Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдээ “Чихэр иддэг өдөр”-тэй болгоё

Г.Номин, iKon.mn
2013 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Хүүхдээ чихэр иддэг өдөртэй болгоё

Амны хөндий, шүд эрүүл байх нь хүний бие эрүүл байхын үндэс болдог. Иймээс амны хөндий, шүдийг угаах цэвэрлэх дадал хэвшлийг аль болох багаас нь хүүхэддээ хэвшүүлэх хэрэгтэй юм.

Харин манайхан хүүхдээ эрхлүүлж чихэр, жимс авч өгдөг хэрнээ шүдээ угаахыг огт заадаггүй, хүүхдүүд цэцэрлэгээс сураад ирэхээр нь хүүхэд маань шүдээ угаах болжээ гэж ойлгодог.

Гэтэл нярай хүүхдийн амыг зургаан сартайгаас нь содтой усаар өдөр бүр цэвэрлэж, ой хүрмэгц нь сойзоор угааж, хоёр настайгаас нь эхлэн хүүхдийн оо хэрэглэх ёстой ажээ.

“Эхийн хөхний сүүнд глюкоз ихээр агуулагддаг тул цахиур нь гарч эхэлсэн хүүхэдтэй эхчүүдийн хувьд хүүхдээ шөнөжин хөхүүлж, мөөм үлгүүлэх нь шүд цоорлын хамгийн эхний шалтгаан болдог” талаар Клиникийн нэгдсэн II эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Ц.Хүдэрмөнх ярьсан юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2000 оноос шүд цоорох өвчнийг халдварт өвчинд оруулсан байна. Учир нь эцэг эхчүүд хүүхэддээ хоолыг нь зажилж өгч, аяга халбагыг нь долоодог. Үүгээр нян дамжин хүүхдийн шүд цоорох тохиолдол бас их гардаг  байна. Энэ эрсдэл эцэг эхийн шүд өвчлөлтэй, цооролтой тохиолдолд бүр ч нэмэгддэг учир хүүхдээ амаараа хооллохоос татгалзах хэрэгтэй.

Хүүхдийн шүдний өвчлөл их байна

Энэ жил нийслэлийн эрүүл мэндийн газар, нүүр ам судлалын сургууль зэрэг холбогдох байгууллагаас хийсэн судалгаагаар 12 настай хүүхдийн 84 хувь нь, 5-6 настай хүүхдийн 94 хувь нь шүд цоорох өвчтэй байна. Бүр тодруулбал нэг хүүхдийн таваас зургаан шүд цоорхой байна гэсэн тоо гарчээ.

Гэтэл зургаан насанд хүүхдийн сүүн шүд байнгын шүдээр солигдох үйл явц идэвхтэй явагддаг бөгөөд энэ үед сүүн шүд эрүүл, бүтэн, байрандаа байх нь ясан шүд зөв хэлбэртэй ургахын үндэс болдог байна.

Иймээс хүүхдээ аль болох багаас нь шүд амаа цэвэрлэх дадал хэвшилд сургаж, шүдийг цоорч өвчлөхөөс нь өмнө эмчид тогтмол үзүүлж байх нь эдийн засагт ч хэмнэлттэй. 
Хамгийн гол нь таны хүүхдийн эрүүл амьдралын хэвшил баталгаатай болох юм.

Гадны орнуудад эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд анхаарал их тавьдаг

ГАДНЫ ОРНУУДАД ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ШҮД АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙД МАШ ИХ АНХААРДАГ

Япончууд хүүхдээ юм барьж, хөдөлгөж чаддаг болмогц л өөрт нь тохирсон сойз бариулж үргэлж хажууд нь шүдээ хэрхэн угаахыг зааж эхэлдэг байна.

Харин Швед, Австрит хүүхдүүд чихэр иддэг өдөртэй байдаг гэнэ. Чихрийн өдөр бол хагас сайн өдөр. Хагас сайн буюу та бүгдийн амралтын бямба гаригт л чихэр иднэ, бусад өдөр бол сүү тараг, жигнэмэг, элдэв төрлийн ногоо, махтай хоол гээд витаминлаг хүнс хэрэглэдэг юм байна. Ээж аав нь ч гэсэн хүүхдүүддээ бямба гаригт дуртай чихрийг нь авч өгөөд, бусад өдөр чихэр идэж болохгүйг тайлбарладаг, хүүхдүүд нь ч гэсэн сайн мөрддөг гэсэн.

Монгол хүүхдүүд ч гэсэн чихэр иддэг өдөртэй болж эрүүл мэндээ хамгаалах зөв дадал хэвшилд суралцахад болохгүй юм байхгүй.