Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өлөн зэлмүүн дайчид нь Сөүлийг онилов

Г.Гомбо, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 19
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Пуужин хөөргөж байна. Тэр нь байнгын ажиллагаа боллоо. Цөмийн бөмбөг тэслэв. Цаашдаа тогтмолжуулах юм биш биз? Үе үе сүржин хээрийн сургууль хийнэ. Төв телевизээр ардын нэвтрүүлэгч нь хоолойгоо зангируулан заналтайгаар мэдэгдэл уншина.

Зангидсан нударгаараа конгрессын байшинг няц цохиж буй солонгос цэргийн плакат, мянган америк чоныг улаан гараараа тасдаж алах тухай эвлэлийн гишүүний тангараг, сав л хийвэл зарладаг байлдааны цагийн байдал, энгэр дүүрэн хуванцар одон гялалзуулах генерал адмиралуудын сүрт жагсаал, газар тэнгэр доргитол уухайлах олон түмний түрлэг. Энэ бүхэн өнөөгийн Хойд Солонгосын бодит дүр зураг, нийгмийнх нь төрх.

Хүүхдийн цэцэрлэгт америк цэргийн чүүчил жадалж сургуулилсан солонгос багачуул пионер болж улаан бүч зүүмэгцээ 100 америк чоно, эвлэлд элсвэл 1,000-ыг, намд элсэхээрээ 10,000 америк чоныг ална хэмээн андгай тангараг өргөж хүн төрхөө олдог байна. Тэдний плакатнуудаас харвал Хойд Солонгосын дэргэд АНУ ердөө л цаасан бар юмсанж. Япон, Өмнөд Солонгосыг бол арчиж хаяна, хохь нь шүү гэсэн заналхийлэл захын солонгос генералын амны уншлага.

Анхных нь мэдэгдэл болов уу. 2004 оны намар тэр үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга К.Аннанд хаягласан нэгэн захидал Пхеньянаас очиж, дэлхийн хамтын нийгэмлэгийг баахан сандраажээ.

Умард, Өмнөдийг заагласан цэрэггүй бүсэд БНАСАУ-ыг төлөөлдөг хурандаа генерал Ри Чан Бок гэгчийн гарын үсэг бүхий тэр албан захидалд: Төсөөлснөөс чинь шал өөрөөр, хүний амь аймшигтайгаар үрэгдэх, урьд хожид үзэгдээгүй, хамгийн хэрцгий дайн хийх болно шүү.

Солонгосын хойгт АНУ цэргээ байлгаж байгаа тохиолдолд дайн зайлшгүй шүү хэмээн заналхийлээд, Америкийн цэргийг гаргаж, НҮБ-ын цэргийн командлалыг татан буулгахыг шаардаж байв.

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Дон Чун гэдэг хүн 1999 онд манай төлөөлөгчдөд ярьсан ярианы тэмдэглэлээс дараах үгсийг олж үзлээ. “Манай төрийн тогтолцоог нурааж, манай улсыг устгах бодлого нь эцсийн эцэст дайнд хүргэнэ. Үүнд бид хатуу цохилт өгөх болно.

Манай их жанжин Ким Чен Ир цэргийн ангиудаараа байнга явж, армиа бэхжүүлэхэд их анхаарч байна. Манай армийн сүр хүчнээс Өмнөд Солонгос, Япон, АНУ үхтэлээ айж байгаа. Бид цохилтын төвийг Японд чиглүүлэх бөгөөд түүнийг нэг мөр устгах чадал ч бидэнд байна” гэжээ. Хэдэн жилийн тэртээ бол иймэрхүү мэдэгдэл биднийг түгшээж айлгаж байсансан.
Одоо бол өдөр бүр шахуу Пхеньянаас цуурайтдаг дайнч уриа, заналхийллүүд тоогоо алдсан, уншиж нягтлах бололцоо алга, тэгэх ч шаардлагагүй.

Цайз бэхлэлт, окоп, нуувч энэ улс милитарчилалын сонгодог жишээ, бүр оргил нь гэмээр тоо баримт зөндөө. Цэргийн зардал нь 1.9 тэрбум ам.доллар, ДНБ-ийхээ 14 хувиас давна. 24.5 сая хүн амд нь ногдуулбал дэлхий дэх дайтаж байгаа улсуудынхаас давж гарна. Саяас дээш тооны цэрэгтэй улс дэлхийд тав бий, Хятад хамгийн их нь 2.2 сая, АНУ удаалж 1.4 сая, Энэтхэг 1.3 сая, Орос 1.2 сая, тавдугаарт Хойд Солонгос 1.1 сая цэрэгтэй.

