Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

REMAX 99 ТӨСӨЛ: ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ ХАРИУЛТУУД

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 4 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

РеМакс үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниас санаачлан нийт хэрэглэгчдэдээ зориулан “РЕМАКС 99” шинэ төслөө эхлүүлсэн билээ. Хэрэглэгчдийн зүгээс орон сууцны зээл, түүний бичиг баримтын бүрдүүлэлт, газар, эрх зүйн зохицуулалттай холбоотой маш их асуулт байдаг. Хэрэглэгч нартаа дээрхи мэдээллүүдийг системтэй, ойлгомжтойгоор, үнэн бодит мэдээллийг хүргэх зорилгоор энэхүү төслийг зохион байгуулж байгаа бөгөөд төслийн эхний шатанд РеМакс Монголиа компанийн 8 брокер оффис 80 гаруй агентууд орон сууц худалдан авах, түрээслэхтэй холбоотой 99 ТҮГЭЭМЭЛ АСУУЛТАНД мэргэжлийн байгууллагууд, банк, засгийн газрын агентлагууд, Монгол банк зэрэг энэхүү эрх зүйн харилцааг зохицуулж, удирдаж байдаг байгууллагуудаас авсан хариулттайгаар хүргэж байгаа юм.  Орон сууцны ипотекийн зээлтэй холбоотой 2 дахь ээлжийн 20 асуулт хариултыг хүргэж байгааг хүлээн авна уу. 

Өмнөх дугаарын ипотекийн зээлтэй холбоотой эхний 20 асуулт, хариултыг доорхи холбоосоор зочилж уншаарай. 

http://remax.mn/99.aspx

Хэрэв таны ажил амьдралд тань үл хөдлөх хөрөнгө худалдан авах, худалдах, түрээслэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа бол РеМаксын агентууд үргэлж таны дэргэд байж зөвхөн таны хэрэгцээнд нийцүүлэн таньд хэрэгтэй зөвлөлгөө мэдээлэлтэйгээр иж бүрэн үйлчилгээ үзүүлэхдээ баяртай байх болно. 
Ремаксын агентууд болон брокер оффисуудтай холбогдох хаяг.

http://remax.mn/OfficeAgentSearch.aspx#!mode=list&type=1&regionId=119&regionRowId=&provinceId=&cityId=&localzoneId=&name=&location=&spokenLanguageCode=&page=1&countryCode=MN&countryEnuName=Mongolia&countryName=%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB+%D1%83%D0%BB%D1%81&selmode=residential

ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ ХАРИУЛТУУД.

ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ

1. ӨМНӨ ГАРЧ БАЙСАН ЖИЛИЙН 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАЖ БАЙСАН, ОДОО ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ БАЙГАА ИРГЭД ИПОТЕКИЙН ШИНЭЧИЛСЭН ЗЭЭЛЭНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

 

Тийм. Шинээр баталсан Ипотекийн зээлийн журамд өмнөх Засгийн газраас хэрэгжүүлж байсан 6 хувийн хүүтэй 100000 айлын орон сууцны төсөлд хамрагдаж байсан иргэд зээлийн үлдэгдэлтэй байсан ч 5 болон 8 хувийн хүүтэй Ипотекийн зээлэнд дахин хамрагдах боломжтой болсон байгаа. 

2. ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛЭЭ ДОЛЛАРААР АВСАН ТОХИОЛДОЛД ХАНШИЙН ЭРСДЭЛЭЭС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ? ХАНШ ӨСӨӨД ХАНШИЙН ЗӨРҮҮНЭЭС АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗӨВ БЭ?

 

 

Орон сууцны ипотекийн зээлийг гадаад валютаар олгосон тохиолдолд банк, зээлдэгч аль аль нь ханшийн болзошгүй эрсдэл хүлээж байдаг. Банк орон сууцны ипотекийн зээлийг гадаад валютаар олгохдоо тухайн зээл хүсэгчийн орлого гадаад валютаар зонхилж байгаа эсэхийг голчлон хардаг. Гадаад валютын ханшийн өсөлтөөс үүдэх эрсдэлээс урьдчилан хамгаалахын тулд санхүүгийн үүсмэл хэрэгсэл болох форвард хэлцэлийг ашиглах боломжтой.

