Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТОЙМ: TOYOTA FJ CRUISER

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 12 сарын 15
Cardoctor
 

Дакар Ралли 2014 уралдааны мотоциклийн төрөлд оролцсон ОУХМ Ч.Анарын Car Doctor -д бичиж нийтлэсэн TOYOTA FJ CRUISER загварын автомашины талаарх тоймыг хүргэж байна. 

 

 

FJ Cruiser товчхондоо

2007-2014 он хүртэл үйлдвэрлэгдэж байгаа. 2+2 хаалгатай буюу арын хаалга нь нэмэлт жижиг хаалгатай юм. Ганцхан 1GR-FE V6 4.0 L багтаамжтай хөдөлгүүрийн сонголттой ба 2010 оноос хөдөлгүүрт сайжруулалт хийгдэж DUAL VVT-i болсон ингэснээр илүү хүчтэй бензин зарцуулалт хэмнэлттэй болсон гэвч хөдөлгүүр 35 кг аар хүнд болсон байна. 5 араатай автомат парт тайм болон 6 араатай механик фулл тайм кропкатай.

Техникийн үзүүлэлт

Toyota FJ Cruiser vs Toyota Land Cruiser Prado 150Хэрвээ та байсан бол Алийг нь сонгох вэ? Яагаад?

 

 

Анхны сэтгэдэл

2010 онд анх уралдааны Mitsubishi Evolution-оо FJ Cruiser ээр сольж сайжруулахаар 2008 оны автомат хар өнгөтэйг авлаа. Уул нь механикийг хайж байсан боловч тухайн машин нь манайд орж ирсэнүүдийг бодвол шинэ байсан тул сонгов. 

Хүнгэнэх хагас спорт яндан хэдий яг спорт гээд хэлчих биш ч гэсэн энгийн яндангаас арай сонсгонтой. Хааз хөнгөн гэхдээ харагдах гадаад үзэмж хуучны FJ40 дээрээ суурилсан тул анхандаа нэг их таалагдахгүй байв. эртний загварын TOYOTA-нууд шигээ   TOYOTA гэсэн бичгэн логотой бөгөөд энэ хуучны хэв маягын ретро стилийг илэрхийлж байлаа. Гэхдээ над шиг тасдаж тайрах гэж байгаа хүнд загвар нэг их чухал биш байв.

 
 

Автомат кроп нь 5 шатлалтай спорт горим байхгүй парт тайм мостоо залгадаг байв. Явдал тун дажгүй гэхдээ харагдац маш муу ижил төстэй загвартай HUMMER-уудаас ч гадагшаагаа харах харагдац муу санагдав. Гэрлэн дохион доор ирээд зогстол гэрэл нь харагдахаа байчихна. Их бөхийж байж харах юм уу зайтай зогсох шаардлагатай. 

Багана бүдүүн, урд шил хөөрхөн 3 жижиг шил арчигчтай салоны дотоод байдал дөрвөлжин байлдааны тэрэг шиг. Хойд нэмэлт хаалга урд том хаалга онгойсон үед нээгдэж онгойдог нь нэг бодлын тээртэй юм шиг боловч 2 хаалгатай тэрэгнүүдийг бодвол хэрэглээтэй. Машинаа бариад явахад наранд нүүр харлахааргүй санагдав. Угаасаа нар тусахгүй учраас санаа зоволтгүй байв.    

ТЕСТ

Өвөл авсан тул зун уралдааны сезон эхэлтэл тоноглонгоо хөдөө гадаа унаж байя гэж шийдээд эхний ээлжинд өөрийн үйлдвэрийн амортизатор нь арай зөөлдөөд байсан тул ARB-гийн шар амортизатор пүрш комоор нь тавилаа. Уралдахгүй л юм бол машин өндөрсөөд жолоодлого даац сайжраад тун давгүй болов. Шилийн богд руу өвөл явж тест эхлүүллээ. Дээд хурд 185 дээр хөдөлгүүр автоматаар хаагдаж байв. Нилээн хавантай зам дээр хөдөлгүүр хаагдсан тул машиний тэнцвэр алдагдаж нилээн тэвдүүлэв. Тогтмол 160-аас 180-тай явахад бензиний датчик шууд нүдэн дээр унаж байлаа. Бензин идэлт шулуундаа 110 тай явахад 14,15 давхивал 20-оос 24 идэж байлаа. 2010 оноос хойших сайжруулсан хөдөлгүүртэй нь арай бага идэх байх.

