Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Богд хаант Монгол Улсын үеийн ТҮҮХ СУДЛАЛЫГ үндэслэгчдийн нэг Л.Дэндэв

ikon.mn
2015 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Богд хааны ордон музейгээс Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойд зориулсан арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

​Энэ жил уг түүхэн тэмдэглэлт ойн 104 жил тохиож буйтай холбогдуулан Шинжлэх ухааны академи, Түүх, археологийн хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 104 жил, Монголын нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, манж судлаач Лхамсүрэнгийн Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдмийн хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд хааны ордон музейд зохион байгуулах гэж байна.

Тус өдөр зохион байгуулагдах эрдмийн хуралдааны хөтөлбөр үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

  • Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 104 жил, мөнхүү хувьсгалын түүх судлалыг үндэслэгчийн нэг нэрт түүхч Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Монголын товч түүх”-ийн дээжис” сэдэвт үзэсгэлэн
  • “Монголын нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, манж судлаач Лхамсүрэнгийн Дэндэв: Амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах юм.

Доктор С.Чулуун нэгэнтээ Л.Дэндэвийн туурвисан “Монголын товч түүх” нэгэн сэдэвт бүтээл нь орчин цагийн Монгол улсад эх орныхоо түүхийг Монголчууд анх удаа олон ботиор хэн нэгний нөлөөгүйгээр туурвиж бичсэн анхны оролдлого юм” хэмээн дүгнэсэн нь бий. Түүний туурвисан “Монголын товч түүх” бол Богд хаант монгол улсын үеийн түүхийг бичихдээ 1911-1920 оны үед болсон түүхэн үйл явдлыг биеэр үзсэн, тэр цагийн үйл явдлыг сайн мэдэхийн дээр урьдах үеийн сурвалж бичиг болон архивын албан баримт сэлтэд тулгуурлан тусгайлан судалж туурвисан нэлээд чамбай сайн зохиол юм хэмээн гадна дотны олон эрдэмтэд нотлон өгүүлсэн байдаг. “Монголын товч түүх” ном нь 1934 онд бичигдсэн бөгөөд Богд хаант монгол улсын үеийн түүх судлалыг үндэслэгчдийн нэг яах аргагүй Л.Дэндэв абугай болно.

Лхамсүрэнгийн Дэндэв нь 1895 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг (одоогийн Төв аймгийн Баян сумын нутаг) Цант хэмээх газарт ард Лхамсүрэнгийн гэрт төржээ. 1906 онд Хүрээнд манж, монгол, хятад бичгийн сургуульд суралцаж байсан бөгөөд 1911 онд Монгол оронд үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөж ялалт байгуулснаар шинэ байгуулагдсан дотоод яаманд 1917 он хүртэл бичээчээр, 1917-1919 оны хооронд эх зохиох түшмэл, бусдад мөнгө зээлдүүлэх газрын түшмэлээр хоёр жил гаран тус тус ажиллажээ. Л.Дэндэвийг төрийн аливаа хэрэгт осолдуулалгүй, албанд үнэнч зүтгэснийг Монгол төрөөс үнэлэн 5 дугаар болон 3 дугаар зэргийн жинс, 1919 онд улсад туслагч гүнгийн зэрэг, хүрэн жинсээр тус тус шагнан хөхүүлсэн байна.  Л.Дэндэв тэр үеийн Дотоод хэргийг бүгд захирах яаманд түшмэлийн алба гүйцэтгэхээс гадна тухайн үеийн хууль ёсны дагуу Улсын Дээд, Доод хурлын төлөөлөгчөөр орж улс орны нийгэм-эдийн засаг, улс төрийн хамааралтай аливаа асуудлыг хэлэлцэхэд гар бие оролцож байв.

Гэвч Монгол төрийг харийн Гамин хятад цэргүүд хүч түрэмгийлэн устгасан тул Л.Дэндэв өөрийн уугуул нутаг болох Дархан чин вангийн хошуундаа очиж  "мээриний занги”-ийн албанд ажилласан байна.

