Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путин: Америкчуудын биеийн “тодорхой нэг хэсгийг” нь Турк долоохыг хүссэн байх

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн төгсгөлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дотоод, гадаадын хэвлэл мэдээллийнхний асуултанд хариулдаг уламжлалтай. Тэгвэл 2015 оны ээлжит ярилцлага өнөөдөр манай цагаар 17:00 цагт эхлэн гурван цаг орчим хугацаанд үргэлжилж өндөрлөлөө.

11 дэх удаагийн энэ арга хэмжээнд 1,400 орчим сэтгүүлч оролцсон байна.

Ингээд түүний сэтгүүлчдийн асуултанд өгсөн хариултуудаас онцлох үгсийг эшлэн хүргэж байна.

 

Оросын эдийн засгийн талаар

  • Бид нэг баррель Брент газрын тосны үнийг $100 байхаар бүгдийг тооцсон. Өнөөдөр үүнээс хоёр дахин буураад байна. Одоо бид бүгдийг нь эргэж засварлах хэрэгтэй байгаа. Гэхдээ хямралын оргил үе өнгөрсөн гэж хэлж болно.
  • Газрын тосны үнийг $50-аар тооцоход ирэх оны таамаглал өөдрөг харагдаж байна.
  • Гадаадын хөрөнгө оруулагчид эдийн засгийн хямралыг үл хайхран Оросын зах зээлийг сонирхож байгаа нь сайны тэмдэг
  • Төсвийн алдагдал энэ оны эцэс гэхэд ДНБ-ий 2.9 хувьтай тэнцэхээр байна
  • Оросын эдийн засгийн өсөлтий ирэх жилд 0.7 хувь байхаар таамаглаж байна. Гэхдээ Оросын Төв Банк нэг хувь хүрнэ гэсэн зөрүүтэй таамаглалтай байгаа.
  • Инфляц болон ханшийн уналтыг зогсоовол хүү аяндаа буурна. Бид Төв Банканд шахалт үзүүлэх боломжгүй
  • Хэрвээ засгийн газар муу ажиллаж байвал энэ нь бас миний алдаа гэсэн үг. Миний бодлоор засгийн газар хангалттай ажиллаж байна.

 

Турктэй үүссэн харилцааны талаар

  • Оросын байлдааны онгоцыг Туркууд унагасан явдал бол “дайсагнасан хэрэг”. Хүний амь үрэгдсэн. Энэ бол санамсаргүй хэрэг биш. Тэд үүнийгээ нуухыг оролдож байна.
  • Туркийн засгийн газрын хэн нэг нь Америкчуудын биеийн “тодорхой нэг хэсгийг” нь долоохыг хүссэн байж магадгүй
  • Онгоц унагасныхаа дараа Анкара бидэн рүү ярихын оронд шууд Брюссель дэх холбоотнууд руугаа гүйсэн. Бидэнтэй утсаар ярихад тийм хэцүү юм гэж үү?
  • Одоогоор бидэнд Турктэй харилцаагаа хэвийн болгох арга зам харагдахгүй байна

 

Сирийн хямралын тухайд

  • Сирийн ард түмэн өөрсдөө удирдагчаа сонгох нь зөв гэж бид боддог. Бид АНУ-ын Сирийн талаарх санаачилга болон НҮБ-ын шийдвэрийн төслийг дэмжиж байна. Энэ шийдвэр гарсны дараа Сирийн засгийн газар ч сэтгэл хангалуун байна гэдэгт итгэлтэй байгаа
  • Сирийн арми байлдааны ажиллагаа явуулж байгаа тохиолдолд бид агаарын цохилтоо үргэлжлүүлсээр байх болно. Бид Сирийн армийг л дэмжиж байгаа.
  • Сирийн хямралыг зөвхөн дипломат арга замаар шийдвэрлэнэ. Орост өөрийн төлөвлөгөө байгаа бөгөөд АНУ-ын саналтай ч нийцэж байгаа.
  • Сирид цэргийн бааз байгуулах шаардлага бидэнд байхгүй. Хэрвээ хэрэгтэй бол бид хаана ч баазгүйгээр хүрч чадна.
  • Бид дайныг эхлүүлээгүй. Үүнд бид тийм ч их зардал гаргахгүй байгаа. Үнэндээ энэ нь манай хувьд сайн цэргийн сургуулилт болж байна.
  • Дайны үр дүн нь манай цэрэг зэвсгийн хөгжил, терроризмын эсрэг тэмцэл болж байгаа юм.