Дараагийн тест Заан Тэрэлж өгсөв

Тэнхлэг хоорондын зай богинхон тул голын эрэг шавар хад чулуунд тун сайн явж байв. 2 хаалгатай богино жийпны ангилалд хамаарагдах машин гэхэд хойно суусан хүмүүст хангалттай зайтай арын багаж ч хангалттай зайтай. Гэм нь ард суусан хүмүүс яг онгоцонд суусан мэдрэмж төрнө жижиг бөөрөнхийдуу онгойхгүй цонх, битүү орчин өөрөө нээж чадахгүй хаалга.

Элсэн дээрх тест 

Лүнгийн урд Их монгол элсэн дээр тест хийв. FJ Cruiser элсэн манхны хаан. Дугуйны хий суллахгүйгээр хаагуур л бол хаагуур манхан өгсөх, давж харайх зэрэгт маш гайхалтай. Ямар ч машин элсэн манхнууд дээгүүр ингэж хөнгөн явж чадахгүй. Гэхдээ мэдээж жолоочоос их зүйл хамаарна.

 

 

Миний хийсэн тоноглол

Явах эд анги

  • Уралдаанд бэлдэхээр TOTAL Chaos-ийн 3.5 инчээр уртасгасан дээд доод гар тавив. 
  • Уртасгасан рулийн тяг, таван бул хийж мөн цапыг зориулалтын бэхэлгээгээр бэхлэв. 
  • Хойд татуурган гарнуудыг сайжруулсан хромдсон татуургаар сольж ICON-ийн уралдааны өндөр түрш тавилаа.
 

Амортизатор

Урд хойдгүй KING уралдааны амортизатор 8-ийг тавиад, Хойд пүршний голоор Light racing ийн цохилт бууруулагч суурилуулав

 

Хөдөлгүүр

Эхний ээлжинд хөдөлгүүрт гарахын янданг уралдааныхаар сольж тавив.

Бусад

Уралдааны 16” Braid фирмийн суулттай обуд суурилуулав, Тэнхлэг маш өргөн болсон тул өргөн fiberglass крило урд хойноо хийв. Мөн элэгний хаалт, урт хөнгөн турба хамгаалалт, бас бус жижиг нилээн зүйл хийлээ. 

 

Supercharger!

Манайд supercharger-тай 2 ширхэг FJ Cruiser уралдаж байсан бөгөөд нэг нь TRD Supercharger-тай ОУХМ Н.Лхамаагын, нөгөөх нь ОУХМ Т.Саруулхангайн URD Supercharger-тай FJ Cruiser URD байсан. URD Supercharger нь тоноглолын зориулалтай бөгөөд Америк-д тусгайлан нэмэлтээр тюнинг хийлгэж авчирсан байв. Ингэж тюнинг хийлгэснээр уралдааны үед задгай тал дээр хөнгөхөн 200 км цагийн хурд хүрч байсан бөгөөд нэг гэм нь уралдааны нөхцөлд 60л /100км залгиж байлаа.

Үр дүн

Үр дүн гайхалтай тогтмол 150, 160 км/ц-тай шороон дээр асуудалгүй явж байв. Орон нутгийн замд уралдан давхилдан жийпнүүдийг зогсож байгаа аятай гүйцнэ. Гэм нь ингэж тоноглосны дараагаар энгийн хэрэгээнд унах боломжгүй болж байв. Та тааваараа 100, 110-тай явж болохгүй маш хатуу зөвхөн дээд хурдаар давхина. Байнга давхихаар уралдаж байгаа үед биш бол эрсдэл өндөртөй бөгөөд ядарна.

