Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Украйн дахь хамгийн том Лениний хөшөөг буулгалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Украйны зүүн өмнө зүгийн Запорожье хотод орших большевик хувьсгалын удирдагч Владимир Лениний хөшөөг өчигдөр буулгалаа.

Энэ нь Украйнд үлдээд байсан хамгийн том хөшөө байсан юм. 2014 онд барууны талыг баримтлагч улс төрийн хүчин засгийн эрхэнд гарсны дараа Украйн дахь Зөвлөлтийн үеийн билэгдлүүдийг устгах хууль гарган хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хугацаанд Украйн даяар 1,000 орчим Лениний хөшөөг буулгасан гэдэг. Харин 20 метр өндөртэй Запорожьегийн хөшөөг хэрхэн буулгах аргаа ололгүй явсаар өдийг хүрсэн юм.

Орон нутгийн захиргааны ажилтны хэлж байгаагаар үүнийг дэлбэлж нураахад амархан ч бүтнээр нь буулгаж зөөвөрлөн хадгалахад нэлээд ажиллагаа орсон гэжээ. Анх уг хөшөөг хэрхэн босгосон бичиг баримт нь бүгд Москвад хадгалагдаж байгаа тул бүтцийг нь мэдэхгүй, хэд хэдэн удаа буулгах гээд бүтэлгүйтсэн байна. Москвагаас бичиг баримтыг хүссэн ч таатай хариу сонсоогүй гэнэ. Үндсэрхэг үзэлтнүүд хөшөөнд Украйн үндэстний цамц өмсгөөд байж.

Ингээд нэлээд олон янзаар оролдсоны эцэст 60 жилийн настай аварга хөшөөг сууринаас нь буулгаж чаджээ.

Буулгах ажиллагааг Украйнчууд Youtube сувгаар шууд дамжуулсан байна. Зөвлөлтийн үзэл суртлын эсрэг хуулинд зааснаар зөвхөн хөшөөнүүдийг устгаад зогсохгүй 941 хотын нэрийг өөрчлөх гэж байгаа гэнэ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Эмнести Интернэшнл байгууллага Украйнд коммунистуудын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэт дарангуйлж байгааг анхааруулсан юм.

Эх сурвалж: Reuters