Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөлөөс олдсон гэх агуй ӨМНӨ НЬ СУДЛАГДАЖ БАЙСАН УУ?

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Уг зургийг Б.Бат-Эрдэнээс авав. Тэрбээр агуйд орохдоо энэхүү зургийг авч, бусад бичлэгийг хийжээ

Сошиал сүлжээгээр өнөөдөр Б.Бат-Эрдэнэ хэмээх иргэн Хөвсгөл аймгийн нутгаас асар том хэмжээтэй агуй олсон тухай мэдээлэл цацагдсан билээ.

Бид Б.Бат-Эрдэнийг олж энэ талаар ярилцлаа. Б.Бат-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн уугуул иргэн бөгөөд өнгөрсөн оны сүүлээр Ренчинлхүмбэ суманд аялж яваад нэгэн агуй олжээ./Ренчинлхүмбэ сумын ямар газар гэдгийг тэр нарийн хэлэхийг хүссэнгүй/

Түүний хэлснээр энэхүү агуй нь асар том, дотор нь хүн, амьтны яс, амьтны арьсаар хийсэн хувцас, эд өлгийн зүйлс байсан аж. Тухайн үед гурвуулаа явж байсан бөгөөд таван цаг явахад агуйн цаад захад хүрээгүй, маш их бартаатай байсныг хэлсэн юм.

Агуйн температур ямар байсныг тодруулахад “Эхний арваад метр хүйтэн ч дотогш орох тусам дулаахан болж тасалгааны температурт хүрсэн. Агуйн том том чулуун дээр суухад тасалгааны сандал дээр сууж байгаа юм шиг бүлээн байсан” гэв.

Б.Бат-Эрдэнэ гуай агуйг олсон даруйдаа аймгийн Засаг даргад мэдэгдэхэд түүнийг уриалгахан хүлээн авч, БСШУЯ-нд нэн даруй мэдэгдэх хэрэгтэй хэмээн Соёлын өвийн төвийн ажилтнуудаараа дамжуулан бичиг хүргүүлсэн аж.

Тэрбээр Улаанбаатарт ирээд агуйд авсан бичлэг, зургаа үзүүлсэн бөгөөд тун удахгүй БСШУЯ-наас Хөвсгөл рүү мэргэжилтнүүд явуулж агуйг судалж, шинжилж, хамгаалах байх хэмээн боджээ.

Гэтэл яамны зүгээс хариу өгөлгүй сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Хүлээж тэсээгүй болохоор БСШУЯ-ны Соёлын өвийн газар руу ярихад “Хүн бүрийн өгсөн мэдээллийн дагуу бид очоод байх шаардлагагүй” гэжээ.

Б.Бат-Эрдэнэ төрийн байгууллагууд, соёлын өвийг хамгаалах ажилтнууд өөрийнх нь хэлсэн, үзсэн харсныг үл тоож байгаад гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн тэрбээр агуйд явж байхдаа утсаараа бичлэг хийжээ. Энэ бичлэгээ бидэнд үзүүлсэн ч олон нийтэд тараахыг зөвшөөрсөнгүй. Агуйн байршлыг нарийн хэлэхийг ч хүссэнгүй. Учир нь тэнд байгаа түүхийн дурсгал, эд өлгийн зүйлсийг алдах вий, судлагдахаасаа өмнө алга болох вий хэмээн эмээж байснаа нуугаагүй юм.

Харин түүний угаалгаж авчирсан зургийг буулгаж авахыг зөвшөөрсөн бөгөөд бид нийтэлсэн байгаа.

Б.Бат-Эрдэнэ гуай агуйд хийсэн бичлэгээ удахгүй фэйсбүүкт оруулж, олон нийтэд түгээх ажээ. Мөн хамт яваад сурвалжлага бэлтгэх сэтгүүлчид байвал Хөвсгөл рүү явахад ч бэлэн байгаа тухайгаа хэлэв.

Бид түүнээс “Энэ агуйг өмнө нь хэн ч мэдээгүй гэдэгт итгэлтэй байна уу. Нутгийн иргэд мэдэх үү?” хэмээн асуухад Б.Бат-Эрдэнэ “Энэ агуйд Ардчилсан засаг байтугай Ардын засгийн үед ч хүн орж байгаагүй гэмээр юм билээ. Учир нь гаднаас нь харахад агуй байгаа гэж төсөөлөхөөргүй харагддаг. Нутгийн иргэд ч мэдэхгүй” гэв.

БСШУЯ: Бод малын гэмээр чөмөгний том яснаас өөр яс байгаагүй

Энэ талаар БСШУЯ-ны хэвлэлийн ажилтнаас тодруулахад эсрэг байр суурьтай байна. Тэрбээр энэ талаар олон нийтэд дараах мэдээллийг хүргэлээ:

“Хөвсгөлөөс олдсон агуйн тухай

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хуйтын давааны агуй. Сумын төв нь аймгийн төвөөсөө 250 км, агуй сумын төвөөсөө 20 орчим км зайд байдаг. Сумын соёлын төвийн соёлын өв хариуцсан ажилтан н.Чинбатын 2015 онд өгсөн мэдээллээр Хуйтын давааны агуй нь жижиг үүдээр ороод дотроо гурван хоолой, доошоо нэг хөндийтэй. Нэг хоолой нь 4-5 метр урттай. Ханан дээр ямар ч зураг, дүрслэлгүй. Бод малын гэмээр чөмөгний том яснаас өөр яс байгаагүй. Хүний гараар бүтээсэн гэх нэг ч зүйл байгаагүй. Нутгийн ард энэ агуйг мэддэг байжээ.

БСШУЯ 2015 онд орон даяар соёлын өвийн нэгдсэн бүртгэл, тооллого хийхэд ийм мэдээлэл өгсөн байна" гэжээ.

Ямартай ч Хөвсгөлөөс олдсон агуйн тухай хувийн болон албаны байр суурь ийм байна. Б.Бат-Эрдэнэ гуайн хувьд тэрхүү агуйг цоо шинэ нээлт хэмээн үзэж байгаа бол БСШУЯ-наас өмнө нь судлагдсан агуй хэмээн тайлбарлалаа.