Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Болортуяа: Бидний зорилго Монголын чацарганыг дэлхийд гаргах

Н.Пунцагболд
2016 оны 3 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг

“Seaberry Farm, Project” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болортуяатай ярилцлаа. Тус компани удахгүй , Монголд өөрийн нэрийн барааны дэлгүүрээ нээх гэж байгаа билээ. 

-Чацарганаар төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгвэл танай компани чацарганаар гоо сайхны бүгээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог юм байна. Компанийнхаа талаар манай уншигчдад танилцуулаач?

-Манай “Seaberry Farm Project” ХХК 2013 онд байгуулагдсан. 2008 оноос эхлэн чацарганы аж ахуй эрхэлж байсан компани юм. Улмаар чацарганаар гоо сайхны болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд гурван жил болж байна.

Бидний хэрэгжүүлж буй “See-berry” төслийн гол зорилго нь Монголын чацарганыг дэлхийд гаргах. Энэ төслийн хүрээнд бид эхний ээлжинд чацарганыхаа бүтээгдэхүүнийг яаж дэлхийн зах зээлд гаргах вэ гэсэн судалгааг хийсэн.

Ямар бүтээгдэхүүн хийж гаргах вэ гэдгээс авахуулаад яаж гадаадын стандартад нийцсэн аргаар түүхий эдээ Монголд боловсруулах вэ гэх мэт олон судалгааг хийсэн юм. Түүнээс гадна гадаадын зах зээл маркетингаа яаж хийх вэ, бүтээгдэхүүнээ хэрхэн ч хийсэн. Түүнийхээ ачаар бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлээд, гадаад зах зээлд байр сууриа олоод явж байна даа.

-Чацарганаар олон янзын гоо сайхны бүгээгдэхүүн үйлдвэрлэж байна гэсэн. Ямар ямар бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна вэ?

-Одоогийн байдлаар манай компани 10-аад төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн цай, энергийн ундаа үйлдвэрлэж байгаа. 

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэвэл чацарганы цэвэр тос, чацарганатай капсул үйлдвэрлэж байна.

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэвэл чацарганы цэвэр тос, чацарганатай капсул үйлдвэрлэж байна. Ирэх дөрөвдүгээр сараас Монголд оруулж ирнэ. Түүнээс гадна бид чацарганаа гадаадын зах зээлд гаргаж байна. Дээрээс нь морины тэжээл үйлдвэрлэх гээд ажиллаж байгаа.

-Чацарганаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд багагүй судалгаа хийсэн байх?

-Бид гурван жилийн өмнө төслөө эхлүүлж байхдаа Франц, Америкийн химичидтэй хамтарч судалгаа хийсэн. Чацарганыг ямар зүйлтэй хольж гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж авах вэ. Яг ямар бүтээгдэхүүн гаргавал зүгээр байна вэ гэдэг судалгааг хийсэн юм. Харин сүүлийн нэг жил бид Солонгосын химичидтэй хамтарч ажиллаж байна.

Бид эхний хоёр жилд бүтээгдэхүүнээ Сингапур, Вьетнам болон Индонезийн Бали арал гэсэн гурван газар үйлдвэрлэж, тухайн газрынхаа зах зээлд гаргадаг байсан юм. Мөн бусад оронд ч гаргадаг. Харин одоо бол бүх үйлдвэрлэлээ Солонгост төвлөрүүлээд ажиллаж байна. Солонгос химичидтэй хамтарч, судалгаа шинжилгээний ажлаа ч хийж байгаа.

-Монголд үйлдвэрлэлээ явуулах боломж байдаггүй юм уу?

-Монголд үйлдвэрлэх боломж уг нь байгаа. Манайх эх орондоо түүхий эдээ боловсруулж, үйлдвэрлэж байгаа шүү дээ. Манайх Төв аймгийн Алтанбулаг суманд 15 га газар чацаргана тариалдаг. Тэндээ чацарганын тос болон түүхий эд хийдэг үйлдвэртэй. Харин бүтээгдэхүүнээ Монголд үйлдвэрлэх үү, үгүй юу гэдэг дээр бид эдийн засгийн судалгаа хийж үзсэн.

