Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Түр зуурын үзэгдэл буюу ДОЛЛАРЫН ХАНШИЙН СУЛРАЛ

Ч.Болортуяа
2016 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гуравдугаар сарын 31-нд гэхэд 2050.73 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өнөөдөр 2013.15 буюу 37.58 төгрөг буюу 40 орчим төгрөгөөр сулраад байна. 

2015 оны долоодугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл ханш нь тогтвортой байсан доллар он гарангуут 40 орчим төгрөгөөр чангарсан шалтгааныг Монголбанкны эдийн засагч Б.Батдаваа "Мөнгөний нийлүүлэлт хоёрдугаар сарын байдлаар жилийн 2.1 хувийн бууралттай байна. 

Харин эдийн засгийн гадаад орчин энэ хугацаанд төдийлөн таатай байсангүй. Манай улсын гадаад орнуудтай хийсэн бараа, үйлчилгээний худалдаа, урсгал шилжүүлгийн тэнцлийг илэрхийлдэг төлбөрийн тэнцлийн урсгал данс хэдийгээр оны эхний хоёр сарын байдлаар 86 сая ам.долларын ашигтай гарч өмнөх оны мөн үеэс сайжирсан боловч гадаадын шууд хөрөнгө оруулалт, багцын хөрөнгө оруулалт, зээлийн орох урсгал буурснаас шалтгаалж төлбөрийн нийт тэнцэл 125 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Энэ нь гадаад валютын нийлүүлэлт талаасаа оны эхэнд төгрөгийн ханш илүүтэйгээр суларсныг илтгэж байна.

Түүнчлэн улирлын онцлогоос шалтгаалан жил бүрийн нэгдүгээр улиралд гадаад валютын орох урсгал бага, эрэлт их байдаг нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрахад нөлөөлдөг байгаа" гэсэн юм. Өөрөөр хэлбэл оны эхний улиралд иргэд, бизнес эрхлэгчид тухайн жил татах импортын бүтээгдэхүүнийнхээ дийлэнхийг татах зэрэг нь валютын эрэлтийг нэмдэг билээ. 

Тэгвэл төгрөг эргээд чангарч эхлэх болсон нь Засгийн газрын 750 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт бүрдүүлж энэ нь Монгол Улсад орж ирснээр хүлээлт эерэг болж долларын ханш суларч эхэлсэн хэмээн эдийн засагчид тайлбарлаж байгаа юм. 

График 1, Монголбанкны зарласан ханшийн өөрчлөлт, 

Ам.долларын ханш цаашид ямар хандлагатай байх талаар илүү эерэг хүлээлт байгааг Б.Батдаваа онцолсон байна. Тодруулбал, "Оюу Толгой" төслийн хоёрдугаар шатны 300 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирэх хүлээлт байгаа юм. 

"Оюу Толгой" компанийн 2015 оны гүйцэтгэлийн тайланд ““Туркойз Хилл” компанийн зүгээс шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг батлах болон далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх мэдэгдлийг холбогдох компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны хоёрдугаар улиралд багтан гаргана гэсэн төлвөө хэвээр хадгалж байна” гэж дурдсан байдаг. 

Гэхдээ энэ нь богино хугацааны хүлээлт бөгөөд цаашид манай улсын голлох түүхий эд болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн экспортын хэмжээ, үнэ өмнөх оны мөн үеэс бууралттай, сэргэх хандлага төдийлөн ажиглагдахгүй байгаа нь экспортын орлого буурч, хөрөнгө оруулалт, ханшид сөргөөр нөлөөлөх эрсдлийг дагуулж болзошгүй талаар эдийн засагчид анхааруулсаар байна. 

График 2, Зэсийн үнэ, 

График 3, Нүүрсний үнэ, 

Түүхий эдийн үнэ буурч экспортын орлого буурч байгаа ч энэ нь импорт буухад хүргэж байна. Тодруулбал, валютын төлбөртэй худалдааны тэнцэл нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь үзүүлэлтүүдийн нэг юм. 

2010 оноос хойш тогтмол алдагдалтай байсан валютын төлбөртэй худалдааны тэнцэл 2014 оны сүүлийн хагасаас ашигтай гарч эхэлсэн. Уг үзүүлэлт 2016 оны эхний гурвсан сарын гүйцэтгэлээр 365.7 сая ам.долларын ашигтай гараад байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 22.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм.

Эдгээрээс үзвэл ам.долларын ханшийн сулрал нь богино хугацаанд л эерэг хүлээлттэй байгаа бөгөөд экспортоо “солонгоруулах”, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг нь бидний бэрхшээл  хэвээрээ л байна.