Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн зээлийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулна

Э.Оджаргал
2016 оны 4 сарын 18
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

2015 оны тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Энэтхэг Улсаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсон билээ. Уг зээлийн шугамыг ашиглах талаар ямар ажил хийгдэж байгааг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.  

-Өнгөрсөн оны тавдугаар сард Энэтхэг Улсаас Монгол Улсад 1 тэрбум ам.долларын зээл олгох тухай мэдэгдсэн. Зээлийн зориулалтыг тухайн үед юу гэж тохиролцсон юм бэ? 

-БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад 2015 оны тавдугаар сард Төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээр хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон юм.

БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын хөгжилд дэд бүтцийн салбар чухал ач холбогдолтойг харгалзан эдийн засгийн өсөлтийг хангахад зориулж, 1 тэрбум ам.долларын зээлийн шугам нээхээр шийдвэрлэснийг айлчлалын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди мэдэгдсэн.

-Урт хугацааны хөнгөлөлттэй зээл учир зээлийг олгох нөхцөл, зарцуулалтын талаар тодорхой шаардлага Энэтхэг Улсын зүгээс тавьсан уу?

-Манай улс 1990 оноос хойш БНЭУ-аас 27,51 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан нь нийт хөнгөлөлттэй зээлийн 1 хувийг эзэлж байна.

Ерөнхий сайд Н.Моди 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг манай дэд бүтцийн салбарт зориулж олгохоо мэдэгдсэн. Энэтхэгийн талаас анх Libor+1.5%, 8 жилийн хугацаанд эргэн төлөгдөх санал тавьж байсан.

Энэтхэгийн талаас анх Libor+1.5%, 8 жилийн хугацаанд эргэн төлөгдөх санал тавьж байсан. 

Энэ сарын эхээр манай ЗГХЭГ, Сангийн яам, Гадаад хэргийн яам, Зам тээврийн яам зэрэг байгууллагаас бүрдсэн Засгийн газрын төлөөлөгчид Дели хотноо ажиллаж, зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцсанаар зээлийн хүүг жилийн 1,75%, хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг 7 жил байхаар тохиролцоод ирлээ.

Одоо зээлийн ерөнхий хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байна. Энэхүү зээлийг бүхэлд нь дэд бүтцийн салбар, тодруулбал төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж байгаа юм.

-Тус зээлийг олгох тодорхой хугацааг тохирсон болов уу? 

-Дээр дурдсанчлан ойрын хугацаанд Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулж, дараагийн алхмуудыг хийх шаардлагатай.  

-2016 онд Монгол Улсад орж ирэх тодорхой зээл тусламж байгаа  юу?

-Энэтхэгийн хөнгөлттэй зээлээс гадна БНХАУ-ын “Эксим” банкны 1 тэрбум ам.долларын зээлийн асуудал яригдаж байна.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй зээл авах асуудал нээлттэй. Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу үүнийг зохицуулдаг. 

The Mongolian Mining Journal /2016.3 сар №087/

Зураг