Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Чинбат: Монголын хэрэгцээнээс хэтэрсэн импортын квотоо ХҮЧИНГҮЙ БОЛГООЧ ЭЭ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 3 сарын 29
iKon.MN
 

“Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо”-ноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд холбооны тэргүүн Л.Цандэлэг, УЗ-ийн гишүүн Л.Чинбат, Б.Эрдэнэбат нар оролцож тариаланчдад тулгамдаад буй асуудлуудаар мэдээлэл өглөө.

Тэдний зүгээс ХХААЯ-ны сайд Р.Бурмаа ОХУ-с 2016, 2017 онд хэрэглэх, Монголын хэрэгцээнээс хэтэрсэн импортын зөвшөөрлийг 70 гаруй аж ахуй нэгжид олгосон.

Энэ үйлдэл нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал 300,000 гаруй хүн ажилладаг Газар Тариалангийн салбарыг бүхэлд нь өвдөг сөхрүүлэх үйл ажиллагаа боллоо хэмээн мэдэгдэв.

Мөн энэ өнгөрсөн жилийн ган гачгийн улмаас тариаланчид ургацаа алдаж энэ жил тариалалт хийх боломжгүй болоод байгаа бөгөөд Засгийн газраас өгөх зээлийг нэн даруй олгох хэрэгтэй байгааг хэлсэн юм.


Л.Цандэлэг: Монголын ард түмэн Оросын тариаланчдыг 150 сая доллараар дэмжлээ

 

Энэ талаар Л.ЦандэлэгӨнгөрсөн жилийн ганд Монголын нийт тариаланчдын 80 хувь нь нэрвэгдсэн. Үүнийг ХХААЯ хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ бол гамшиг. Тариаланчид тариаландаа гарахад бэлэн болчихоод байна.

Гэтэл ОХУ-аас өнөөдрийн байдлаар Монгол Улсын бүтэн нэг жилийн хэрэгцээг хангахуйц импортын буудай оруулж ирэх зөвшөөрлийг ХХААЯ-наас олгочихсон. Үүн дээр бидний хураасан хуучин будаа нэмэгдээд Монголын тариаланчид хоёр жил тариа тарих ямар ч шаардлагагүй болчихлоо. Энэ хүнд байдалд Засгийн газраас  зээл олгооч ээ гэсэн хүсэлтийг бид тавьсан.

Энэ зээл нь УИХ-аас батлагдаад, Засгийн газрын тогтоол нь гарчихаад байхад яам хариуцсан сайд нь ажлаа хийхгүй байна. Энэ зээлийг одоо болтол хөөцөлдөж асуудлыг шийдвэрлэсэнгүй.

Шатахуун байхгүй, үр байхгүй, ажилчдын гар дээр тавих цалин байхгүй бид юугаараа тариа тарих вэ. Үүн дээрээс нэмэгдээд ямар ч бодлого байхгүй.

Монголын ард түмэн Оросын тариаланчдыг 150 сая доллараар дэмжлээ. Иймээс бид УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, ҮАБ-ын зөвлөлд ХХАА-н сайд Л.Бурмаагийн асуудлыг явуулсан. Бид хариугаа хүлээж байна” гэв.

Л.Чинбат: хавар тариа тарьдаг байсан бол зун тариа тарих нь. Энэ технологи мөн үү? 

 

"Гацуурт" ХХК-ний захирал Л.Чинбат “Тариаланчдад 2016 он чухал жил байгаа юм. 2015 онд бид Л.Бурмаа сайдын “тусламжтайгаар” ургацаа 80 хувьтай алдсан. Бид яамныхаа сайдад хямралын жилд яамнаас ямар бодлого баримталж байгаа талаар асуулт тавимаар байна.

Мөн Монголын хэрэгцээнээс хэтэрсэн импортын квотоо дөрөвдүгээр сарын 1-нээс хойш хүчингүй болгооч ээ. Энэ жил ган үргэлжлэх хандлагатай байна. Тиймээс яамнаас ямар чиглэл баримталж байгаа гэдгээ тариаланчдад мэдэгдэнэ үү.

УИХ, Засгийн газраас батлагдсан 100 тэрбум төгрөгийн зээлийг тариаланчдад олгох талаар яамнаас ажил хийгээч ээ гэж хэлмээр байна. Энэ бүхнээс үүдээд бид хавар тариа тарьдаг байсан бол зун тариа тарих нь. Энэ технологи мөн үү? гэж яамны хүмүүсээс асууя.

Тариалалт эхлэх цаг болчихоод байхад бидний асуудал шийдэгдээгүй байна. Тиймээс шийдэж өгөөч” гэдгийг онцлов.


Тэдний зүгээс дараах ЗУРГААН асуудлыг Засгийн газраас яаралтай шийдвэрлэхийг шаардаж байна:
  • 2015 онд Монгол улсын хэмжээнд нийт тариаланч иргэд аж ахуй нэгжүүд нийт дүнгээр 400 орчим тэрбум төгрөгийн бодит хохирол амсаад байна.  Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Газар тариалангийн салбарт бодит ГАМШИГ болсон гэдгийг Монгол Улсын Засгийн Газар хүлээн зөвшөөрөх,
     
  • ХХААЯамны сайд Р.Бурмаагийн  судалгаагүй, хугацаагүй, замбараагүй олгосон импортын квотын зөвшөөрлийг 2016 оны дөвөрдүгээр сарын 1-нээсс хойш импортлохыг цуцалж хүчингүй болгох,
     
  • Хэт халалтын үед ХХААЯ, БОНХАЖЯ үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулах ажлыг хийгээгүйгээс шалтгаалан нийт ургацынхаа 80 гаруй хувийг алдсан Монголын үр тариа эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд УИХ, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж,  100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор яаралтай олгуулах,
     
  • Хаврын тариалалтын бэлтгэл ажилд ХХААЯ ямар нэгэн тендергүйгээр тариаланчдыг зөвхөн бэлэн мөнгөөр дэмжих ажиллагааг зохион байгуулах,
     
  • Монгол Улсын 2016 оны хэрэгцээт улаанбуудайн хэмжээ, үнийг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор Монгол Улсын Засгийн Газраас зарлах,
     
  • Монгол Улсын Аюулгүй Байдал, 300 мянга гаруй хүний ажлын байр 1,000 гаруй компани, ААН, хувь иргэдэд Эдийн Засгийн алдагдал, оюун санаа, эд материалын хохирол учруулсан, үндсэн тариаланчдын үгийг сонсдоггүй ХХАА-н сайд Р.Бурмааг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор огцруулж, хариуцлага тооцох.

Мөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Чингисийн талбайд 10,000 тариаланчдын хүрзтэй, техниктэй жагсаал зохион байгуулах болно гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.