Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Олдох”-ын хүүхдүүд /үргэлжлэл/

Б.Энхзаяа
2015 оны 12 сарын 5
polit.mn
Зураг зураг

Эхлэл хэсгийг ЭНД дарж үзнэ үү.

Дараах хэсгийг ЭНД дарж үзэн үү.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 83,618 эх шинээр жирэмсний хяналтад оржээ. Тэдний 86.3 хувь нь эрт буюу гурван сар хүртэлх үедээ эмчийн хяналтад хамрагдсан бол 1.1 хувь нь хожуу буюу долоогоос дээш сартайдаа хяналтад оржээ.

Нэрт сурган хүмүү­­­жүүлэгч В.А.Сухомлинский ‘‘Хүн болгон математикч болох албагүй ч хүн бүр аав, ээж болдог” гэсэн суут үг хэлсэн байдаг. Энэ хорвоод хүн болж төрснийх үрээ үлдээх туйлын хүслэн хүн бүрт бий. Гэвч хүсэл нь хясал болж, гэрийг нь гийгүүлэх үргүй бэдэрч яваа монгол залуус нэмэгдсээр байгааг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулах болсон.

Үргүйдэл гэгч аюулын төвшин олон улсад 10-17 хувьтай байгаа бол Монгол Улсад 8-12 хувьд хүрсэн албан бус мэдээлэл байна. Удмыг нь үргэлжлүүлэх үргүй шаналж яваа нэгэн байхад төрүүлсэн хүүхдээ нүд үзүүрлэн хээр хаяж, амьдралаа хөнгөвчлөх гэсэн бэртэгчин зантангууд олширох болжээ.

Өмнөх дугаарт бид олдмол хүүхдүүд хаана хүргэгддэг, тэдний амьдрал хэрхэн өрнөдөг, тэднийг ямар ирээдүй хүлээдэг талаар өгүүлсэн. Асрамжийн газар эсвэл үрчлэгдэх ирээдүйтэй багачуудыг элэг бүтэн амьдруулах ямар боломж байж болохыг эрэлхийлж энэ удаагийн сурвалжлагыг бэлтгэлээ.

Хүүхдүүд хаягдах шалт­гаан янз бүр. Ээж аав нь архи дарсанд толгойгоо мэдүүлж хүүхдээ хайхардаггүйгээс хаягддаг бол хөгжлийн бэрхшээлтэйг нь голж гоочилж хаядаг нь ч бий. Мөн насанд хүрээгүй, оюутан охид хүсээгүй жирэмслэлт, амьдралын нөхцөл тааруугаас ч алаг үрээ төрөнгүүт нь айлын үүд орц, гудамж талбайд хаяж байна.

Гэр бүл, эцэг эх байх үүргээ умартаж гэмт хэрэг үйлдэж байгаа эцэг, эхчүүдийг олоход бэрхшээлтэй байдгийг цагдаа нар хэлдэг. Тэд тайлбарлахдаа үүний шалтгаан нь ч манай төрөх эмнэлгүүдийн бүртгэлийн системтэй холбоотой гэсэн.

Тухайлбал, хүсээгүй жирэмслэлтээс үүдэж хүүхдээ хаяхаар урьдаас төлөвлөсөн нэгэн нэр, хаягаа нуухын тулд өвдөлт өгөх хүртэл эмнэлэгт ханддаггүй. Төрөхөөр болоход 103 дуудан Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хүргэгдэн очиж нэр, хаягаа хуурамчаар бүртгүүлээд эмнэлгийн тусламж авдаг гэж байна.

Ингээд төрснийхөө дараа хүүхдээ хаяхад хуурамч хаяг нь “асуудал” болдоггүй гэх юм билээ. Энэ байдлыг нягтлахаар  Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд очлоо.

Тус төвийн Тандалт судалгааны албаны дарга Т.Гантуяа “Өнгөрсөн онд улсын хэмжээнд 83,618 эх шинээр жирэмсний хяналтад оржээ. Тэдний 86.3 хувь нь эрт үедээ буюу гурван сар хүртэлх үедээ эмчийн хяналтад хамрагдсан. Хожуу буюу долоогоос дээш сартайдаа хяналтад  орсон нийт эхийн 1.1 хувь байна. Төрөлтийн хувьд өнгөрсөн жил 81,228 эх амаржсан. Үүнээс Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 11,142 эх байна. Тэдний 48 хувь нь орон нутгаас ирж амаржсан эхчүүд” гэсэн мэдээллийг өглөө.

Уг нь эрт үедээ хяналтад орвол эхэд хүүхдээ тээх болон төрөхөд эрсдэлгүй. Гэтэл өнгөрсөн жилийн хувьд жирэмсэн эхчүүдийн 1.1 хувь буюу 1,000 орчим эх хожуу хяналтад оржээ. Эмэгтэйчүүд жирэмсний хяналтад хожуу ордгийг олон талаар тайлбарлаж болох ч хүсээгүй жирэмслэлт байх нь элбэг.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бүртгэлийн систем олон улсдаа ч дээгүүр ордог гэж байна. Тэр дундаа улсын хувийн аль ч төрөх эмнэлэгт төрсөн эхийн мэдээлэл программд заавал орж, нярайн түүх нээгддэг. Төрөхөөр ирсэн эхээс иргэний үнэмлэх, хаяг байршлын мэдээллийг заавал шаарддаг учраас ийн эрсдэл гарах боломж­гүй гэсэн юм.

