Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тэг рүү тэмүүлж буй эдийн засгийн өсөлт

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 4 сарын 11
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн 25 жилийн доод түвшиндээ хүрээд байна. Өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд саарч, долоон хувиас доогуур өсөлттэй гарсан юм. 

Манай улсын худалдааны гол түнш болох Хятадын эдийн засгийн өсөлт саарахад аж үйлдвэр, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалтын өсөлт буурсан нь голлох нөлөө үзүүлсэн байдаг.

Хөршийн аж үйлдвэрлэл үргэлжлэн удаашрах, хөрөнгийн захын төлөв өөдрөг бус байгаа нь манай улсын эдийн засгийн идэвхжилд давхар нэрмээс болж байна.

Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж энэ онд Азийн хөгжиж буй ихэнх орны өсөлт сулрах хандлагатай байгаа юм. Азийн хөгжлийн банкны гаргасан “Азийн хөгжлийн төлөв” шинэ тайланд бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ онд өнгөрсөн оны түвшнээс 0.2 хувиар буурах төлөвтэйг дурдсан. 

Өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд саарч, долоон хувиас доогуур өсөлттэй гарсан юм. 

Энэ нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний үнийн түвшинг улам доош нь чангаах эрсдэл. Түүхий эдийн зах зээлийн идэвхжил үргэлжлэн саарсаар байгаа нь Монголын эдийн засагт улам бүр сөрөг нөлөө үзүүлж байгааг Дэлхийн банкны ээлжит тайланд тодотгосон байна.

Уул уурхайд түшиглэсэн орнуудын эдийн засгийн өсөлт, экспортод дээрх байдал нь дарамт учруулж буй. Монголын эдийн засгийн өсөлтийг 2015 онд Дэлхийн банк 0.8 хувиар зурагласан.

Харин энэ оны хувьд өсөлтийн талаарх таамаг үүнээс улам муудахаар байна. Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар энэ сарын 11 -нд бүсийн эдийн засгийн ээлжит тоймоо танилцуулах юм. 

Энэ үеэр Монголын эдийн засгийн энэ оны ерөнхий төлөв байдлыг зарлахаар байгаа. Урьдчилсан мэдээллээр энэ оны эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк 0.8 хувиас маш доогуур тооцоолжээ. Тэгэхээр тийм ч таатай мэдээг та бид эндээс олж сонсохгүй нь.

Азийн хөгжлийн банкны зүгээс энэ оны эдийн засгийн өсөлтийг 0.1 хувь болгож бууруулсан юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд урсгал тэнцлийн алдагдал буурч буй. Гэвч хөрөнгийн цэвэр орох урсгал татарсан хэвээр байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар байгаа нь хөрөнгийн дансны алдагдалд нөлөөлж байгаа аж.

Энэ оны хоёрдугаар хагаст “Оюутолгой” төслийн далд уурхайн хөрөнгө оруулалтад зарцуулах 300-500 сая ам.доллар орж ирэх тохиолдолд төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлэхээр байгааг Монголбанкны бэлтгэсэн “Инфляцийн төлөв байдлын тайлан"-д онцолжээ. 

Манай улсын эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жил дараалан буурч 2015 онд 2.3 хувьд хүрээд байна. Өсөлтийн дийлэнх буюу 2.9 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа юм. Үүний 2.4 хувийг “Оюутолгой” компанийн үйлдвэрлэл дангаараа бий болгосон.

Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны бэлтгэсэн тайлангаас үзэхэд түүхий эдийн үнэ цаашид ч буурах хандлагатай байна.

Тэр дундаа уул уурхайг чиглэсэн хөрөнгө оруулалт багасч, эдийн засгийн өсөлт саарч, бизнесийн орчин муудах зэрэг таагүй эрсдэл хадгалагдаж байгаа юм.

Монголын эдийн засгийн өсөлтийг 2015 онд Дэлхийн банк 0.8 хувиар зурагласан. 

Энэ нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хумигдах нөхцөл болж магадгүй нь. Үүнээс гадна төсвийн хөрөнгө оруулалт буурсаар байна.

Эдгээр хүчин зүйлсээс шалтгаалж Монголын эдийн засаг энэ онд агших эрсдэлтэй нүүр тулж байна. Олон улсын банк, санхүүгийн байгууллагын гаргасан судалгааны зарим тайланд дээрх эрсдэлийг дурдсан байгаа юм. 

Эдийн засагч Л.Бямбаа "Монголын эдийн засагт нөлөөлөх хүчин зүйлсээс харахад сөрөг нь олон байгаа ч гол үзүүлэлтүүдийн гүйцэтгэл 2015 онтой харьцуулахад бага зэрэг сайжирна гэсэн хүлээлттэй байна. Учир нь сөрөг нөлөөллийн дийлэнх нь 2015 онд эдийн засагт тусгагдсан.  Гэхдээ суурь эрсдэлүүд хэвээр байна” хэмээн дүгнэсэн.

“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх хамгийн өндөр магадлалтай аж. Энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 4-5 орчим хувьтай байна гэж Л.Бямбаа таамагласан.

УИХ-ын сонгууль, өрийн дарамт. барилга болон санхүүгийн салбарын нөхцөл байдал, гадаад орчин, томоохон төслүүдийн санхүүжилт, хөдөө аж ахуйгаас энэ оны эдийн засаг бүхэлдээ хамаарах нь.

Зураг