Азийн орнууд дотроо технологийн дэвшлийг сонгодог утгаар нь хэрэглэж байдаг улс бол Япон. Дэлхийн зах зээл дээр япон брэндийн цахилгаан бараа хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Өмсөх хувцас, идэх хоолноос бусад нь бараг л ухаалаг технологийн хэрэглээнээс хамааралтай болсон тус улс сүүлийн үед иргэдээ технологийн боол болохоос сэргийлэх шат дараалсан арга хэмжээ авч эхэлжээ.
Ухаалаг утасны хэт хамааралд орсон хүүхдүүдээ утаснаас нь салгахын тулд энд тэндгүй сэтгэлзүйн төвүүдийг нээж эхэлсэн байна. Мөн утасгүй орчин гэгчийг хүртэл сэдэж хүүхдүүдийг утасгүй орчинд хэдэн цагаар байлгах, утас бол зүгээр л ярих хэрэглээ гэдгийг ойлгуулахаар чармайж эхэлсэн аж.
Дэлхийн зах зээл дээр япон брэндийн цахилгаан бараа хэзээ ч үнэ цэнээ алддаггүй.
Ганц Японд ч биш ухаалаг утас, технологийн дэвшилд донтож буй иргэдээ эргээд хамаарлаас гаргах тухай асуудал дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын толгойны өвчин болоод байгаа юм. Өдөрт хэдэн зуугаараа залуус тоглоомын донтолтод автаж буй сэртхийм мэдээг бид фэйсбүүк, твиттерээс харж байгаа. Интернет тоглоом тоглуулсангүй нь хэмээн ээжийгээ зүхэж занаж буй 10 гаруй насны хүүхдийн байж ядаж буй бичлэг цахим ертөнцөд цацагдаж олны анхаарлыг татсан.
Гадны оронд болж буй үйл явдал бидэнд ямар хамаа байх вэ хэмээн уншигч та гайхаж мэдэх. Тэгвэл ухаалаг утасны хэт хамаарал, технологийн боол болох аюулын харанга манай улсын хаалгыг хэдийнэ тогшоод эхэлчихэж. Цахим орчин хэт нээлттэй учраас залуус элдвийн садар самуун бичлэг үзэж түүнийгээ дуурайх гэж оролддог болчихож.
Айдас хүйдэс дагуулам зураг бичлэгийг хүүхдүүд эцэг, эхийнхээ ямар ч хамааралгүйгээр үзэж байгаа. Өөрийгөө шатааж буй хүнийг хүртэл хүүхдүүд зурагтын дэлгэцнээс гадна ухаалаг утсаараа үзэж буруу үлгэр дуурайл авч буй. Элдвийн эротик бичлэг үзэж, зодолдож буй нэгнээ салгахын оронд бичлэг хийгээд инээж зогсоно, бидний хүүхдүүд.
Нийгэм даяар ийм болчихсон хэмээн тоохгүй явсаар нэг л өдөр бид дээрх улс орнууд шиг ухаалаг хэрэглээнээс үр хүүхдээ салгах гэж төв байгуулан хүүхдээ хорьж суух вий. Сэтгэцийн эмгэгтэй хүүхдийнхээ занал, хараал зүхлийг сонсч суух цаг хэзээ мөдгүй л бидний өмнө ирэх нь.
Тиймээс л эртнээс ухаарах, хүүхдээ хаана юу үзэж байгааг хянах цаг нь болсон байна эцэг эхчүүд ээ.
Айдас хүйдэс дагуулам зураг бичлэгийг хүүхдүүд эцэг, эхийнхээ ямар ч хамааралгүйгээр үзэж байгаа.
Харилцаа холбооны зохицуулах газраас ухаалаг утасны хэрэглээг эцэг эхчүүд өөрсдөө хянах боломжтой талаар ярьсан аж. Өөрөөр хэлбэл, таны хүүхэд юу үзэж буйг эцэг эхчүүд өөрсдөө хянах боломжтой гэсэн үг юм.
Нөгөө талаас ганц эцэг эхчүүд ч биш багш, нийгмийн ажилтан ч үүнд оролцох боломжтой. Зарим сургуулийн хэрэглэж буй арга туршлагыг сэтгэлтэйхэн захирал бол сургууль дээрээ журам гаргаад л хэрэгжүүлчихэж дөнгөнө. Ухаалаг утас сургууль дээрээ авчрахгүй байх, эс бөгөөс хичээлийн хугацаанд ухаалаг утаснаас татгалзах дотоод журмыг хөдөө, хотгүй бүх сургууль дагаж мөрдөөд явчихвал хаалга тогшиж буй аюулаас бага ч болов “зугтах” боломж бий болох юм.
Технологийн боол болсон хүмүүсээ эргэж нийгэмшүүлэх гэж аргаа барж суух бус технологийн боол болохоос сэргийлэх ажлыг нь хууль гаргаад ч болов хийхээс өөр сонголт алга. Гуравхан сая хүн амтай бидний хувьд энэ бол санаа зовоох эхний асуудал юм. Гуравхан настай жаалууд ч биднээс хавьгүй илүү утас хэрэглээд сурчихсан байгаа учраас 30 жилийн дараа тэр ямар хүн болж төлөвших нь ойлгомжтой асуудал бус уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!