Зөвхөн Эх хүүхдийн эрүүл мэн­дийн төв ч биш нэг, хоёрдугаар төрөх, хувийн эмнэлгүүдэд бүртгэлийн программ ижил юм байна. Гэхдээ бусдын нэрээр төрсөн тохиолдол гараагүй биш гарчээ. Энэ нь өдрийн од шиг, иргэний үнэмлэх нь байхгүйгээс бусдын үнэмлэхээр бүртгүүлж байсан удаатай юм байна. 

Харин эх, нярай эмнэлгээс гарсны дараа нэр, хаяггүй хүүхэд ирсэн тохиолдолд эцэг, эхийг нь тодорхойлох боломжгүйг эмнэлгийнхэн хэллээ. Энэ талаар эмч нар “Эмнэлгээс гарсны дараа хүүхэд олдвол хэн болохыг нь тодорхойлох хэцүү.

Цагдаа нар ойролцоо насны хүүхдүүдийн бүрт­гэ­лийг төрөх эмнэлгүүдээс шүүлгээд авдаг. Бодвол хаягаар нь нягталж хайдаг байх. Олох эсэх нь цагдаагийн ажил” гэж байна.

 БНХАУ-д л гэхэд асарч чадахгүй хүүхдүүдийг хүлээж авдаг төв ажилладаг. 

Гэвч тэдгээрээс шүүгээд хаягдсан хүүхдүүд гэр бүлдээ эргэж очих тохиолдол олон биш болох нь Хүүхдийн төв сувилалд асруулж буй багачуудын амьдралаас харж болохоор юм билээ. Тус төвд ирсэн хүүхдүүдийн 10 орчим хувь нь л төрсөн гэртээ очиж чаддаг. Үлдсэн нь эцэг, эх нь олдоогүй гэсэн үг.

Цагдаа нарт тулгарч буй хамгийн хүндрэлтэй асуудал энэ. Цагдаагийн байгууллага зөвхөн энэ төрлийн хэргийг ч бус өөр олон хэргийг илрүүлэхэд дөхөм болох нэгэн аргыг Засгийн газарт санал болгож байжээ. Тэр нь Монгол хүний генийн сан бүрдүүлэх тухай байж. Энэ тухай дөрвөн жилийн өмнө санал хүргүүлсэн ч одоог хүртэл хариу өгөөгүй юм байна.

Генийн удмын сан бүрдүүлэх нь зөвхөн гэмт хэрэгтнийг шуурхай олж илрүүлээд зогсохгүй шинжлэх ухааны олон салбарт чухал ач холбогдолтой аж. Гэтэл манай улс хүнээ биш малынхаа генийн санг бүрдүүлэхээр төр засгийн хэмжээнд төсөл хөтөлбөр санаачлаад явж байдаг.

Одоо тэгвэл яах ёстой вэ. Мэргэжлийн хүмүүсийн хэлж бай­гаа­гаар хүсээгүй жирэмс­лэлтийг зогсоох гол арга нь жирэмснээс хамгаалах эм, хэрэгслийг хэрэглэж заншихыг зөвлөж байна. Харин нэгэнт хүүхэдтэй болж төрүүлээд асарч чадахааргүй эрсдэлтэй бүлэгт төрөөс анхаарах хэрэгтэйг зарим нь онцолж байна. Олон улсад ч ийм арга хэдийнэ нэвтэрчээ. БНХАУ-д л гэхэд асарч чадахгүй хүүхдүүдийг хүлээж авдаг төв ажилладаг.

Тодорхой хугацааны дараа эх, эцэг нь амьдралын боломжтой болж үр хүүхдээ эргэж авдаг. Хүүхэд гадна, гудамжинд хаягдаж эрүүл мэнд, амь насаараа эрсдэхээс ингэж хамгаалж болох арга зам ч байж болно. Бас үрчлэлийн асуудлыг дэмжих хүмүүс ч байгаа юм. Нэгэнт сайхан орчинд өсч хүмүүжүүлж чадахгүйгээс хойш боломжтой өөр гэр бүлд өсгөх нь ирээдүй нь баталгаатай болох гэнэ.

Гэхдээ Монголын өнөөгийн нийгэмд өнчин хүүхдүүдийг гаднынхан голдуу үрчилж байгаа нь зөв хувилбар яасан ч биш. Монголчууд олуулаа болохоор хөгжил дэвшил рүү алхаж байгаа энэ үед нэг монгол иргэнээ ч гадаадад алдах нь хайран. Гэлээ ч хүүхэд эцэг, эхийн хайр энхрийлэл, төрсөн гэр бүлдээ өсч хүмүүжих эрхийг Монгол Улс төдийгүй дэлхий даяараа хуульчлаад өгснийг санах хэрэгтэй.

Зураг