Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад айлчлах Сергей Лавров гэж хэн бэ?

Б.Даваахүү
2016 оны 4 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр манай улсад айлчилна. Айлчлалынхаа хүрээнд тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нартай албан уулзалт хийх юм.

Энэ удаагийн айлчлалын хамгийн гол үйл явдал нь 2014 онд хоёр орны удирдагчдын өмнө нь хэлэлцэн тохиролцсон гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд Орос Монголын харилцааны цаашдын төлөв байдлыг хэлэлцэн, стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг батлах хэмээн Оросын "Тасс” агентлаг уламжилсан байна.

Түүнчлэн тус улсын Гадаад хэргийн яам С.Лавровын энэ удаагийн айлчлалын үеэр батлах стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг “Улс төр, худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн болон олон улсын харилцааны салбарыг хамарсан баримт бичиг бөгөөд үүнийг хоёр орны Гадаад хэргийн сайдууд баталж, амжилттай хэрэгжүүлснээр хоёр орны харилцаа шинэ төвшинд хүрнэ” гэж тодорхойлсон.

Цаашдаа ч Оросын төрийн байгууллагууд манай улстай бүх талаар харилцаа холбоогоо өргөжүүлэх байр суурьтай байгаа гэдгийг тус агентлаг дамжуулжээ. Мөн Гадаад хэргийн сайд нар бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлууд, янз бүрийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Дэлхийн лидер улстөрчдийн тоонд зүй ёсoop бaгтax ОХУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад албан айлчлал хийснийхээ дараа Японд айлчлах юм байна. Тэгвэл манай улсад айлчилж буй Сергей Лакров гэж чухам хэн бэ.

Бага нас ба боловсрол

ОХУ-ын дипломатч одоогийн Гадаад хэргийн сайд Сергей Лавров 1950 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Москва хотноо мэндэлжээ. Түүний эцэг Армен хүн байсан гэдэг. Харин ээж нь орос эмэгтэй байсан бөгөөд ЗХУ-ын Гадаад худалдааны яаманд ажилладаг байсан аж. Хүүхэд ахуй насандаа Лавров нэлээд сурлага сайтай хүү байжээ.

Тэрбээр ахлах сургуулиа мөнгөн медальтай төгсч байсан гэнэ. Физикийн хичээлд бага байхаасаа сонирхолтой байсан тэрбээр Цөмийн судалгааны их сургууль эсвэл Москвагийн физик, технологийн их сургуулийн аль нэгд орно гэсэн том мөрөөдөлтэй байсан хэдий ч хувь заяа түүний төсөөлж байснаас өөрөөр эргэж Москвагийн олон улсын харилцааны сургуульд элсэн суралцаж, 1972 онд төгсчээ.

Москвагийн олон улсын харилцааны сургуульд Лавров Шри Ланка, Сингаль, Мальдив зэрэг хэлүүдийг сурсан байна. Харин хожим Англи, Франц хэлийг сурсан ч, тэрбээр франц хэлээр тийм ч сайн ярьж чаддаггүй. Тус сургуульд элссэнийхээ дараа Лавров Останкино цамхагийн барилгын ажилд бусад оюутнуудынхаа хамтаар cap дайчлагдаж байв.

Үүнээс гадна зуныхаа амралтаар Оросын алс дорнод, Тува, Хасагт ажиллаж байжээ. Харин их сургуулийн гуравдугаар курст байхдаа тэрбээр эхнэр Мариятайгаа гэрлэсэн байдаг.

Карьер

1972 онд Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн тэр үеэс Сергей Лавровын улс төрийн карьер эхэлсэн байна. Тухайн үед тус сургуулийг төгссөн хүмүүс хэсэг хугацаанд Гадаад хэргийн яаманд ажилладаг байж. Улмаар тэрбээр Шри Ланка улсын Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж, хэсэг хугацааны дараа гэхэд тус улсын хувьд аль хэдийнэ онцгой хүн болсон байжээ.

Тэр цаг үед Шри Ланка болон ЗХУ худалдаа, эдийн засгийн нягт харилцаатай байсан бөгөөд ЗХУ тус улсад байгалийн резиний үйлдвэр байгуулсан байна. Шри Ланка дахь ЗХУ-ын Элчин сайдын яам Мальдив улстай ч гэсэн харилцдаг байжээ.

