Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганхуяг: Нэгдэх тухай асуудал хүндхэн болсон

Д.Гэрэлцэцэг
2016 оны 3 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

ИЗНН-ын дарга Ц.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Сайн цагийг бид авчирна” гэсэн уриатай ИЗНН байгуулагдаад 16 жил болж ойгоо тэмдэглэж байна. Энэ хугацаанд ИЗНН Монголын улс төрд өөрийн гэсэн байр суурьтай болж чадсан. Харин бодлого болоод төлөвлөсөн ажлуудаа хэр хэрэгжүүлж байна?

-Нэг зүйлд сэтгэл хангалуун байдаг. Бид ямар ч байсан энэ хугацаанд Монголын эв нэгдлийн үндэсний эрх ашгийн төлөө өөрийнхөө бодлогыг төрийн бодлого болгохын төлөө ажиллаж ирсэн. Тухайлбал, аль нам, ямар үзэл бодолтой нам гэхээсээ илүү тодорхой салбарыг хариуцаад ажилласан. МАН-ын Засгийн газрын үед Гадаад харилцаа, Хүнс, хөдөө аж ахуй яамыг хариуцан ажиллаж байв.
Тухайн үед монголчууд өөрсдийгөө хүнсээр хангаж болох юм гэж үзээд гурван жилийн хөтөлбөр болох “Атарын III аян”-ыг хэрэгжүүлсэн.

Харамсалтай нь одоо үргэлжлэн хэрэгжиж чадахгүй байна. Мөн АН-ын тэргүүлсэн гурван Засгийн газарт хамтраад ажилласан. Ногоон хөгжлийн бодлогыг УИХ-аар батлууллаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 2020, 2030 онд ямар төвшинд хүрсэн байх. Ядуурал болоод агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар анхны бичиг баримттай болж чадсан юм. Ийм замаар бид өөрсдийнхөө дэвшүүлж ирсэн бодлогуудыг хэрэгжүүлэх гэж оролдож байна.

Цаашид ч энэ мэт үнэт зүйлийг Монголын төрийн бодлого болгож хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. ИЗНН-ын нэг дутагдалтай тал нь амбиц багатай. АН-ын тэргүүлж байгаа Засгийн газрыг ИЗНН хамтарч байгуулсан мөртлөө нэг ч сайдгүй байна. Бид сайд болъё гэж гүйгээгүй. Засгийн газарт манай хүн сайд болно гэж шаардлага тавиагүй. Хамгийн гол нь ногоон хөгжил болоод бидний тавьсан бодлого хэрэгжиж байх ёстой гэсэн байр сууриас ханддаг. Зарим талаараа амбиц багатай байх нь буруу юм шиг байна гэсэн бодол бас төрдөг шүү.

-АН ИЗНН-тай хамтарч сонгуульд орох санал тавьсан. Энэ хүрээнд санамж бичиг байгуулж, ажлын хэсгүүд ажиллаж байгаа. ИЗНН сонгуульд хэрхэн оролцох байр суурь хэзээ тодорхой болох бол?

-Цагаан сарын өмнө санамж бичигт гарын үсэг зурсан. АН-ын зүгээс зорилго, үзэл баримтлал нэгтэй намууд болох ИЗНН, МҮАН-д нэгдэх санал тавьсан. Бид улс төрийн соёлыг эрхэмлэн нэгдэх саналыг хүндэтгэж, үүнийг гишүүдээрээ хэлэлцүүлье гэсэн байгаа.

Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намууд нэгдэхтэй холбоотой асуудлыг заавал гишүүдээрээ хэлэлцүүлж, гишүүдийн саналыг авсан байх ёстой.

 АН-ын зүгээс зорилго, үзэл баримтлал нэгтэй намууд болох ИЗНН, МҮАН-д нэгдэх санал тавьсан. 

Мөн нэгдэж байгаа болон нэгдүүлж байгаа намууд нь их хурлуудаа хийж, эцсийн шийдвэр гаргадаг байх тухай хуультай учраас энэ дагуу манай нам гишүүдээрээ хэлэлцүүлэх асуудлыг дэвшүүлж санамж бичиг зурагдсан.

Тухайн үед санамж бичгийн гарчиг нь өөр агуулгаар буюу нэгдэх асуудал шийдэгдсэн гэх мэтээр олон нийтэд хүрсэн. Гэхдээ нэг зүйлийг тодотгож хэлэх хэрэгтэй. Цагаан сарын дараа манай үндэсний хороо хуралдаад, 2016 оны сонгуульд ИЗНН дангаараа, эвсэж эсвэл нэгдэж орох уу гэдгийг гишүүдээрээ хэлэл цүүл ээд энэ гурван хувилбараар асуудлаа боловсруулж оруулж ирэх үүргийг удирдлагуудад өгсөн. Энэ дагуу ажиллаж байна.

