Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Багшаар ажиллах эрх олгох шалгалтад оролцогчдын чанар САЙЖИРЧЭЭ

БСШУСЯ
2016 оны 3 сарын 23
БСШУСЯ
Зураг зураг

Хуульчид, эмч нар, төрийн албан хаагчид ажиллах эрхийн шалгалт өгдөг. Үүний нэгэн  адил Монголын ирээдүйг бэлтгэж байгаа багш нар ч мөн ажиллах эрхийн шалгалт өгч, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд өмнөхөөсөө илүү чанартай хүний нөөцийг бүрдүүлэх бололцоотой болсоор гурван жилийн нүүрийг үзлээ. Эхний шалгалтууд нэлээн эсэргүүцэлтэй тулгарч, шалгалтад унасан иргэд гомдол гаргаж байсан ч олон улсын жишгээр явагддаг энэ шалгалт зайлшгүй шаардлагатай, багш хүн дан ганц диплом өвөртлөхөөс гадна сурган, сэтгэл судлалын ерөнхий мэдлэгтэй, эргэцүүлэн бодох, бодсоноо бичих, компьютер технологийн чадвартай байх ёстой юм байна гэдгийг иргэд хүлээн зөвшөөрч эхлээд байна.  Үүний нэг илрэл нь шалгалтад орж буй шалгуулагчид жилээс жилд чанаржиж байгааг шалгалтын коммисын гишүүд хэлж байгаа юм. 
Энэхүү шалгалтыг “Багшаар ажиллах эрх олгох зөвлөл” удирдан зохион байгуулдаг бөгөөд “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” гүйцэтгэгчээр ажилладаг байна. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тодруулбал 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр орон даяар Багшлах эрхийн шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтын талаарх зарим мэдээллийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын багш нараас тодрууллаа. 

Цахим сургалтын албаны дарга П.Зохихсүрэн: 

Энэ удаагийн шалгалтын бүртгэл 2016 оны 2 сарын 02-29-ны хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан. Нийт 3059 иргэд уг шалгалтад бүртгүүлж, улсын хэмжээнд 2819 иргэд шалгалтад орсноос тестийн шалгалтад 70 оноо авахаас 40 ба түүнээс дээш оноотой 2151 шалгалт өгөч эсээ бичих эрхтэй болсон. Эсээний дүн ажлын 5 хоногийн дотор гарна. Дүнг бид www.itpd.mn сайтаар мэдээллэж байгаа. 

Харин Хэл нийгэм, хүмүүнлэгийн алба”-ны дарга Ш.Оюунцэцэг эсээ засах 30 хүнтэй багийг ахалж байна. Багт  Боловсролын үнэлгээний төвөөс 2, Боловсролын хүрээлэнгээс 1, ЕБС-ын 15 багш, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 12 хүн орж эсээ засаж байна. 

Хэл нийгэм, хүмүүнлэгийн алба”-ны дарга Ш.Оюунцэцэг:

-Та өмнөх шалгалтууд дээр мөн эсээ засах багийг ахалж байсан юм байна. Нийт шалгалтад орогчдын хувьд чанарын ялгаа гарч байна уу? 

-Би одоогоор 100-аад эсээ засчихаад байна. Хүмүүс маань нэлээн бэлтгэж, уншсан байна. Ишлэл баримтуудын хувилбар олширж, нэлээн сайжирсан нь анзаарагдаж байна. Анхны шалгалтуудаас бол хамаагүй дээрджээ. Үгийн тоогоо сайн барьсан байна, сэдэвтээ тохируулж бичих гэж оролдсон байна. Эсээ төдийгүй тестийн чанарч маш өндөр хувьтай өгсөн тухай манай багийнхан хэлж байсан. 

Ямартай ч шалгалтад бэлддэг болсон байна, ажилтай болохын тулд зүгээр нэг явж байгаад танил талаа хараад орчихдог биш юмаа гэдгийг залуу багш нар маань ойлгож байгаа нь сайн хэрэг. Эхний шалгалтуудын эсээнүүд бол чанарын шаардлага хангахгүй, дээрээс нь интернетд байдаг бэлэн эсээ, эшлэлүүдийг ашигласан нь илт мэдэгдэхээр хуулсан мэт ижил төстэй эсээ олноор ирдэг байсан. Хашийг эс засвал сав болохгүй, хүнийг эс засвал ... гэх мэт улиг болсон эшлэлүүдийг бүгд бичдэг байлаа. 

-Энэ удаагийн шалгалтын эсээний сэдвүүдийн талаар тодруулбал?

