Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

С.В.Лавров: Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт харилцаа ӨВ ТЭГШ хөгжиж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Гадаад  Хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Оросын Холбооны Улсын Гадаад Хэргийн сайд С.В.Лавров манай улсад айлчлал хийж байна.

Айлчлалын эхэнд сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, “Хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр”-ийг эцэслэн, гарын үсэг зурлаа.

Ингээд хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой энэ жил тохиож байгаа. 

С.В.Лавров 10 жилийн өмнө Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан. Энэ удаагийн айлчлал Монгол, Орос хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргана гэж найдаж байна.

Хөрш ОХУ-тай уламжлалт, найрсаг харилцаа, ойр дотно хамтын ажиллагааг хөгжүүлэх нь МУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм.

Улс төрийн харилцаа маш өндөр түвшинд амжилттай явж байна. С.В.Лавровтой хоёр талын олон талын хамтын ажиллагааны талаар санал солилцон, Зүүн хойд ази, Зүүн азийн бүс нутгийн аюулгүй байдалд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Хоёр орны эдийн засгийн харилцаа улс төрийн харилцаанаас харьцангуй хоцрогдолтой явж байгаа.

Мөн эдийн засгийн харилцааны талаар санал солилцсон. Харамсалтай нь хоёр орны эдийн засгийн харилцаа улс төрийн харилцаанаас харьцангуй хоцрогдолтой явж байгаа. Тиймээс эдийн засгийн харилцааг өргөжүүлэх шинэ арга хэлбэрийн талаар ярилцсан. 

Та бүхэн мэдэж байгаа Монгол Улсаас Оросын Холбооны Улсад төлөх өрийг эцэслэн шийдвэрлэж, төлж дууссан. Тиймээс эдийн засгийн тэр дундаа зээлийн харилцаа үүсгэх шинэ нөхцөл байдал үүссэн. 

Бид эдийн засаг, соёл хүмүүнлэгийн чиглэлээр хамран ажиллах талаар санал солилцсон” гэлээ.

ОХУ-ын Гадаад Хэргийн сайд С.В.Лавров “Эрхэм хүндэт нөхдөө, Бид өнөөдөр хэлэлцээнийхээ эхний шатыг хийлээ. 

Монгол Улс бол манай сайн хөрш бөгөөд стратегийн чухал түнш юм. Цаашдаа  ч стратегийн харилцаагаа улам хөгжүүлэх болно. Түүхийн янз бүрийн цаг үеүүдэд манай хоёр орны ард түмэн бие биенээ дэмжин тусалсаар ирсэн. 

Монгол Улс манай сайн хөрш бөгөөд стратегийн чухал түнш.

Хоёр орны парламент, яам, тамгын газруудын хоорондын харилцаа өндөр дээд түвшинд байгаад сэтгэл ханамжтай байна.  Бид энэ онд тохиож байгаа хоёр орны дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг хамтран тэмдэглэх тухай Монгол Улсын саналыг сайшаасан. Энэ нь хоёр талын харилцааг улам давшингуй хөгжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэж байна.

2014 оны есдүгээр сард хоёр орны төрийн тэргүүн Улаанбаатарт уулзахдаа хоёр орны стратегийн хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх баримт бичгийг боловсруулах даалгавар өгсөн юм. Өнөөдөр бид энэхүү даалгаварыг биелүүллээ. Энэхүү баримт бичиг иж бүрэн шинж чанартай баримт бичиг бөгөөд боловсруулах ажилд хоёр орны олон яам, тамгын газрууд оролцсон.

Өнөөдөр хэлэлцээ хийх явцад манай хоёр орны олон улсын бүс нутгийн асуудалд хандах хандлага адил буюу ойролцоо байгааг нотоллоо.

Түүнчлэн хамтын ажиллагаагаа олон талт байгууллагууд тухайлбал НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Ази номхон далайн бүс нутгийн, Зүүн хойд азын олон талт байгууллагуудын шугамаар зохицуулан уялдуулах болон аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллахаар тогтлоо.

Ирэх долоодугаар сард АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Энэ уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахаар шийдсэн нь Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өндөр байгаагийн илэрхийлэл юм. Манай улсын зүгээс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлэх болно.

Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт харилцаа өв тэгш хөгжиж байна. Гурван талын уулзалтуудыг тогтмол хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд санаачилсан юм. Өнгөрсөн онд Уфа хотноо гурван талын хоёр дахь уулзалт болох үеэр дунд хугацааны хамтын ажиллагааны төлөвлөгөөг сайшаасан. Одоо гурван талын ажлын хэсэг эдийн засгийн коридор байгуулах баримт бичгийг дуусгаж байгаа. Энэ баримт бичгийг энэ оны зургаадугаар сард Ташкент хотноо болох Шанхайн  хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын хүрээнд гарын үсэг зурна байх гэж найдаж байна.

Өнөөдрийн хийсэн хэлэлцээ хоёр орны ард түмний эрх ашигт бүрнээ нийцнэ гэж үзэж байна.

Дээрх мэдээллийг хийсний дараа Гадаад хэргийн сайдууд Монгол, Оросын хэвлэлийнхний асуултад хариуллаа.

 С.В.Лавров: Эрдэнэт үйлдвэрээс Монгол Улсад оруулж байгаа орлого төсвийн 20 орчим хувийг бүрдүүлж байгаа байх 

- Хоёр орны хамтарсан хөрөнгө оруулалттай хэд хэдэн том төсөл Монгол Улсад хэрэгжсэн. Цаашид томоохон төсөл хэрэгжих ямар нөхцөл боломж байна гэж харж байгаа вэ? гэсэн МҮОНТ-ийн сэтгүүлчийн асуултад ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд С.В.Лавров хариуллаа.

- Манай хоёр орны материаллаг хамтын ажиллагааны илэрхийлэл болсон гурван том төсөл хэрэгжиж байна. Эдгээр үйлдвэрүүд маань хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр ажилладаг.

Эдгээр хамтарсан үйлдвэрүүдийг манай хоёр орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх үед байгуулсан. Тэгэхээр одоо зах зээлийн нөхцөл байдлаа  харгалзан үзэж шинэ төсөл хэрэгжүүлэх шаардлагатай. 

Эдгээрийн нэг болох Эрдэнэт үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр унаад байгаа. Энэ нөхцөл байдал үйлдвэрийн үзүүлэлтэд нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ миний санаж байгаагаар Эрдэнэт үйлдвэрээс Монгол Улсад оруулж байгаа орлого төсвийн 20 орчим хувийг бүрдүүлж байгаа байх. 

Цаашид энэ төрлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа. Энэхүү хамтын ажиллагааг үр ашигтай хөгжүүлэхийг тулд хоёр талаас алхам хийх хэрэгтэй. 

Харилцан ашигтай шинэ төслүүд эхлүүлэхээс гадна, одоо хэрэгжиж байгаа төслүүдийнхээ үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил хийгдсэн.

-Монгол Улсаас өрийн асуудлаа шийдвэрлэсний дараа рублийн зээл авах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Өнөөдөр энэ асуудлыг хөндсөн үү? гэсэн асуултыг Оросын хэвлэлийнхний төлөөлөл хоёр сайдаас асуулаа.

-Л.Пүрэвсүрэн: Эдийн засаг худалдааны асуудал дээр бид нэлээд анхаарал хандуулж байгаа.

2015 оны байдлаар хоёр улсын гадаад худалдааны нийт эргэлт нэг тэрбум орчим ам.доллартай тэнцэж байна. Манай экспорт маш бага буюу 67 сая ам.доллар орчим байгаа бөгөөд бусад нь ОХУ-аас орж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүн голлох байрыг эзэлж байгаа.

Хоёр орны эдийн засгийн боломж асар өргөн байгаа гэж үзсэн. Ийм нөхцөлд бид худалдааг үндэсний валютад шилжүүлэх боломжийг судалж байна. Худалдааны дисбалансыг сайжруулахад рублийн зээл тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. 

Зээл авах улс төрийн сонирхол бол байгаа. Тийм учраас Сангийн яам бусад холбогдох байгууллагууд энэ асуудлаар яриа хэлэлцээ үргэлжлүүлж хийх болно.

-С.В.Лавров: Энэ оны нэгдүгээр сард манай парламентаас Монголыг өрийг цайруулах тухай тогтоол гаргаж, хоёрдугаар сард Ерөнхийлөгч батламжилсан. 

Тэгэхээр зээлийн харилцаа хөгжүүлэхэд эрхзүйн ямар ч саад байхгүй болсон. Зээлийн хамтын ажиллагаа харилцан ашигтай нөхцөлөөр хөгжих ёстой гэж үзэж байна.