2019/08/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
15:00
S30
18°
16:00
S32
17°
17:00
S32
17°
18:00
S32
15°
19:00
S32
14°
20:00
S31
13°
21:00
S31
11°
22:00
S31
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/03/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүлээлт үүсгэсэн ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ юу болов?

Х.Монголхатан
2016 оны 3 сарын 4
Зууны мэдээ

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өнгөрсөн хаврын чуулганаар батлагдаж, энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэхээр болсон.

Үүнтэй холбогдуулан 2016 оны улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээнд зориулж 10.8 тэрбум төгрөгийг суулган баталсан юм. Нэг хүүхдийг харахад гарах зардал сард дунджаар 116 мянга 900 төгрөг гэж тооцвол төсөвлөгдсөн мөнгөөр энэ жил 10 орчим мянган хүүхэд харах боломж бүрдсэн.

Гэвч хууль хэрэгжиж эхлэх хугацаанаасаа даруй хоёр cap өнгөрчихөөд байхад Хүүхэд харах үйлчилгээ албан ёсоор эхлээгүй л байна.

Хуульд хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нь бүрэн дундаас дээш боловсролтой, тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, 2-5 насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдвартын болон сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэгт холбогдоогүй, 18-65 насны Монгол Улсын иргэн байна гэж заасан байгаа.

Энэ шаардлагыг хангасан, тус үйлчилгээг явуулах хүсэлтэй иргэд 60-65 мянган төгрөгийн хураамжтай тав хоногийн тусгай сургалтад хамрагдаж, гэрчилгээ авах ёстой.

Дараа нь нэг хүүхэд 2.5 метр квадрат бүхий зайд багтах өөрийн байраа бэлдэж, хорооноосоо томилогдсон ажлын хэсэгт шалгуулж, хорооны даргаас шаардлага хангасан эсэх тодорхойлолтыг авч, сум, аймаг дүүргийнхээ Засаг даргад хандаж, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах шаардлагатай.

Энэ бүх шаардлагыг хангасан Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдэд төрөөс олгох нэг хүүхдийн зардал болох 116 мянга 900 төгрөг дээр эцэг эхчүүдээс 70 орчим мянган төгрөг нэмж хураах эрхтэй. Энэ мөнгөөрөө хоол хүнс, тоглоом, аж ахуйн зардлаа гаргаад үлдэх мөнгө нь цалин болж өөрт нь үлдэнэ.

Хүүхэд харах орчин нөхцлийн хувьд нэг өрөөнд 15-аас дээшгүй, нэг хүнд ногдох хүүхдийг таваас ихгүй байхаар заасан. Энэ үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нас харгалзахгүй хамруулах буюу ийм тохиолдолд үйлчилгээ эрхлэгчдэд олгох хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж бодох юм байна.

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрүүл хүүхдүүдийн дунд өсч торних, нийгэмших, сурах боломжийг олгохоос гадна, эцэг эхэд нь ажил хийх цаг гаргаж байгаагаараа сайн талтай юм. Гэхдээ Хүүхэд харах үйлчилгээ нь ашгийн бус, бизнесийн бус үйл ажиллагаа гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэлтсийн дарга Х.Баавгай сануулсан.

Тэрбээр “Энэ үйл ажиллагааг бизнесийн зорилгоор, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах нь зохимжгүй. Байгууллагууд ажлын байрандаа нэг өрөөг хүүхэд харахад тохиромжтойгоор засч тохижуулж өгөөд ажилчдынхаа хүүхдүүдийг харуулах ч боломж бий” гэсэн юм.

Одоогоор 21 аймгийн 1,200 иргэн, Улаанбаатар хотод 480 орчим иргэн сургалтандаа хамрагдаж, Хүүхэд харагчийн гэрчилгээгээ авсан байна. Эдгээр иргэд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх ажлын байраа бэлдээд зөвшөөрөл хүлээж байгаа аж. Энэ ажил ямар шатандаа яваа талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд гэр бүлийн бодлого хэрэгжилтийн газрын дарга Т.Энхтайванаас тодрууллаа.


Т.Энхтайван: САНГИЙН ЯАМНААС КВОТ БАТАЛЧИХВАЛ ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭХЭЛНЭ

-Хүүхэд харах үйлчилгээний хууль хүртэл ажил хэрэг болоогүй байна. Одоо ямар шатандаа явна вэ?

-Энэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлын төлөвлөгөө ХАХНХЯ дээр гараад дүрэм журам стандартууд батлагдсан.

Дараа нь арванхоёрдугаар сарын 15 гэхэд үндэсний хэмжээний хүүхэд харагч бэлтгэх 21 аймаг, есөн дүүргийн таван хүний багтай 115 сургагч багшийн бүрэлдэхүүн бэлдсэн.

Орон нутагт 1,200, Улаанбаатар хотод 480 иргэн хүүхэд харагчийн сургалтад хамрагдаж гэрчилгээгээ аваад байна.

Эдгээр багш нар маань арванхоёрдугаар сарын 25-наас эхлээд орон нутгуудад хүүхэд харагч бэлтгэх сургалтуудаа явуулаад эхэлсэн. Одоогийн байдлаар орон нутагт 1,200, Улаанбаатар хотод 480 иргэн хүүхэд харагчийн сургалтад хамрагдаж гэрчилгээгээ аваад байна.

-Хүүхэд харах үйлчилгээнд 10.8 тэрбум төгрөг тавигдсан. Энэ мөнгөөр хэчнээн хүүхэд хамруулах боломжтой байна?

-БСШУ-ны сайдын баталсан сургуулийн  өмнөх боловсролын хүүхдийн хувьсах зардлын норм нормативыг тогтоох тушаалаар нэг хүүхдэд 116 мянга 900 төгрөгт төсөвт суусан мөнгийг дүйцүүлээд үзэхээр 10 орчим мянган хүүхэд  хамрагдахаар байна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардлыг хоёр дахин илүү олгох учраас энэ жилдээ 6,000-8,000 хүүхэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо байна.

Орон нутгаас сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхэд 51 мянган хүүхэд байна гэсэн тоог ирүүлсэн. Тэгэхээр эдгээр хүүхдүүд 100 хувь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах юм.

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байрыг ямар журмаар дүгнэх вэ?

-Баг, хорооны Засаг дарга хуулиараа Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх ажлын хэсэг байгуулаад үйлчилгээ эрхлэх ажлын байранд нь дүгнэлт гаргах ёстой. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэний ажлын байрны дүгнэлтийг гаргах үнэлгээний маягтыг Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтраад боловсруулж дууслаа.

Үнэлгээний хуудасны маягтаа газрын даргын тушаалаар албажуулаад орон нутгууд руу цахимаар илгээнэ. Тэгэхээр ирэх долоо хоногоос ажлын байрны дүгнэлт гаргах ажил эхэлнэ гэсэн үг. Ажлын байраа шалгуулсан иргэний дүгнэлт нь 14 хоногийн дараа гарснаар Хүүхэд харах ажлаа эхлэх юм.

-Төсөвт суусан мөнгө нь ямар шугамаар шилжих билээ?

-Орон нутагт хуваарилах квотын асуудал шийдэгдээгүй байна. Энэ долоо хоногт бараг батлагдчих байх гэсэн мэдээллийг бидэнд Сангийн яамнаас өгсөн. Квот гэдэг нь хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчийн тоог хэлж байгаа юм.

Тухайлбал, Архангай аймагт  гэхэд энэ жил 100 хүүхэд Хүүхэд харах үйлчилгээнд хамруулна гэвэл нэг хүнд таван хүүхэд гээд 20 хүүхэд харагчийн квот гарах юм. Энэ 20 гэсэн квотыг Сангийн яам баталснаар санхүүжилт орох юм. Хувьсал зардал баг, сум, аймаг, хотод багахан зөрүүтэй байгаа.

Квотыг баталгаажуулчихвал cap бүрийн 15-ны дотор Хүүхдийн төлөө үндэсний газрын дансанд орж, тэндээс квотоороо тусгай шилжүүлгээр явчих юм. 

БСШУЯ, ХАХНХЯ-ны хамтарсан ажлын хэсэг Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн мэдээллийн давхцлыг арилгах журмыг боловсруулж байна. Энэ нь цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийг давхар Хүүхэд харах үйлчилгээнд хамруулж давхцуулах нөхцөл байдал үүсэх вий гэдгээс сэргийлж байгаа юм. Cap бүр давхцлыг шалгасны эцэст мөнгийг нь шилжүүлэх юм.

-Тэгэхээр яг хэзээнээс Хүүхэд харах үйлчилгээ эхлэхээр байна?

-Ирэх сарын 1-нээс иргэд Хүүхэд харах үйлчилгээгээ эрхлээд эхлэх байх гэж харж байна. 15 мянган иргэн ажлын байртай болно гэсэн тооцоо гаргаад байгаа.

x