Цэргийг нь энгийн иргэний тоотой харьцуулбал Энэтхэгт нэг цэрэгт 788 иргэн, Хятадад 1:577, АНУ-д 1:202, Орост 1:116. Харин Хойд Солонгост 1:22 гэсэн харьцаа гарч, дэлхийн хамгийн их цэрэгжсэн дайнч улс гэдэг ангилалд ордог байна. Энд зөвхөн хуаранд алба хааж буй хугацаат цэргийг нэрлэж буй.

Харин цэрэгжсэн хүчний 200 мянга, дайчилгааны нөөцөд буй 4.7 саяыг оруулж тооцоогүй. Солонгосын ардын армийн байлдагч, түрүүч нарын алба хаах хугацаа төрөл мэргэжлээсээ шалтгаалаад 5-10 жил. Халагдлаа ч нөөцөд байнгын сургуулилалттай, зэвсэг нь хэзээд бэлэн.

Залуу жанжин маршал Ким Чен Ун дайчилгаа зарлалаа гэхэд бид зургаан сая гаруй зэвсэглэсэн хүн жагсааж чадна гэж хойдуул байнга сайрхдаг болсон.

Тэнгисийн цэрэгт нь 84 шумбагч хөлөг, 250 катер, зургаан том байлдааны хөлөг гэхчлэн жагсааж болно.

Хойд Солонгосын байнгын арми нь явган цэргийн 63 дивиз, танкийн 30 дивиз, их бууны 16 дивиз, 64 тусгай бригадтай, нөөц дивиз нь 40, 18 тусгай бригад.

Зэвсэглэлд нь 3,500 танк, 2,500 хуягт, 10,400 их буу, тактикийн ба оперативтактикийн пуужин харвах 54 төхөөрөмж, 2,500 катюша, 11,000 зенит, агаарын хүчний зургаан дивиз, үүнд бөмбөгдөгч онгоцны хоёр, сөнөөгч онгоцны дөрвөн дивизэд нь 621 байлдааны нисэх онгоц, 24 нисдэг тэрэг бий.

Тэнгисийн цэрэгт нь 84 шумбагч хөлөг, 250 катер, зургаан том байлдааны хөлөг гэхчлэн жагсааж болно. Хөнгөн зэвсэг, миномет, гранат шидэгч, галаар шүршигч, сум, гар бөмбөг, хутга жад гэвэл хэмжээ хязгааргүй их тоо гарна. Хятадаар дамжуулан Оросоос шинэхэн нисэх онгоц, танк, зэвсэг авч эхэлсэн сурагтай.

Тооны цаана чанар, тэр дундаа XXI зууны орчин цагийн мэдээлэл технологийн эриний дайны царыг даах чадвар гээд яривал Хойд Солонгос дээр тэр олон плакаттай харьцуулахад үнэхээр эмгэнэлт дүр зураг буух вий. Солонгосын ардын армийн энэ олон дивизийн ихэнх нь дэлхийн II дайны үеийн, өөрөөр хэлбэл, Зөвлөлтийн улаан армиас аль эрт халагдсан, хасагдсан зэвсэг, байлдааны техникээр дайтахаар байгаа. 

“Нохойтой 4 танкчин” кинонд гардаг, манай Зайсангийн аманд хөшөө болчихоод буй “Т-34” танкийг бид олон мянгаар нь тэнд л үзэж болно. Миг-17, Миг-19 нисэх онгоцууд Орост музейд байдаг бол тэнд байлдааны нислэгт, Сөүл, Токиог бөмбөгдөхөд бэлэн буй. Гэхдээ ихэнх нь шатахуунгүй.

Флотын хөлөг онгоцууд ч мөн адил. Дайчилгааны нөөцөд буй 4.7 сая цэргийн бэлтгэл гэвэл бүр дор. Тээврийн хэрэгсэл, хүнд зэвсэг гэхээр юмгүй, Орос, Хятадын үйлдвэрийн буудлагын хөнгөн зэвсэг, гар гранат, хөнгөн их буу, гэхдээ мөн л 1940,1950-иад оных.

