Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батсайхан: Манжийн эрхшээлд байсан улсаас тусгаар тогтносон нь Монгол

Ч.Үл-Олдох
2015 оны 12 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

“Соён гэгээрлийн цуврал” булангийн зочноор Монгол Улсын Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайханыг урилаа.

-Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр удахгүй тохионо. Энэ өдрийг түүхэнд хэрхэн тэмдэглэж ирсэн байдаг вэ?

-Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр гэж 2011 оноос сэргээн тэмдэглэж ирсэн. Энэ шийдвэрийг Монгол Улсын Их хурал 2001 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр гаргасан байдаг. Их, бага, цөөхөн хүрээнд гэдэг нь хамаагүй, ямартай ч энэ өдрийг тэмдэглэдэг болсон нь том дэвшил юм. 

1911 оныг хүртэл буюу хоёр зууны турш Эзэн Чингисийн талыг нь эзэлж явсан дэлхийн газрын зураг дээрээс Монгол гэсэн нэртэй улс алга болчихсон байсан. Тэгвэл эргэн сэргэж, дэлхийн газрын зурагт орж ирсэн өдөр нь 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу арванхоёрдугаар сарын 29 юм. 

Ер нь бол энэ өдрийг монголчууд эртнээс үндэсний баяр болгон тэмдэглэж ирсэн. Тухайлбал, 1912 онд гаргасан Богд хааны зарлиг бий. Тэр дагуу 1922 он хүртэл тэмдэглэсэн. Дараа нь Ардын засгийн шийдвэрээр өөрчилж жил бүрийн долдугаар сарын 11-нд тэмдэглэдэг болсон.

-Сүүлийн үед бүх нийтийн амралтын өдөр болгосноор ач холбогдлыг нь бууруулж байх шиг?

-Энэ өдөр монголчуудад ямар ач холбогдолтой вэ гэдгийг олон талаас бодох хэрэгтэй. Нэгдүгээрт, улс орон маань тусгаар тогтнолоо баталгаажуулсан маш чухал өдөр шүү дээ. Аливаа улс үндэстний тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө бол хамгийн үнэт зүйлийн нэг юм. Бид тусгаар улс учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, үндэсний компани гэж бий гээд л омогшдог шүү дээ. Нөгөө талаас үзвэл, бидний урд хөрш олон сая хүн амтай Хятад гэж том гүрэн байна. Энэ бол Манж Чин гүрний эрхшээлд байсан гүрэн.

Тэгвэл Манжийн эрхшээлд байсан улс үндэстэн дотроос тусгаар тогтнолоо олж гарсан цорын ганц субъект нь Монгол Улс. Бусад нь өнөөг хүртэл тэр том гүрний хяналтад байна. Энэ талаас нь харвал, 1.5 сая шоо метр газар нутагтай, гурван сая орчим хүн амтай Монголын гал голомтыг өөрийнх нь нутагт сэргээсэн явдал бол Монгол үндэстний баялаг түүх, үндэстний өөрийн гал голомтыг авч үлдсэн онцгой чухал үйл явдал, тэмдэглэлт өдөр юм. Харин нэг зүйлийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Тэр бол бид түүхээсээ холдсон явдал. Магадгүй холдуулсан ч байж болох юм.

-Тухайлбал?

-Монголчууд наана гэхэд 200, цаашилбал 300 жил түүхээсээ холдсон. Тэгвэл Богд хаан галыг нь тасалчхаагүй 1911 онд сэргээсэн. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр ард иргэд Монгол дээл, хувцсаа өмсч, уламжлалт соёлын зүйлүүдээ бүх талаа шингээсэн байх, төрийн түшмэлийн хувцас бүгд пүүз, соёмботой байх, хэрэглэж байгаа тамга тэмдэгт нь гадны үсэг хэрэглэхгүй байх ёстой гэж зарлиг буулгасан.

Монголын үнэт зүйлс монгол үндэстний дархлаа болсон зүйлүүдээ нандигнах ёстой гэдгийг энд онцгойлон Богдын зарлигаар “шингээсэн бай” хэмээн хэрэгжүүлж ирсэн байдаг юм. Мөн төрийн түшмэл, нийт монголчууд эрхэмлэн дээдлэхийг зарлиг болгосон. Энэ бол 1910 аад оноос хэрэгжүүлж ирсэн хууль.

Гэвч 192 онд Ардын засаг гарч ирснээр социализмын үе эхэлж бидний үүх түүхийг хойш тавьж үндсэндээ социализмын онолоор явах хэрэгтэй гэж ярьж, хэлж байв. Тэр үе, Чингис хааны сургааль захиасыг судалж сурталчилж байсан хүмүүс хэлмэгдэж, амьдралгүй ажил албагүй болж байлаа.

Алтан ургийн тайж угсаатнууд, номтой лам нарыг хэдэн арван мянгаар нь хоморголон устгаж, хэлмэгдүүлсэн Монгол үндэстний хувь, үнэт зүйлс нь бүдгэрсэн. Энэ үүднээс авч үзвэл монголчууд ямар ч байсан энэ өдрийг тэмдэглэдэг болсон нь, энэ өдөр ядаж Монгол дээл, хувцсаа өмсч, уламжлалт соёлын зүйлүүдээ бүх талаар шингээсэн байх, төрийн түшмэлийн хувцас бүгд пүүз, соёмботой байх, хэрэглэж байгаа тамга, тэмдэгт нь гадны үсэг хэрэглэхгүй байх ёстой гэж зарлиг буулгасан.