 

Украины хямралын тухайд

  • Украинтай байгуулсан чөлөөт худалдааны бүсээ бид хаахаас өөр аргагүй байдалд хүрсэн тул Украинтай харилцах эдийн засгийн харилцаа муудах нь гарцаагүй болсон
  • Украины эсрэг бид хориг арга хэмжээ аваагүй. Гэвч тэд 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн ямар ч хөнгөлөлт эдлэхгүй. Худалдааны тарифын тухай би ярьж байна.

 

Гүржийн харилцааны талаар

  • Асуудалд Гүржийн тал бүхэлдээ буруутай
  • Михаил Саакашвили Америкийн виз авч чадаагүй учраас түүнийг Украин руу илгээсэн биз. Саакашвилийг томилсон явдал бол Украины ард иргэдийн “нүүр рүү нулимсан” хэрэг.
  • Бид Гүржтэй визтэй зорчдог горимыг цуцлахад бэлэн байна.

 

Бусад сэдвээр

Роснефть, Газпром зэрэг төрийн өмчит компаниудын хувьчлалын талаар:

  • Энэ бол боломжтой асуудал, засгийн газар шийдэх хэрэг. Би ийм асуудалд оролцохгүй байхыг боддог. Засгийн газрын ажил.

Оросын төрийн албан хаагчдын англи хэлний боловсролын талаар:

  • Бид үүнийг дэмжинэ. Гадаад хэл сурах бол тархины сайн дасгал шүү дээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн талаар:

  • Бид АНУ-ын иргэдийн сонгосон ямар ч ерөнхийлөгчтэй хамтарч ажиллахад нээлттэй

ФИФА-гийн ерөнхийлөгч Зеп Блаттерын тухай:

  • Блаттер бол Нобелийн шагнал хүртэх гавьяатай хүн

Оросын тамирчдыг тойрсон сэргээшийн асуудлын талаар:

  • Бид сэргээшийн эсрэг байна. Үүнээс гадна сэргээш эрүүл мэндэд муу. Үүнд оролцсон хэн ч бай шийтгүүлэх ёстой

Охидынхоо тухай:

  • Хэвлэлүүд миний охидыг гадаадад амьдардаг гэж их бичдэг. Үнэндээ тэд маань хэзээ ч гадаадад амьдарч байгаагүй, сурч байгаагүй. Би тэднээрээ бахархдаг. Охид маань энд сурч, ажиллаж байгаа.
  • Миний охид улс төрд оролцдоггүй. Бизнес хийдэггүй. Янз бүрийн шалтгаанаар, тухайлбал аюулгүй байдлын улмаас би охидынхоо яг хаана ажилладгийг хэлж чадахгүй нь.

Туркийн хийн хоолойн талаар:

  • Туркийн түншүүд маань Брюсселиэс Европын Холбоо хоолойг маань хориглохгүй гэсэн баталгаа авчрахаас нааш энэ төсөл хэрэгжихгүй

Египетийн аялал жуулчлалыг хэзээ сэргээх тухай:

  • Энэ бол улс төрийн шийдвэр биш. Энэ бол Египетийн засгийн газарт итгэх эсэх тухай биш. Энэ бол аюулгүй байдлын асуудал. Хэзээ иргэдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангасан цагтаа хоригийг цуцална. Бид Египетийн албаныхныг буруутгаагүй, үнэн хэрэгтээ бид хамтарч ажиллаж байна.

Гадаадын иргэд Оросоос хүүхэд үрчлэхэд тавиад байгаа хоригийн талаар:

  • Гадаадынхан хэзээ ч өвчтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд үрчлэхгүй. Тиймээс бид одоогийн бодлогоо өөрчлөх бодолгүй байна

Немцовын аллагын талаар:

  • Би Немцовыг хувь хүнийхээ хувьд мэднэ. Би түүнтэй харилцаа муутай байсан ганц хүн биш. Мөрдөх ажиллагаа үргэлжилж байна, бид үр дүнг нь хүлээхээс өөр замгүй
  • Немцовын хэргийн талаар Кадыровтой ярилцаагүй, ярилцахгүй. Хамгийн түрүүнд нуугдаж байгаа гэмтнийг илрүүлэх нь чухал байна
 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty, The Moscow Times