Монголд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, гадаадын зах зээлд гаргавал ямар байх вэ гэдэг талаас нь судалсан гэсэн үг. Гэтэл хүндрэлтэй асуудлууд нэлээд гарч ирсэн. Тээвэрлэлтийн зардал гэхэд л маш өндөр гарна. Дээрээс нь Монгол бүтээгдэхүүний зах зээл дээр дэлхийд танигдаагүй.

Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарвал гадны хүмүүс хэрэглэхгүй байх магадлал өндөр. Ямар оронд үйлдвэрлэсэн эд вэ, хэрвээ уучихвал эрүүл мэндэд сайн байх уу, үгүй юу гэж эргэлзэнэ, бодно. Тиймээс бид яаж Монголд үйлдвэрлэсэн чацарганыг дэлхийн зах зээлд гаргах вэ гэж бодсон.

Тэгээд савалгаан дээрээ Монголын хөрсөнд ургасан 100 хувь органик чацарганы найрлагатай гоо сайхан болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг Солонгос, Сингапур, Балид үйлдвэрлэв гээд гаргавал илүү хүрч чадна гэдэг шийдлийг олсон юм. Тиймээс л Солонгост үйлдвэрлэлээ явуулж байна.

-Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ жаахан дэлгэрэнгүй танилцуулаач?

-Одоогийн байдлаар манай компани дандаа хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Чацаргана өөртөө 160 гаруй антиоксид агуулсан байдаг. Омега 3, 6, 7, 9 гэх мэт антиоксид байдаг. Тэр дундаас Омего 7 бол маш ховор антиоксид. Арьсанд маш сайн. Ер нь эдгээр антиоксидууд чинь загасны тосонд л байдаг байхгүй юу.

Тэгвэл дэлхий дээр ганцхан чацаргана л эдгээр антиоксидуудыг агуулсан байдаг юм.

Чацаргана өөртөө 160 гаруй антиоксид агуулсан байдаг. 

Тэр антиоксидууд арьсыг гаднаас нь болон дотроос нь залуужуулна, эрүүлжүүлнэ. Мөн стресс, агаарын бохирдлоос хамгаалдаг. Одоогоор манайд нүүр арчлагч саван, биеийн болон нүүрний тос байгаа.

Мөн дотроосоо ууж хэрэглэх цэвэр чацарганы тос байгаа. Ууж хэрэглэх юм бол дотроос нь арьс, үс, хумсыг эрүүлжүүлнэ. Ер нь хүн дотор болон гаднаасаа зэрэг арчлах ёстой байхгүй юу.

Түүнээс гадна манай компани ирэх дөрөвдүгээр сарын 1-нд Монголд нэрийн барааны дэлгүүрээ нээх гэж байгаа. Тэр үеэр Солонгосоос шинээр 13 төрлийн бүтээгдэхүүнийг авчирч, дэлгүүрээрээ худалдана. Тэр дунд хөгшрөлтийн эсрэг нүүрний цогц иж бүрдэл байгаа. Нүүр цэвэрлэгч, чийгшүүлэгч, нүүрний тос зэргээс бүрдсэн иж бүрдэл гэж ойлгож болно. Мөн биеийн цогц иж бүрдэл бий. Дээрээс нь шампунь, энергийн ундаа, капсултай эрүүл мэндийн бэлдмэлийг Солонгосоос авч ирж, Монголынхоо зах зээл дээр борлуулах гэж байна.

-Танай компани бүтээгдэхүүнүүдээ Монголд худалдаалж байгаа биз дээ. Эсвэл нэрийн дэлгүүрээ нээгээд л зарж эхлэх юм уу?

