Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ байртай болох мөрөөдөл буюу 5 хувийн хүүтэй зээлийн эргэн тойронд...

Б.Даваахүү
2016 оны 3 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулах боломжтой тухай УИХ-ын дарга З.Энхболд олон нийтэд мэдэгдсэнээр нийгэмд хүлээлт үүсгэсэн.

Улмаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсан.

Харин энэ сарын 15-наас банкууд өмнө нь ипотекийн зээлээр байр авсан иргэдийн зээлийн хүүг бууруулах, шинээр зээл хүсэгчдэд таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлсэн гэх мэдээлэл бий.

Гэхдээ зарим арилжааны банкууд бодит байдал дээр зээл олгож эхлээгүй талаар иргэд хэлж байгаа юм. Тиймээс энэ удаа манай сонины сурвалжлах хэсэг арилжааны банкууд зээл өгч байгаа эсэх, мөн өнгөрсөн хугацаанд хэчнээн иргэний зээлийн хүүг бууруулсан талаар “Дугаарын сурвалжлага”-аараа хөндлөө. 

800 мянган өрхтэй Монгол Улсын 77 мянган өрх нь ипотекийн зээлд хамрагджээ

Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулсан асуудалтай холбогдуулан манай сурвалжлах хэсэг хамгийн түрүүнд Монголбанкны байр суурийг сонирхсон юм. Бидний сонирхсон асуултад Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч, эдийн засагч Г.Баярмаа доорх хариултыг өгсөн.

Манай улсын хүн ам 800 мянган айл өрхтэй. 

Тэрбээр “Ипотекийн зээл нь нийгэм, эдийн засаг, байгаль экологи талаасаа маш олон ач холбогдолтой. Энэ бол зүгээр ч нэг зээлийн бүтээгдэхүүн биш бөгөөд дундаж давхаргын хуримтлалыг өсгөх нь тогтвортой хөгжлийн загвар гэж бид үздэг. Ипотекийн хэмжээ өсч байвал дундаж давхаргын хуримтлал нэмэгдэж байна гэсэн үг.

Манай улсын хүн ам 800 мянган айл өрхтэй. Үүнээс 77 мянган өрх ипотекийн зээлд хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дундаж давхаргын нийт хуримтлуулсан мөнгө нь 3.4 их наяд төгрөгт хүрчихээд байна.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн эрх зүйн орчныг бүрдүүлснээр ипотекийн зээлийг энэ сангаас тасралтгүй санхүүжүүлнэ.

Тэгэхээр ипотекийн зээлийн эх үүсвэр нь ирээдүйн хуримтлал гэж ойлгож болно. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг иргэдийн банканд хадгалуулсан хадгаламжтай хольж тайлбарлаад байсан. Тэс өөр эх үүсвэр гэдгийг онцолж хэлмээр байна. Гадны улсуудын жишгийг харахад АНУ-д ипотекийн зээлийн хүү гурван хувьтай байхад, хэрэглээний зээл нь 17 хувьтай байдаг.

Ер нь эдийн засаг, нийгмийн зорилго нь ч эрс ялгаатай зүйл. Монголбанк ипотекийн зээлийн хүүг инфляцийн төвшинтэй холбон тайлбарлаад байна. Энэ нь буруу шүү дээ гэж зарим хүмүүс хэлдэг. Үүнд нэг л тайлбар бий. Ипотекийн тогтолцоогүйгээр инфляци хэзээ ч нам дор байхгүй. Инфляци нам дор байвал дунд болон урт хугацаанд зээлийн хүү буурч, эдийн засаг тэлнэ. Энэ бол хатуу хамаарал юм. 

Өмнө нь 14 хувийн инфляцитай байх үед бид найман хувийн хүүтэй ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Харин, инфляци өнөөдөр хоёр хувь болж буурсан нь зээлийн хүүг бууруулах боломжийг олгож байна. 14 хувийн инфляциа барьж чадалгүй алдсан бол өнөөдөр бид таван хувийн хүү яриад суух боломжгүй байх байсан болов уу” хэмээсэн юм.  

Г.Баярмаа: Энэ сарын 15-наас таван хувийн хүүтэй ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн 

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн мэдээллээр  энэ оны нэгдүгээр сард шинэ болон хуучин орон сууцны борлуулалт 30 хувиар буурсан үзүүлэлттэй байсан юм.