-Шалгалтын зөвлөл багштай холбоотой 15 сэдвийг урьдчилан зарлаж хүмүүс энэ чиглэлээр бэлтгэсэн. Сонсоход хамтарч бэлдсэн, мөн фэйсбүүк дээр групп байгуулж харилцаж байсан гэсэн. Зарим эсээнүүдийн хэсэг нь давтагдаж байна. Багш тасралтгүй суралцагч, Багшийн нэр хүнд ёс зүй, Багшийн хөгжил-Хүүхдийн хөгжил, Багшийн бүтээлч байдал, Анги удирдсан багш гэх мэт сэдвүүд байсан. 

-Эсээ бичигчдийн нийтлэг алдаа юу байна вэ?

-Ерөнхий зүйл их бичжээ. Эсээ гэдэг маань тухайн хүн уг асуудлын талаарх өөрийн бодлоо, ишлэл баримттайгаар бичихийг хэлээд байгаа юм. Аль нэг уншсан номноосоо юм уу, ер нь ийм л байх ёстой гэсэн өөрийн бодлуудаа л бичиж байна. Зөв бичихийн дүрмийн алдаа маш их байна. Энэ нь тухайн хүн дүрмээ мэдэж байгаа боловч, компьютер сайн эзэмшээгүйгээс болж үсгээ зэрэг дарах, сольж дарах, том жижиг үсгээ ялгахгүй, цэг тэмдэг тавихгүй, догол мөрнөөс эхлээгүй гэх мэт техник талын алдаанууд байна. Эсээ бичих чадвараас гадна, шалгалтын энэ шатанд тухайн хүний компьютер эзэмших чадвар нь давхар харагдаж байгаа юм. Хичнээн сайхан санаа байвч тэрийгээ бүрэн гүйцэд буулгаж чадахгүй байгаа нь харамсалтай.

-Эсээг ямар шатлал, хяналтын дор засаж байна вэ?

-Тестээс ялгаатай нь эсээг компьютер биш хүн засаж байгаа болохоор тухайн хүний субьектив хандлага орох магадлалтай. Тиймээс хоёр хүн засаад тэр хоёрын дунджаар дүнг гаргана. Хоёр засагчийн тавьсан оноонд тав болон түүнээс дээш онооны зөрүү гарвал гуравдахь хүнээр дүн тавиулна. Ингэж байж бодит оноо гарна гэж үзэж байна. Засаж байгаа хүмүүс маань ЕБС-д олон жил ажилласан туршлагатай, монгол хэл уран зохиолын багш нар байгаа. 

Эсээ засах явцад Боловсролын хүрээлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, МҮЭ-ийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, Боловсролын үнэлгээний газрын төлөөлөл хяналт тавьж ажилладаг юм байна. 

Боловсролын хүрээлэнгийн мэргэжилтэн М.Хүрэлтогоо: 

-Хэвлэсэн эсээнүүд энд байна. Энэ хуудсан дээр шалгалт өгөгчийн хувийн мэдээлэл байх уу?

-Хяналтын зөвлөлийн гишүүд дотоод үйл ажиллагаанд оролцохгүй. Зөвхөн гаднаас ямар нэгэн мэдээлэл орохгүй байх дээр хяналт тавьж байна. 
Эсээ, тест маань өөр өөр кодоор явж байгаа. Тэгэхээр энэ тэрний бичсэн эсээ байна гэж мэдэх боломжгүй, бүх эсээг нэгээс эхлэн дугаарласан байгаа. Тэгэхээр эсээ бичсэн хүн маань ч өөрийн кодоо мэдэхгүй гэсэн үг. Шалгуулагчид өгсөн код, энд эсээ засаж байгаа багш нарт өгсөн код хоёр ондоо. 

5-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ж.Чогсамба 

Би гуравдахь жилдээ энэ эсээ засах ажилд оролцож байна. Энэ удаагийн шалгалт бол өмнөх жилүүдээс хамаагүй чанаржсан нь харагдаж байна. Өөрийнхөө жишээ баримтыг сайн нотолж бичсэн байдал ажиглагдсан. Харин компьютер дээр ажиллах чадвараа сайжруулах шаардлагатай харагдаж байна. Тодорхой өгөгдсөн хугацаанд өөрийн жишээ баримтаа үг үсгийн алдаагүйгээр, агуулгын хооронд уялдаа холбоог гаргаж бичих чадварыг шаардаад байгаа юм. Хүүхдүүд маань жилээс жилд ахиж хөгжиж байна. 

-Та ЕБС-д 20 жил ажиллаж байгаа багш хүний нүдээр харахад Багшаар ажиллах эрх олгох шалгалтыг юу гэж үздэг вэ?

- Орчин цагт хүн тасралтгүй хөгжиж байх ёстой болчихоод байна. Тэр тусмаа ирээдүйн иргэдийг бэлтгэх багш хүн. Энэ шалгалт багшид тэр боломжийг нь олгож байна гэж би ойлгож байгаа юм. Залуу хүмүүст тасралтгүй хөгжиж, өөрийгөө сорьж байх нь нийгэм урагшлах гол хөшүүрэг юм уу гэж харж байна даа.