НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машин худалдан авах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 70 машин явж байгаа бөгөөд энэ нь яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд хангалттай биш гэдгийг Эрүүл мэндийн газраас онцолж байгаа юм.
Олон улсын стандартаар 8-10 мянган хүн тутамд нэг дуудлагын машин байх ёстой бөгөөд нийслэлийн хэмжээнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд явах 130 машин байвал эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ сайжрах боломжтой юм байна.
Эдгээр 10 машиныг нийт 1 тэрбум 30 сая төгрөгөөр худалдан авах урьдчилсан тооцоо байгаа бөгөөд энэ нь Эрүүл мэндийн яамнаас гаргасан үнэлгээ юм байна.
Шинээр авсан түргэн тусламжийн машинуудыг АСЕМ-ын уулзалтын үеэр дүүргүүдийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх цэг болон зочид төлөөлөгчдийн байрлах газруудад байршуулах аж.
Харин АСЕМ-ын уулзалтын дараа түргэн тусламжийн машинуудыг дүүргүүдэд хуваарилан өгөх юм байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!