Тухайн борлуулалт буурсан шалтгааныг салбар яамны зүгээс ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудал хэлэлцэгдэх болсноор нийгэмд  тодорхой хэмжээнд хүлээлт үүссэнтэй холбоотой байх магадлалтай гэсэн байр суурийг илэрхийлж байсан.  Үнэхээр ч энэ сарын 15-наас банкууд ипотекийн зээл олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хэдхэн хоногийн хугацаанд 2,000 гаруй иргэн зээл авах хүсэлтээ өгчээ.

Энэ талаар Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч, эдийн засагч Г.Баярмаа хэлэхдээ “Энэ сарын 15-ны өдрөөс хойш жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн.

Банкууд нийт 2,088 иргэний 134.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 488 иргэний 23.1 тэрбум төгрөгийн зээлийг таван хувийн хүүтэй, 1,293 иргэний 83.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.  

Зээлийн хүсэлт авч эхлээд 10 хоног өнгөрч байхад 2,000 гаруй иргэн хүсэлтээ өгсөн байгааг харахад ипотекийн зээлийн эрэлт цаашлаад нэмэгдэх болов уу.

Монголбанк ипотекийн санхүүжилтийн тасралтгүй үргэлжлэх тогтолцоог бүрдүүлж чадсан. Цаашлаад, Монгол хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг өсгөх, экспортыг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн салбарт зээлийн бодлогоо чиглүүлэх болно” гэсэн юм. 

Монголбанкнаас өгсөн энэхүү мэдээллийн дагуу арилжааны банкууд бүгд таван хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн гэсэн ойлголттойгоор манай сурвалжлах хэсэг банкуудаар орж, зээлийн хүсэлт авч эхэлсэн болон зээл гаргаж байгаа эсэхийг тодрууллаа. 


Хас банк хамгийн олон иргэний зээлийн хүүг таван хувь руу шилжүүлжээ 

Бидний хамгийн түрүүнд очсон банк бол Хас банк. Төв байрныхаа дээд хэсэгт “Бид эх орондоо хайртай” гэх үгийг томоор бичсэн тус банкны хаалгаар ормогц үүдэнд нь торгон алчуурыг хүзүүндээ цэгцтэй гэгч нь зүүсэн бүсгүй угтан авсан. Зорьсон хэргээ хэлж, мэдээлэл авах хүсэлтэйгээ хэлбэл, тэр даруй албаны хүнтэй холбогдон хүсэлтийг минь  дамжуулж байсан юм.

Тухайн үед арилжааны банк бүрийн үүдэнд суух хүлээн авах ажилтан ийм араншинтай бол сайнсан гэх бодол төрснийг нуугаад яах вэ.  Ингээд манай сурвалжлах хэсэг “International Commercial Center”-ийн есөн давхарт очиж, Хас банкны Бизнес хөгжлийн газрын захирал С.Мөнхболдтой уулзлаа. 

Түүнээс ипотекийн зээлийн журам батлагдсанаас хойш хэчнээн иргэнд энэ төрлийн зээлийг олгосон талаар лавлахад, “2016 оны гуравдугаар сарын 11-нд Монголбанкны Ерөнхийлөгчийн А-67 тоот тушаал батлагдсантай холбоотойгоор иргэд таван хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжтой болсон.

Энэ сарын 24-ний өдрийн байдлаар Монголбанкны мэдээллээр банкууд нийт 488 зээлдэгчийн 23.1  тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувьд шилжүүлсэн бөгөөд мөн өдрийн байдлаар Хас банк нийт 395 зээлийн 16.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг таван хувийн хүүтэй ипотекийн зээлд амжилттай шилжүүлээд байна. 

Таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн журам хэрэгжиж эхэлснээс хойш нийт 38 харилцагчийн 2.3 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг найман хувиар, 24 харилцагчийн 1.1 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг таван хувийн хүүтэйгээр шинээр олгосон байна.

Хас банк нь найм болон таван хувийн хүүтэй орон сууцны зээлийн хүсэлтийг орон нутгийн нийт салбараар болон Улаанбаатар хотын 10 салбартаа хүлээн авч, холбогдох журмын дагуу шийдэж байна” гэсэн юм.  Түүний хэлсэн мэдээллээс үзвэл бусад арилжааны банкууд дундаа Хас банк хамгийн олон иргэний зээлийн хүүг таван хувь руу амжилттай шилжүүлж чаджээ гэж дүгнэхэд хүргэв. 