Мөн таалагдаагүй зүйл нь 4 дугуйн явах явалт их болсон болохоор эргэлтэн дээр жолоодлого муудаж хурдтай эргэлт хийхэд төвөгтэй болсон байв. Мөн хөдөөгийн замд нэг дугуй байнга замаас илүү гарч явна. Автомат кропыг механикаар солих болон бас бусад зүйлсээс шалтгаалан энэхүү тэргээ тоноглосны дараа уралдааны болгохоос татгалзан зарсан билээ. 
 
Дүгнэлт

Зориулалт нь бартаат замд зориулсан залуучуудын зугаа, хоббины машин. Энэ машинийг өвөрмөц загвар, явдал сайтайгаас нь болж хүмүүс их сонирхдог. 

Хэрвээ та

  • Ганц бие эсвэл залуу хос бөгөөд экстрим аялал хийдэг бол
  • Трофи, Ралли болгож уралдах сонирхолтой бол
  • Хөдөө гадаа ан гөрөө, хүнд нөхцөлд явдаг бол энэ таны тэрэг

Гэр бүлээрээ явдаг бол адилхан явах эд ангитай 4Runner, Prado, Hilux зөвлөе.

Манай уралдааныхан энэ тэргийг маш өргөн ашиглаж Раллид ураллддаг. Манай найзууд болох ОУХМ Ө. Бямбадэлгэр, ОУХМ Ө. Бямбацогт нар нь энэхүү тэргээр Ралли Монголиа олон улсын тэмцээнд 3 удаа аваргалсан бол СМ Х. Батболд нь энэхүү машины суурин дээр кузов, хөдөлгүүрийн бүтцийг өөрчлөн гайхалтай Прототип босгон уралдаж байна.

 

Ер нь зөвлөхөд нүсэр явах эд ангийн тоноглол хийснээс 4 амортизатор пүршийг ARB, эсвэл Bilstein-аар солиход л хангалттай сайн. Мэдээж та уралдах гээгүй бол.

Хаалга хоорондын баганагүй, хойд хаалга нь дугуй зүүдэг атлаа нэг хавтасаар нээгддэг гэхэд харьцангуй кузовонд дуу бага орж байлаа.

 
 
 
 

Давуу талууд

Та хөдөө гадаа экстрим аялах, уралдах, хобби, загас, ан гөрөөнд дуртай бол энэ таны машин.

  • Анд тохиромтой бас тохиромжгүй. 

-Тохиромжтой гэдэг нь бартаанд маш сайн, богино тэнхлэгтэй учир тэнцвэр сайн, хөнгөн
-Тохиромжгүй гэдэг нь та ардаа гөрөөчин суулгавал тухайн хүн гөрөө хийх боломжгүй, энэ асуудалыг ЛЮК ээр шийдвэл хамгийн төгс ангийн тэрэг

  • Та машины дотор сандал шалыг шууд усан буугаар буудаад угаачихна. Шал норох суудал норох асуудал байхгүй. Зориулалтын норж чийг даахгүй хурдан хатдаг материалтай.
  • Хамгийн их тоноглож болдог бөгөөд хямд зардалтай машины нэг
  • Хөдөлгүүр, кроп маш сайтай TOYOTA-гийн сайн машинуудын нэгд зүй ёсоор орно

Дутагдалтай талууд

  • Бартаат замын тэрэг учир гэр бүл хотын өдөр тутмын амьдралд тохиромжгүй, дутагдал гэхэд хэцүү
     
  • Жолоочийн харах орчин маш муу
     
  • 72-хан литрийн банк, Гэхдээ хойд раман дотор том банк суурилуулж болох бөгөөд үнэтэй тоногны банк тавилгүй Prado 95-ийн 80 литрийн банк яг таарна.
     
  • Үйлдвэрээсээ ЛЮК байхгүй. Ихэнхдээ Монголд бид нар ЛЮК ашигладаггүй гэтэл энэ машинд зориулалтаасаа болоод хамгийн хэрэгтэй байдаг. Хэнд гэдгийг нь та бүхэн өөрснөө гадарлаж байгаа байлгүй дээ.

Энэхүү тэрэгний мөнхийн бөгөөд шууд өрсөлдөгч нь JEEP Wrangler. Тиймдээ ч энэ 2 машин хамгийн их тоноглол авдаг юм. 

Зураг