Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Илкка Какко: Монголчууд Хөвсгөл нуурын орчимд шинэ нээлт хийвэл дэлхий нийтийн анхаарлыг татна

БСШУСЯ
2015 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Манай улсад "Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем" олон улсын чуулган боллоо. Энэхүү чуулганаар шинжлэх ухаан технологи, инновацийн экосистем болон шинжлэх ухаан технологийн паркийг хөгжүүлэх талаар гадны судлаач, эрдэмтдээс туршлага судлах юм.

Түүнчлэн тэдний гаргасан санаа, бодлыг Монголын шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшний хүмүүс xэлэлцэж зорилтоо тодорхойлоход оршино. Тэгвэл мэдлэгийн эдийн засгийг бий болгож, мэдлэгийн үйлдвэрлэлд хэрхэн хурдан шилжих арга замыг тодорхойлж болох лекцийг гадны мэргэжилтнүүд тавьж эхэлсэн.

Үүнээс чуулганд оролцогчдын анхаарлыг татаж буй нь Финландаас ирсэн "Оюу Каростеч" компанийг үүсгэн байгуулагч, шинэ санаа дэвшүүлэгч, менежментийн зөвлөх Илкка Каккогийн тавьсан илтгэл юм.

Тэрээр чуулганд оролцох боломжгүй учир өмнө нь манай улсад ирж бизнес эрхлэгчид болон төрийн удирдлагуудтай илтгэлээ видео хэлбэрээр бэлтгэсэн байжээ. Илкка Какког тавих илтгэлээ бэлтгэж байх үед нь уулзаж ярилцсанаа хүргэж байна.


-Та энэхүү чуулганд ямар сэдвээр илтгэл тавихаар бэлтгэсэн бэ?

-Миний илтгэлийн гол сэдэв нь платформ сэтгэлгээ буюу “Гурав дахь үеийн шинжлэх ухаан, технологийн паркийн хандлага” юм. Платформ сэтгэлгээ нь хуучин зүйлээс ургаж гарсан.

Хуучин зүйл нь гэдэг нь пайплайн сэтгэлгээг хэлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор би илтгэлээ тавихаар бэлдсэн. Чуулганы үеэр миний тавьсан илтгэлийг видеогоор хүргэнэ. Учир нь би өөрийн биеэр байж амжихгүй болохоор долоо хоногийн өмнө Монголд ирж бэлтгэлээ бэлдсэн л дээ.

-Гурав дахь үеийн шинж­лэх ухаан гэдгээ тайлбарлаж болох уу?

-Энэ тун шинэ гарч ирсэн хэллэг. Финландад сүүлийн хоёр жил маш эрчим­тэй дэлгэрч байна. Шинжлэх ухаан технологийн хуучин парк гэсэн ойлголттой ямар ч холбоогүй шинэ ойлголт юм. Хуучин гурвалсан хэлхээ гэх зарчмаар явж ирсэн. Засгийн газар, шинжлэх ухааны бай­гууллага, аж үйлдвэрийн газ­рын уялдаа холбоотойгоор. Энэ зарчимд хүн төрөлхтөн бид итгэхээ больсон.

-Гол давуу тал нь юундаа байна вэ?

-Одоо Финландад хэрэгжиж буй энэ арга барил бол түлхэж бус бизнестээ татаж авах замаар үйл ажиллагаандаа шинэ санааг ашигладгаараа давуу чанартай.

Гурвалсан хэлхээ нь аливаа шинэ санааг татаж авах бус доош нь дар­сан, дарангуйлсан шинжтэй байсан. Харин гурав дахь үеийн шинжлэх ухаан бол аливаа шинэ содон санааг татаж авах, туршиж үзэх тал дээрээ маш нээлттэй.

-Гурав дахь үеийн гэж яриад байгаа энэхүү технологийн паркийг бийболгоход гол анхаарах зүйл гэвэл юу байна?

-Хүмүүсийн чөлөөт ажил­лах хүчин хамгийн чухал. Тухайн хүн давхар ажил хийдэг байж болно. Ажлын байрандаа байнга суудаг бус дуудагдаж ажиллах нь илүү үр дүнтэй. Ийм байд­лаар ажиллах хэлбэр бусад орнуу­дад их дэлгэрч байна.