Хаан банк ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг олгож эхэлжээ 

Монголын хамгийн олон харилцагчтай топ банкуудын нэг бол “Хэрэглэгч та хаан” уриатай Хаан банк. Тиймээс бид тус банк өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд хэчнээн иргэний зээлийн хүүг таван хувь болгон бууруулсан талаархи мэдээллийг авахаар төв байранд нь очив. Улмаар банкны Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Цийзэнхоролтой уулзлаа.

Тэрбээр “Манайх ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн. Мөн өмнө нь найман хувийн зээлд хамрагдсан иргэдийнхээ зээлийн хүүг таван хувь руу шилжүүлэхдээ таван хувийн зээлийн шаардлагад нийцсэн тохиолдолд бууруулж байна. Иргэд хэр их хамрагдаж байгааг одоогоор хэлэх боломжгүй байна” хэмээсэн. Харин зээлийн нөхцөл, тавигдах шаардлагатай танилцахыг хүсвэл  тус банкны албан ёсны вэб сайтад зочилж, мэдээлэл авах боломжтой гэсэн хариултыг өгөв. 

Төрийн банк зээлийг хэвийн олгож байна 

Төрийн банк нь ипотекийн зээлийн журам хэрэгжиж эхэлсэн гуравдугаар сарын 15-ны өдрөөс таван  хувийн зээлийг олгож эхэлсэн гэв.  Одоогоор өмнө нь найман  хувийн зээлд хамрагдаж, эдүгээ таван хувийн зээлд шилжих шаардлагыг хангасан иргэдийн зээлийн хүүг таван хувьд шилжүүлэх ажлыг  хийж байгаа юм байна. 

Тус банкны зээл олгоход тавигдах шалгуурыг “statebank.mn” гэсэн сайтаас харах боломжтой аж. Дараагийн орсон Капитал банкны салбар, “Найман шарга” бизнес төвийн зээлийн мэргэжилтэн А.Мөнхбат “Манай банк ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг 21 аймгийн төвд байдаг салбараараа дамжуулан олгож эхэлсэн. 

Мөн найман хувийн зээлээс таван хувь руу шилжих хүсэлтэй орон нутгийн иргэдийн хүсэлтийг Зээлийн хорооны хурлаар оруулаад, шилжих боломжтой гэж үзвэл шилжүүлж байгаа. Харин нийслэлийн иргэдийн хувьд манай банк одоохондоо зөвхөн хүсэлт хүлээн авч байна. Зээлийн хорооны хурлаар шийдвэр гарч байж зээл олгогдож эхэлнэ. Мөн нийслэлд байршлаасаа хамаарч найман хувиас таван хувийн зээл рүү шилжих боломжтой болно шүү дээ” хэмээсэн юм. 

Зээл олгож эхлээгүй банк олон байв

Бидний дараагийн зорьсон газар Улаанбаатар хотын банк байлаа. Тус банкны мэдээллийн ажилтан орон сууцны таван хувийн зээлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг UBC.mn сайтаас авах боломжтой гэсэн юм. Гэхдээ тус банк одоогоор зээл олгож эхлээгүй байгаа гэнэ. Зөвхөн зээл авахыг хүссэн иргэдийн хүсэлтийг л хүлээн авч байгаа гэлээ. 

Мөн бүрдүүлэх материалын жагсаалтыг бидэнд өгсөн юм. Түүнчлэн “Голомт” банк ч гэсэн энэ сарын 15-наас эхлэн ипотекийн зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэлсэн байна. Голомт банкны Бизнес хөгжлийн газрын Орон сууцны санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Золбоогийн хэлж буйгаар орон сууцны ипотекийн найм болон таван хувийн хүүтэй зээлийн хүсэлтүүдийг энэ сарын 15-наас хүлээн авч эхэлжээ.

Тус банк найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэдийн зээлийн хүүг таван хувь руу шилжүүлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх юм байна. Энэ талаар “Эхний ээлжинд шинээр хүсэлт өгч байгаа иргэдийн хүсэлтийг хүлээж авна. Хоёрдугаарт, найман хувиар олгогдсон зээлийг журамд заасан дөрвөн бүсэд авсан бол зээлийн хүүг бууруулна. 

Гуравдугаарт, найман хувийн хүүтэй зээлийг Монголын ипотекийн корпораци худалдан авч, үнэт цаасжуулж байгаа. Энэ хүрээнд МИК-т худалдагдсан зээлүүдийн хүүг бууруулна гэдгийг мэдээлсэн” хэмээн Б.Золбоо захирал учирлаж байлаа.  Ямартай ч, одоогоор зарим арилжааны банк ипотекийн таван хувийн хүүтэй зээл олгож эхлээгүй бөгөөд зөвхөн иргэдийн хүсэлтийг хүлээн авч байгаа ажээ.            