-Та саяхан ХҮН-ын Төв хорооны хуралд үг хэлж оролцсон. Магадгүй энэ нь ХҮН-тай хамтарч сонгуульд орох эхлэл байж болох юм гэсэн таамаг бас байгаа?

-Эвсэх асуудлын хүрээнд ХҮН-ынхантай хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Би ХҮН-ын Төв хорооны хуралд оролцож, үг хэлсэн. Өөрөөр хэлбэл, процесс ийм маягаар зэрэгцээд явж байгаа. Хэвлэл мэдээллээр нэгдэнэ гэдэг зүйл нэг талдаа хүчтэй явж байгаа учраас нэгдэх нь гэсэн ойлголт төрүүлээд байх шиг байна.

Өнөөдөр цаг хугацааны хувьд нэгдэх боломж байгаа эсэхийг эргэж бодох хэрэгтэй. Учир нь дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө улс төрийн нам буюу субъект нь байр сууриа тодорхой болгож, сонгуульд орохоо илэрхийлсэн байх шаардлагатай гэж байгаа. Гэтэл ирэх сарын 29-нөөс өмнө тэр намууд Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болон их хурлаа хийгээд, Улсын Дээд шүүхэд хүсэлтээ гаргана. Энэ бүхнийг Улсын Дээд шүүх бүртгээд хэрэв маргаан гарвал түүнийг нь шийдэх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, богино хугацаанд ийм их ажил амжих уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ сарын 10-н гэхэд манай намын орон нутгийн байгууллагууд нэгдэх, эвсэх аль аль асуудлаар нь уулзалт хийх асуудлыг тавьсан. Гэвч одоо болтол энэ ажил идэвхтэй өрнөж чадахгүй байна. Одоогоор ИЗНН, АН-ын орон нутгийн байгууллагууд уулзаад, ойлголцоод явж байгаа зүйл алга байна.

-ИЗНН байгуулагдсан цагаасаа эхлээд парламентад болон Засгийн газарт өөрийн гэсэн төлөөлөлтэй ирсэн. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд яагаад дангаараа оролцож болохгүй гэж. Энэ тухайд намын дотоод уур амьсгал ямар байна вэ?

-Нээлттэй байгаа. Бид энэ тухай ч ярьж байна. Манай намд ХҮН болон бусад яамуудаас хамтарч сонгуульд орох санал тавьсан. Одоогоор тодорхойлсон уулзалтууд хийгээгүй учраас санал тавьсан намуудын нэрийг хэлээд хэрэггүй байх. Энэ сарын дундуур ИЗНН-ын байр суурь тодорхой болно.

Ер нь хэлэлцүүлгийн явцын дүнг намын даргын хувьд томьёолж хэлэх цаг нь арай болоогүй байна. Сөрөг уур амьсгал давамгай байх шиг байна. Үүнийг үндэсний хорооны хурал дээр нэгтгээд санал хураалт явуулах юм. Тодруулбал, нэгдэх, эвсэх, дангаар оролцох асуудлыг танилцуулаад санал хураана. Гишүүдийн олонх нь аль талдаа шийднэ. Түүнийг намын даргын хувьд томьёолж хэлэх  ёстой. Өнөөдөр би хувь гишүүний байр сууриа илэрхийлэх нь тийм онцгой зүйл биш байх  гэж бодож байна.

-Нэгдэх, эвсэх, хамтрах аль нь ч байсан ИЗНН ирэх сонгуульд ямар хэмжээний боловсон хүчин өрсөлдүүлэхээр төлөвлөж байгаа бол?

-Бид бүх тойрогт хүмүүсээ өрсөлдүүлж чадна. Энэ удаагийн сонгуулиар УИХ, аймаг, НИТХ-ын төлөөлөгчдийг нэг өдөр сонгохоороо онцлог болж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын сонгуулийн түүхэнд анх удаа ийм үйл явдал болж байна. Бидний тооцоолсноор нэг нам эсвэл нэг субъект 900 гаруй хүнийг дэвшүүлнэ гэсэн тоо гарсан. Шилдэг 900 гаруй хүнээ олж дэвшүүлнэ гэдэг мэдээж амаргүй. ИЗНН бүх аймаг, дүүрэгт намын хороодтой.