-Сингапур, Бали, Вьетнамд үйлдвэрлэсэн гарын болон биеийн тос, нүүрний саван, цэвэрлэгч гээд гоо сайхны бүтээгдэхүүнүүд маань дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. “Номин”, “Наран”, “Good-price” гэх мэт олон дэлгүүрээр худалдаж байна. Чацарганы тос болохоор “Хүрмэн”, “Мон Ази”, Эмимпексийн салбарын эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа.

-Гоо сайхан, эрүүл мэндийн бүгээгдэхүүний дэлгүүрээ нээх гэж байгаа. Дэлгүүртээ гоо сайханч, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх мэргэжилтэнг ажиллуулж, цогц байдлаар үйлчлэх үү?

-Тэгэлгүй яахав. Гоо сайхны зөвлөгөө өгдөг эмч нар байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэх хүмүүст ч гэсэн зөвлөгөө өгнө. Дээрээс нь дэлгүүр дээрээ гоо сайхны салон нээж байгаа. Хүмүүс хэрвээ сонирхвол манайд ирээд, бүтээгдэхүүнээ аваад, зөвлөгөөгөө аваад, гоо сайханчаар үйлчлүүлээд явж болж байна. Цогц үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг.

-Монгол хүний арьсны онцлог гэж манайхан яриад байдаг. Тэгвэл танай бүгээгдэхүүн монголчуудын арьсны онцлогт хэр тохирох бол. Энэ талаар хүмүүс нэлээд сонирхож байгаа болов уу?

-Монгол чацарганаараа бид гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа шүү дээ. Тэр утгаараа тохирохгүй гэж хэлэх арга байхгүй. Монголын хөрсөнд ургасан чацаргана маш өндөр тэсэн тэвчих чадвартай байдаг. Байгалийн эрс тэс уур амьсгалд ургадаг биз дээ. Мөн монголчууд бид ч гэсэн байгалийн эрс тэс уур амьсгалд амьдарч байгаа. Тиймээс чацарганы хольцтой гоо сайхны бүтээгдэхүүн монгол хүнд тохирох нь гарцаагүй.

-Бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүс дүгнэж байгаа нь гарцаагүй?

-Манай бүтээгдэхүүн дэлхийн 10 гаруй оронд зарагдаж байгаа. Хэрэглэсэн хүмүүс маш сайн бүтээгдэхүүн гэж хэлдэг, ам сайтай байгаа. Чацарганы тос Монголд борлуулагдаж байгаа. 100 хувь чацарганы тос, хүмүүс ч их хэрэглэдэг.

Мөн бидэн рүү байнга утасдаж, зөвлөгөө авч байна. Чацарганы тосыг яаж хэрэглэх вэ гээд л асуудаг. Манайхан нэг үеэ бодвол эрүүл мэнддээ үнэхээр сайн анхаардаг болж. Байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүний ач тусыг ч маш сайн мэддэг болсон байна.

-Чацарганы навчаар цай үйлдвэрлэж байгаа гэсэн. Хүмүүс чацарганы навчийг огт хэрэглэдэггүй гэж ойлгодог шүү дээ. Гэтэл танай компани цай үйлдвэрлэж байгаа гэсэн. Тэр бүгээгдэхүүний талаар яривал?

-“Seeberry” нэртэй цай үйлдвэрлэж байгаа. Дотроо 15 ширхэгтэй. Цайндаа Хөвсгөлийн зэрлэг нэрс хольсон байгаа. Хөвсгөлөөс зэрлэг нэрсээ түүж авч, хатаагаад, Сингапурт аваачиж, Герман технологиор үйлдвэрлэдэг

Чацарганы навч жимсэнд байдаг витаминуудыг агуулсан байдгаас гадаа протейн агуулсан байдаг. Тийм болохоор хүний эрүүл мэндэд маш сайн бүтээгдэхүүн. Энэ цайг хэрэглэснээр хүний биеийн дархлаа сайжирна.