Энэ үүднээс авч үзвэл, монголчууд ямар ч байсан энэ өдрийг тэмдэглэдэг бөх барилдуулдаг болж байгаа нь, Ерөнхийлөгч төрийн шагнал олгож байгаа зэрэг нь ололт юм. Мөн монголчууд Чингис хаантай холбоотой болох гэж Тэмүүжин гэсэн овог авдаг, угийн бичиг, өрх гэр, хамаатан саднаа таньж мэдэх гээд ургийн баяр хийж, түүх соёлоо судлан аймаг, хошуугаараа бичиж байгаа нь монголчууд түүхээ сонирхож, өөрсдийгөө таних гэж оролдож буй явдал гэж бодож байна. Энэ сайн зүйл. Нөгөө талаас, социализмын үед байсан зүйлүүд байсаар байна. Манайхан социализмаасаа, тэр сэтгэлгээнээсээ салж чадаагүй. Харин улс үндэстний хувьд авч гээхийн ухаанаар хавдвал, аль нь дээр вэ гэдгийг өөр өөрсдийн толгойгоор шүүн тунгаах нь зүйтэй.

-Өнөөдөр 100 гаруй жилийн өмнөх арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Их хүрээнд болсон үйл явдлыг эргэн сануулбал, ямар дүр зураг харагдах бол?

-Тэр үеийг хүртэл Богдын өргөө, Их хүрээ гэж явсаар монголчуудын тусгаар тогтнолоо олсон өдрөөс Нийслэл хүрээ гэсэн нэртэй болсон байдаг. Сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн нийслэл анх удаа Богдын хүрээ тэр.

Тухайн үед нийслэл хүрээний төв хэсэг одоогийн МУИС-ийн I, II, III байр, түүний зүүн хойд талд Богдын шар ордон гэж байдаг. Хүрээнд нийтдээ 30-50 мянган хүн амьдардаг байсан. Тэгвэл 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өглөө Богдын Шар ордны өмнө нүд алдам олон хүн цугласан байлаа гэж судлаачдын тэмдэглэлд бий.

Сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн нийслэл анх удаа Богдын хүрээ тэр.

Ихэнх нь бурхны шашинтнууд, түүн дээр Халхын дөрвөн аймгийн хан, ар, өвөр Монголын мяндагтан ноёд, Оросын консул гэхчлэн олон талын төлөөлөл оролцсон гэдэг. Түүнээс өмнө Шар ордны өмнөх том талбайд Арван засгийн бөх барилдаж, цам гарахад л олон хүний хөл болдог байж.

Монголчууд тэр өдөрт ихээхэн бэлдсэн, өнгөтэй өөдтэй бүхнээ өмсч, хамаг гоёл зүүлтээ зүүж, Богд хааныгаа төрийн тэргүүнээр залахыг нэгэн дуугаар зөвшөөрч морин цагт ширээнд нь залсан гэж олон сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. Тусгаар улсын нэгэн баталгаа болсон Эзэн хаантай байхыг ингэж баталгаажуулсан.

Түүнчлэн түр Засгийн газар байгуулж, Оросоос тусламж хүссэн. Манжийн амбанг хөөж явуулсан. Үүнээс өмнөх тусгаар тогтнолын төлөө явж ирсэн бүхий л тэмцлийг Богд өөрөө удирдан зохион байгуулж, хүлээн зөвшөөрсөн байдаг. Богд хааны нэр төр асар өндөр байсан. Богдыг ширээнд залах ёслол бол Монгол Улс Бүрэн эрхт, тусгаар улс гэдгийг дэлхий даяар зарласан том үйл явдал.

-Ёслол, хүндэтгэлийн тэр арга хэмжээг ямар хүмүүс зохион байгуулсан юм бол?

-Ёслолыг Да лам Цэрэнчимэд бүхэлд нь удирдан зохион байгуулсан. Ингэхдээ хаанд өргөмжлөх өргөмжлөлийг Сайн ноён хан Намнансүрэн уншсан, Чин ван Ханддорж титэм, тамгыг нь өргөсөн гэхчлэн бүгд дор бүрдээ үүрэгтэй оролцсон.

Бүх үйл явдал морин цагаас орой нар жаргах хүртэл үргэлжилсэн. Үүний дараа хаан, хатан зарлиг гаргаж, хишиг тараах үйл явц өрнөсөн. Төгсгөлд нь гадаа, гэртгүй найр цэнгээн үүсгэж, цугласан болгон баярласан, түүгээр барахгүй цугласан олон баруун өвдөг дээрээ сөгдөж, есөн удаа мөргөсөн.

Мөн тухайн мөчид Улиастай, Ерөө, Алтанбулаг, Өвөрмонголд байсан монголчууд Их хүрээ рүү хандан сүү цагааны дээжээ өргөж, мөргөж байсан гээд тэр үйл явдлыг нүдэнд харагдтал дүрсэлсэн нь гадаад, дотоодын олон сурвалжид бий. Мөн тэдгээр сурвалжид “Монголчууд нэгэн зэрэг ингэж ихээр баярлаж байхтай таарсангүй. Монголчууд яг нэг хүн шиг байсан” гэж тодотгосон байдаг.

-Тэр үеийн Төрийн ордон хаана байв?

-Богдын өргөөг төрийн ордноор зарлах бүрэн боломжтой байсан ч монголчууд тухайн үед арван ханатай том гэрийг Төрийн өргөө хэмээн бэлдсэн байдаг. Энэ тухай Магсар Хурцын түүхэнд маш тодорхой бий. Богдын Шар ордон нэг биш нэлээд хэдэн цогцолбороос бүрдэж байсан. Одоогийнхоор бол Хүнсний IV дэлгүүрийн урд талын цайны газруудын орчим Богдын Шар ордны хашааг тэлж, арван ханатай өргөөг барьсан гэдэг.

Зураг