Анх манай нам 10 мянган гишүүнтэй байсан. Дараа нь 40,000 гээд гишүүдийн тоо өссөн. Ер нь бид хатуу гишүүнчлэлийн тооны араас хөөцөлдөх хэрэггүй гэж үзсэн. Хамгийн гол үр дүн бол сонгуульд тухайн намыг сонгогчдын хэдэн хувь дэмжсэн гэдгээр нь асуудалд хандаж байх нь зүйтэй юм. 2012 оны сонгуульд Монголын 65 мянган сонгогчид ИЗНН-ыг дэмжсэн. Тиймээс энэ тоог ахиулахын төлөө сонгуульд оролцох ёстой гэж бодож байна.

-Олон улсын практикт сонгуульд эвсэж орох нь илүү үр дүнтэй байдаг гэдгийг судлаачид хэлдэг. Гэвч танай манай зарим гишүүн АН-тай хамтарч сонгуульд орохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байгаа шүү дээ?

-Энэ удаагийн сонгууль эрх барьж ирсэн болон эрх барьж байгаа намуудад ашигтай. Тэдний хувьд аятайхан өрсөлдөхөөр, бараг тэдний төлөө байна гэсэн хувилбар явж байгаа. Өөрөөр хэлбэл, тэд дахиад төрд байр сууриа бэхжүүлэх талын Сонгуулийн тухай хуультай болсон. Ийм хуулийн орчинд өнөөдөр магадгүй зарим нам хүчээ нэгтгэж оролцохгүй бол нөгөө намуудтай эн чацуу өрсөлдөх гарааны нөхцөл нь тэгш биш байгаа.

Тухайлбал, заавал нэг гишүүн тойргоос сонгогдсон байх ёстой гэж байгаа. Товчхондоо, маш өндөр босго тавьсан.

Дэлхийн улс төрийн намуудын түүхэнд байхгүй ийм хаалт босго тавьсан шүү дээ. Ялангуяа, эдгээр саналыг гаргасан АН, МАН-ын зургаан гишүүн нэр устайгаа байгаа. Эдгээр гишүүнээс зориуд асуухад миний асуултад хариулж чадахгүй байна. Мэдээж тэр гишүүд намын дарга эсвэл удирдлагуудын боллогоор ийм зүйл оруулсан.

Хоёр өөр нам хоорондоо эсрэг тэсрэг байр суурьтай тэмцэлдэж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ цаана нь улс төрийн өөр эрх ашиг нэг байгаа юм. Нэг халаастай байна гэсэн үг. Энэ утгаараа дээрх зургаан гишүүнээс асуудалд ингэж хандаж болох уу гэж асуусан юм.

Ингэж хандах тусам өнөөдөр ардчиллыг гудамжинд хөөн гаргаж байна гэсэн үг. Өмнө нь ардчилал гэдэг зүйл парламенттай, хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцээнийг бий болгож, улс төрийн соёлтой явдаг байсан. Гэтэл одоо ийм хууль баталснаараа жижиг намуудыг шахаж гаргая. Харин оронд нь өөрсдөө байр сууриа бэхжүүлнэ гэж ойлгож байна. Өнөөдөр Монголд нэн чухал шаардагдаж байгаа зүйл бол эв нэгдэл.

Ялангуяа, хямралтай, асар их өрийн дарамтад орсон, байгалийн баялаг нь зохицуулалтгүй явж байгаа энэ үед бид хоорондоо мэтгэлцэж, маргалдах, гудамжны тэмцэл рүү хүмүүсээ турхирсан үйл ажиллагаа явуулбал хоёр намын өөрсдийнх нь ирээдүй ч
бүрхэг болно. Эцэстээ энэ бүхний хохирлыг ард түмэн амсана.

Өнөөдөр Монголд нэн чухал шаардагдаж байгаа зүйл бол эв нэгдэл. 

Намуудын хоорондын энэ атгаг санаа бол жижиг асуудал. Гэхдээ хор хөнөөл ихтэй. Энэ утгаараа бид тухайн үед Сонгуулийн хуулийн заалтуудыг эсэргүүцсэн.

Тэр дундаа Монгол Улсыг хувааж бүсчлээд холбооны улс шиг болгох гэж байсныг эсэргүүцэж болиулсан. Эрх мэдлийн төлөө яаж улайрч, ямар ч шийдвэр гаргаж болзошгүй гэдгийг энэ үйл явдал харуулсан. Энэ бүхнээс харахад эдгээр нам төрд дархлаагаа бий болгох гэсэн оролдлогыг бид байнга эсэргүүцэж ирсэн.