Шаардлагатай мэр­гэжилтэн, ажилтнаа хэрэгтэй үедээ дуу­даж ажиллуулах зар­чим үйл­чил­дэг болбол нэн тохиромжтой. Гол нь мэд­лэгийн эдийн засагт суурилсан судалгаа юм шүү.

-Монголд шинжлэх ухаа­ны паркийг хөгжүүлэх, бий болгох боломж байгаа юу?

-Би танай улсад ирээд Монголын шинжлэх ухааны салбарын болон зарим улс төрийн удирдлагуудтай уулз­сан. Нэлээд зүйлийг мэдэж авсан. Ингэхдээ Монголд гурав дахь үеийн шинжлэх ухаан буюу технологийн паркийг бий болгох боломж нөхцөл байна гэж харсан.

-Ингэхийн тулд нэн түрүүн ямар алхам хийх ёстой юм бол?

-Оюутнуудтай шинэ санааг нь зохион байгуулалттайгаар гаргаж аваад. Цааш хэрхэн биежүүлэх вэ гэдэг тал дээр сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Хамтран ажиллах, зохион байгуулалтад оруулах байрыг Улаанбаатар хотод бий болгох хэрэгтэй. Эхний алхам нь шүү. Жишээлбэл, ШУТИС, МУИС зэрэг сургууль байна.

Эдгээрийг нэгтгэж зохион байгуулалтад оруулах нь чухал гэж хэлэх гээд байна. Энэ хүмүүсийн мэдлэгийг нэгтгэхийн тулд тохиромжтой тохилог байрыг бий болгох. Өнөөдөр дэлхий даяараа ийм хэлбэрт шилжиж байна. 2004 онд Финландад ийм төрлийн байр байгуулахад дэлхий дээр тавхан газар байсан. Харин өнөөдөр 700 орчим ийм төрлийн газартай болсон байна. Дэлхийд нэг газар суурьшин ажилладаг хүмүүс бараг байдаггүй болсон.

-Та Монголын бизнес эрх­лэгчидтэй уулзсан уу. Санаа бодлоо хуваалцсан уу?

-Өнгөрсөн шөнө Монголын гарааны компаниудын уулзал­тад суусан. Зарим хүмүүстэй уулзсан. Шинжлэх ухааны паркийг бий болгох хүсэлтэй маш олон хүн байсан. Хэдий би гадаадаас ирсэн ч эдгээр хүмүүсийг хооронд нь холбож өгөхийг хүсч байна.

Хамтын ажиллагааг дэмж­сэн хүмүүсийн санал бод­лоо хоорондоо чөлөө­­тэй хуваалцах нөх­цөлийг бүрдүүлээд өгчих хэрэг­тэй. Иймийн тулд хотын удирд­лагатай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай бай­даг. Тиймээс Засгийн газрын санаачилгаар Улаанбаатар хотын захиргаатай хамтраад ийм төвийг бий болгох хэрэгтэй.

-Санаа бодлоо солил­цох, ажиллах орчинг бүрдүүл­чихлээ гэж бодъё.  Гэтэл ирээдүйд Монголын эдийн засгийг авч явах шилдэг менежментийг гаргаж ирэх мэргэжилтнүүд хамгийн чухал биз?

-Финландын туршлагаас харахад шинжлэх ухааны мэргэжилтэн, эрдэмтдээс илүү оюутан залуус шинэ санааг гаргаж ирсэн байдаг. Оюутнууд шинэ зүйл хийх хүсэл эрмэлзэл маш өндөр байдаг. Яг үнэнийг хэлэхэд эрдэм шинжилгээний ажилтнууд үүнийг хийх сэтгэлгээ, эрмэлзэл байхгүй.

-Яагаад?

-Залуу хүн хүсэл эрмэлзэл, эрч хүчтэй байдаг нь гол онц­лог юм. Тэд цаашид гаргаж ирсэн санаагаа хөгжүүлэх нөөц бололцоо ч байдаг. Тиймээс залуусыг төвлөрүүлэх хам­гаас чухал. Финландын жишээнээс харахад шинэ сэтгэлгээ, санаа төрүүлж буй хүмүүсийн 95 хувийг оюутнууд эзэлдэг. Тэгэхээр таван хувь нь шинжлэх ухааны чиглэлийн эрдэмтэд байна гэсэн үг.