3. ЯАГААД ДААТГАЛ ТӨЛӨХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

 

Зээлдэгч эрсдэлд орсон тохиолдолд нэг талаас зээлдэгчийг болон түүний өв залгамжлагчийг хөрөнгөө алдахаас хамгаалах, нөгөө талаас барьцаалуулагчийг зээлээ буцаан төлөгдөхгүй байх эрсдэлээс хамгаалах зорилгоор даатгал хийгддэг. Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 22.2-т зааснаар зээлдэгч хөрөнгийн даатгал, зээлийн даатгал (амь насны даатгал)-д заавал даатгуулна гэж заасан байдаг.

Энэ нь зээлдэгчийг банкны болон МИК ОССК ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн тасалдал, эсвэл орон сууцны үнэ цэнийн бууралтаас үүсч болзошгүй аливаа эрсдэлээс хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм.

4. БАНКУУДААС ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ АВАХАД ЗААВАЛ ЦААНААС НЬ АВТОМОТААР ДААТГУУЛААД БАЙХ ЮМ. ҮҮНИЙГ БОЛИУЛЖ САЙН ДУРААР ДААТГУУЛДАГ БОЛОХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Зээлдэгч Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 22.2-т заасан даатгалд заавал даатгуулах шаардлагатай бөгөөд даатгагчийг өөрөө сонгох эрхтэй.

5. БАНКУУД ЗЭЭЛЭЭ ШАЛГУУРЫН ДАГУУ ОЛГОХ ЁСТОЙ ХҮМҮҮСТЭЭ ОЛГОЖ ЧАДАЖ БАЙГАА ТАЛ ДЭЭР ХЭН ХЯНАЛТ ТАВЬДАГ ВЭ?

 

Монголбанк нь банкуудын зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллага бөгөөд Монголбанкны Хяналт шалгалтын газар нь 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгоход баримтлах Засгийн газар болон Монголбанкнаас тогтоосон шалгуурыг ханган ажиллаж байгаа эсэхэд 2013 оны 9 дүгээр сард банкуудад шалгалт хийж, гарсан зөрчлийг тухай бүр арилгуулах арга хэмжээ авсан.

Харин олгосон зээлийн эрсдэлийг зээлдүүлэгч банк хүлээж байгаа тул зээл олгох эсэх шийдвэр нь тухайн банкны бүрэн эрхийн асуудал юм.

Тиймээс зээл олгох боломжгүй тухай шийдвэр гарсан тохиолдолд зээл хүсэгч зээлийн хэрэгцээ шаардлага, санхүүгийн чадвараа сайтар тодорхойлон дахин хандах боломжтой.


6. БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРТ ХЭН ХЯНАЛТ ТАВИХ ВЭ? ТООЦООЛУУРЫГ НЬ ШАЛГААД ҮЗЭХЭЭР ЗАРИМ БАНКНЫХ 8%-ААС ИЛҮҮ ХУВЬТАЙ ГАРААД БАЙНА. ЭНЭ ЯМАР УЧИРТАЙ ВЭ?

Банкууд зээл, зээлийн хүүгийн тооцооллыг Монголбанкнаас баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын дагуу хийх ёстой. Зээлийн хүү жилийн 8 хувиас илүү гарч байгаа тохиолдолд хариуцсан эдийн засагчаасаа тодруулах, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн (хүү төлсөн баримт, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, холбогдох бусад баримт) тухайн банкны дотоод аудитын газарт хандах, мөн Монголбанкинд гомдол гаргаж болно.

Хэрэв дээрх журмыг зөрчсөн нь баримтаар нотлогдвол тухайн банк хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй.

7. ОРОН НУТАГТ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОХОД АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ШААРДЛАГА ӨӨР, ӨНДӨР БАЙГАА ЮУ?

 

 

Хөдөө орон нутагт банкууд өөрсдийн салбар нэгжээр дамжуулан орон сууцны ипотекийн зээлийг олгож байна. Тухайн нэг банкны хувьд хот, хөдөөгийн зээлдэгчийн хувьд ижил нөхцөлөөр зээл олгоно. Орон сууцны ипотекийн зээлийн барьцаа хөрөнгө болж буй орон сууцанд тавигдаж байгаа зөвхөн нэг шаардлага нь дэд бүтцэд бүрэн холбогдсон байх бөгөөд Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д тус тус заасан барьцаа хөрөнгийн шаардлага, шалгуурыг хангахаас гадна тухайн банкны барьцаа хөрөнгийн талаар баримталж буй бодлого, үнэлгээг дагах ёстой.

