Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

STRATFOR: Ирэх арван жилд дэлхий яаж өөрчлөгдөх вэ?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 28
iKon.MN

Strategic Forecasting буюу Stratfor хувийн судалгааны фирм ирэх арван жилийн дэлхийн улс төр, эдийн засгийн төлөвийг таамагласан Decade Forecast судалгааны тайлангаа гаргажээ.

Энэ тайланд дурдсанаар ирэх арван жилд дэлхий маань амьдрахад улам аюултай газар болж хувирахаар байна.

Ингээд тэдний гаргасан ирэх арван жилд дэлхийд болох 11 үйл явцыг танилцуулъя.

 

Орос улс задарна…

 

Москваг гаднаас унагахгүй, гэхдээ Москвагийн Оросын холбоог хянах чадвар алга болно. Үлдсэн орон зайд нь хэд хэдэн бие даасан хэсгүүд бий болно.

Хориг арга хэмжээнүүд, газрын тосны үнийн уналт, рублийн ханш сулрал, цэрэг, батлан хамгаалахын зардлын өсөлт, дотоодын зөрчилдөөн зэргээс болж Оросын төв засгийн газар дэлхийн хамгийн том улсыг захирч чадахаа болино. Орос орон хэдийгээр албан ёсны бие даасан улсууд болж задрахгүй ч хэд хэдэн хагас автономит бүсүүд болж хуваагдана.

Тайланд дурдсанаар Орос улс ямар ч байсан өнөөдрийн хэлбэрээрээ байх боломжгүй тул албан, албан бус ямар нэг хэлбэрээр задарна гэжээ.

 

АНУ Оросын үлдсэн орон зай дахь цөмийн зэвсгийг хянах болно

 

Оросын цөмийн зэвсгийн дэд бүтэц газарзүйн маш том орон зайд тархсан байдаг. Хэрвээ Stratfor-ын таамаглал биелэлээ олбол цөмийн зэвсэг, түүхий эд, түгээлтийн систем зэрэг нь хуваагдаж маш аюултай орон зай бий болно. Stratfor үүнийг ирэх арван жилийн хамгийн том айдас болж магадгүй гэж үзэж байна. Үүнийг зохицуулахын тулд АНУ хуурай замын цэрэг ч оруулж болзошгүй гэнэ. Ийм хэмжээний гамшгийг зохицуулах чадал зөвхөн Вашингтонд байгаа гэж үзэж байгаа аж.

 

Герман асуудалтай тулгарна

 

Герман бол экспортоос хамааралтай эдийн засаг бөгөөд Европын Холбооны тив даяарх худалдааны либералчлал, нэгдсэн евро валютаас маш их ашиг олдог улс. Харин еврогийн хямрал гүнзгийрч, Европын нэгдэлд үл итгэх үзэл нэмэгдэхийн хэрээр тэдний эдийн засагт асуудал тулгарна.

Германы дотоод хэрэглээ уг экспортын бууралтыг нь нөхөж чадахгүйн улмаас Японтой адилхан зогсонги байдалд орно.

 

Польш улс Европын нэг тэргүүлэгч орон болно

 

Германд ийм хямрал өрнөж байхад түүний зүүхэн талд Польш улс эдийн засгийн өсөлтийн шинэ төв болж улс төрийн нөлөө нь нэмэгдэнэ.

Польшийн хүн ам Европын бусад том улсуудынх шиг буурахгүй. Мөн тус улсын газарзүйн байрлал үүнд чухал нөлөөтэй. Оросын баруун хил дээр орших Европын шинэ хүчирхэг улс бий болох боломжтой.

Гэхдээ үүнд АНУ-тай ойр, урт хугацааны стратегийн түншлэл хөгжүүлж байж л ийм боломжинд хүрнэ гэж үзжээ.

 

Дөрвөн Европ бий болно

 

Төдийлөн урт биш хугацааны өмнөөс улс орнуудынх нь улс төр, эдийн засгийн ялгаа арилж, үндсэрхэг үзэл, жалга довны үзэл алга болсноор Европ нэгдэх зогсолтгүй явц эхэлсэн.

Гэвч ирэх арван жилд эргээд хуваагдах явц бий болно хэмээн Stratfor үзэж байна. Ингэхдээ Европын дөрвөн бүс нутаг хоорондоо аажмаар ялгарч эхлэх гэнэ. Үүнд Баруун Европ, Зүүн Европ, Скандинав, Британий арлууд байх аж. Хэдийгээр хөршүүд хэвээр байх ч урьд өмнөхөөсөө илүү холдож эхлэх аж.

Европын Холбоо ямар нэг хэмжээгээр тэсч үлдэх ч эдийн засаг, улс төр, цэрэг армийн хувьд маш бага хамааралтай дэд бүсүүдэд хуваагдана гэж Stratfor үзжээ.

 

Онцгой шалтгаанаар Турк, АНУ ойрын холбоотнууд болно

 

Арабын хэд хэдэн орон чөлөөт уналтын горимд байна. Энэ эмх замбараагүй байдал ойрын үед шийдэгдэж чадахгүй. Гэвч эндээс хамгийн их хожих улс бол харьцангуй тогтвортой, хүчирхэг, Хар тэнгисээс Сири, Ирак хүртэл орон зайг эзэлдэг Турк болно.

Турк нь хэдийгээр хилийн цаана болж байгаа зөрчилдөөнд оролцох дургүй байх ч эцэстээ оролцох нь гарцаагүй. Түүний газарзүйн, эдийн засгийн давуу байдал нь Туркийг АНУ-ын хамгийн ойр түнш болоход хүргэнэ. Гэвч үүний хариуд Турк АНУ-аас түүний хойд талын, түрэмгий сэтгэхүйтэй, хөрш Арменид нь цэргийн баазтай Оросоос хамгаалахад туслахыг хүсэх болно. Туркийн хүсэлт бол Москвагаас хамгаалах.

