Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттерийг хэрхэн ҮР БҮТЭЭЛТЭЙ ашиглах вэ?

ikon.mn
2016 оны 4 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Жиргээнд лист үүсгэж үр бүтээлтэй ашиглах нь...

Иргэний сэтгүүл зүй гэж нэрлэгдээд байгаа твиттерт лист үүсгэн хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй, твиттерийг үр дүнтэй ашиглах нь чухал талаар УИХ-ын гишүүн асан Д.Энхбат ингэж жиргэжээ. 

 

Лист гэж юу вэ? 

Лист гэдэг нь мэдээллийг төрөлжүүлэн нэг ангилалд багтааж шаардлагатай мэдээллээ авч болох тохируулга юм. Та лист үүсгэж унших зүйлээ төрөл зүйлээр ялгаж ангилснаар бага хугацаанд мэргэжлийн хүмүүсээс оновчтой, найдвартай эх сурвалж бүхий мэдээлэл авах юм. 

Лист үүсгэж уншсанаар ямар давуу тал олж авах вэ?

  1. Орчин цагт твитерээр дамжуулж дэлхийн нэр хүндтэй хүмүүс өөрсдийнх нь талаар гарч буй дуулианд няцаалт өгч, цомогтоо орох дууны нэрийг зарлаж, компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах хувиараа өөрсдийн “verified”  аккаунтаараа дамжуулан жиргэж байна. Энэ нь таныг хуурамч мэдээлэл авч төөрөгдөхөөс сэргийлнэ. 
     
  2. Өөрийн сонирхдог ажил мэргэжил, спорт урлагийн мэдээллүүдийг цагийн зөрүү, хэлний бэрхшээлгүй мэдэж авах боломжтой. 
     
  3. Дэлхийн мэдээллийн агентлагууд жиргээндээ вэб сайтын мэдээний линкээ хавсарган жиргэдэг бөгөөд унших шаардлагагүй бол алгасах боломжийг олгодог. 

Чөлөөт цаг, технологи, урлаг, гоо зүйн мэдлэгээ зузаатгахад лист чухал ач холбогдолтой. 

Таны листүүдэд инновациар тэргүүлэгч компаниуд, урлаг, гэрэл зураг, явган аяллын клубууд, дэлхийн алдартай бүтээлүүдийн түүх, зураг жиргэдэг хэдхэн аккаунтууд байхад л хангалттай. 

Тухайлбал: @innovation ; @Tesla ; @ub_ensemble ; @mon_operaBallet ; @britishmuseum ; @NatGeo ; @hureelen гэх мэт. 
Гоо зүйн өндөр боловсролтой хүмүүсийг дагаж тэдний хобби, явсан газрын сонин хачнаас хуваалцах нь танин мэдэхүйгээс гадна өнөөгийн стресс ихтэй нийгэмд нэг талаар амралт болдог гэхэд буруудахгүй. 

Лист үүсгэх ТАВАН арга

  1. Био-г унших. Ихэнх хүмүүс био дээрээ мэргэжил, дэмждэг спортын баг, сонирхолоо хаштаг хэрэглэн тавьсан байдаг. Жишээ нь, #эмч ; #ХХЗХ ; #Chelseast ; #МонголМөрөөдөлКлуб ; #baabar.mn ; #TwinnersMN гэх мэт.
     
  2. Олны танил хүмүүс. Тэд олонд танигдсан байдаг учраас дуучид улс төрчид МАН АН ХҮН Засгийнхан Урлагийнхан гэх мэт салбараар нь ангилахад маш амархан
     
  3. Сайн уншигч байх. Дагасан хүмүүсээ таймлайнаас унших явцдаа тэднийг ямар мэдээ РТ хийж байгаа, ямар зүйлд шүүмжлэлтэй, талархалтай хандаж байгааг мэдэж авах. Ингэснээр тэднийг ямар нэг лист рүү зөвхөн ажил мэргэжил улс төрийн хандлагаар нь бус сонирхолоор нь ангилж болно. 
     
  4. Хаштаг ашиглах. Тухайн үед трэнд болж буй сэдвийн талаар жиргээчид хаштаг буюу # тэмдэг ашиглан жиргэдэг. Тухайлбал #mef2016 /Монголын эдийн засгийн форум/, #Тавантолгой ; #БаялагБүтээгч ; #AppleEvent гм хаштагуудаар та тухайн хүн ямар салбарын хүн, тухайн сэдвийн талаар ямар түвшиний мэдлэгтэй, сонирхогч эсхүл мэргэжлийн түвшний хүн мөн эсэх талаар мэдэж авч болно. 
     
  5. Асуудлыг мэргэжлийн талаас нарийн оновчтой хэлж дүгнэдэг хүмүүсийн листүүдийг орж сонирхох нь өөрийнхөө листийг нэмэх хялбар арга юм.

Лист хоёр янз

 

Листийг public, private хоёр төрлийн тохиргоотой хийж болдог бөгөөд нийтэд ил байлгах листүүдээ public байлгаад зөвхөн өөрөө “тагнуулын” зориулалттай унших бол түгжиж болдог. 

