Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

ИХ ХҮРЭЭ СУУРЬШСАН ТУХАЙ ДОМОГ

МОНСУДАР
2016 оны 1 сарын 6
Монсудар
Зураг зураг

Хувилбар-1:

Дайны хөлд хоёр гурван ч удаа идэгдсэн гээд Хүрээг төв сайн газар суурьшуулахын тулд газар шинжиж үзэх шинжээчдийг явуулдаг байжээ. Одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг Усансээр гэдэг газар Хүрээ түр суудаллаж байхад хэд хэдэн шинжээчдийг зарж явуулсан юм гэнэ лээ.

Тэд газар үзэж явсаар байгаад хоёр Тамирын бэлчир Тоглохын талд ирээд “Энэ их сайхан, үзэсгэлэнтэй газар хүрээ барья” гэхэд өвгөн шинжээч “Морь малаа амраана, тэгээд шинжиж үзье” гэжээ. Тэгээд өвгөн шинжээч тэнд буугаад маргааш өглөө нь нар ургахаас урьд зүүн уулын орой дээр гараад нар шингэтэл сууж байгаад ирэв.

Хүрч ирээд, “За хүүхдүүд, зуун зул бэлд” гэж хэлжээ. Дагалт залуус нь зуун зул бэлдээд тавьсан чинь маргааш өдөр нь их бүгчим дүнгийн халуун болж, салхигүй байсанд зуун зулаа, зуун газар асааж тавиад хаанаасаа салхи дэвэх нь вэ, яаж жаргах нь вэ гээд тэмдэглээд өдөр өнжсөн гэлцдэг юм. 

Тэгээд орой хүрч ирээд “Зуун хомоол бэлд!” гэхээр нь өнөө олон залуучууд “Түрүүн зуун зул бэлд гэж байсан, одоо бас зуун хомоол шатааж баахан түвэг удах нь” гэж хоорондоо дооглон хэлцэж байгаад зуун хомоол бэлдээд тавьж орхив. 

Өвгөн шинжээч өглөө нь босож ирээд хуурай адууны хөх хомоолуудыг ялгуулж аваад жаахан сэвэлзүүр салхитай довцогдуухан өндөрт тавиад газрыг нь тойруулж зураад нөгөөдүүлтэйгээ хаанаасаа хаашаагаа салхитай байхыг харж сууж байгаад орой хүрч ирж гэнэ. Тэр шөнөө унтаад, өглөө нь бүр айвуу тайвуу босоод, ном судар дэлгэж эргүүлж үзэж байгаад нар шингэхийн алдад баруун уулын орой дээр гараад үүр цайтал сууж байгаад ирэв гэнэ. 

Нөгөө өвгөн хүрч ирээд “Алсын нь уулыг харвал арслан, зааны хэлбэртэй, сайхан хот барих ариун буяны нутаг байна. Хур шим жигд буусан их сайхан нутаг байлаа ч хот барих ёсыг мэдэж, хожим хойтын үйлийг бодлоо. Шивээ өвс гандахгүй үед шинжих гэж зуун зул асаалаа, зуны эхэндээ бүгчим юм байна. Зуун хомоол тавьж үзлээ, жилийн эхэндээ салхитай юм байна.

Үүрээр буусан манан үдшээр буусан чийгийг харахад өвлийн ихэнх сардаа хүйтэрч, цас хунгарладаг газар юм байна. Урд уулыг ажин ажин харахад араг үүрсэн гуйлгачин бүсгүйн дүртэй тул хүрээг энд байгуулбал ядуурч зүдүүрэх юм байна” гэжээ. Ийнхүү шинжиж, дамжиж явсаар байгаад Дамбадаржаагаар дайрч Хүн чулууны хонхорт ирээд “Урд уул нь мөнгөн ембүү хэлбэртэй, урсгал ус нь хадаг мэт намилзсан ийм сайхан газар хүрээ хотыг байгуулж болно.

Өлөн барын ходоод шиг өлзийтэй энэ ууланд хүн, амьтан суурьшиж, Хүн чулуун хонхорт хүний мөр тасрахгүй юм байна. Гэвч би мэдлээ ч гэсэн Бээжин мэднэ, мань мэдлээ ч гэсэн Манжийн хаан мэднэ” гэжээ. Нөгөөдүүл нь өөр хоорондоо өвгөнийг дооглонгуй байж гэнэ. 