“Хүнд сурталт” банкны салбарынхан 

Манай сурвалжлах хэсэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх банкнаас тодорхой мэдээллийг авч иргэддээ хүргэхийг хүссэн ч, банкны салбарт нүүрлэсэн хүнд суртлын улмаас зарим банкнаас ипотекийн зээлтэй холбоотой мэдээллийг авч чадсангүй. Угтаа бол хэвлэл мэдээллийн үүрэг үнэн бодит мэдээллийг ард иргэдэд цаг алдалгүй хүргэх явдал. Тиймээс ч иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг банкууд бодит байдал дээр олгож байгаа эсэхийг сонирхсон хэрэг. Гэтэл үүдний хүлээн авах ажилтнаас эхлээд “Албан бичиг хүлээн авна. Цаг авч уулз. 

Ямар асуулт асуухаа урьдчилан мэдээл” гэх зэргээр бидний ажилд хүндрэл учруулж байсныг энд дурьдах хэрэгтэй болов уу.  Тэр дундаа өөрийн данснаасаа мөнгө авахад 200 төгрөг, өөр банк руу мөнгө шилжүүлэхэд 2,000 төгрөгийн төлбөр нэхдэг Монгол Улсын нийслэлд орших хамгийн өндөр шилэн барилгатай Худалдаа хөгжлийн банкны хүлээн авах ажилтан бидний ажилд нэлээд хүндрэл учруулсан.  Зорьсон хэргээ хэлсэн даруйд “Цаг авсан уу” гэж ихэд дээрэнгүй асуух 20 гаруй насны бүсгүй хэд хэдэн утас руу залгаж, бидний учир байдлын талаар дамжуулж байв. Харин цаана суугаа дарга нар нь “Албан бичиг явуул. 

Түүнийг чинь авч байж ярилцлага өгөх эсэхээ шийднэ гэж хэл” гэх зэргээр хариулт өгч буй нь илэрхий. Хэвлэл мэдээллийн салбарынхныг очиход иймэрхүү янзаар харилцдаг банкныхан жирийн иргэдийг очвол бүр халгаахгүй шинжтэй. Худалдаа хөгжлийн банкнаас гадна Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Ариг банк зэрэг банкнуудын холбогдох мэргэжилтнүүд ч “Дээрээс зөвшөөрөл аваагүй тохиолдолд мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өгч байсан нь тэдний хүнд суртлын илэрхийлэл гэлтэй. 


Иргэдэд ямар ч мэдээлэл алга

Арилжааны банкуудын байр суурь нэг иймэрхүү байна. Ипотекийн зээлийн найман хувийн хүүг таван хувь болгон бууруулсан явдал эцсийн дүндээ ард иргэдэд үр шимээ хүртээх учиртай. Тиймээс ч бид зарим иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм. Хамгийн түрүүнд уулзсан хүн бол Сүхбаатар дүүргийн иргэн Н.Амгалан байв. Тэрбээр “Мэдээж, ипотекийн зээлийн хүүг бууруулахыг дэмжилгүй яах вэ.

Маш зөв шийдвэр гэж бодож байна. Найман юм авахаас тавыг нь л авна гэсэн үг биз дээ. Иргэдийн халааснаас гарах мөнгө багасах тусмаа л сайн шүү дээ. Гэхдээ үнэнийг хэлэхэд ах нь сайн мэдээлэлгүй байна.  

Нийслэлийн аль аль байршилд баригдсан орон сууц таван хувийн зээлд хамрагдаад, ямар нь хамрагдахгүй байгааг сайн ойлгохгүй л байгаа. Ер нь сонин, телевизээр энэ талын дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд сайн хүргэх хэрэгтэй байх юм. Хүү маань энэ жил “Буянт-Ухаа 2” хороололд байр авсан. Гэтэл байрных нь зээлийн хүү таван хувь болж буурахгүй гэсэн.