-Нөгөө талаасаа ИЗНН АН-тай хамтарч сонгуульд орох шалтгаан бий. Шинээр баталсан Улс төрийн намын тухай хууль нь жижиг намуудад халгаатай болсон учраас хамтрах гэж байна. Түүнчлэн санхүүжилтийн хувьд хүндхэн байгаа нь том нам болох АН-ын бөөрөнд наалдах өөр нэг шалтгаан гэж хардах улс төрийн хүчин ч байна?

-Шүүмжилж байгаа хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлоор тайлбарлах гэж оролдож байгаа байх. Бидний хувьд санал нэг байна. Монголын улс төрийн намуудын тухай түүхэнд гурван нам л байдаг. 1990 оноос хойшх гэж авч үзэж байгаа юм шүү. MAH, АН, ИЗНН парламентад тасралтгүй төлөөлөлтэй байсан. Ямартай ч бид төлөөллөө хадгалж чадсан. Өнөөдөр бид онол практикийн бага хурлаар далимдуулан нам ямар төвшинд хүрсэн, цаашид хэрхэн ажиллахаа ярилцаж байна гэдэг манай нам дотоод ардчилалтайгаа харуулж байгаагийн илэрхийлэл.

ИЗНН хэн нэг даргын үзэл бодол, тэднийг тахин шүтсэн бодлоор асуудалд ханддаггүй. Гишүүд, тэдний дуу хоолой гэдэг хамгийн тэргүүнд байна. Гишүүд гэдэг намын өмч байдаг. Эрх барьж байсан болоод эрх барьж байгаа намуудын хамгийн том дутагдал нь нам нэртэй боловч дээрээ халаас нэгтэй олигархууд удирдаж байгаад байгаа юм.

Харахад өөр намууд юм шиг боловч цаагуураа нэг байдаг. Харин манай намд ийм зүйл байдаггүй. Гишүүд бол бидний үнэт зүйл. Гишүүдгүй бол нам гэж байхгүй. Цаашид Монголд улс төрийн намуудыг эрүүл саруул шийдвэр гаргадаг болгох. Ингэж шийдвэр гаргахад нь цөөн хүний санхүүжилтээс хамаардаггүй, гишүүдээсээ хамаардаг, тэдний мэдэл, хяналтад байдаг байх ёстой.

Гишүүдийн мэдэлд байна гэдэг нам ард түмний мэдэлд байна гэсэн үг. Ийм байдлаар намуудыг өөрчлөн байгуулахгүй бол цаашид дорвитой үр дүнд хүрэхгүй. Ер нь намууд эвсэж, нэгдэх нь байх ёстой зүйл гэж хувьдаа боддог. Үүнийг үргэлж дэмждэг. Уг нь Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцээд батлах ёстой байсан.

Хуулийн төсөлд намын дотоод ардчилал, гишүүдээсээ хамаардаг, олигархуудын нөлөөнд байхгүй байх бүх зүйлийг тусгасан байсан. Мөн улс төрийн намын санхүүжилт, удирдлага зохион байгуулалтын хувьд ч сайн зохицуулсан. Харамсалтай нь өнөөгийн улс төрийн намууд хэлэлцэх дургүй байна. УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон ч итгэл найдвар тун бага байгаа.

-Одоогийн байдлаар таны яриад байгаа гурван сонголтын талаар нам дотроо нээлттэй хэлэлцэж байгаа юм байна. Нэгдэх тухай яривал танай нам татан буугдаад АН-тай нэгдэнэ гэсэн үг биз дээ?

-Хуулийн этгээдийн өөрчлөн байгуулах буюу салах, тусгаарлах, нийлэх, нэгдэх, татан буугдах зэрэг олон янзын хэлбэр бий. Нийлнэ гэдэг бол хоёр нам татан буугдаад шинэ нам болохыг хэлж байгаа. Нэгдэнэ гэдэг нь нэг нам нь өөрөө татан буугдаад нөгөө намдаа орохыг хэлдэг.

Үүнийг хууль ёсны дагуу явсан эсэхийг намуудыг бүртгэж хянадаг байгууллага болох Улсын Дээд шүүх хянаж, шалгаад хуулийн дагуу шийдвэр нь гарсан эсэхийг тогтоодог. Тиймээс манай нам цаг хугацааны хувьд боломж байгаа эсэхийг тооцож байна. Ер нь нэгдэх тухай асуудал хүндхэн болсон гэж үзэж байгаа.

Зураг