Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чулуун: Монгол Улсын түүхийн 30 боть бүтээл удахгүй төрнө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 3 сарын 11
iKon.MN
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 онд гаргасан Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай 162 дугаар зарлигийг Шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд гардуулах ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгсөн юм.


Шинжлэх ухааны байгууллагуудыг төлөөлж ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төлөөлж  Монголын сэтгүүлчдийн нэгдэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар уг зарлигийг гардан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай зарлигт:

1. “Монгол хэлний их тайлбар толь"-ийг иргэний оролцоо, мэдээллийн технологийн ололтод түшиглэн бүтээж, төгөлдөржүүлж байхыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх Ухааны Академи, түүний харьяа Хэл зохиолын хүрээлэнд даалгасугай.

2. Шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургуулийн багш, мэргэжлийн судлаачид “Монголын эх түүх” цувралыг үргэлжлүүлж, монгол нутагт хүн үүссэн үеэс өнөөг хүртэлх үеийг хамарсан, түүхийн суурь судалгааны цогц бүтээл туурвих ажлыг дэмжиж байхыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх Ухааны Академи, түүний харьяа Түүх, археологийн хүрээлэнд даалгасугай.

3. Монгол үндэстний сонгодог өвийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын болон үндэсний хэмжээний их наадам, улсын үзлэг, арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулах, уг салбарт идэвхтэй ажиллаж буй иргэдийг хөхиүлэн дэмжиж байхыг холбогдох төрийн байгууллагад даалгасугай.

4. Монгол үндэстний оюун санааны ижилсэл, тусгаар тогтнолын дархлаа, эв нэгдлийг бататган бэхжүүлж, ард түмнийг соён гэгээрүүлж, монгол хэл соёл, Монголын түүхийг судлах, хамгаалах, хөгжүүлэх, өвлүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллахыг шинжлэх ухааны болон хэвлэл мэдээллийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад уриалсугай гэжээ.


Зарлиг гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай” 162 дугаар зарлигийг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан юм. Уг зарлигийн хувийг шинжлэх ухааны болон хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудад гардуулан өгсөндөө баяртай байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэл, бичиг, соёл, түүхийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх, агуулгыг баяжуулах, далайцыг нэмэгдүүлэх үүднээс энэхүү зарлигийг гаргасан юм. Хэл, соёл, түүх бол Монгол үндэстний ижилсэл, тусгаар тогтнолын дархлаа, эв нэгдлийг бататган бэхжүүлэх гол тулгуур тул үүний төлөө эрдэмтэд, хэвлэл мэдээллийн байгууллага, хүн бүрийг идэвх санаачилга гарган, хичээн зүтгэхийг уриалж байна.” гэв.      

 

"Эх хэл гэдэг бол монгол үндэстнүүдийг нэтгэж байдаг, хөгжлийг маань хурдасгаж байдаг хүчирхэг харилцааны хэрэглүүр"

Зарлиг гардаж авсан эрхмүүд зарлигийг хэрэгжүүлэх талаараа товч сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд:

-Эх хэл гэдэг бол монгол үндэстнүүдийг нэтгэж байдаг, хөгжлийг маань хурдасгаж байдаг хүчирхэг харилцааны хэрэглүүр юм. Дэлхий даяаршиж байгаа энэ үед бид бас дангааршиж, өөрийн өвөрмөц онцлогоо хадгалан бэхжүүлэх үүднээс хэл, соёл судлалаа улам өндөрт өргөх зайлшгүй шаардлага байгаа юм. Эх хэл гэдгийн цаана монголчуудын түүх, сэтгэлгээ, монгол амьдралын хэв шинж бүгдээрээ оршиж байдаг. Иймд хэл, соёл, түүхээ ямар ч үед төрийн бодлогынхоо бүрэлдэхүүн хэсэг болгож авч үзсээр ирсэн. Энэ удаа ч Ерөнхийлөгч зарлиг гаргаж, бас биднээр эх хэлний цахим толь гаргуулж  төрийн бодлогынхоо бүрэлдэхүүн хэсэгт багтааж байгаад их баяртай байна.

ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж:

-Монгол үндэсний хэл, түүх, соёлыг хөгжүүлж, судлах асуудал бол Монгол Улсын тусгаар тогтнолын дархлааг байнга хадгалж явахын үндэс гэж үзэж байна. Энэ үүднээс Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Соёлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг үндсэн баримт бичгүүдэд эх хэл, соёл, түүхийг хөгжүүлэх, хадгалан хамгаалах талаар олон зүйл заалт бий. Түүнийг үйл ажиллагаа болгоход Ерөнхийлөгчийн энэ зарлиг маш чухал юм. Монгол Улсын оршин тогтнохын баталгаа нь эх хэл, соёл, түүх юм.

Монголын сэтгүүлчдийн нэгдэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид:

-Монголын хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчдийн хамгийн гол үүрэг бол эх хэлнийхээ дархлааг хамгаалах, бичгийн олон мянганы уламжлалтай, гайхамшигтай сайхан соёлыг өвлөх, хадгалах, шинэ нөхцөл байдалд утга төгөлдөр хэвээр байлгах явдал юм. Эх хэл гэдэг бол ямар ч улс үндэстний тусгаар тогтнол, оршихуйн баталгаа болж байдаг. Тэр битгий хэл, өөрийн гэсэн газар нутаггүй ард түмэн хүртэл эх хэлээрээ өөрийгөө хамгаалаад явсан түүхийг дэлхий мэддэг. Тиймээс эх хэл гэдэг хамгийн чухал зүйл байдаг. Үүнд манай хэвлэл, мэдээллийн салбар маш чухал үүрэгтэй. Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг цагаа олсон зарлиг боллоо.

Манай салбарынхны хувьд 2016 оныг Эх хэлээ хамгаалах жил болгон зарлаж ажиллаж байгаа үед урам зориг өгсөн зарлиг гарлаа.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун:

- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсын оршин тогтнох үндэс бол хэл, түүх, соёл гэсэн үг байдаг. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн бол монголчуудыг соён гэгээрүүлэх, монгол түмний үнэн түүхийг бүтээх, Монголын түүхийн цогц бүтээлүүдийг туурвих, гадаадад байгаа монголчуудын холбогдолтой  түүх, соёлын өв дурсгалыг судлах зорилготой ажиллаж байгаа. Энэ ажлыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч ийм зарлиг  гаргасанд маш их баяртай байна. Манай түүхч, археологич, судлаачдад судалгааны эрх зүйн орчин бүрдэж, улам урам зоригтой ажиллах болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд Монгол Улсын түүхийн 30 боть бүтээл удахгүй төрнө.

Бичлэг: