Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэг мөрдөж байсан ТЕГ-ын үйл ажиллагааг зогсоов

Өглөөний сонин
2015 оны 12 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг

Эхлэл хэсэг ЭНД дарж уншина уу.

Хоёрдугаар хэсэг ЭНД дарж уншина уу.

Гуравдугаар хэсэг ЭНД дарж уншина уу.

-Түүх сөхөхүй-

Манай сонин өмнөх дугаарууддаа С.Зориг агсны аллагатай холбоотой материалуудыг дэлгэн хүргэж байсан. Харин энэ удаа 2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу С.Зориг агсны 50 насны ойд зориулан бэлтгэж байсан дугаарын нийтлэлийг хүргэж байна. Энэхүү нийтлэлийг сэтгүүлч Р.Даваажав өөрийн цуглуулсан баримтуудад тулгуурлан бичсэн байдаг.

6. Үхсэн хүн үг хэлдэггүй буюу шүүх эмнэлгийнхэн юу гэж үзэв 

/Бид өмнөх дугаартаа Шүүх эмнэлгийн дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэсэн билээ/

Тэгвэл Шүүх эмнэлгийнхэн “Үхсэн хүн үг хэлдэггүй” гэдэг цэвэр мэргэжлийн үүднээс энэ хэрэг явдалд ханджээ. Хэргийн газрын үзлэгт тэр орой жижүүрт байсан шинжээч эмч М.Энхбаяр очжээ. 

Хэргийн газрын үзлэг дууссаны дараа шөнийн 04 цаг дөхөж байхад талийгаачийн цогцосыг цагдаагийнхантай хамт Шүүх эмнэлэг дээр авч ирж. Тэр үед гэргийг нь мөн хамт авч ирсэн нь түүнд үзлэг хийх зорилготой байв. Ингээд шөнийн 04 цагийн үед задлан шинжилгээ эхэлж шинжээч эмч Г.Дагиймаа, шинжээч эмч М.Энхбаяр, туслах ажилтан Л.Энхболд нар цагдаагийн мөрдөгч хошууч Цогтбаяр болон бусад ажилтан шинжилгээнд оролцжээ. Шинжилгээ 06 цагийн үед дууссан байна. Харин маргааш өглөө нь 10 цаг өнгөрөөгөөд дахин шинжилгээнд орсон нь мэргэжлийн комиссын гишүүдэд үзүүлэх зорилготой байв. Ийнхүү Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 684 /450/ тоот акт гаргасан байна. Уг актад дурдсан зарим зүйлийг толилуулъя. 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 684 /450/ 

...Задлан шинжилгээний онош: Үнхэлцэг хальс, зүрх, уушги, элэг, сэмж, бөөрны өөхөн эдийг гэмтээсэн цээж ба хэвлийн хөндийн нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалтаас үүссэн шок, дотор эрхтний хурц цус багадалт, амьсгал, зүрх судасны хурц дутагдал, нүүр, эрүүний доорх зулгаралт, цус хуралт, баруун гарын 3, 4 дүгээр хурууны нэгдүгээр үе, зүүн бугалга, зүүн хацар дахь зүсэгдэж хатгагдсан шарх. 

...Дүгнэлт 

1.Хохирогч С.Зоригийн биед нийт 18 шарх, зүүн хацар, доод эрүүний доор, дээд уруулд, хамрын нурууны баруун талд зулгаралттай, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дотор буланг хамарсан цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. 

2.Хохирогч С.Зоригийн биед үүссэн гэмтлүүдийн хоёр нүдний зөөлөн эд дэх цус хуралт, хацар дахь зулгаралт нь хатуу мохоо бусад үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 

3.Хохирогч С.Зоригийн биед үүссэн шархны хүчийг тодорхойлох боломжгүй байна.

4.Дээрх гэмтэл шарх нь хурц ир үзүүртэй багажийн үйлчлэлээр тодруулбал, хутгаар зүсэгдсэн байх боломжтой. 

5.Задлан шинжилгээнээс үзэхэд хохирогчид үүссэн шархны байдал нь хоёр төрлийн хурц ир үзүүртэй багажаар /хутгаар/ үүсгэгдсэн байх боломжтой. 

