Монголбанкны мөнхийн зорилт болж ирсэн. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт хумигдах болсон. Энэ хэрээр бизнесийн идэвхжил суларч буй.

Манай улсын эдийн засгийн 30 хувь нь төсвийн, 70 хувь нь мөнгөний бодлогоос хамаарч байгаа юм. 

Санхүүгийн систем дэх төгрөгийн эх үүсвэрийн хомсдол улам бүр гүнзгийрсээр байгаа. Мөнгөний нийлүүлэлт унаж байгаагаас үүдэж эдийн засгийн ихэнх салбаруудын зээлийн өсөлт уруудсаар байна. Тухайлбал, боловсруулах салбарын зээл сүүлийн хоёр улирал дараалан буурсан үзүүлэлттэй гарчээ.

Мөнгөний нийлүүлэлт буурах тусам эдийн засагт зогсонги байдал ажиглагдах болсон. Ийм нөхцөлд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурь судлаач, эдийн засагчдын дунд түгээмэл болоод байна. Төв банкны мөнгөний бодлогын хүү 12 хувьтай тэнцэж байгаа. 

Зөвлөл энэ удаад бодлогын хүүг бууруулах магадлал хамгийн өндөр байгааг Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн нэрээ нууцлахыг хүссэн гишүүн тэмдэглэж байна. Тодруулбал, бодлогын хүүг хамгийн багадаа нэг хувиар зөөллөх шийдвэр гаргана гэсэн таамаг судлаачдын дунд зонхилох аж.

Хэдийгээр эдийн засаг дахь төгрөгийн нийлүүлэлт саарсаар байгаа ч гадаад валютын орох урсгал сэргэж байна. Үүний нөлөөгөөр төгрөгтэй харьцах ам.долларын ханш эрчтэй суларч эхэллээ. 2,050.85 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш өнгөрсөн өдрүүдэд даруй 68.18 төгрөгөөр буурав. Төгрөгийн нэрлэсэн ханш аажмаар сэргэж байна.

Валютын ханш хямдрах үзэгдэл тасралтгүй үргэлжилсээр. Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний улиралд 360 сая ам.долларын ашигтай гарлаа. Төлбөрийн тэнцлийн алдагдал багасч, Засгийн газар гадаад зах зээлээс 750 сая ам.долларын эх үүсвэр татаад байна.

Валютын нөөцийг дунд хугацаанд нэмэгдүүлэх экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас шинэчлэн баталж, “Экспортыг дэмжих хөрөнгө оруулалтын сан” байгууллаа. Инфляци нам түвшинд тогтвортой хэвээр байна. Эдгээр нь эдийн засагт шинэ найдвар төрүүлсээр.

Төв банкны мөнгөний бодлогын зөвлөл энэ оны эхээр бодлогын хүүг нэг хувиар бууруулж, одоогийн түвшинд хадгалсан. Бодлогын хүүг хэвээр үлдээсэн тохиолдолд эдийн засагт нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасна гэсэн үг.

Харин бодлогын хүү буурснаар мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх, улмаар эдийн засгийн идэвхжил сэргэх төсөөлөл давамгайлж байна.

Мөнгөний бодлогын хүүг алгуур зөөлрүүлэх үйл явц үргэлжилсээр. 

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн зүгээс хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци зорилтот түвшнээс доогуур байгаа нь мөнгөний бодлого тэлэх орон зайг нэмэгдүүлж байгааг онцолж байна.

Нийлүүлэлтийн гаралтай инфляци нам, тогтвортой байхын зэрэгцээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага түвшинд байх төлөвтэй. Инфляцийн хувьд махны үнэ өссөн нь эрсдэл дагуулж байгаа юм.

Хөгжлийн банк ОХУ-ын ВТБ банкнаас жилийн 7.6 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 300 сая ам.долларын зээл авсан. Үүнийг газрын тосны бүтээгдэхүүн импортолдог аж ахуйн нэгжийн эх үүсвэрийг дэмжих санхүүжилтэд зарцуулахаар болсон. Энэ нь инфляци тогтвортой байх, улмаар бодлогын хүүг бууруулахад эерэг нөлөө үзүүлэхээр байгаа аж.

Дунд хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх, тогтвортой байх эерэг хандлага эдийн засагчдын анхаарлыг татсаар. Үүнийг илтгэх “Оюутолгой” төсөл ирэх сард гүний уурхайд ажиллах ажилтнаа авахаар болсон. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд горьдлого төрүүлээд байгаа юм. Мөнгөний бодлогын хүүг алгуур зөөлрүүлэх үйл явц үргэлжилсээр. Бодлогын зөвлөлийн таван гишүүн тутмын гурав нь бодлогын хүүг бууруулах санал дээр нэгдэж байна.

Зураг