1994-1998 онд хойдуул дөрвөн жил өлсгөлөнтэй нүүр тулж асан бол яг одоо дахиад тулах гэж байна.

Харин авах юм нэг бий нь Солонгосын ардын армийн тагнуул-хорлон сүйтгэх тусгай хүч нь 100 мянгаас давж, энэ үзүүлэлтээр АНУ-ын тусгай хүчнээс гурав дахин их байгаа баримт.

Ер нь хорлон сүйтгэх-партизаны дайнд (нэг үгээр террорист халдлага) маш их бэлтгэсэн нь чухам Өмнөд Солонгос, Япон, АНУ-ыг айлгах давуу тал нь гэнэ.

Үүнээс цааших нь дан сул тал. Зэвсэглэл хоцрогдсон, тэр нь их өртөгтэй. Ард түмэн өлөн зэлмүүн. “Хувьсгалын зам урт бөгөөд хүнд бэрх”-өнөөгийн Хойд Солонгост хийдэг ухуулга нь. Тэр улсад насанд хүрэгсэд хоногт найман цаг хөдөлмөрлөнө, найман цаг суралцана, найман цаг унтаж амарна. Хоногийн 24 цагийн хуваарилалтыг тэгж хийжээ.

1994-1998 онд хойдуул дөрвөн жил өлсгөлөнтэй нүүр тулж асан бол яг одоо дахиад тулах гэж байна. Тэр жилүүдэд 22 сая хүн ардынх нь лав хагас сая нь турж үхсэн. Албан бус мэдээгээр хоёр сая турж үхсэн гэдэг. Одоо хэд гэдгийг бурхан л мэднэ. Элдэв пуужин хөөргөж, цөмийн бөмбөг тэсэлж байж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хатуу санкц тавиулснаас эдийн засаг нь нойл заалаа. Энэ санкц урьд хожид тэдэнд тулгаж байснуудаас хавьгүй хатуу, энэрэлгүй хориг.

Энэ оны эхээр Хойд Солонгос нь бусад орноос 440 мянган тонн хүнсний тусламж хүссэн, одоо очоод байгаа нь 17.6 мянган тонн. Хаанаа ч хүрэхгүй. Ким Чен Ун цөхрөхдөө хатуу зарлиг буулгалаа. Улс нь мэдэлдээ асар олон хүнсний агуулахтай ба солонгос иргэн бүр cap бүр нэг килограмм цагаан будаа тэр агуулахад тушааж байх болжээ. Иддэгээ хэмнэнэ үү, хөдөлмөрлөөд олно уу хамаагүй гэв.

Ийм өлөн зэлмүүн дайчид Өмнөд рүүгээ халдана гэж тооцоолох нь. Ер нь бол 1950 оных шигээ Хойд Солонгосоос Өмнөд рүү гэнэт довтолж болзошгүй гэсэн таамаглал ямагт бодитой байж ирсэн, болзошгүй энэ дайн болон террорист гэнэтийн халдлагын аюулд Өмнөд Солонгос ард иргэдээ бэлэн байлгах сэрэмжлүүлэг байнгынх байх ёстой.

Ийм довтолгоон эхлэх өдөр судрыг хэн ч мэдэхгүй. Цаг агаарын байдал, байлдааны бэлтгэл, олон улсын хүчин зүйлээс үл шалтгаалан Хойд Солонгосын хоёр сая гаруй цэрэг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байсаар ирсэн.

Ийм нөхцөлд Өмнөд Солонгос дахь Америкийн 30,000 цэрэг, Өмнөд Солонгосын хагас сая цэрэг хариу цохилт өгөх бэлтгэлээр ямар билээ. Умардаас дайн гэнэт эхлэх нь эргэлзээгүй гэдгийг тооцоолон Номхон далай дахь флот ба цэргийн хүчнээ бүгдийг дайчлах, Японоос ар талын хангалт тасралтгүй хийлгэх тухайд АНУ аль хэдийн хариу тооцоо хийжээ.

Цэрэг эрсийнх нь эр зориг, их жанжиндаа хязгааргүй үнэнч шүтлэг бишрэл, Матросов маягаар камиказейн үхлээр үхэх хүслэн, суртал нэвтрүүлгийн аман заналхийллийг нь эс тооцвоос хүсээд буй тэр дайндаа залуу жанжин Ким Чен Ун бэлэн үү?

Зураг