Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ажилгүйдэлд анхаарахыг Дэлхийн банк зөвлөв

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 13
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Монголын эдийн засаг ээдрээт он цагийг өнгөрүүлж буйг Дэлхийн банкнаас тоймлов. Түүхий эдийн үнэ унаж, Хятадын эдийн засаг эрчээ алдсан. Орлого болоод экспортынх нь эх үүсвэрүүд ийнхүү зэрэгцэн суларсан нь эдгээрээс хэт хамааралтай Монгол Улсад давхар цохилт болж буй.

Бас энэ онд хууль тогтоох дээд байгууллагын сонгууль тохионо. Сонгуулийн жилд төсвийн зарцуулалт тэлэх эрсдэлтэй. Тиймээс төсвийг хянамгай зарцуулж, хашир хандахыг зөвлөж байна. “Монгол Улсад төсвийн сахилга батыг сахиулах эрх зүйн орчин бүрэн бүрдсэн.

Харин энэ хуулиа чандлан мөрдөх нь чухал” гэж Дэлхийн банкны Монголыг хариуцсан ахлах эдийн засагч Таехуин Ли тодотгов.

Уул уурхай, үйлчилгээний салбар хумигдсанаар ажилгүйдлийн түвшин өсчээ. 

Уул уурхай, үйлчилгээний салбар хумигдсанаар ажилгүйдлийн түвшин өсчээ.

Тиймээс төсвийн чанга бодлогыг хэт хавтгайруулахгүй байхыг ч сануулав. Томоохон хотуудад ажилгүйдэл хүрээгээ тэлж, ядуурлын шугамд ойртох иргэдийн тоо 2014 оноос олширчээ. 

Тэр ч утгаараа эдийн засгийн мөчлөг дагасан ажилгүйдлийг анхаарлынхаа гадна үлдээхгүй байхыг Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ерөнхий эдийн засагч Судир Шетти зөвлөсөн.

Бас улс орнууд өөрсдийн давуу талаа ашиглан ажлын байр шинээр бий болгож байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбар нь ажилгүйдлийг хумих нэг арга гэж тэрбээр үзэж байна.

Вашингтонд төвтэй Дэлхийн банк бүтцийн өөрчлөлт, макро эдийн засгийн оновчтой бодлого, засаглалын чадамжаа сайжруулахыг зөвлөдөг. Энэ удаад ч эдгээр асуудлыг онцолсноос гадна ажилгүйдэл, ядуурлыг хөнджээ.

Тус банкны тооцоогоор манай улсын эдийн засаг энэ онд 0.7 хувиар тэлнэ. Энэ өсөлтийг уул уурхайн бус салбар голлон тэтгэх аж.

Бас “Оюутолгой” төслийн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт ч өсөлтийг дэмжинэ гэж тооцоолжээ. Тэгвэл 2016 онд хөдөө аж ахуйн салбар 9.5, үйлчилгээний салбар 2.5 хувиар тус тус тэлж, өсөлтийг тэргүүлэх төлөвтэй байна.

Тэрчлэн “Монголын эдийн засагт энэ оны хоёрдугаар хагасаас сэргэх шинж ажиглагдана. Харин хоромхон зуурын энэ сэргэлтийг зөв, зүйтэй ашиглах нь чухал” гэж Монголыг хариуцсан ахлах эдийн засагч Таехуин Ли өгүүллээ.

Манай эдийн засаг ойрын жилүүдэд ч сул хэвээр байх нь. Энэ нь нэг салбар, ганц зах зээлийн хэт хамаарлаас үүдэлтэй болохыг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон тайлбарласан. “Тиймээс энэ хэт хамаарлаа хумьж, эдийн засгаа төрөлжүүлэхээр зорих хэрэгтэй.

Мэдээж энэ нь нэг өдөр хийх ажил биш. Үүнд тууштай бодлого хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн юм. Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газрын эдийн засгаа төрөлжүүлэх, хөдөө аж ахуй, мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулалт татахаар зорьж буйг сайшаан дэмжиж байна.

188 орныг эгнээндээ нэгтгэсэн тус банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хагас жил тутмын эдийн засгийн төлөвөө ийнхүү танилцууллаа. Тайланд энэ бүс нутаг нь дэлхийн эдийн засгийн савлагаанд харьцангуй бага өртөж буйг дурджээ. Гэхдээ зах зээл бүхэлдээ тун эмзэг байгааг ч онцолсон байна.

Тэгвэл энэ ээдрээт үе нь хилийн чанадаас хөрөнгө оруулалт татахад төдийлөн тохиромжгүй цаг гэж Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ерөнхий эдийн засагч Судир Шетти үзэж байна.

Гэхдээ тэрбээр “Монголын Засгийн газар нөхцөл байдлаа бодитой үнэлж хөрөнгө оруулалт татсан гэж найдаж байна. Энэ нь гадаад зах зээл дэх хамаарлыг нь улам нэмнэ. Тиймээс хянамгай хандах хэрэгтэй” гэж зөвлөлөө.

Зураг