6.Хохирогчийн бие эрхтэнд үүссэн гэмтэл шархны байдлаас харахад мэсний үйлчлэл зүүнээс баруун тийш, урдаас хойш чиглэлээр үйлчилсэн байж болохоор байна. Шархны байдлаас харахад эхлээд цээжний зүүн талын шархнууд дараа нь цээжний өмнө тал, хэвлийн урд талын шарх үүссэн байж болохоор байна. 

7.Хохирогч нь зүрхний зүүн ховдлын урд ханаа нэвтэрсэн шархны улмаас хурц цус алдалт, зүрх судас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж аврах боломжгүй байсан байна. 

8.Задлан шинжилгээгээр хохирогч нь ямар нэг архаг хууч өвчингүй байсан ба согтууруулах ундааны зүйл илэрсэнгүй. 

10.Хохирогчийг үхэлд хүргэснээс бусад цээжний болон хэвлийн хөндийн нэвтэрсэн шархнууд нь учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэг болно. Зүүн бугалга, баруун гарын III, IY хурууны зүсэгдсэн шарх, цээжний зүүн болон баруун талын цээжний хөндийд нэвтрээгүй шарх, зүүн хацар, доод эрүүний доор, хамрын нурууны баруун талын зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний зовхины цус хуралт зэрэг нь хөнгөн гэмтэл болно. 

11.Хохирогчийн хамрын нуруу, баруун нүдний зовхин дахь цус хуралт, доод эрүүний доодох зулгаралт нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 

12.Хохирогч С.Зоригийн биед үүссэн гэмтэл нь амьддаа үүссэн байна. 

13. Хохирогч нь гэмтэл авсан даруйдаа нас баржээ. 

14.Хохирогчийн хацар, доод эрүүн доорх зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний зовхины цус хуралт, баруун гарын III, IY хурууны I үеийн зүсэгдсэн шарх зэрэг нь биеэ хамгаалан тэмцэлдсэнээс үүссэн байх боломжтой... гэсэн мөрдөгчийн 15 асуултад хариулсан 15 хариулт бүхий дүгнэлт гарчээ. 

Уг дүгнэлтэд эл задлан шинжилгээнд зориулан томилсон мэргэжлийн комиссын дарга ЭМНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Монгол Улсын гавьяат эмч, дэд доктор Л.Жамбалжав, гишүүд Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн захирал, тэргүүлэх зэргийн эмч Ч.Батсайхан, АУИС-ийн Мэс заслын тэнхимийн багш Монгол Улсын төрийн шагналт, дэд доктор, дэд профессор Н.Даваацэрэн, АУИС-ийн Төвийн эмнэлгийн дарга дэд доктор, дэд профессор З.Мэндсайхан, Шүүх эмнэлэг хариуцсан дэд захирал, тэргүүлэх зэргийн эмч Г.Дагиймаа, Шүүх эмнэлгийн шинжээч эмч М.Энхбаяр нар гарын үсэг зурсан байв.

Д.Булганыг үзсэн шүүх эмнэлгийн акт ¹5651 

Харин талийгаачийн гэргий Булганыг үзсэн шинжээч эмчийн ¹5651 тоот актад дараах зүйл тусгагджээ. Шинжилгээг 1998 оны 10 дугаар сарын гуравны өдөр УМБГ-ын хоёрдугаар хэлтсийн ахлах ажилтан Зоригтын тогтоолоор хийжээ. Уг актад дурдсаныг үзвэл 10 дугаар сарын хоёрны орой гэрт нь байхад үл таних хоёр хүн орж ирээд гарыг нь хүлж, чирч, цохисон гэж өөрөө хэлсэн байна.  

Үзлэгийн үед Д.Булганы биеийн байдал дунд зэрэг, ухаан санаа саруул байсан ба өвдөх зовиургүй байжээ. Булганы биед зүүн хацрын зөөлөн эд няцарсан, дээд болон доод уруулын талстын язарсан шархтай, зүүн болон баруун гарын бугалганд цус хуралттай, зүүн шууны зулгаралттай, хоёр гарын бугуйд боолтын оромтой зэрэг гэмтэл тогтоогдсон аж. 