Тэрнээс хойш хойтон намар нь Манжийн хааны их зурхайч ирж энэ газрыг үзэхээр боллоо гэсэнд өвгөн шинжээч өөд уруугүй харайж итгэлт шавиараа тосуулаад, Бээжингээс гарахын наахан талд уулзаж “Өвгөн болсон таныг өвлийн хүйтэн, сэрүү орсон цагаар ийш тийш нь явуулаад яахав, бид шинжүүлэх газраа үзүүлье” гээд Манж эзний түшмэлд их гарын бэлэг өгч анхлаад Зуун модны урд дэнжийг үзүүлж “Өндөр уулын энгэрт үзэсгэлэнтэй сайхан дэнж байна, энэ болох уу” гэсэн чинь “Манжийн хааны их зурхайч үзэж үзэж ус муутай юм байна, удаан суурьшиж болохгүй” гэжээ. Тэгэхээр нь сөргүүлээд “Ойр хавийн газар олигтой юм байна уу, та үзэж хайрлаач” гэсэн чинь өнөөх зурхайч Хүн чулууны хонхорт хүрч ирээд: 

– Ар талд нь алтан бумбын рашаантай, амьд мөнхийн устай, их сайхан газар байна, энд хүрээ байгуулж болно гэхлээр нь: 
– Манай Монгол зурхайч нар тааруухан л гэсэн юм даа гэвэл: 
– Хай, танай монголчууд, таанууд юу мэднэ ваа гээд зөвшөөрөл өгөхөөр болж гэнэ. 

Манж эзний их зурхайч зөвшөөрсөн боловч анх манай Монголын их шинжээч үзэж тогтоогоод Хүрээ энд суурьшсан гэнэ. Өвгөн шинжээч “Бидний монголчуудыг басамжилж, энэ газрыг бид шинжчихсэн юм гэхээр дээрэнхүйлж чирэгдэл түвэг учруулна” гэдгийг мэдээд зориуд үл мэдээчин болж аягласан, тэгээд эхлээд дүйвүүлэх маягаар Зуун модны газрыг үзүүлж байсан, ийм учиртай гэж ярьдаг юм. 

Хувилбар-2

Өргөө хотыг нэг газар суурьшуулахаар болж хаана байгуулахаа шийдэж ядан газар шинжих түшмэдийг зүг бүрт нь явуулжээ.

Явсан түшмэдийн нэг хэсэг нь газар эрж эрж Тамир голын хөндийд л суурьшуулбал зүгээр юм гэлцэж байв. Гэтэл тэр орчимд хоёр чулуун хөшөө тааралдав.

Энэ чинь хүүхдээ дагуулсан гуйлгачин шиг яасан ч эвгүй газар вэ? гэлцэн өөр газар хайж олохоор цааш явтал наран шингэхийн алдад олон адуу туусан цал буурал сахалтай өвгөн тааралдсанд Богд ноёны өргөө суурьшуулах газар эрж яваа учраа хэлэв.

Өвгөн үүнийг сонсоод “Би Богд ноёнтонд юм барих гэсэн юм” гэв. Түшмэд бэлгийн сураг дуулаад өөрсөндөө ч бас хоосон байхгүй биз гэж бодоод дуртай зөвшөөрчээ. Өвгөн “Маргааш би гэртээ харина. Иймд нөгөөдөр бага үдийн хэрд уулзъя” гэв. Ингээд өвгөн яваад өгчээ. Түүний нэрийг Ерэнтий гэдэг аж. 

Гэртээ харихыг бодоход хөсөг тэргээр бэлэг авчрах биз гэлцэн түшмэд болзсон цагт нь хүлээж байтал өвгөн дан морьтойгоо ирж том хадаг барин “Миний хэлэх үгийг цөмийг алдалгүй тэмдэглэж аваад богдод хүргүүл” гэв. Тэгээд: “Би эзэн хаандаа алтан мандарваа нэгийг, бас тасаршгүй мяндас, алтан тэвштэй хамт барьж байна” гэж хэлчхээд яваад өгчээ. Түшмэдийн шунахай зарим нь “Их бэлэг амласан атал хоосон үгээр тоглоом хийв.

Барьж шийтгэ” гэлцэн байтал нэг нь “Энэ ер нь учиртай үг байх” гээд Богдод элчээр хүргүүлэв. Богд өвгөний үгийг сонсоод учрыг олж ядан цэцэн хүнээс асуутал, “Энэ чинь та нарын эрсэн газрыг битүүхэн заасан үг байх. Тийм газар эрж ол” гэв. Түшмэд эрж явсаар заасан газрыг нь олов. Алтан мандарваа гэдэг нь Богд уул, тасаршгүй мяндас гэдэг нь Туул гол, Алтан тэвш гэдэг нь хойд энгэр нь юм санжээ. Ингээд энд хүрээг суурьшуулжээ.

“МОНСУДАР” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Монгол ардын аман зохиолын “УТГА СОЁЛ” цувралын III дахь боть болох “ДОМОГ” номоос бэлтгэв.