-Монголд шинжлэх ухаа­ны чиглэлийн олон бай­гуул­лага бий. Эдгээрийн орол­цоо огтхон ч хэрэггүй гэж үү?

-Шинжлэх ухааны бай­гуул­лага оролцохгүй гэсэн үг биш. Гол барьж авах хүмүүс нь оюутнууд бол цаашдаа хэрхэн тэр санааг, ямар менежментээр өргөжүүлэх, чиглүүлж авч явах хүн нь шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж буй мэргэжилтнүүд, эрдэмтэд байх болно. Зөвхөн технологи биш. Бизнес моделын инноваци хэлээд байгаа юм.

Жишээлбэл, зочид буудал байгуулах чиглэлийн нэг байгууллага байна. Энэ байгууллага нэг ч буудалгүй мөртлөө зочид буудлын менеж­ментийг хариуцдаг компани. Ийм төрлийн таксины үйлчилгээг зохион байгуулдаг компани байна.

Фэйсбүүк гэхэд л дэлхий дээрх хамгийн том мэдээллийн байгууллага. Гэвч өөрт нь мөн л нэг ч төгрөгийн хөрөнгө орж ирдэггүй. Энэ нь хамтран хуваалцсан эдийн засгийн нэг хэлбэр. Үүнээс харахад бизнес моделын загвар ямар. Дэлхийн нэртэй компаниуд дампуурлын ирмэг дээр байхад энэхүү арга л аварч байлаа.

-Монголын хөрсөнд шинжлэх ухаан, технологийн инновацийг хэрэгжүүлэх нь эдийн засагт ашигтай үр дүн өгөх бол. Таны хувьд дэлхийн олон орон шинэ санаа дэвшүүлэх тал дээр хамтарч ажилладаг. Тиймээс зохих зөвлөгөө өгч болох уу?

 -Маш энгийн үе шатуудаар энэ ажлыг зохион байгуулж болно. Хүмүүс нарийн прог­рамм төлөвлөгөө гаргачихдаг. Хотын 20 жилийн зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргачих жишээтэй.

Миний хувьд энэ чиглэлээр ажиллаж шинэ санаа туршиж үзэх маш дуртай. Гол нь үр дүн тухай бүртээ нүдэнд үзэгдээд явахыг харах сайхан. Хэрвээ би танай улстай шинжлэх ухаан, технологийн инновацийн чиглэлээр хамтарч ажиллах бол эхний ээлжинд орчныг нь бүрдүүлж тусгай байрыг бий болгоно.

Дараагийн ээлжинд ямар загвараар ажиллах вэ гэвэл чадварлаг платформ системийг, сэтгэлгээг нэвт­рүүлж өгнө. Ингэснээр яаж ажиллаж, ямар үр дүн гарах нь тодорхой болох юм. Товч­хондоо шинжлэх ухаан, техно­логийн парк байгуулах нь хамгийн зөв алхам. Энэ удаагийн чуулганаар ч мөн энэ асуудал гарцаагүй сөхөгдөх болно.

-Сүүлийн үед манай улс шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эдийн засгаа хөгжүүлэх нь зүйтэй хэмээн энэ салбартаа анхаарал тавих боллоо. Шинжлэх ухаан технологийн паркийг бий болгож эх орноо хөгжүүлэхийн тулд аль салбараа түлхүү барих хэрэгтэй вэ?

-Шинжлэх ухааны тех­но­логи дээр тулгуурлаж хөгжихийг би үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол Улсад өөрийн гэсэн онцлогтой уламж­лал байна. Одоогийн хөгжиж буй шинжлэх ухаа­ны байгууллагууд байна. Ялангуяа юу байна гэхээр уламж­лалт анагаах ухаан, эмийн ургамлын судал­гаанууд байна. Мөн “Happy meat” буюу “Аз жаргалтай мах” буюу байгалийн органик махыг амьдралынхаа өдөр тутамд хэрэглэж байгаа зэрэг олон сайхан технологууд байна.