Эмч энэхүү гэмтлүүдийг хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэж үзсэн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл багтдаг ажээ. Булганы цусанд этилийн спирт илрээгүй гэсэн нь тэр үед архи хэрэглээгүй гэсэн үг юм байна. Булганд нүцгэн биеийн үзлэг хийгээгүй юм байна. 

Энэ бүхнээс үзвэл талийгаачид шууд үхлийн шарх эхэлж ирээгүй юм байна. Мөн мэргэжлийн эмчийн үзэж байгаагаар тэр гайт зүрхний ховдолд орсон шарх байгаагүй бол аврах боломж ямар нэг хэмжээгээр байжээ. 

Дашрамд дурдахад хүний биед таван литр /хэлбэлзэл нь +-500 мл/ цус байдаг бөгөөд талийгаач наад зах нь нийт цусныхаа 50-60 хувийг алдсан байсан бололтой. 

7. Алуурчин хэн байв? 

Алуурчин этгээдүүд хэн байв? Хэний гар хөл болов оо? Сүүлийн үед энэ асуултын хариулт олдох эсэх нь эргэлзээ төрүүлэх боллоо. Алуурчин нүүр төрх, дуу хоолойгоо өөрчилсөн байж болох юм. Алуурчин талийгаачийн гэр бүлийнхнийг таньдаг хүн байсан байж бас болох аж. Мөн алуурчин гэрт нь талийгаачийг ирэхээс өмнө түүний ирэхийг хүлээгээд гэргийтэй нь хамт сууж байсан байж болох талтай, тэгвэл эхнэртэй нь хуйвалдсан байхыг үгүйсгэхгүй гэж цагдаагийн эх сурвалж ярьж байсан.

Түүнчлэн хэрвээ гэрт нь /өмнө нь/ алуурчин байгаагүй бөгөөд талийгаачийн утсаар харих тухайгаа ярьсан яриаг нь чагнасан байж болох юм гэж зарим мөрдөгчид үзэж байгаа. Эндээс үзвэл талийгаачийн орцонд утасны үзүүр бүхий хайрцаг байдаггүй ба телефоны үзүүр бүхий төвлөрсөн, хуваарилалтын шкаф гудамжинд байдгийг санах хэрэгтэй юм.

Энэ тухай холбооны мэргэжлийн хүний ярианаас үзвэл тэрхүү шүүгээнээс дурын утасны дугаараа олох нь түвэгтэй бөгөөд түүний бүтэц схемийг мэдсэний үндсэн дээр тухайн дугаарын утасны яриаг чагнаж болдог юм байна. Түүнчлэн талийгаачийн гар утсыг сонсох, замаас нь тагнах боломж байдаг талаар бид тодорхой нотолгоо болон үгүйсгэлийг олж аваагүй байна. 

Алуурчны ажилласан байдал жишээ нь, дээрэм хийсэн, утсыг нь тасалсан, аллага үйлдсэн, гэргийтэй нь харьцсан зэрэг олон байдлаас харвал алуурчин аллагынхаа зорилгоо далдлах гэсэн санаа агуулсан байж бас болох тухай тагнуулын газрын эх сурвалж ярьсан. Харин үүнийг цагдаагийн дарга Мөрөн гэмт хэрэгтэн бохир ажилласан хэмээн тайлбарласан билээ. 

Сонирхолтой нь өндөр мэргэжлийн зарим мөрдөгчид эл алуурчин амьд байхгүй байж болох юм гэж үзэж байгаа. Мөн алуурчин тэр оройгоо мөнгөөрөө баардсан, үрсэн байж болох төдийгүй талийгаачийн ажил явдлыг нүдээрээ хараад олны дунд явж байсныг үгүйсгэхгүй байгаа юм. 

Юмыг яаж мэдэх вэ, алуурчин олдлоо гэхэд уснаас эсвэл хаа нэгтээ булагдсан цогцос олдож болох төдийгүй Монголын энэ уудам нутгаас хаана, хэнийг булсан гэж олох билээ, энэ бол амаргүй асуудал гэж цагдаагийн туршлагатай ахмад ажилтан ярьж байв. 

8.Талийгаачийн эхнэрийг юуны учир сэжиглэх болов? 