Тухайн үед Элчин сайдын яаманд ердөө 24 дипломатч л ажиллаж байсны нэг нь Сергей Лавров. Сергей Лавров Шри Ланка улсын нөхцөл байдалд тасралтгүй дүн шинжилгээ хийх ажилтай ч, энэ завгүй ажлынхаа хажуугаар Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Рафик Нишоновын туслах, хувийн нарийн бичиг, орчуулагчаар нь ажилладаг байв.

Олон улсын эдийн засгийн харилцаанд гүйцэтгэсэн үүрэг Шри Ланка дахь ЗХУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байгаад Сергей 1976 онд Москвад эргэн иржээ.

Нутагтаа эргэн ирснийхээ дараа тэрбээр ЗХУ-ын Олон улсын эдийн засгийн харилцааны хэлтэст хоёр, гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллажээ. Тэнд шинжээчийн үүрэг гүйцэтгэж байсан Сергей НҮБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг байв.

Улмаар 1981 онд Нью-Йорк хотноо байрлах НҮБ-д суух ЗХУ-ын төлөөлөгчийн газарт ахлах зөвлөхөөр ажиллах болжээ. Харин 1988 онд Москвад эргэн ирж. Олон улсын эдийн засгийн харилцааны хэлтсийн орлогч даргаар томилогдсон байна. 1991 онд Лавров ОХУ-ын Гадаад хэргийн яамны олон улсын байгууллага, гадаад асуудал эрхлэх газрын даргаар томилогдсон байна. Мөн оныхоо дөрөвдүгээр сард Гадаад хэргийн сайдын орлогч болжээ.

Ингэхдээ хүний эрх болон олон улсын соёлын хамтын ажиллагаа гэсэн хоёр хэлтсийн үйл ажиллагааг хянах болж. 1994 он хүртэл эндээ ажиллаж байгаад НҮБ-д ОХУ-ын суурин төлөөлөгчөөр сонгогдон Нью-Йоркт амьдрах болсон байна.

Тухайн үед тэрбээр 1995 оны арванхоёрдугаар cap, 1997 оны зургадугаар cap, 1998 оны долдугаар cap, 1999 оны аравдугаар cap, 2000 оны арванхоёрдугаар cap, 2002 оны дөрөв, 2003 оны зургадугаар сард тус тус НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг ахалж байв.

Гадаад хэргийн сайд болов

Ийнхүү Орос орны гадаад харилцаа, эдийн засгийн салбарт хийсэн адилтай, хэлэх үгтэй энэ хүнийг, 2004 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Гадаад хэргийн сайдын албан тушаалд Ерөнхийлөгч В.Путин томилов.

2012 оны тавдугаар сарын 21-ний өдөр ч гэсэн Сергей Лавров Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар дахин томилогджээ.

Хувийн амьдрал

ОХУ-ын Гадаад хэргийн сайд их сургуулийн гуравдугаар курст байхдаа гэр бүл зохиосныг дээр дурдсан билээ. Тиймээс нөхрийнхөө Шри Ланка улсад ажиллах анхны ажлын гараанд нь түүний эхнэр Мария Лавров хамт явсан гэдэг. Лавровынх нэг охинтой. Экатерина гэх охин нь Нью-Йоркт төрж, өссөн бөгөөд Колумбын их сургуулийг төгсөж, тэндээ 2014 он хүртэл амьдарч байгаад эдүгээ Москва хотноо аж төрж буй аж.

Сергей Лавровын хувийн амьдралын талаар бичсэн хэвлэл бүрт түүнийг архаг тамхичин гэж тодорхойлжээ. Ямар сайндаа НҮБ-ын Төв байранд тамхи татахыг хориглосон Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаний шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж байсан гэдгээрээ хүн бүрт танил болсон гэнэ. Үүнээс гадна гитар тоглон дуу дуулж, шүлэг яруу найраг бичих туйлын дуртай нэгэн аж.

Мөн Сергей хөл бөмбөг тоглох дуртай бөгөөд Москвагийн “Спартак” багийг дэмждэг юм байна. Ийнхүү ОХУ-ын улс төр хийгээд эдийн засаг, олон улсын хамтын ажиллагааны салбарт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн эрхэм өнөөдөр манай улсад айлчлах нь.

Зураг