Харин удалгүй 1921 онд Монгол төр дахин сэргэсэн тул Л.Дэндэв талархан угтаж дахин төрийн түшмэл албанд тохоон томилогдов. Тэрээр мөн л дотоод яаманд эх зохиох түшмэлээр 1922 оноос тус яамандаа эрхэлсэн түшмэлээр дэвшин ажиллав. Мөн энэ хугацаанд тэрээр “Цэргийн сурган боловсруулах газрын даргаар давхар томилогдон ажиллаж байжээ.

1925-1930 оны хугацаанд Шүүх яамны сайдаар ажиллажээ. Мөн 1925-1929 онд Улсын II, III, IV, V Их хурлаас Улсын Бага хурлын гишүүнд сонгосон юм. 1930 онд Шүүх яамны сайдын албан тушаалаас халагдан 1932 оны эхэн хүртэл өөрийн хошууны нутагтаа хөдөө гарч биеэ сувилан мал маллаж байжээ. 

Л.Дэндэв 1932 оны зунаас Шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч даргын албан тушаалд томилогдов. 1934 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ даргаар Сайд нарын зөвлөлөөс албан ёсоор томилжээ. Тэрбээр 1940 оны 5 сар хүртэл Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар ажиллахдаа орчин цагийн шинжлэх ухааныг Монголд хөгжүүлэх, түүний үндэс суурийг тавих, үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх, бичиг соёл их өвүүдийг цуглуулах, хадгалах хамгаалах, хэвлэн нийтлүүлэх нөр их ажлыг ХХ зууны Монголын түүхийн хамгийн ээдрээтэй хүнд хэцүү үед өөрийн нуруун дээр үүрч гарсан юм.

Цаг үеийн ороо бусгаа байдал Л.Дэндэвийг тойрч гараагүй юм. 1941 оны зун Дотоод яамнаас баривчлан хилс хэрэг тулган 25 жил хорих ялаар шиитгэж хөрөнгийг нь хураажээ. 1946 оны 7 сард хуучин хуулиар шийтгэгдсэн учир хэмээн Л.Дэндэвт 10 жилийн ял тулган эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Гэвч 1946 оны Улсын Бага Хурлын Тогтоолоор Ардын Хувьсгалын 25 жилийн ойгоор түүнийг суллажээ.

Тэрбээр суллагдсаныхаа дараа ШУХ-ийн харьяа улсын архивт манж хэлний орчуулагч мэргэжилтнээр ажиллахаас гадна шинэ тутам байгуулагдаад байсан МУИС-д манж хэлний хичээл зааж, дээд боловсролтой үндэсний боловсон хүчин бэлтгэх ажилд сурсан мэдсэнээ харамгүй зориулах болжээ. Тэрбээр олон арван ном бүтээл туурвиж, мөн төдий тооний өгүүлэл илтгэл бичихийн зэрэгцээ манж хэлнээс олон сонирхолтой орчуулга хийснээс гадна их хэмжээний хянан тохиолдуулсан очуулга зэрэг нөр их хөдөлмөр зүтгэлийг нь өнөө бид мартах учиргүй билээ. Энэ бүгдийн төгсгөлд нуршин өгүүлбээс Л.Дэндэвийн “Монголын товч түүх” нь Монголын хамгийн анхны гэрэл зурагтай ном ажээ.
    
Эх сурвалж: Л.Дэндэв “Монголын товч түүх” монгол бичгээс крилл үсэгт буулгаж, өмнөх үг, намтрын товчоон, бүтээлийн цэс, тайлбар хийж хэвлэлд бэлтгэсэн доктор С.Чулуун. УБ., 2012 он.

ХӨТӨЛБӨР/Зураг дээр дарж ТОМООР үзнэ үү/