Миний листүүд    

Миний хувьд замбараагүй урсах мэдээллийн урсгалаас тухайн өдөр трэнд болж буй мэдээллийг авахын тулд лист үүсгэж уншдаг. 
Надад 80 гаруй лист байдаг бөгөөд эдгээрийг ажил мэргэжил, спорт, урлаг, хэвлэл мэдээллийнхэн, санхүү эдийн засгийнхан, гадаад мэдээнийхэн, Монгол Мөрөөдөл клубынхэн гэх мэтээр ангилсан байдаг. Лист үүсгэхийн нэг давуу тал нь тухайн жиргээчийг заавал дагах шаардлагагүй юм. 

Doctors 

 

 

Economist 

Эдийн засагч, санхүүгийнхнийг багтаасан энэхүү листийг ихэнхдээ ямар нэг том шуугиан гарах үед уншдаг. Учир нь энэ листнийхэн маш хичээнгүй, тооцоо судлагаа, инфографик, статистик агуулсан ойлгомжтой жиргээнүүд их хийдэг бөгөөд бичлэгийн хувьд товч тодорхой, дайрч давшилсан үг хэллэг багатай байдаг. 

 

 

Funny, Boys, Sweet girls, Эсэргүү, Active

Жиргээг дандаа ажил хэрэгч байдлаар ашиглана гэж байхгүй л дээ. Стресстэй, бухимдсан, эсвэл өөдрөг үедээ сэтгэл санаагаа засах, тайвшруулах, мэдлэг мэдээлэл авах үүднээс FUNNY, BOYS, SWEET GIRLS, ЭСЭРГҮҮ, ACTIVE гээд листүүдээ уншдаг.
Эдгээр листний жиргээчид ихэнхдээ юмыг хошин өнцгөөс олж хардаг ямарваа юманд  өөдрөг, хөгжилтэй талаас нь ханддаг, ШУ-технологи, хувцас загварын өргөн мэдлэгтэй, аяллынхаа зургуудыг бусадтай хуваалцдаг,  улс төржих нь бага жиргээчид юм. 

 

 

Aussen-media

Гадаад ертөнц бол бидний салшгүй хэсэг байх ёстой, эдийн засаг, нийгэм улс төр, соёл урлаг, технологийн дэвшил зэргээс хоцорч болохгүй зүйл юм. Дэлхийн мэдээний агентлагуудыг багтаасан Aussen-media /германаар гадаад мэдээ/ гэдэг лист бий. Цагийн зөрүүнээс болоод европ америкийн мэдээнүүд -8-11 цаг хоцорч мэдээлэгддэг бөгөөд үүнийг уншихын тулд лист үүсгэх нь давуу талтай. Улс төр, шашин, соёлын үзэл бодлын хуваагдалд хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэл авахгүйн тулд тэнцвэртэйгээр буюу орос, европ, америк, азийн мэдээний агентлагуудыг багтаахыг зорьдог. 

 

 

Жишээ дурдахад Хятадын Синхуа агентлаг / @XHNews / -ын жиргээнүүдийг харж байхад орчуулгын мэдээний хажуугаар өөрийн улс орны хөгжил дэвшил, ард иргэдийн орчин үеийн амьдралын хэв маяг, үндэстэн ястны онцлог бүхий хувцас хэрэглэл, бүтээн байгуулалтын талаар үргэлж жиргэж, дэлхийн нийтэд их гүрэн гэдэг статусаа твиттэрээр дамжуулж сайн харуулж байдаг. Харин хар бараан мэдээ ер тавьдаггүй нь тэдний онцлог гэлтэй.

 

Компаниуд

Сошиол медиаг зөв зохистой ашиглаж байгаа бас нэгэн бүлэг бол компаниуд юм. Тэд өөрсдийн бараа үйлчилгээ, бүтээгдэхүүнээ твиттерээр дамжуулан танилцуулж, хөнгөлөлт, урамшууллаа тухай бүр уралдаант хэлбэрээр жиргэхээс гадна ажлын зар түгээж, харилцагч түншүүдээ давхар рекламдаж гинжин холбоо үүсгэн хэрэглэгч татахыг үргэлж оролддог.  Сошиол медиа маркетинг хэрхэн хийх талаар тэднээс суралцаж болно. Нэн ялангуяа үүрэн телефоны операторууд маш мэдрэмжтэй. 

 

 

Хошин гэх үү хөгжилтэй гэх үү бусад жиргээчийн үүсгэсэн листүүдийн нэрийг харж байлаа. Муусайн нүүрсчид, Ялдам залуус, 20К, Уншина уу байна уу өөрөө мэд, Дагахгүй байхын аргагүй жиргээчид, Угаасаа уншдагууд, Чингисчүүд, Жиргээний тавилгууд, Өгөх нэр олдоггүй листнийхэн гээд хөөрхөн хөөрхөн листүүд байдаг л юм. 

 

Бэлтгэсэн жиргээч: Ж.Оюун @jjngm

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.