Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ дэлхийд САЙН ХҮМҮҮС МУУГААСАА ОЛОН...

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 11 сарын 16
iKon.MN

Хүмүүсийн энэрэнгүй, өгөөмөр үйлдлүүд.

 

“Спартак” бол сайн үйлсийн аварга баг

 

Отто Фишер гуай бол Москвагийн “Спартак” багийн 102 настай дэмжигч. Өнгөрсөн гуравдугаар сард түүний гэрт хулгайч орж хамаг мөнгөө алджээ. Өөрийгөө нийгмийн ажилтан гэж танилцуулсан үл таних залуу тэднийд ирж хөгшнийг цай өгөхөөр гал тогоо руугаа эргэх хооронд хадгалсан мөнгийг нь аваад явсан аж. Үүнийг сонссон Спартак багийн тоглогчид 500 мянган рубль цуглуулж хамгийн ахмад дэмжигчдээ бэлэглэжээ. Түүгээр ч зогсохгүй өөрийн багийн стадионд аялуулан, “Спартак”-“Динамо” багийн тоглолтын өмнө талбайд гаргаж билэгдлийн цохилтыг хийлгэж баярлуулсан байна.

Эх сурвалж: sovsport.ru

 

Сайхан сэтгэлтэй үсчин залуу

 

27 настай Назир Собхани бол “Гудамжны Үсчин” гэдэг нэрээр алдаршсан залуу. Тэр долоо хоногийн зургаан өдөр өөрийн салондоо ажиллаж, харин нэг өдөр нь Мельбурны гудамжинд орон гэргүйчүүдэд үнэгүй үйлчилдэг байна.

Ингэж ажиллаж байхдаа тэр үйлчлүүлэгчдэдээ шинэ амьдрал эхлэхэд хэзээ ч оройтохгүй талаар зөвлөж, сэтгэл санааг нь дэмждэг гэнэ.

Эх сурвалж: dailymail.co.uk

 

Бяцхан Рапунцель

 

Холли Кристенсен бол эмнэлгийн сувилагч байсан нэгэн. Тэр нэг удаа найзынхаа хорт хавдар туссан гурван настай охинд хиймэл гэзэг хийж өгчээ. Охин хими эмчилгээний улмаас үсээ хусуулаад байсан юм. Харин хиймэл боловч урт шаргал, яг Диснейн үлгэрт гардаг Рапунцелийнх шиг гэзэгтэй болсон охин ихэд баярлажээ.

Ингээд Холли сайн дурын баг бүрдүүлж The Magic Yarn Project нэртэй төсөл хэрэгжүүлснээр орон даяар хорт хавдраар шаналж байгаа хүүхдүүдэд үлгэрийн гүнжийн гэзэг бэлэглэдэг ажилтай болсон байна.

Эх сурвалж: themarysue.com

 

Өгөөмөр багш

 

Австралийн нэгэн дунд сургуулийн багш, 32 настай Бри Дрежийн үйлдэл олныг гайхшруулжээ. Тэр “хэрхэн саятан болох вэ” хэлбэрийн телевизийн шоунд оролцож 20,000 австрали долларын шагнал хүртсэн юм. Багш бүх шагналынхаа мөнгөөр ажилладаг сургуулийнхаа бүх хүүхдэд гутал авч өгчээ.

Эх сурвалж: 9news.com.au