Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

ХАМТ АМЬДАРДАГГҮЙ БОЛ хамтын тэтгэвэр олгохгүй гэх заалт маргаан дагуулав

Б.Тогтох
2015 оны 11 сарын 19
Монголын мэдээ
Зураг зураг

Нийгмийн бодлого боловсрол соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар бүтэн нэг жилийн хугацаанд хүлээлт үүсгээд байгаа Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж чуулганаар хэлэлцэх нь зөв хэмээн дэмжлээ.

С.Эрдэнэ нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр нас барсан эхнэр, нөхрийнхөө тэтгэврийг үлдэж хоцорсон нэг нь насан эцэс болтлоо авч байх боломж бүрдэх юм. Ахмадуудын хамгийн их хүлээж байсан хуулийн төсөл AH, МАН улс төрийн маргаанаас үүдэн бүтэн жилийн хугацаанд гацаж арайхийн чуулганы босго давахаар болж байна. Гэвч энэ хуулийн төсөл зүгээр нэг хэлэлцүүлгийг давчихаагүй юм. 

Тодруулбал, өчигдөр 09.00 цагт эхлэх байсан Байнгын хорооны хуралдаан 12.00 цагийн орчим арайхийн эхэлсэн бөгөөд ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар хойшилж байлаа. Ирцэд оролцохоос татгалзсан хүмүүс нь МАН-ынхан. Тэд хуралд орж ирсэн даруйдаа энэ хуулийн төслөөр завсарлага авахыг хүссэн ч байнгын хорооны дарга Д.Батцогт өмнө нь нэг удаа завсарлага авчихсан. 

Дахиж өгөх боломжгүй гэдгийг мэдэгдсэн юм. Завсарлага авч чадаагүй МАН-ын бүлгийн байнгын хороонд бүртгэлтэй гишүүд картаа сугалан гарч одов. Улмаар байнгын хорооны ирц бүрдэхгүйд хүрсэн ч асуудлыг ингэж хойшлуулж болохгүй хэмээгээд өвчтэй хэмээн чөлөө авсан АН-ын гишүүдийг дуудаж улмаар хөлөө гэмтээгээд чөлөө авчихсан байсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хуралд сууж ирц бүрдүүлснээр хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. МАН-ынхан хурал хаяж гарсныхаа дараа сэтгүүлчдэд тайлбар хийсэн юм.

Байнгын хорооны гишүүн Я.Содбаатар “Манай намын зүгээс хамтын тэтгэврийн хуулийг батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ өнөөдрийн нийгмийн даатгалын сангийн чадавхи ямар хүрээнд байгааг харгалзан үзэж хамтын тэтгэврийг хязгаарлаж, Засгийн газар тооцоо хийх нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл бүх хүнийг хамтын тэтгэвэрт хамруулах юм бол Монголын нийгмийн даатгалын сан ачааллыг даахгүй. 

Бүх хүнийг хамтын тэтгэвэрт хамруулах юм бол Монголын нийгмийн даатгалын сан ачааллыг даахгүй. 

Ямар хүмүүсийг оруулах вэ гэдгийг сайтар судлах хэрэгтэй гэсэн үг. Тухайлбал сүүлийн таван жил хамт амьдарсан хүмүүсийг оруулах уу, хууль батлагдахаас хэдэн жилийн өмнө нас барсан хүмүүсийг хамааруулах юм, тэтгэврийн хэдэн хувийг нь өгөх вэ гэдэг дээр маш сайн ярилцах хэрэгтэй. Энэ асуудалд манай хоёр намын бүлэг зөрөлдөж байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

Мөн энэ үеэр хууль эргэж нөхөн төлөх хугацаа хэдэн жил байх, мөн гэрлэлтээ батлуулсан хүмүүсийн насны ялгаа 20 байвал хамтын тэтгэвэр авахгүй байх, эхнэр нөхөр хоёр гэрлэлтээ батлуулснаас хойш тус тусдаа байсан бол тэтгэвэр авахгүй гэх мэт зөрчилтэй заалтууд маргаан дагууллаа. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Эхнэр нөхөр гэдгээ тэгш эрхтэй оруулбал яасан юм бэ. Тэгэхгүй бол эхнэрт нь зориулж хууль батлаад нөхөр нь санамсаргүй орж ирэх юм шиг харагдаад байна. Нөхөр гэдэг үгийг хаалтнаас гаргах ёстой. Мөн гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамт амьдардаггүй эхнэр нөхрийг ялгаж салгах юм уу. Хэн нэг нь ач зээгээ харж суманд байгаа. Нөгөөх нь хөдөө мал дээрээ байж болно. Ихэвчлэн ач зээгээ л харах гэж эмээ, өвөө нар тусдаа байдаг.