8. БАНК ӨӨРӨӨ ҮНЭЛГЭЭ ӨГӨХ ЭРХТЭЙ ЮМ УУ? ИНГЭЖ БАЙГАА НЬ ИРГЭДИЙГ ИХЭЭХЭН ХҮНДРҮҮЛЖ БАЙНА.

 

 

Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 5.6-д “Банк дэд хөтөлбөрийн хүрээнд олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргах бөгөөд МИК-д зээлийн багцыг худалдах хүртэлх хугацаанд орон сууцны ипотекийн зээлийн эрсдэлийг бүрэн хариуцна” гэж заасан. Түүнчлэн барьцаа хөрөнгийн үнэлгээг эрх бүхий байгууллагаас зохицуулсан заалт байхгүй бөгөөд банкууд өөрсийн эрсдэлийн удирдлагад үндэслэн барьцаа хөрөнгийн үнэлгээг хийж байна.

9. ИПОТЕКИЙН 8%-ИЙН ЗЭЭЛ ИНФЛЯЦИАС ХАМААРАН (+- 1%) БАЙДАГ. ОДОО ИНФЛЯЦИ БУУРСАН ҮЕД, ХҮҮ ДАГААД БУУРАХГҮЙ БАЙНА. ҮҮНИЙ УЧИР ЮУ ВЭ?

 

Энэхүү заалт нь 2013 оны 6 сарын 14-ний өдөр баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д байдаг боловч Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар тус журмыг хүчингүй болгосон. 
Шинэчлэн батлагдсан журамд, энэхүү заалтыг оруулах шийдвэр Монголбанк болон Засгийн газраас хараахан гараагүй байна. 

10. ШИНЭЭР БАТЛАГДСАН ИПОТЕКИЙН ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН БАЙГАА ЮУ?

Ипотекийн зээлийн хүүг 8 –аас 5% болгон өөрчилсөнтэй холбогдуулан дараах өөрчлөлтүүд орсон байгаа. Үүнд,
Зээлийн хугацаа 20 байсныг 30 болгож сунгасан
Тухайн орон сууцны байршлаас хамааруулан зээлийн хүүг 5-8 % болгон тогтоосон.
Өмнө орон сууцны 6%-ийн зээлийн үлдэгдэлтэй байсан хүмүүс ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон.

11. ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА МӨНГӨӨ ХЭРХЭН ОЛСОН ТУХАЙ ЗЭЭЛ АВЧ БУЙ БАНКДАА ЗААВАЛ ТАЙЛАГНАХ ЁСТОЙ ЮУ?

 

Тийм. Урьдчилгаа төлбөрт төлөх мөнгө ямар эх үүсвэрээс бүрдсэн гэдгээ заавал тайлагнаж, түүнийгээ баримтаар нотлох ёстой.

12. БАНК ОРОН СУУЦНЫ ҮНЭЛГЭЭГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ?

Банкны барьцаа хөрөнгийн үнэлгээ хийдэг шинжээчид улирал бүр орон сууцны жишиг үнийг тогтоож байдаг. Орон сууцны үнэлгээг зах зээл дээр түргэн борлогдох, бодит ханшаар тооцдог.


13. ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА 30 ХУВИЙГ ТӨЛӨХИЙН ТУЛД ӨМНӨХ ОРОН СУУЦАА БАРЬЦААНД ТАВЬСАН. УРЬДЧИЛГАА МӨНГӨӨ ТӨЛЖ ДУУССАН Ч БАРЬЦААНД ТАВЬСАН БАЙРНЫ ОРДЕР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦАА ДУУСТАЛ БАНКИНД БАЙХ ЁСТОЙ ГЭСЭН БАЙНА? ЯАГААД?

Тийм биш. Урьдчилгаа төлбөрийн дүнд барьцаалсан орон сууц тэрхүү дүнтэй тэнцэх зээл төлөгдсөний дараа барьцаанаас чөлөөлөгдөх боломжтой буюу Урьдчилгаа 30 хувийн төлбөрт орон сууц барьцаалан зээл авсан бөгөөд урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд урьдчилгаа төлбөрт барьцаалсан орон сууцыг барьцаанаас чөлөөлөх боломжтой. Энэ тохиолдолд тухайн зээлийн хөрөнгийг үнэт цаас гаргагчид худалдсан тохиолдолд үнэт цаас гаргагч эсвэл түүний эрх олгосон этгээдээс зөвшөөрөл авах шаардлагатай. Уг үүргийг МИК ОССК ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд зээл бүрэн төлөгдөж дууссан тухай мэдэгдэл баримтыг банкуудаас хүлээн авч хяналт тавьж тулгалт хийсний дараа чөлөөлсөн тухай мэдэгдлийг иргэнд ЭХЭБГ-ын нэр дээр гаргаж байна.