Үс, хумс, арьсыг дотроос нь тэжээнэ. Зөв хооллож чадаад цайгаа хэрэглэх юм бол тураах үйлчилгээтэй. Ер нь дэлхийн хүн ам тэр чигтээ хөгширч байна. Манай Монгол л жаахан залуу улс болохоос биш. Тиймээс дэлхийн хэмжээнд буй хамгийн том зах зээл нь хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн болчихоод байна. Хүн эрүүл амьдрахын төлөө хичээдэг болж. Амьдралын утга учир нь эрүүл аж төрөх болчихлоо.

Тиймээс монголчуудаа ч гэсэн эрүүл аж төрөх соёлд суралцаасай гэж боддог. Тэр дундаа монгол чацарганаар үйлдвэрлэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаасай гэсэн утгаар нэрийн барааны дэлгүүрээ нээж байна.

Мөн монгол чацарганаар ийм сайхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж болдог юм байна шүү гэдгийг таниулах гэсэн юм. Өнөөдөр гадаадаас янз бүрийн гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн орж ирж байгаа. Ийм үед Mонгол компанийнхаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглээд заншчихвал хэн хэндээ л хэрэгтэй.

-Чацарганаар үйлдвэрлэсэн энергийн ундаа гэхээр их сонирхолтой санагдаад байна. Бусад энергийн ундаанаас юугаараа anw nanw талтай юм бол?

-Чацарганы бүх онцлог энэ бүтээгдэхүүн дээр гарч ирнэ. Энергийн ундаа маань зургаан сарын дараа бэлэн болно. Одоогоор бид хадгалалтын хугацаа ямар байна, хэр хурдан исч байгааг судалж байна. Чацаргана маш хурдан исчихдэг жимс шүү дээ. Бид хадгалалтын хугацааг нь уртасгах гэж элдэв химийн бодис хиймээргүй байгаа юм. Тийм болохоор Солонгост лабораторид тест хийж үзэж байна. Чацарганы энергийн ундаа хүний биеийн дархлааг сайжруулах чадвартай.

Чацаргана маш олон витамин агуулсан жимс учраас ядарсан хүнийг хурдан хугацаанд сэргээх чадвартай байх юм. Капсултай эрүүл мэндийн бүтээгдэхүүний ач холбогдлын талаар би давхар ярьчихъя. Энэ бүтээгдэхүүнийг витамин Д-гээр баяжуулсан. Манай иргэд витамин Д-гийн дутагдалд орчихсон, Ганцхан Монгол ч биш дэлхийн олон оронд энэ асуудал байгаа. Тийм болохоор бид витамин Д-гээр баяжуулсан чацарганы капсултай эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Нэг хайрцгандаа 60 ширхэгтэй бүтээгдэхүүн бий. Өдөр тутам хэрэглэвэл хүний биед маш сайн.

-Эрүүл мэнд, гоо сайхны бүгээгдэхүүний үнэ өртөг ямар байх юм бол. Тэр талаар мэдээлэл өгөөч?

-Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд маш олон боловсруулалт хийдэг. Монголдоо ургуулаад, эндээ боловсруулдаг. Дараа нь гадаадад аваачиж үйлдвэрлээд, буцаагаад Монголынхоо зах зээлд авчирч зарна. Гэхдээ бид дэлхийн зах зээл дээр борлуулж байгаа жишиг үнээрээ л энд борлуулна. Монгол мөнгөөр тооцвол 29,900-49,900 төгрөгийн үнэтэй байх юм.

-Нэрийн барааны дэлгүүр нээгдэхээс өмнө танай бүгээгдэхүүнийг худалдаж авах сонирхолтой хүмүүс яаж холбогдох вэ?

-70070078 гэсэн лавлах утас байгаа. Энэ утас руу утасдаад захиалж болно. Мөн “Наран”, “Goodprice” гэх мэт дэлгүүрүүдээс худалдаж авч болох юм.

Зураг