Анх цагдаагийнхан очиход гэргий нь талийгаачийн толгойг тэврээд шалан дээр суусан байдалтай байжээ. 

Цагдаагийнхны үзэж буйгаар эхнэрийг нь хардах үндэслэл бүхий таамаг байгаа бололтой. Тухайлбал алуурчин тэдний гэр бүлийн таньдаг хүн байсан байж болох ба гэргийтэй нь аллага болохын өмнө хамт байсан байж болзошгүй гэж үзэж байгаа ба батлагдаагүй эх сурвалжаас үзвэл галын өрөөнд цай ууж байсан аяга, түүнээс гарын хээ олдсон байж магадгүй байна.

Мөн эхнэрийнх нь мэдүүлэг өгөх зарим зүйл дээр өмнөх ярьснаасаа ч юм уу, эсвэл бодит байдлаас зөрж байгаа бололтой. Түүнчлэн хамгийн түрүүнд хамт байсан хүнийг сэрдэх нь мэргэжлийн хувьд бас ч буруу биш бололтой. Учир нь тэрээр бодит байдлыг харсан цорын ганц гэрч юм. Хэвлэлд гарсан мэдээллүүдээс үзвэл Булганы өмнөх нөхөр нь мөн л учир битүүлгээр нас барж байсан байж магадгүй ажээ. Гэргийг нь яг таг буруутгачих тодорхой баримт байхгүй учраас түүнийг баривчлаагүй бололтой. Гэхдээ яг сонин шилжих мөчид цагдаагийн нэрээ нууцалсан эх сурвалжийн ярьснаар гэргийг нь гэрчээр татаж байснаа өөрчлөн сэжигтнээр татсан бололтой.

9. Гэрчүүд юу ярив? 

Талийгаачийн доод давхарт амьдардаг Нямжав ярихдаа “Анх эмэгтэй хүн хашхирахад нь санаанд ороогүй, манай байранд үргэлж зодоон болж байдаг тэр л биз гэж бодсон Тэгтэл манай 19 настай оюутан хүүхэд С.Зориг ахыг хутгалчихлаа гэж хэлсэн. Манай хүүхэд шатан дээр зогсч байхад нь масктай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гараад гүйснийг манай хүү ганцаараа араас нь хөөгөөд байшин тойруулаад алдчихсан. Машинд суугаад явчихсан гэж ярьсан байсан” гэж хэлсэн юм. Нямжав гуайн дуудсан цагдаа их хожуу ирсэн бөгөөд талийгаачийн гэр рүү их олон хүн орсон гэж байлаа. 

Хэргийн газарт анх хүүхдүүдийг очиход угаалгын өрөөн дотроос авгайнх нь дуу гарч байсан ба түүний хүлгийг тайлаад талийгаач руу эргэхэд Булган талийгаачийг дээш нь харуулаадах гэснийг хүүхдүүд ёсоор болгожээ. Яг тэр үед арай л амьсгал хураагаагүй байсан гэж гэрч хүүхдүүд ярьсныг Нямжав гуай бидэнд уламжилсан юм. 

10. Анх очсон түргэний эмч Намсрай юу ярив? 

Хэргийн газарт анх очсон түргэний эмч Галсандамбын Намсрай ярихдаа “Өвчтөнд үзлэг хийхэд түүнд нас барсан бүх шинж тэмдгүүд илэрсэн байсан ба тусламж үзүүлэх ямар ч боломж байгаагүй. Үүнийгээ тэнд байсан хүмүүст хэлсэн” гэв. Тэрээр цагдаагийнхныг иртэл тэнд байсан боловч талийгаачийн бүх хувцсыг нь тайлан бүрэн үзлэг хийх боломж ч, эрх ч байгаагүй нь нэгэнт нас барсан тохиолдолд түргэний эмчид цогцосыг хөдөлгөх эрх байдаггүйтэй холбоотой юм байна.