14. ЯМАР ОРЛОГЫГ ТОГТВОРГҮЙ ОРЛОГО ГЭХ ВЭ?

 

 

Орон сууцны зээлийн төлбөр сар бүр тэнцүү төлөлттэй байдаг. Зээл хүсэгчийн орлого сар бүр биш, тодорхой дүнгээр биш тохиолдолд тогтворгүй орлого гэнэ. Жишээ нь: Өвлийн улиралд ажил нь зогсоод орлогогүй болдог гэх мэт. 

15. ЗЭЭЛИЙГ ХЭДИЙ ХУГАЦААНД ШИЙДДЭГ ВЭ?

 

 

Харилцагчаас зээлийн материалыг бүрэн хүлээн авснаас хойш банкуудын дотоод журмаас хамааран ажлын 3-10 хоногт шийдвэрлэдэг. 

16. ЗЭЭЛ СУДЛАХ ХУГАЦАА ГЭЖ ЮУ ВЭ?

 

Харилцагчаас материал хүлээн авсан эдийн засагч зээлийн хорооны хуралд боловсруулсан материалаа танилцуулаад шийдвэр гаргах хугацаа.

17. ГЭРТЭЭ ХАДГАЛСАН МӨНГӨӨРӨӨ ОРОН СУУЦНЫХАА 30 ХУВИЙН УРЬДЧИЛГААГ БҮРДҮҮЛСЭН БОЛ ҮҮНИЙГЭЭ БАНКИНД ЯАЖ БАТАЛГААЖУУЛАХ ВЭ?

 

Ерөнхийдөө ийм нөхцөлд, тухайн мөнгөний анхны эх үүсвэр юу байсан түүн дээр нэмэгдэж орж ирсэн мөнгө нь ямар эх үүсвэрээс орж ирсэнийг нотлох баримт бичгүүдээр баталгаажуулна. Ингэхээр тухайн хүн хэрэв гэртээ мөнгө хадгалж байгаа тохиолдолд маш сайн,  цэгцтэй бүртгэл хөтлөх нь зөв юм. 

18. “БИ ШИНЭ АЖИЛДАА ОРООД 3 САР БОЛЖ БАЙГАА БӨГӨӨД … БАНКНААС ЦАЛИНГАА АВДАГ ЮМ. ТЭГЭЭД БИ ЦАЛИН ОЛГОДОГ БАНКИН ДЭЭРЭЭ ОЧИЖ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭНД ХАМРАГДАХ БИЧИГ БАРИМТУУДАА БҮРДҮҮЛЭЭД ОЧИХОД ТА МАНАЙ БАНКНААС 6 САР ЦАЛИН АВААГҮЙ УЧРААС ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ ГЭСЭН ТАЙЛБАР ӨГСӨН” ҮҮНИЙ УЧИР ЮУ ВЭ?

Ипотекийн зээл дээр банк бүр өөр өөрийн дотоод журмын хүрээнд шийдвэрлэж байгаа юм.
Ерөнхийдөө зээл хүсэгч сүүлийн 12 сар тасралтгүй ажил хөдөлмөр эрхэлсэн байх ёстой бөгөөд энэ нь сүүлийн 12 сарын турш нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн байх шаардлагатай гэсэн үг. Зөвхөн НДШ төлөгдөж буй тэрхүү цалингийн дүнгээр таны орлогыг тодорхойлно гэсэн үг. Тэр хугацаанд аль нэг банкны картаар цалингаа авсан байх хэрэгтэй.  Хэрэв энэ хугацаа таны хувьд хараахан хүрэхгүй байгаа бол хамгийн багадаа 1 жил ажилласны дараагаар таны ипотекийн зээл авах эрх нээгдэнэ гэсэн үг. Тиймээс залуучуудын хувьд нэг албан байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллах, тасралтгүй ажил хөдөлмөр эрхлэх нь таныг ирээдүйд найдвартай зээлдэгч болгох хамгийн чухал шаардлага юм шүү.   Нэмэлт орлогын эх үүсвэртэй иргэд тэрийгээ заавал нотлох шаардлагатай. 