Үүнтэй холбоотойгоор хүсэл мөрөөдөлтэй, хийж бүтээх эрмэлзэлтэй залуусыг зөв бодлогоор дэмжих хэрэг­тэй. Би тийм ч хөгшин хүн биш л дээ. Гэхдээ хүсэл эрмэл­зэлтэй хөгшин хүн. Хүсэл эрмэлзэлтэй байх хөдөлгөх хүчийг л гаргаж өгөх нь чухал. Үүнийг л ойлгуулахын төлөө бид хичээгээд байгаа юм. Дэлхийн хаана ч хүсэл, эрмэлзэлтэй хүмүүс л шинэ санаа сэдэж гарааны компани байгуулдаг.

Мэдээж академийн хүмүүс бас энэ салбарт хамтарч ажиллах ёстой. Эдгээр хүмүүс бол компани үүсгэн байгуулагчид биш. Хувьцаа эзэмшигч, зөвлөгөө өгдөг байж болно шүү дээ.

-Бид шинжлэх ухааны эрин үед амьдарч байна. Харин бидний ирээдүй ямар байх талаар та бодож үзсэн үү. Шинжлэх ухаан ямар түвшинд очсон байх бол?

-Би хэвийн үеийн дараа­гийн үед сэтгэж байгаа хүн.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Энэ нийгэмд ямар нэгэн зүйл өмнө нь байж байсан бус цоо шинээр гарч ирж байгаа эрин үе гэж ойлгож болно. Үүнийг хэвийн үеийн дараагийн үе гээд байгаа юм.

Өнөөдөр шинэ нээлтүүд бүх аж үйлдвэрийг, дэлхий дахиныг өөрчлөөд хаячихлаа. Заавал нэг компанийн эзэн байх албагүйгээр өөр шугамаар бизнес хийх арга замаа олчихлоо. Ирээдүйгээ урьдчилан таамаглах аргагүй болчихлоо. Тэгэхээр би ямар нэгэн урьдчилан таамаглал хийж чадахгүй.

-Ирээдүйд бидний төсөөлөөгүй зүйл гарч ирнэ гэж үү?

-Бидний хэзээ ч таамаг­лаагүй, санаанд оромгүй нээл­түүд гарч ирж байна. Та ирээдүй ямар байхав гэж асуусан учраас би таамаглаж буйгаа л хэлэх байна. Тэрнээс ирээдүй яг тийм болно, тийм байна гэж хэлэх боломж­гүй.

Үйлдвэрлэлийн тал дээр тайлбарлахад 3D принтер байдаггүй шүү дээ. Ямар нэг дэлгүүр орох шаардлагагүйгээр гэртээ сууж байгаад гурван хэмжээст принтерээр өөрт хэрэгтэй зүйлээ хэвлээд авах хэмжээнд технологийн хөгжил оччихоод байна. Хүссэн материалаараа хийж болно. Хятадад ийм төрлийн аргаар байшин хүртэл барьчихаад байна.

Энэ зөвхөн аж үйлдвэрлэлийн орчны жишээ. Өнөөдөр аж үйлдвэрлэлийн чиглэлээр Хятад тэргүүлж байлаа гэж бодоход маргааш ч юм уу Монголд технологийн хөгжил нэвтэрч дээрх бүтээгдэхүүнийг нь гэртээ гаргаад авах хэмжээ­ний болохыг ч үгүйсгэхгүй. Магадгүй энэ салбарт Хятад алдагдалд орж Монгол тэр­гүүлэгч болж болно.

Интер­нэттэй холбоотой үйл ажил­лагаа байж болно. Интернэт ашиглаад аливаа нэг зүйлийг тогтвортойгоор удирдаж, үйл ажиллагаа явуулах боломж бас нээгдэж байна. Би танай улсад маш их хэмжээний машины бөглөрөөг харлаа. Хэдхэн жилийн дараа дэлхийн жолоочгүй машин нэвтэрч өөрийгөө ямар ч асуудалгүй удирдаад явах байх. Монголд ч, манай Финландад ч үйл ажиллагаа явуулдаг энерги үйлдвэрлэгч томоохон цахилгаан станцууд ирээдүйд явцгүй болно гэж бодож байгаа.