Харин Намсрай эмчийг талийгаачийн цамцны энгэрийг яран подволкноос нь татахад урагдсан ба зүрхэн тус газарт нь гурав хутгалагдсан байсан, хутгалагдсанаас подволк урагдсан гэж тэрээр үзэж байна. Түүнээс анх хэргийн газарт очихдоо юуг анзаарсан, гэргийг нь үзсэн эсэх тухай асуухад тэрээр “Гэргий нь маш их цочирдсон байсан, тухайн дуудлага өгсөн хүнээ л үзсэн, гэр бүлийн хүнийг нь үзэж амжаагүй, гэргийг нь хүлсэн үдээсэрхүү юм нь тасарсан байсан” гэж ярьсан юм. 

11.Хүмүүс юу ярив? 

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл. 

Зоригтой хамт анхлан тэмцэж явсан хүний нэг, УИХ-ын гишүүн Бат-Үүл энэ хэргийн тухай ярихдаа “Зоригийг яагаад алсны учрыг яаж ч бодоод олохгүй юм, тэр орой цагдаа нар очиж намайг хамгаалалтад авсан, энэ бол золгүй явдал үнэхээр биш” гэж байлаа. 

Аллага болсны маргааш Бат-Үүл сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Мөрдөн байцаалтын явцыг та нарт байнга мэдээлнэ. Бид сэтгүүлчидтэй маш ойрхон ажиллана. Цуу үг, хов жив рүү сэтгүүлчдээ хөтөлчихгүй байлгах юмсан гэж бодож байна” гэж ярьсан боловч харамсалтай нь энэ яриа тэр үед буулгасан хальсан дээр л үлдсэн төдийгүй, эрх баригчид хэвлэлийг эл аллагад буруутай мэтээр харин ч сөргүүлэн тавих болсныг уншигчид анзаарсан биз.

УИХ-ын гишүүн О.Дашбалбар. 

УИХ-ын гишүүн О.Дашбалбар, талийгаачийг сөрөг хүчнийхэн маш их хайрладаг байсныг хэлээд, эл явдал түүнийг өнчирсөн мэт сэтгэгдэл төрүүлж байгаагийн учир нь тэрээр талийгаачтай хамгийн сайн ойлголцдог байсанд гэдгээ мэдэгдлээ. Дашбалбар “Хүний сайн нь түрүүлж үхдэг гэдэг үнэн юм байна” гэдгийг хэлж байхдаа хоолой нь үл мэдэг зангирсан.

Тэрээр, одоо л Мөрөнг хамгийн сайн хуульч, хамгийн сайн цагдаа гэдгээ гаргаасай, нотлоосой мэргэжлийн ур чадвараа харуулаасай гэж найдаж байгаагаа хэлж байв. Мөн Дашбалбар “Сэтгүүлчид Зоригийн үхэлд асар их буруутай, төр засгийн эрх барьж байгаа 76 хүнийг өдөр шөнөгүй доромжилж, оролдохгүй нэг өдөр өнжинө гэж байхгүй, муу муухайг байнга сурталчилж байдаг болсон” гэж ярьж байлаа. Жич: Дарга нар, эрх баригчдын сайн мууг хэвлэл мэдээллээр илчилнэ гэдэг бол ардчиллын ачаар Монголын ард түмэнд олдсон хамгийн үнэтэй капитал гэдгийг иргэд нэгэнт ойлгосон, түүнийг хүлээж авч ч сурсан, хүлээдэг ч болсон гэж үүнийг бичигч үздэг юм. 

12.Талийгаачтай салах ёс гүйцэтгэх үед 

Төрийн ордны их танхимд салах ёс гүйцэтгэх үеэр гэрэл зургийн нэг ч сурвалжлагчийг танхимд оруулаагүй бөгөөд үүнийгээ гэр бүлийнхэн нь татгалзсан гэж Төрийн ёслолын алба, оршуулгын комисс тайлбарлаж байлаа. Харамсалтай нь талийгаачийн гэр бүлийнхнээс энэ тухай лавлахад тийм шаардлага тавиагүй гэж ярьсан нь тэдний өмнөөс нь хэн нэгэн долигнуур, бялдууч, өмхий этгээд орчихсон хэрэг биз ээ. Ийм өмхий санаатнуудыг шоронд хийдэг болох юмсан.