19. 5%-ИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ОРОН СУУЦНЫ ЯМАР ХОРООЛЛУУД БАЙГАА ВЭ?

 

 

Одоогоор ашиглалтанд орсон 

  • СБД-т Хангай хотхон
  • СХД-т 168 айлын орон сууц
  • БЗД-т Нарт хороолол, Шинэ Амгалан, Цагаанхуаран хотхон, Баганат хорооллуудын 2600 айлын орон сууц ашиглалтанд ороод байна. 

Харин энэ онд 6000 орчим айлын орон сууцны хорооллууд ашиглалтанд орохоор төлөвлөгдөөд байна. Үүнээс дараах төслүүдийн ажил явагдаж байна.

  • СБД 9, 10-р хорооны нутаг дэвсгэр дээр Хангай, Пример инвестмент, Цэлмэг Ази хотхонууд
  • БЗД-т Магма Од, Моннис ХХК-ний хорооллууд 
  • СХД-т Хера Констракшны Шинэ Толгойт орон сууцны хороолол, Стандарт Проперти Групп ХХК-ний хороолол
  • ЧД-т 13, 15-р хороонд Атар өргөө хороолол
  • БГД-ийн 10, 11-р хороонд Грийн ресурс
  • ХУД-ийн 8-р хороонд Ажнай цэц

20. 1 ХҮНИЙ НЭР ДЭЭР 2 УДАА 8 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Зээлдэгчийн орлого хүрч байгаа нөхцөлд авах боломжтой. Хориглосон заалт байхгүй. Хамгийн гол нь орлогын дүн нь тэрхүү хоёр болон түүнээс дээш байрныхаа сар бүрийн зээл, хүүг төлөөд явах банкнаас тавигдаж буй шаардлагыг хангах ёстой.  

21. ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВСНААС ХОЙШИХ ХУГАЦААНД ЗЭЭЛ БУЦААГДАХ ТОХИОЛДОЛ БАЙДАГ УУ?

 

 

Тийм тохиолдол үүсч болно. Гэхдээ эдийн засагч нь зээл авсан хүндээ маш сайн зөвлөлгөө өгдөг, мөн болзошгүй эрсдлийг хоёр талаасаа сайтар тооцоолдог тул одоогоор тийм тохиолдол гараагүй байна. 

Мөн ипотекийн зээлийг хоёрдогч зах дээр зарах үед ипотекийн зээлийг анх олгоход, эсвэл дахин санхүүжилт хийхэд, эсвэл зээлийн багц худалдан авахад дэд хөтөлбөрийн хүрээнд тавьсан шаардлага, шалгуурыг хангаагүй тохиолдолд МИК ОССК ХХК нь уг зээлийг дэд хөтөлбөр, түүний хүрээнд мөрдөгдөж буй журам, цаашилбал Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хууль зэрэг холбогдох хууль, журамд нийцүүлэхийг шаардаж, банкуудад эргэн мэдэгддэг. Учир нь МИК ОССК ХХК нь эдгээр зээлүүдийг дэд хөтөлбөрийн шалгуурыг хангасан тохиолдолд л худалдан авах боломжтой. Дэд хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө олгогдсон зээлийн хувьд дахин санхүүжилт хийгдэж 8 хувийн хүүтэй зээлд шилжиж байгаа.

Банк энэхүү зээлийг МИК ОССК ХХК-д худалдахаар гэрээ хийхийн өмнө үнэт цаасжуулах үйл ажиллагааны эрх зүйн шаардлагыг хангах зорилгоор зарим тохиолдолд нэмэлт гэрээ болон нэмэлт баримт авах шаардлага үүсч байна. Тухайн зээлдэгчийн зээлийг цааш хоёрдогч зах дээр арилжаалж, үнэт цаасжуулалт хийж, хөрөнгө оруулагчдад худалдаж байгаа нь нарийн төвөгтэй үйл ажиллагаа бөгөөд хууль эрх зүйн хүрээнд бүрдүүлэх баримт бичиг, хөрөнгийн эрхийн бүртгэл үнэн зөв, баталгаатай байх нь үнэт цаасжуулалтын үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг тул зээлдэгчид энэ тал дээр илүү анхаарал хандуулж, банкны зүгээс шаардсан баримт, материалыг үнэн зөвөөр бүрдүүлж өгөх хэрэгтэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.