Гэхдээ АНУ-д ч энэ нь үнэтэй тусах тул Туркээс ихийг шаардах, тухайлбал дайнд идэвхтэй оролцохыг хүчтэй шаардаж чадахгүй. Гэхдээ л ямар нэгэн хэлбэрээр Хар тэнгисийн орчмыг хамтран зохицуулах болно гэжээ.

 

Хятад улс том асуудалтай тулгарна

 

Хятадын хувьд эдийн засгийн өсөлт нь буурч, эрх баригч Коммунист намд итгэх олон нийтийн итгэл суларсан хүндхэн арван жил хүлээж байна.

Гэвч нам либералчлах бодлого явуулахгүй, хүчээр дотоод асуудлаа шийдсээр байх юм бол тус улсад эмх замбараагүй байдал бий болох гэнэ. Бээжингийн өөр нэг томоохон асуудал бол газарзүйн хувьд тэгш бус хөгжил. Эрэг орчмын хотууд хөгжин дэвшсээр байх ч Хятадын газар нутгийн цөм нь олон улсын зах зээлээс хол, харьцангуй ядуу хэвээр байгаа юм. Хятад улсын хотжилт эрчимжихийн хэрээр энэ байдал улам бүр дордоно.

Энэхүү газарзүйн хуваагдал нь эцэстээ улс төрийн хямралд хүргэж болзошгүй. Тухайлбал эрэг хавийн чинээлэг хэсгийн баялгийг ядуу буурай бүс нутагт шилжүүлэх нь Бээжингийн эсрэг эргийнхний тэмцэлд хүргэх магадлалтай гэжээ.

 

Япон улсын тэнгисийн хүч Азид тэргүүлнэ

 

Япон бол далай тэнгисийн олон зууны уламжлалтай, хэд хэдэн импортоос хамааралтай үндэстэн. Харин Хятад улс өөрийн далайн хүчийг нэмэгдүүлж Зүүн Хятад, Өмнөд Хятад, Энэтхэгийн далайн тээврийн замуудыг хянах гэж оролдох нь гарцаагүй. Ингэхэд Япончууд өөрийн импортын замуудыг Хятадаас хамгаалахаас өөр замгүй болно. АНУ-ын энэ бүс нутаг дахь нөлөө буурах тул үүнийг өөрсдийн хүчээр хийхээс өөр аргагүй болно.

Яг одоо Япон өөрийн далайн замуудыг АНУ-ын хүчээр хамгаалуулж байгаа. Харин яваандаа Америкчуудын энэ бүс дэх нөлөө суларч, Япончууд өөрийн далайн хүчийг нэмэгдүүлэхээс өөр замгүй болох гэнэ.

 

Өмнөд Хятадын тэнгист дайн болохгүй ч…

 

Бүс нутгийн тоглогчид Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудын маргааныг дайн болгон өргөжүүлэх сонирхолгүй байна. Гэхдээ л энэ асуудал нь тэдний хувьд эмзэг сэдэв байсаар байх гэнэ.

Жижиг арлуудын төлөө дайн хийж, тэндээс бага зардалтай ч ашиг багатай эрчим хүч олборлох нь аль ч улсын сонирхолд нийцэхгүй. Харин үүнээс илүүтэй хуучны гурван талын тоглолт дахин сэргэж эхэлнэ. Хүч нь буурч байгаа Орос далай тэнгис дэх өөрийн ашиг сонирхлыг хамгаалж чадахаа болих бол энэ орон зайг Хятад, Япончууд эзлэхээр өрсөлдөх гэнэ. Хэдийгээр Өмнөд болон Дорнод Хятадын тэнгист дайн гарахгүй ч их гүрнүүдийн тоглолт Зүүн Азид эргэж ирнэ.

 

16 бяцхан Хятад бий болно

 

Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, үйлдвэрлэх чадвар нь зогсонги байдал орно. Харин энэ нь хэд хэдэн оронд сайхан завшаан болох юм.

Хятадын үйлдвэрлэх ажлын орон зайг нийтдээ 1.15 тэрбум хүн амтай 16 орон эзлэх болно.

Эдгээр нь Мексик, Никарагуа, Доминиканы БНУ, Перу, Этиоп, Уганда, Кени, Танзани, Бангладеш, Мьянмар, Шри Ланка, Лаос, Вьетнам, Камбож, Филиппин, Индонез улсууд байх ба ирэх арван жилд эдийн засаг нь өсөж, дэлхийн ихэнх үйлдвэрлэх ажлыг өөртөө хүлээж авна.

 

АНУ-ын хүч нөлөө суларна

 

Ирэх арван жилд дэлхий улам бүр таашгүй, дэг журамгүй болох тул АНУ ч дэлхийн асуудлуудад тэргүүлэгч байр сууринаас оролцохоос илүүтэй болгоомжтой, эрсдлээс зайлсхийсэн бодлого явуулна.

Эдийн засгийн өсөлт, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт, экспортын бууралт зэргээс хамаарч дэлхийн хамгийн тогтвортой бүс нутаг болохын хэрээр АНУ дэлхийн хямралаас өөрийгөө тусгаарлах болно.

Өөрөөр хэлбэл АНУ нь дэлхийн эдийн засаг, улс төр, цэрэг армийн гол хүч хэвээр байх ч дэлхийн хэрэгт урьд өмнөхөөсөө бага оролцоотой улс болох гэнэ.

 

Эх сурвалж: Stratfor.com