Тиймээс энэ мэт асуудлыг эргэж харах ёстой. Гэрлэлтээ бүртгүүлсэн л бол бүртгүүлсэн. Салаагүй л бол салаагүй. Тийм учраас 4.3.2 гэдгийг ингэж оруулж болохгүй. Мөн насны зөрүү ямар хамаатай юм бэ. Хүн насны зөрүүтэй гэрлэлгүй яах юм бэ. Тухайн гэрлэсэн хүн тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэр авах боломжтой. Мөн нас барснаас хойш өөр хүнтэй гэрлэсэн бол олгохгүй байж болно” гэв.

Харин ажлын хэсгийн ахлагч А.Бакей “Энэ бол хамтын тэтгэврийг авах эрхийн асуудлыг зохицуулахтай холбоотой зохицуулалт юм. Хуулийн төслийн 4.3.2, 4.3.3 нь хамтын тэтгэвэр олгохгүй нөхцөлийг заасан. 15 жил ба түүнээс дээш жил амьдрахдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй бол, гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамт амьдардаггүй эхнэр нөхөрт тэтгэвэр олгохгүй гэж ярьсан. Хуулийн төслийн ажлын хэсэг ярьсан. 

Огт хамт амьдардаггүй гэр бүл олон байдаг гэж үзээд оруулсан. Мөн эхнэр нөхрийн насны зөрүү 20-оос дээш гэдгийг хасч болох талтай” хэмээн тайлбарлаж хуулийн төсөлд байгаа эхнэр нөхөр хоёр тусдаа амьдардаг бол, мөн насны зөрүү 20 бол гэсэн заалтуудыг буцаан татахаа мэдэгдсэн юм. Хуулийн төсөл санаачлагч С.Эрдэнэ энэ талаар “2012 оноос хойш энэ хуулийг хэлэлцэж байна. 2014 онд хэрвээ баталсан бол ядахдаа 2016 онд хэрэгжих боломжтой байлаа. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй.

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Эргэж нөхөн төлөх хугацааг гурван жил буюу 2014 оноос тооцож болно. Энэ хуулийн олгох хувийг 50, 70 гэхгүйгээр эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч олгох юм. Тиймээс баталсан үед нь мөнгийг тогтоох боломжтой. Мөн 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан болон цэргийн насны тэтгэвэрт гарсан иргэдийн мөнгийг улсын төсвөөс гаргана.

Харин бусад нь тэтгэврийн сангаас гарна. Ер нь энэ хуулийг маш олон жил хүлээсэн учраас эргэж нөхөн төлөх хугацааг хууль яригдаж эхэлсэн 2012 оноос тооцож улмаар 2017 он гэхээр таван жил гэж тооцоод явчихвал зүгээр болов уу.Ямар нөхцөлд хамтын тэтгэвэр олгохгүй вэ гэсэн гол заалтаа буцаагаад татчихвал энэ хуульд бүхэлдээ утгаа алдана” хэмээн тайлбарлав. Хууль санаачлагчийн энэ үгэнд эмэгтэй гишүүд бухимдсанаар 4.3 гэсэн зүйл заалтыг тэр чигээр нь хасахаар болсон юм. Мөн хуулийн төслийг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болж, эргэж нөхөн төлөх хугацааг таван жил байхаар тогтлоо.

Хуралдаанаар үргэлжлүүлэн малчид нийгмийн даатгал төлөхгүй, улмаар ирээдүйд тэтгэвэр авах нөхцөл бүрдэхгүй байгааг тооцож малчдын шимтгэл  төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох хуулийн төслийг мөн хэлэлцэхээр дэмжлээ. Түүнчлэн, Засгийн газраас энэ сарын 6-нд өргөн мэдүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өнөөгийн нийгэмд авч байгаа үйлчилгээ, зам талбай, барилга байшингийн нөхцөл байдлыг сайжруулах хуулийн төслийг тус тус хэлэлцэн дэмжлээ.

 

Зураг