Өнөөгийн Монголын гэрэл зурагчдын техникийн түвшин үнэхээр доогуур бөгөөд холоос татах дуран гэхэд наад зах нь 2,000 доллараас буудаггүй, түүнийг нь авах хэмжээний өндөр мэдрэмжтэй хальс гэхэд ганц нь 40 доллараас буудаггүй гэх мэт санхүүгийн бэрхшээлээс болоод ойртож авах шаардлага байдаг юм. Нэгэнт бүх ард түмний хэмжээний энэ их хүнийг сүүлчийн замд нь үдэх энэ торгон агшныг гэрэл зурагчдын хальсанд үлдээгээгүй нь ирээдүйн түүхийн «нүд» нь солийж байгаа хэрэг гэж ойлгох хэрэгтэй юм.

Ийнхүү Монголын ард түмний зүрхэнд хайрлагдах, аугаа их хүүтэй салах ёс гүйцэтгэх үеийн фото түүх тодорхой хэмжээгэзр тасарч байгаа юм. Мөн Алтан-Өлгийд болон гашуудал тайлах цайллагын үе гэх мэт олон чухал арга хэмжээнд фото сэтгүүлчдийг оруулаагүй нь талийгаачийг зөвхөн нэг гэр бүлд хамаарах хувь хүн бус нийт монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх бие хүн гэдгийг мартсантай холбоотой болов уу.

Оршуулгын үед эрх баригчид, зохих албад, зохион байгуулагчдын хариуцлагагүй ажиллагаа болон наад захын ёс суртахууны болон ёс зүйн мэдлэггүйгээс болж олон эвгүй явдлууд гарч байсныг энд дурдаад хэрэггүй гэж үзлээ.

13.Алуурчны хутганы урт нь 19 см 

Аймшигт аллага болохоос сар гаруйн өмнөөс талийгаачийг утсаар заналхийлэх болсон байна. Мөн аллага болдог өдөр Доржпалам гуай руу утасдан заналхийлж, хүүд нь гуравхан цагийн амьд явах хугацаа үлдсэнийг сануулсан нь нэг юм хэлэх мэт. Мөн талийгаачийн амьдардаг орцны гэрэл, орцны хаалганы цоож зэргийг зорилготойгоор сүйтгэсэн бололтой. Баттай бус эх сурвалжаас үзвэл талийгаачийн гэргий болон ээж рүү нь хэн нэгэн этгээд дахин утасдаж таагүй зүйл хэлсэн бололтой.

Мөн аллага гарсны маргааш нь Дэд бүтцийн яаман дахь түүний өрөөнд хэн нэгэн орж, бичиг баримтуудыг сандаачсан байсныг “Хөх толбо” сонинд мэдээлжээ. 

Алуурчин талийгаачийг орж ирэхэд ашигтай байрлалыг нэгэнт эзэлж амжсан байжээ. Алуурчны үйлдлийг харвал мэргэжлийн гэхээсээ илүүтэй гүйцээе гэсэн зорилготой байсан нь харагдаж байна гэж цагдаагийн хүн ярив. Цагдаагийн үзэж байгаагаар одоо болтол мөнгөн аяганууд зарагдаагүй байгаа бололтой. Цагдаа болон шүүх эмнэлгийнхэн хамтран хутганы хэмжээг гаргажээ. Үүнд хутганы өргөн нь 2.5-4.0 см, урт нь (ир төмрийн урт) буюу ажлын хэмжээ 15-19 см, зузаан нь 0.3 0,4 байсан болов уу гэж үзсэн байна. Уг хутга нь балиус маягийн жад хэлбэртэй байж магадгүй аж. 

Шархны байдлаас харвал хутгаа оруулж дотор нь эргүүлээгүй, дээш доош хүүлээгүй байсан байна. Биед орсон шархны хамгийн гүн нь 18 см, өнгөц нь 2 см байжээ. Ийм хэмжээний шархтай хүн дээд тал нь хагас минутаас илүү амьд байх боломжгүй юм байна. Хутгалсан хүчийг зөвхөн диаметрийн туршилтаар тогтоодог бөгөөд үүнийг манайд хийх бололцоогүй юм байна. Юутай ч алуурчид талийгаачийн амьдрал ахуйг урьдчилан маш сайн судалсан байсан нь харагдаж байгаа юм. 

Үргэлжлэл бий... 

Зураг