-Яагаад?

-Яагаад гэвэл тухайн нэгж байшин барилаа гэж бодъё. Тэр нь өөрийгөө цэнэглэдэг, өөрөө энергийг бий болго­чих­дог тийм л технологи нэвтэрч байна. Тэгэхээр өнөө цахилгаан станцууд хэнд ч хэрэггүй хог болж хувирна.

Тиймээс дэлхийн нийтийн технологийн чиг хандлага ийм л байна. Ирээдүйгээ харж, таамаглаж чадахгүй байна. “Ирээдүй гэдэг бол ямар байсан яг тэр цагаас ирээдүй эхэлнэ. Тэгэхээр өнөөдөртөө л итгэ” гэж нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Энэ бол үнэн.

-Ирээдүйг хэн ч таавар­лаж чадахгүй байгаа нь технологийн хөгжилтэй холбоотойгоор хүмүүсийн чөлөөт сэтгэлгээний хурдтай холбоотой юу?

-Магадгүй таны хэлсэн нь шалтгааны 50 хувийг бүр­дүүлнэ. Гол нь бүх юм хоорон­доо холбоотой болчихсон. Өчүүхэн зүйл өөрчлөгдөхөд дэлхий даяар үр дүн нь мэд­рэгддэг, нөлөөлдөг болсон. Цунами л гэсэн үг. Тасралтгүй уялдаа хэлхээтэй болчихсонтой холбоотой. Дэлхийн бизнесийн орчин маш өргөн хүрээтэй, нэг нэгнээсээ хамааралтай болчихсон.

Америкийн ах дүү нар зээл олгодог системд өчүүхэн зүйл өөрчлөлт оруулахад л дэлхий даяар зах зээлд нөлөөлөөд маш олон банк дампуурч үүдээ барьж байх жишээтэй. Ийм комплекс байдалтай болчихоор гарах үр дүнг дахин жишээ авъя л даа. Орос, Украины асуудлыг бид таамаглаж байгаагүй. Европын холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээ ава­хад ганцхан өдрийн дотор Финланд Орос руу экспортолдог экспортынхоо 30 хувийг алдчихсан. Нэг л өдөр. Үүнийг өмнө нь хэн ч таамаглаж, төсөөлж байгаагүй.

-Монгол Улс орныхоо онцлогоос хамаарч шинжлэх ухаанаа хөгжүүлждэлхийн зах зээлд гарах боломж бий юу?

-Монголын эдийн засаг тодорхой юман дээр тулгуурлаад байна. Газрын тос түүхийгээр нь экспортлох, уул уурхайн олдвороо гадагш гаргаж ашигтай ажиллаж эдийн засгаа хөгжүүлье гээд нэг талыг бариад яваад байж болохгүй.

Эдийн засгаа олон талын гарцтай болгох хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаан, эмийн ургамал, нарны гэрлийг ашиглах тал дээр монголчууд санаа тавьж ажиллаж болно шүү дээ. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Монголын говьд хамгийн их нар тусдаг газар гэж би сонссон. Монгол, Финланд хоёр улсын хувьд байгаль, газар зүйн тогтцоороо адилхан. Өнөөдөр ихэнх улс орон хотжоод, хэт төвлөрөлт үүсчихсэн. Нэг үгээр хэлбэл байгалиасаа холдчихсон байгаа юм.

Тиймээс Хөвсгөл нуурын орчимд, эсвэл тэр говьд байгальтайгаа хол­богдсон шинэ нээлт хийвэл дэлхий нийт сонирхох болно. Үүнийгээ түшиглээд эдийн засгаа хөгжүүлэх боломжтой. Мэдээж дэлхий дахинд маш олон аж үйлдвэрийн салбарт гарчихсан, амжилттай явж буй салбарт монголчууд өрсөл­дөж гарч ирнэ гэдэг тийм ч зөв арга биш. Харин түрүүн миний хэлсэн салбаруудад анхаарч ажиллавал жинхэнэ нээлт хийх боломжтой. Үүнийг дэлхий нийт сонирхоно. Тэгж л би харж байна даа.