Уг нь нийслэлийн төв хэсгээс алслагдсан газар шүү дээ. Хямд байр гэдгээрээ хамрагдахгүй юм болов уу. Ер нь энэ талаар мэдээлэлгүй байна даа” гэсэн юм.  Харин Багахангай дүүргийн оршин суугч Ц.Батсүх “Өмнө нь найман хувийн зээл авсан байсан хүмүүс таван хувь руу ямар журмаар яаж шилжиж байгаа юм бэ. Ард иргэд ер нь мэдээлэл багатай байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яг ийм журмаар найман хувийн зээлд хамрагдсан хүмүүс нь ингэж шилжинэ, хамрагдаагүй нь таван хувийн зээлд шинээр ийм маягаар хамрагдана гээд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байна шүү дээ. Тодорхой мэдээлэл өгөхгүй болохоор зарим алслагдсан дүүргүүдийн иргэд үнэхээр мэдээлэлгүй байгаа.

Уг нь хүүг бууруулж байгаа нь зөв. Би өөрөө төрийн албан хаагч хүн. Ипотекийн зээл хөөцөлдөж байр авах санаатай явна. Гэхдээ насны хязгаар заачихсан байдаг гэсэн. Бидний үеийн 40 гаруй насны хүмүүс ипотекийн зээлд бараг л хамрагдаж чадахгүй юм шиг байна билээ” хэмээн зовлонгоо хуучилсан юм. Бид цааш хэд хэдэн иргэнтэй уулзаж, байр суурийг нь сонсохыг хүссэн ч, “Мэдээлэлгүй байна. 

Мэдэхгүй зүйлээ яаж хэвлэлд ярих билээ” хэмээн учирлаж байлаа. Мэдээлэлгүй байгаа нь иргэдийн буруу биш. Гагцхүү хүнд сурталтай банкны салбарынхан үүдэнд нь сонирхоод очсон хүмүүст тайлбарлаад өгчихдөг, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн тавьсан асуултад цааргалалгүй хариулт өгчихдөг бол ийм байдал үүсэхгүйсэн. Ядаж үүдэндээ ипотекийн зээлийн ерөнхий журам, тавигдах шаардлага, нийслэлийн аль бүсэд баригдсан барилга ипотекийн таван хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой зэргийг тодорхой бичээд наачихвал чирэгдэл үүсэхгүй л байх байсан болов уу. 

Эцэст нь тэмдэглэхэд, зарим арилжааны банкууд иргэдийн зөвхөн хүсэлтийг хүлээн авч байхад, зарим нь зээлээ хэдийнэ олгоод эхэлжээ. Харин мэдээлэл өгөхийг хүсээгүй банкуудын зээл олгож буй эсэх нь энэ удаа “бүрхэг”  гэсэн хариулттай үлдсэнийг дамжуулъя. 

Таван хувийн хүүтэй зээлд хамруулах орон сууц энд байрлаж байгаа шүү

Банкууд нэгэнтээ мэдээлэл өгөхдөө тааруу байгаа болохоор өмнө нь бэлтгэж байсан мэдээллээсээ дахин уншигчиддаа хүргэж байна.

Засгийн газрын ээлжит бус чуулганаар батлагдсан энэ таван хувьд ипотекийн зээлд орон сууц авах гэж буй бүх хамрагдахгүй гэдгийг юуны өмнө дуулгая.

Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг гэдэг нь Багануур, Багахангай,  Налайх дүүрэг орж байна. 

Засгийн газраас баталсан Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журамд Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжид бууруулахаар тусгажээ. 

Тухайлбал, нийслэлээс хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж, ашиглалтад орсон 2,000 гаруй өрхийн орон сууцад байр зээлээр авбал хүү нь таван хувь байх юм.

Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 2,000 гаруй өрхийн орон сууцад газраа чөлөөлж, барилга бариулсан 500 орчим өрх одоогоор ороод байгаа бөгөөд үлдсэн 1,500 гаруй айлын байрыг барилгын компаниуд борлуулж, барилга барихад зарцуулсан хөрөнгөө эргүүлж олно.

Харин орон нутгийн тухайд төрөөс барьж буй 1,000 айлын орон сууцад байр зээлээр авах иргэний зээлийн хүүг таван хувь хүртэл буулгах зохицуулалт хийснийг БХБЯ-аас мэдээлж байсан юм. Таван хувийн хүүтэй зээлд хамруулах орон сууцны байршил Шинэ суурьшлын бүс, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс,  Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, 21 аймагт байх юм байна.

Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг гэдэг нь Багануур, Багахангай,  Налайх дүүрэг орж байна. Харин Шинэ суурьшлын бүсэд хамрагдах орон сууцны байршлын мэдээллийг Дүнжингарав төвийн Төрийн нэгдсэн үйлчилгээний төвөөс авах боломжтой юм байна. 

Зураг