Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль бусаар хил давсан ГЕОЛОГИ, ПАЛЕОНТОЛОГИ, БИОЛОГИЙН ӨВийг буцаан авна

БСШУСЯ
2015 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

2015 оны аравдугаар сарын 23-нд Бельгийн Вант Улсын Брюссель хотноо Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яам, Бельгийн Вант Улсын Шинжлэх Ухааны Бодлогын газар болон Бельгийн Вант Улсын Байгалийн Шинжлэх Ухааны Хааны хүрээлэн хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Даваадоржид олгосон юм.  

Тус хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас гарал үүсэлтэй, хууль бусаар хилээр гаргасан нь тогтоогдсон геологи, палеонтологи, биологийн өвийг эх орондоо буцаан авахад Монгол Улсад дэмжлэг үзүүлж, эдгээр өвийг эх оронд нь буцаахаас өмнө хамтарсан судалгаа явуулах ба шаардлагатай тохиолдолд эрдэм шинжилгээний судалгаа хийх эсхүл түр хугацааны үзэсгэлэн зохион байгуулсны дараа тэдгээр геологи, палеонтологи, биологийн өвийг эх оронд нь буцаах чиглэлээр хамтран ажиллах юм. 
 

Энэхүү хэлэлцээрийг байгуулахаар зөвшилцөх явцад Бельгийн Вант Улсын Байгалийн Шинжлэх Ухааны Хааны хүрээлэнгээс Дейнохейрус (1965 онд Аймшигт сарвуу гэгдэх энэ амьтны 2.4 метр урттай урд хоёр сарвуу Нэмэгтийн хөндийн Алтан Уулаас олдож байсан) үлэг гүрвэлийн сарвуу болон гавлын ясыг 2014 оны тавдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын өмчлөлд хүлээлгэн өгч түүнийг Үлэг гүрвэлийн төв музейд шилжүүлсэн.

Түүнээс хойш Монгол Улсаас гарал үүсэлтэй хэд хэдэн палеонтологийн олдворуудыг Бельгийн Вант Улсын Байгалийн Шинжлэх Ухааны Хааны хүрээлэн цуглуулан судалж шинжилж байна.   

Үүний дүнд Шинжлэх ухааны академич Р.Барсболд, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, Бельгийн Вант Улсын Байгалийн Шинжлэх Ухааны Хааны хүрээлэнгийн Байгалийн түүхийн захирал Паскаль Годефрой зэрэг эрдэмтдийн хамтран судалсан Монгол Улсаас олдсон Завролофын үр хөврөлийн талаар эрдэм шинжилгээний нийтлэл PLOS One сэтгүүл дээр 2015 оны аравдугаар сарын 14-нд нийтлэгджээ.